УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.
-Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойн хүрээнд тантай ярилцаж байна. МАН-тай анх хэзээнээс ажил, амьдрал холбогдож байсан талаар ярилцлагаа эхлүүлье?
-Миний хувьд МАН-тай оюутан ахуй үеэсээ холбогдсон. Намын анхан шатны байгууллага, намын дэргэдэх оюутны болон залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, үеийн залуучуудтайгаа улс төрийн намыг зөв талаас нь таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж эхэлсэн дээ.
-Та дүүргийн намын хорооны хэд дэх даргаар ажиллаж байна. Намын хороо энэ цагт үйл ажиллагаагаа ямар байдлаар явуулж байна вэ?
-Чингэлтэй дүүрэг 1992 онд байгуулагдсан. Засаг захиргааны хуваарийн дагуу дүүргийн МАН-ын хороо байгуулагдсанаас хойш би найм дахь даргаар нь ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дүүргийн МАН-ын хороо 24 хорооны намын хороо, намын 74 үүртэй. Дэргэдэх дөрвөн төрийн бус байгууллага, тэдгээрийн салбар зөвлөл гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Түүний зэрэгцээ социал демократ үзлийг дэмждэг “Yes Mongolia” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, “Зүүний хүчний холбоо”-ны Чингэлтэй дүүрэг дэх салбарууд идэвхтэй ажиллаж байна. Эдгээр бүтцээрээ дамжин намын гишүүд, дэмжигчдэд хүрч ажиллах нь дүүргийн намын хорооны гол зорилго. Намын хорооныхоо үйл ажиллагааг аль болох уян хатан, хүртээмжтэй байлгах үүднээс намын үндсэн бүтэц, үйл ажиллагаанаас гадна төрийн бус байгууллагуудаар дамжуулан олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулж ажилладгаараа онцлогтой.
-Дүүргийн намын хороог удирдан ажиллахдаа ямар бодлого, зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ. Таны үед бодлогын ямар өөрчлөлт, шинэчлэл хийгдэж байгаа талаар хуваалцана уу?
-Миний хувьд улс төр судлаач мэргэжилтэй, намын анхан шатны байгууллагад ажиллаж байсан хүнийхээ хувьд дүүргийн намын хорооны бодлого, үйл ажиллагаанд эв нэгдэл, дотоод ардчилал, улс төрийн боловсрол, гишүүдийн оролцоо зэргийг чухал үнэт зүйлд тооцон анхаарч ажилладаг. Нам эв нэгдэлтэй байх ёстой. Гэхдээ тэр эв нэгдлийг хэн нэгэн лидер, бүлэглэлийн хүчээр биш намын үзэл баримтлалаар бий болгож, төлөвшүүлдэг. Харин нэгэнт бүрэлдэн тогтсон эв нэгдлийг сахин хамгаалж, байнга хөгжүүлдэг нь намын дотоод ардчилал юм. Тиймдээ ч намынхаа гишүүд, дэмжигчидтэй байнга уулзаж, тэднийхээ санаа бодлыг үйл ажиллагаандаа тусгахыг чухалчилдаг. Шүүмжилж буй хүний үгнээс ч хэрэгтэй, тустайг нь сонсож хүлээж авахыг хичээдэг.
-Намын гишүүд, дэмжигчид, иргэдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Танай намын хорооны онцлогийг та хэрхэн дүгнэх вэ?
-Намын гишүүд дэмжигчдийнхээ улс төрийн оролцоог хангах, улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, намын гишүүд дэмжигчдийн дунд уулзалт сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд манай намын хорооноос том жижиг 60 гаруй уулзалт, сургалт, арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 20 мянга гаруй хүнийг хамруулжээ. Улс төрийн нам гэдэг зөвхөн сонгуулийн үеэр идэвхтэй ажилладаг биш гишүүд, дэмжигчидтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн байгууллага байх ёстой.
Аливаа улс төрийн намын хувьд засгийн эрхийг авч өөрсдийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь хамгийн чухал зорилт байдаг. Энэ ч утгаараа нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг зөвөөр үнэлж дүгнэж, түүнийхээ үндсэн дээр улс төрийн бодлого, үзэл баримтлалаа боловсруулах нь зүйтэй.
Чингэлтэй дүүргийн намын хорооны хувьд МАН-ын социал демократ үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагааг гишүүд, дэмжигчид, иргэдэд сурталчлан таниулахаас гадна иргэдийн санаа бодол, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг намын удирдах төв байгууллагад хүргэдэг гүүр нь болж ажиллах зорилтыг тавьдаг. Өнгөрсөн хугацаанд дүүргийн намын хорооны бүтцэд тодорхой хэмжээний өөрчлөлт хийж, намын гишүүд дэмжигчдэд ойртох зорилгоор 24 хорооны намын хороог шинэчлэн зохион байгууллаа.
Намын 74 үүрийн хурлыг хуралдуулж, гишүүд дэмжигчдэд зориулсан олон талт сургалтыг хийсэн байна. Нам, улс төрийн институт байхаасаа гадна иргэдийн санаа бодол, асуудлыг танин мэдэж, бодлого боловсруулдаг судалгааны төдийгүй улс төрийн оролцоог хангадаг оролцооны байгууллага байх ёстой гэдэг зарчмыг манай намын хорооноос баримтлан ажилладаг.
Иймдээ ч намын гишүүд дэмжигчдэд зориулсан мэдээлэл өгөх уулзалтууд, чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Иргэд намын байгууллагаар дамжуулан нийгэмд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санаа бодлоо хуваалцдаг учраас манай намын идэвхтэн гишүүд бүр иргэдээ сонсдог, ойлгодог, тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлдэг байх нь чухал. Өнгөрсөн 2024 онд гэхэд манай намын хороо 599 шинэ гишүүнээр эгнээгээ өргөтгөжээ.
-Чингэлтэй дүүргийн намын хороо анх хэрхэн байгуулагдаж байсан түүхээс манай уншигчидтай хуваалцана уу?
-Шинэ Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын дүүргүүдийг 1992 онд шинэчлэн байгуулсан байдаг. Тухайн үед Сүхбаатар дүүргийг хоёр хуваан Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болгон зохион байгуулсан байдаг. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэлх 33 жилийн хугацаанд Чингэлтэй хайрхан уулаараа овоглосон дүүрэг маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжин цэцэглэж байна. Харьцангуй залуу дүүрэг, залуу намын хороо гэж хэлж болно. Анх 1500 орчим гишүүнтэй байсан манай намын хороо өдгөө 8200 гаруй намын гишүүд, 20 гаруй мянган дэмжигчидтэй өнөр айл болжээ.
-2024 онд болж өнгөрсөн сонгуулийн ялалт, амжилтаас хуваалцана уу?
-Манай намын хороо харьцангуй залуу намын хороо хэдий ч улс төрийн институтийн хувьд бүрэн төлөвшиж, үйл ажиллагаа нь жигдэрсэн. Өнгөрсөн 33 жилийн түүхэнд болсон есөн удаагийн орон нутгийн сонгуульд нэг ч ялагдал хүлээгээгүй нь үүний тод илрэл юм.
Мөн УИХ-ын сонгуульд тогтмол өндөр амжилттай оролцож ирсэн. Эдгээр амжилт бол намын гишүүн бүрийн оролцооны үр дүн юм. Тодруулаад хэлэхэд, өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулийн зургаан мандатаас дөрөвт, Нийслэлийн ИТХ-ын дөрвөн мандатад бүтэн, дүүргийн ИТХ-ын сонгуулийн 35 мандатаас 33-т ялалт байгуулсан нь Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид, дүүргийн маань олон мянган иргэд тогтвортой хөгжлийг дэмжсэн, МАН-д бүрэн итгэл хүлээлгэсэн том үр дүн гэж хэлж болно.
-Чингэлтэй дүүрэг сүүлийн жилүүдэд илт өөрчлөгдөж, бүтээн байгуулалтын ажлууд ихээр хийгдэж амьдрах таатай орчин бүрдэж байгаа талаар иргэд ам сайтай байна.
-Миний хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар хоёр бүрэн эрхийн хугацаа дамнаж, нийтдээ 52 сар ажилласан. Өмнөх жилүүдэд дүүргээ хөгжүүлэхээр төлөвлөсөн бодлогыг хөгжүүлэх, үйл ажиллагааны залгамж халааг гээгдүүлэхгүй байхыг анхаарч ажилласан. Үр дүнд ч хүргэсэн. Ажиллах хугацаанд ковид цар тахлын амаргүй ч үе таарсан ч үүнийг бид хамт олноороо сахилга бат, өндөр зохион байгуулалттай давж гарч чадсан юм. Бидний баг өмнөх бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна шинэ санаачилгуудыг дэвшүүлж ажилласан.
Үүнээс онцлон дурдвал бүх цэцэрлэгүүдээ олон улсын хөтөлбөрт хамруулж, чанарын дэвшил гаргасан, Ерөнхий боловсролын сургуулиудыг усан спортын төвтэй болгох эхлэлийг тавьсан, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, аврах ангийн байрыг шинээр барьж, Дэнжийн мянгад шинэ аврах анги байгууллаа. Газрын төлөвлөлт, менежментийн асуудалд 2022 оноос шинэ алхам хийж, дүүрэг өөрийн хөрөнгөөр шаардлагатай газар чөлөөлөлтийг хийж эхлүүлсэн.
Энэ санаачилгыг НИТХ-аас дэмжиж, Хотын дарга өргөжүүлж, одоо өргөнөөр ярьж, хүлээж байгаа “Сэлбэ дэд төв” болон түүчээлж байна. Энэ зэрэг олон дэвшилтэт ажлыг намайг ажиллаж байх үед эхлүүлэн дүүргийн өнөөгийн удирдлага түүнийг улам баяжуулан үргэлжлүүлж байгаа нь Чингэлтэйчүүдийн онцлог юм.
-Нийслэл, дүүргийн намын хороотой анх хэрхэн холбогдож байв?
-Миний хувьд ажлын гараагаа Нийслэлийн МАН- хорооны Улс төрийн ажилтнаар эхэлсэн. Тэр үеэс Чингэлтэй дүүргийн намын хорооны гишүүнээр элсэж, дүүргийн намын хороотой холбогдоод 20 орчим жилийг өнгөрүүлжээ.
-Төгсгөлд нь та Нийслэлийн МАН-ын хорооны 100 жилийн ойд зориулан Чингэлтэй дүүргийнхэндээ болон журмын нөхдөдөө мэндчилгээ дэвшүүлнэ үү.
-Нийслэл бол Монгол Улсын их айл. Хүн амын талаас илүү нь оршин сууж, эдийн засгийн үйлдвэрлэл, бүтээмжийн дийлэнх нь эргэлдэж, улс төр, соёл, эдийн засаг, боловсролын цөм нь энд оршиж байна. Өдгөөгөөс 100 жилийн тэртээ өнөөгийн Улаанбаатар нэрийг өгч, үүнийг дагаж МАН-ын хамгийн том түшиг нь болсон Хотын намын хороо байгуулагдаж байсан түүхтэй.
Миний хувьд Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн ажилтнаас ажлын гараагаа эхлүүлж өнөө ч энэ том бүрэлдэхүүнд алба хариуцаж яваадаа ч баяртай байдаг. Чингэлтэй дүүргийн намын сонгуультнууд болон намын бүх гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс Нийслэлийн намын байгууллагын үе үеийн зүтгэлтнүүддээ нэгэн зууны тэгш их ойн халуун мэнд дэвшүүлье.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна