Цаг өөрчлөгдөнө гэж сайхан юм даа. Цас орж уулсыг нэлмийтэл дарж орхисноо, төд удалгүй салхи салхилж, уулс цасан хэвнэгээ тайлж, модод гөлөглөн навчсаа дэлгэн дэгжирхэж зогсох. Байгаль дэлхий ертөнцийн жам ёсыг хүмүүн бидэнд үүнээс илүүгээр яахин ойлгуулах билээ. Яг одоо хотын өндөр, өндөр барилгуудын наран ээвэрт, хүнд нүсэр зузаан бетоныг турьхан дэлбээгээрээ сүвлэн юу ч юм урган цухуйж байгаа.
Нов ногоохноороо тийм турьхан эмзэг дэлбээг харах бүрд хүмүүний сэтгэлд үл ойлгогдом баярт мэдрэмж төрдөг. Яг л “Хүүхэд бидний жавхлант ирээдүй” гэж байгаа юм шиг хөөрч догдлом мэдрэмж. Ай даа энэ эрх чөлөөт, боломжоор дүүрэн нийгэмд миний хүүхэд нас өнгөрсөн бол гэж яагаад ч юм бодогдчихлоо. Аргагүй шүү дээ, 10 настай охин миний төсөөлж чадахгүй амжилтыг олон улсын тэмцээнд гаргачихаад ирсэн тухайгаа ярьж өгөөд явлаа.
Дэлхий дахинд нэр алдраа дуурсгах боломжоор дүүрэн, эрх чөлөөт нийгмийн гишүүн болж төрсөн шинэ зууны иргэдэд атаархаад байгаа ч юм шиг. Хавар цагийн нялх дэлбээ юуг ч үл хайхран нар өөд тэмүүлэн ургадаг шиг бидний дараагийн “Next Generation” ирээдүй өөд урган тэмүүлж байна. Энэ бол 10 настай охины гайхалтай түүх.
Саяхан миний өөдөөс харан өөрийн түүхийг хүүрнэж суусан эрх чөлөөт нийгмийн гишүүн хөөрхөн бор охиныг Бадрахсүрэнгийн Дүүрэнбилэг гэдэг. Би түүний хүүхэд насны монголжуу цэвэрхэн бор царай, давхраагүй тунгалаг хар нүдийг хараад Монголын ирээдүйн тухай төсөөлж суулаа. Өнгөрсөн жилийн долдугаар сарын 14-нөөс эхлэн долоо хоног Тайланд улсад зохион байгуулагдсан “Teen star international-2024” тэмцээнээс монгол охин Гранпри шагналыг нь хүртчихээд иржээ гэдэг мэдээ хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр цацагдаж, олны анхаарлыг татаж байсан юм.
Дэлхийн 16 орны 52 оролцогч үндэстний брэндээ танилцуулж, авьяас билэг, оюун ухаан, тайзны алхаа, урлагийн авьяасаа гайхуулан, дэлхий даяар цацагдсан таван цагийн шууд нэвтрүүлгээр өөрсдийн улс орны нэрийг гарган өрсөлдсөн байдаг. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж нэр хүнд нь өсөж яваа том тэмцээний Гранпри шагналыг миний ярилцаж суусан 23 дугаар сургуулийн сурагч Б.Дүүрэнбилэг гэх энэ охин хүртсэн юм байж. Хувь заяа л гэх байх даа. Б.Дүүрэнбилэг охин өөрийнхөө гаргасан амжилтаар бяцхан дүү нарынхаа ирээдүйн замналын шанг татаж, улс орон даяар түүнийг ширтэн суусан үеийнхээ үй түмэн охидын итгэл найдвар, урам зоригийн галыг асааснаараа, тэдний хувьд түүхийн нэгэн хуудсыг нээж чадсанаа өөрөө ч мэдээгүй яваа биз.
Б.Дүүрэнбилэг охин багаасаа л уралдаан тэмцээнд орж авьяас билгээ сорьж, мэдлэг чадвараа хөгжүүлж иржээ. Анх 2022 онд ээж нь түүнийг хөтлөн охидын “Бяцхан мисс” тэмцээнд бүртгүүлж байхад мисс, загвар өмсөгчийн талаар өчүүхэн ч мэдлэггүй аймхай бяцхан охин байлаа. Тэмцээний явцад олон шинэ найз нөхөдтэй болж тэдэнтэйгээ хөгжилдөн шинэ зүйл сурч мэдэх нь таалагдаж эхэлжээ.
Анхны энэ тэмцээнээс хойш эх орондоо болон гаднын улс оронд зохиогдсон тэмцээн уралдааныг бараг алгасаагүй гэж болно. Гол нь хүүхдэд нь потенциал байгааг ээж нь, хамгийн чухал нь түүний багш нь мэддэг байлаа. Охины хамгийн шилдэг зөвлөгч, туслагч нь түүний ээж Б.Сүнжидмаа. Анх охидын миссийн тэмцээнд хөтөлж аваачсанаасаа хойш охиныхоо арыг дааж, албыг нь залгуулж яваа нэгэн. Найз нөхөд нь түүнийг “Яах гэж охиноо болсон болоогүй энэ олон тэмцээнд оруулж байдаг юм бэ” гэж зэмлэхэд нь дуугай инээмсэглээд өнгөрдөг ч дотроо “Би хүүхдээ хөгжүүлж байна. Ямар ч тэмцээнд хамрагдахгүй сургуулилалт хийгээд байвал бид хоёр энэ их хичээлтийнхээ үр дүнг хэрхэн мэдэх билээ” гэдэг хариулт өгчихөөд л сууж байдаг.
Гэтэл Б.Дүүрэнбилэг охин тэдний зэмлэлд амжилтаараа хариу барьчихаад зогсож байна. Охин тэмцээн уралдаанд орохдоо хэт чамирхалыг эрхэмлэдэггүй. Тэр тэмцээний утга агуулга, нийгэмд ямар хувь нэмэр оруулж болохыг хардаг. Олон улсын тэмцээнд охид өөрсдөө хувцсаа урлах ёстой гэдэг шалгуур тавьдаг. Б.Дүүрэнбилэг охинд энэ нь тийм ч хүндрэлтэй асуудал биш. Бүр багаасаа л эмэгтэйчүүдийн загварын холбогдолтой зурагт сэтгүүл үзэж, түүн дээрх загвар зохион бүтээх аргачлалтай танилцан өөрөө балын харандаагаар зургийн дэвтэр дээр зурж дуурайна. Удалгүй өөрөө сэтгэн өөрийн өвөрмөц санаагаа нэмэрлэн элдэв загвар зохион зурж эхэлжээ. Тэмцээн уралдаанд ороход нь түүний энэ чадвар тус болсон нь мэдээж. “Teen star international-2024” тэмцээнд өмссөн хувцсаа ээж, эгч, багш нартайгаа зөвлөн ярилцаж байгаад өөрийн санаандаа тулгуурлан оёулсан нь ч амжилтад нь нөлөөлсөн байж болох.
Хувцас бүр нь ямар нэг санаа агуулсан байх ёстой гэдэг даалгавартай байсан тул охин “Дэлхийн далайнууд маш их бохирдож байна. Синтетик хог хаягдлыг багасгая” гэдэг агуулгаар усны хувцсаа зохиомжилсон нь усан онгоцон дээр болсон усны хувцасны тэмцээний гүнж болгожээ. Сэдэв нь өнөөгийн нэн тулгамдсан асуудлыг хөндөж, агуулга нь түүнийг хэрхэн шийдэх талаар тусгасан нь хэр баргийн томчуудаас гарахгүй санаа биз. Түүний өөр нэгэн онцлог бол монгол үндэстний өв соёлоо шингээсэн загвар бүхий хувцас болж байлаа. Тэмцээний сүүлчийн шатанд тэрбээр Мандухай хатны бага насандаа өмсөж байсан хувцсыг урлаж өмссөн нь шүүгчдийн анхаарлыг эрхгүй татжээ.
Аливаа миссийн тэмцээнд улс орнуудын оролцогчид өөрийн төрөлх эх орон, үндэс язгуур, өв соёлоо дээдлэн сурталчлахаас гадна хамтач, нийтэч байдлыг эрхэмлэн нийгмийн туст ажилд идэвхтэй оролцдог нь хууль шахуу болсон. Оролцогчид нийгмийн туст ажил хийх нь нийгмийн идэвхийг нь сэрээж нөхөрлөж, найзлах боломж нөхцөл нь болдог юм уу гэж бодогддог.
Б.Дүүрэнбилэг охин бусад оролцогчтой сайн харилцаж, хамтран ажиллах чадвараараа ялгарч байсныг өгүүлэх юун. Мартсанаас Дүүрэнбилэг охины аавыг Л.Бадрахсүрэн гэдэг. Тэр ч бас бусад аавуудын л адил охидоо нүдний цэцгий мэт хайрлаж олны нүдэнд өртөн тайзан дээгүүр алхаж эхлэхэд жаахан дур муутайхан л байсан гэдэг. Охиныхоо загварын чиглэлд сонирхолтой, үр бүтээлтэй, гаргасан амжилттай байгаад нь баярлаж одоо бүр хамгийн чанга алга ташигч, дэмжигч, шүтэн бишрэгч нь болсон гэнэ. Аав хүн охидууддаа илүү амь нэгтэй байдаг даа.
Охиныг амжилтын замд хөтөлсөн хамт олныг заавал дурдах ёстойг түүний ээж Б.Сүнжидмаа онцлон өгүүлж байсан юм. “Teen star international-2024” –ийн ялагч маань 2022 оноос эхлэн Э.Оюунтунгалаг захиралтай “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын дэргэдэх “Охидын мисс” төвд хичээллэж эхэлсэн байна. “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын дэргэдэх “Охидын мисс” төв нь зөв алхах, хувцаслах, хооллох, харилцах, нийтэч байж өөрийгөө илэрхийлэх, бүжиглэх, дуулах зэрэг цогц сургалтаар ирээдүйн зөв иргэдийг тэр дундаа өв тэгш хатагтай нарыг бэлтгэдэг. Олон улсын наадам бүрээс монгол охид шагнал хүртдэг нь 25 жилийн түүхтэй “Бяцхан мисс” төвийн сургалтуудын чадал чансаа, сургалтын арга барилыг илтгэх юм байна.
Охины түүх, ялалт, хүсэл мөрөөдөл бол түүний үе тэнгийнхэнд нийгмийн элдэв асуудлыг сөрөн туулж, ялж, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байхын үлгэр. Түүний туулж ирсэн замналаас үе тэнгийхэн нь урам зориг авч, өөрсдийнхөө мөрөөдөл, үнэт зүйлээ хамгаалах хүчирхэг оюун санааг өөртөө бий болгох биз. Яагаад гэвэл тэд “Next Generation”.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна