БАЛЧИНЖАВЫН ДОЛГИОН (1955-2025)
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, сэтгүүлч Балчинжавын Долгион 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон найз нөхөд болон Монголын орчин үеийн рок поп хөгжимд хайртай сонсогч, үзэгчдэд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Нэрт уран бүтээлч Б.Долгион нь 1955 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо мэндэлж, 1962-1964 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Ерөнхий боловсролын 103-р дунд сургууль, 1964-1972 онд Улаанбаатар хотод Зөвлөлтийн 3-р дунд сургуулийг тус тус төгсөж, 1972-1974 онд Сүхбаатарын нэрэмжит Цэргийн Дээд сургуулийн Улс төрийн ангид суралцжээ.
Тэрээр ажлын гараагаа 1974 оноос Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны Гадаад харилцааны хэлтэст рeфeрeнтээр ажиллаж эхлүүлээд 1978-1996 онд Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо /МРТУХ/-ны харьяа МОНЦАМЭ агентлагт “Новости Монголии” сонины орчуулагч, хянагч, ерөнхий редактор, 1996-1998 онд "T&U" ХХК-ийн хэвлэх үйлдвэрийн гүйцэтгэх захирал, 1998-2010 онд "Сансар" тeлeвизийн “S music” хөгжмийн сувгийн захирал, 2010 оноос өнөөдрийг хүртэл “Хотын соёл” контент нэвтрүүлгийн хөтлөгч редактор хийж, сэтгүүл зүйн салбарт тасралтгүй 50 гаруй жил ажиллахдаа эх орныхоо түүх, соёл, урлагийг гадаад, дотоодод сурталчлах эрхэм үйлсэд эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээ харамгүй зориулсан нэр хүндтэй сэтгүүлч, орчуулагч, нийгмийн зүтгэлтэн эрхэм хүмүүн байсан юм.
“Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”-ны гишүүн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, Б.Долгион нь алдарт “Инээмсэглэл” хамтлагийг үүсгэн байгуулж, түүхэн замналын хугацаандаа 200 гаруй дуун бүтээлийг туурвисны дотроос түүний зохиосон “Урин хавар ирлээ”, “Хослон дуулъя”, “Сэхүүн салхи”, “Шүүдрийн ганцхан дусал”, “Ганцхан чамдаа”, “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал”, “Инээмтгий хүн”, “Учралын блюз” болон “Тайтгарал” зэрэг хит дуунууд нь ард түмний сэтгэлд хоногшин үлдэж, хүн бүрийн сонсох, дуулах дуртай дуу болж, үүгээрээ Монголын дуу, хөгжмийн хөгжлийг түүчээлэн, урлагийн салбарт өөрийн нэрийг дархалсан шилдэг уран бүтээлч юм.
Б.Долгион нь нэрт уран бүтээлчээс гадна Монголын залуу хойч үеийн оюун санааны хөтөч, итгэл найдвар, тулах цэг нь болж, урлагт дуртай хэн бүхэнд жигүүр ургуулан, өсөж өндийхөд зүрх сэтгэлээ зориулж чаддаг шилдэг продюсер байсан төдийгүй Монголын рок поп хөгжмийн урлагийн уран бүтээлчдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн “Пентатоник” академийн ерөнхийлөгчөөр сүүлийн 20 шахам жил манлайлан ажилласан. Тэрээр дэлхийн болон Монголын рок поп хөгжмийн түүхийн арвин сан хөмрөгтэй үзэгч, сонсогчдыг ойртуулж, иргэдийн хөгжмийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд өөрийн амьдрал, үнэт зүйлээ зориулан нийгмийн салбар бүрд үр бүтээлтэй ажилласан залуу уран бүтээлчдийг халамжлан хүмүүжүүлэгч, нэрт соён гэгээрүүлэгч юм.
Түүний Монголын хөгжмийн урлаг, тэр дундаа орчин цагийн рок поп хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр, амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас өндрөөр үнэлж, 2011 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлэн цол хүртээжээ.
Талийгаачийн итгэл сэтгэл, авьяас билэг, хүнлэг энэрэнгүй, эгэл даруу, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэлд үүрд хоногшин, түүний уран бүтээл Монголын орчин үеийн рок поп хөгжмийн урлагийн алтан тайзнаа өвлөгдөж, ард түмэн, залуу хойч үеийнхээ сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхдөд болон түүний олон арван шавь, залуу уран бүтээлч нарт гүн эмгэнэл илэрхийлье.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
ДУУ БИЧЛЭГ БҮТЭЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ (MCPP)
"БИД НЭГ ГЭР БҮЛ" Рок-Поп, Хип-Хоп нэгдэл.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна