Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

unen
7 цагийн өмнө

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өчигдөр үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цагт эхэлж, хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуулийн төсөл татан авах тухай танилцуулгыг хийв.

Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хуулийн төслөө татан авч болно. 32.3-т Энэ хуулийн 32.1, 32.2-т заасны дагуу хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцно тус тус заасныг дурдаад Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуулийн төсөл татан авч буй тухай албан бичгийг ирүүлснийг танилцуулав. Уг албан бичигт Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг татан авахаар 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэрлэсэн хэмээн дурджээ.

Хуралдаан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.


Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар нар тус тус танилцуулав.

Техник технологийн дэвшил, цаг үеийн өөрчлөлт нь хүн бүрд үзэл бодлоо олон нийтэд хандан илэрхийлэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байгаа нь сайн талтай боловч нөгөө талаар үзэл бодлын илэрхийлэмжүүдээс бусдын нэр төр, нийгмийн ёс суртахуун, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу тэнцвэрийг олох зохицуулалт бий болгох нь төрийн үүрэг  гэдгийг О.Алтангэрэл сайд танилцуулгадаа дурдаад хуулийн төслийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр хэвлэн нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан гэв.


Хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн үйл ажиллагаа зэрэг нэр томьёог тодорхойлж өгснөөр иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь ялгаатай бөгөөд үүрэг хариуцлага өндөртэй болохыг тодорхойлох ач холбогдолтой. Мөн хуулийн төсөлд 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь үзэл санаа, зохицуулалтыг бүрэн тусгахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгохтой холбоотой зохицуулалт тусгасныг сайд танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийг боловсруулахдаа өмнө боловсруулж байсан төслүүдийн алдаа, оноог харгалзан үзэж, хэвлэл мэдээллийн салбарынхан болон олон нийтэд хуулийн төслийн үзэл баримтлалыг ойлгуулах, санал, зөвлөмжийг авах зорилгоор өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллав. Төслөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бүгд хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаар мэдээлэл ил тод байх, хэт төвлөрлөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн редакцтайгаар үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх, эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг шинэлэг зохицуулалт тусгасан байна.


Хуулийн төсөл батлагдсанаар хэвлэн нийтлэх эрх, түүнтэй холбоотой бусад ойлголтуудыг нэг мөр ойлгох боломж бүрдэх, хэвлэн нийтлэх эрхийг өргөн хүрээнд тайлбарласнаар зөвхөн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллага бус олон нийтийн эрх ашгийн төлөө хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлдэг бусад этгээдүүдийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх, хэвлэл мэдээллийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагааны хувьд хараат бусаар ажиллах, мэдээллийн эрх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулснаар хууль бус байж болох үйлдлийг хэвлэл мэдээллээр дамжуулан илчлэх, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй хөгжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл бий болохоос сэргийлснээр олон ургальч үзэл оршин тогтнох орон зай нэмэгдэж, эзэмшигч ил тод, нээлттэй байснаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр, бизнесийн болон бусад хувийн зорилгоор ашиглахгүй болох юм.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг явуулсныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Байнгын хорооны санал, дүгнэлтдээ онцлов.


Тэрбээр, Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.5 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахын өмнө хууль зүйн дүгнэлт гаргаж, Байнгын хороонд танилцуулсныг тодотгоод Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өртгөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Ц.Идэрбат, А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Г.Ганбаатар, С.Зулпхар, Б.Шижир, Д.Пүрэвдаваа, Ж.Баярмаа, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, Д.Энхтүвшин, Б.Жаргалан  нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. 


Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа сэтгүүлчид өөрийн цахим хуудас, хаягтаа нийтэлсэн мэдээ мэдээлэлдээ хариуцлага тооцох эсэх гол асуудлыг хуулийн төсөлд тусгаагүй шалтгааныг тодруулахын зэрэгцээ төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байхыг хориглохоор тусгажээ. Мөн  хуулийн төслийн 4.1.3-т  хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн цахим хуудсыг гэж ойлгоно гэхээр төрийн бүх байгууллага цахим хуудас, пейж хуудсаа хаах уу гэдгийг лавласан. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариултдаа, хувь сэтгүүлчийг хэрхэн ёс зүйтэй байлгах вэ гэдэгтэй холбоотойгоор энэ хуулийн төслийг боловсруулаагүй. Энэ асуудал Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хуулиар зохицуулагддаг гэв.


Мөн тэрбээр, хэвлэл мэдээллийн байгууллага гэж редакцтайгаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас зэрэг хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан. Тиймээс төрийн байгууллага мэдээллээ хүргэхдээ хэвлэлийн төлөөлөгч, цахим хуудсаараа дамжуулах бүрэн боломжтой. Гагцхүү татвар төлөгчдийн мөнгөөр медиа ажил явуулдаг, рийл, нэвтрүүлэг хийх зэргээр бүтэн редакци ажиллуулаад үүнийг дахиад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг байдлыг таслан зогсоох асуудлыг тусгасан. Тусгайлан сурталчилгаа хийх шаардлагатай бол үүнийгээ нээлттэйгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт явуулж, гэрээ хийнэ гэж төсөлд тусгасан гэж байлаа. 


Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, энэ салбарт 28 жил ажиллаж, олон удаа цагдаа, шүүхээр яваад хүн гүтгэсэн гэдэг зүйлээр ял сонсож үзээгүй сэтгүүлч хүний хувьд хэлэхэд энэ хуулийг дахиж сайн боловсруулах шаардлагатай. Хамгийн чухал нь мэдээлэл авах эрх чөлөөг нь л нээж өгөх нь зүйтэй. Мэдээллээ өгөхгүй байхаар хүн гүтгэх байдал нь бий болоод байдаг. Хүн гүтгэх эрх чөлөөг нь хаах саналтай байна гэв.


Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Эрүүгийн хууль болон бусад хуулиар сэтгүүлчдийг барьж хорьж, хэлмэгдүүлж байгааг нэг бус гишүүн хэллээ. Нийт хэчнээн сэтгүүлчид хуулиар ял шийтгэл эдэлж, хэлмэгдсэнийг тодруулахын зэрэгцээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас сэтгүүлч, редакцийн хэвлэн нийтлэхтэй холбоотой хариуцлага хүлээх заалтыг хасаж, Иргэний хууль, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг болох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ажлын хэсгээс манай байгууллагын хувьд дөрвөн жилийн өмнө сонгуулийн үеийг хамруулаад Эрүүгийн хуультай холбоотойгоор маргаанд орсон 206  хэргийг судлахад үүний 18 хувь нь сэтгүүлч, 80 гаруй хувь нь иргэд хоорондын асуудал байсан. Тэрхүү 18 хувиас Эрүүгийн хуулиар шийтгэгдсэн нь цөөхөн байсан ч сүүлийн үед энэ тоо ихсэж байгаа. Үүний цаана сэтгүүл зүйн үйл ажиллагааг Эрүүгийн хууль, Иргэний хуулийг ашиглан айлгах, дарамтлах, хэм хэмжээ тогтоох явдал гарч байна. Иймд сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой алдааг олон улсын жишгээр ёс зүйн хүрээнд шийддэг зөөлөн зохицуулалтруу шилжих нь зүйтэй хэмээх нэмэлт тайлбарыг хийлээ.


Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг би ахалж байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн зүгээс эрх чөлөө  нэмж хүсээгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ л эдэлье гэсэн саналтай байгааг дурдаад ер нь эрх чөлөөг хуульчлах тусам хумигдана. Тиймээс Засгийн газраас төслөө татаж авч, асуудалд ул суурьтай хандахыг хүсэж байна гэв.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар, С.Эрдэнэболд нар хуулийн төслийн талаар санал хэлсэн. Гишүүд  хуулийн төслийг хэвлэн нийтлэх  эрх чөлөө,  хэвлэл мэдээллийн байгууллагын зохицуулалт гэсэн агуулгаар нь хоёр хувааж, тус тусад нь хуулийн төсөл боловсруулах, мөн төсөлд ёс зүйн хэм хэмжээг хуульчилсан 5 дугаар зүйлийг хасах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч хэвлэн нийтэлснийхээ төлөө Эрүүгийн хуулиар шийтгэдэггүй байх олон улсын жишгийг нэвтрүүлэх шаардлагатай талаар санал хэллээ.


Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 1 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 3 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 7 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 7 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 7 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 8 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 8 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22