Намын гишүүд, дэмжигч, иргэдтэй эргэх холбоотой ажиллах зорилгоор зохион байгуулж буй “Иргэдээ сонсъё” уулзалтад өнөөдөр /2025.04.22/ УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн нар оролцов.
Нийслэлийн Сонгинорхайрхан дүүргийн иргэн уулзалтыг зорьж Тусгаар тогтнолын ордонд ирсэн бөгөөд тэрбээр СӨХ-ны даргаар ажилладаг ч ажлын байрандаа үлдэхэд саад бэрхшээл тулгарсан талаар учирлаж байлаа.
Түүний асуудлыг анхааралдаа авч, хороо, дүүргийнх нь холбогдох албаны хүмүүс рүү санал хүсэлтийг нь дамжуулах байдлаар ажиллана гэдгээ Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэв.
Мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүн дүүрэгтээ хийгдэж буй дахин төлөвлөлтийн талаар тойргоос сонгогдсон гишүүн О.Батнайрамдалтай санал солилцсон юм.
Тэрбээр гадаадад боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ирээд төрийн албанд ажиллахаар шалгалт өгдөг ч монгол бичгийн оноо доогуур гардаг байдлыг эргэн харах боломжтой эсэхийг лавлаж байлаа. Ийм байдлаас болж гадаадад боловсрол эзэмшсэн залуус сонирхсон ажилдаа очиж чаддаггүй гэнэ.
Ийн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болоод намаас нэр дэвшин УИХ-д сонгогдсон гишүүд “Иргэдээ сонсъё” уулзалтын хүрээнд намын гишүүн, дэмжигч, иргэдтэй нээлттэй уулзан, санал хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна.
Эх сурвалж: nam.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна