Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ зогссон

unen
3 цагийн өмнө

Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулгатай ярилцлаа.

  -Хоёулаа хууль эрх зүйн орчноос яриагаа эхлэх үү. Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлж байна вэ? 

-Одоо мөрдөж буй, 2000 онд баталсан Донорын тухай хуулиар зөвхөн цусны донорын асуудлыг зохицуулж байсан. Үүнд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой зүйл заалт байгаагүй. Хуулийг хэрэгжүүлэх явцад хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар 2018 онд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах донорын асуудал хуульчлагдсан байдаг. 

Ялангуяа амьгүй буюу тархины үхэлтэй донорын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж эхэлсэн. Энэхүү хуулийн дагуу манай албыг анх зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хуулийг хэрэгжүүлэн ажиллах хугацаанд дараагийн шат руу гарах зорилго тавьж, бусад улс орны туршлагыг судалж, эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах бие даасан хуультай болох нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр холбогдох талуудтай хамтран Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан. 

-Тухайн хуулийн төсөлд онцлох ямар зохицуулалт багтсан бэ. Тухайлбал, донорын насны хязгаарын тухайд? 

-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд энэ талаарх ойлголтыг  тодорхой, ойлгомжтой болгохыг зорьсон.  Өөрөөр хэлбэл, эрхтэн, эд, эсийг тус бүрчлэн тодорхойлж, тайлбарласан. Бас нэг онцлох зохицуулалт нь донорын нас. Анх донорын насны доод хязгаар 25 байсныг сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 21 болгосон. Энэ нь амьд болон амьгүй донор аль алинд нь хамааралтай. 

Насны хязгаарыг ингэж бууруулснаар олон хүний амь аврах, амьдрал бэлэглэх боломж бүрдсэн. Тиймээс өргөн барьсан хуулийн төсөлд насны доод хязгаарыг амьд донорын хувьд хэвээр үлдээсэн. Харин амьгүй буюу тархины үхэлтэй донорын тухайд бусад улс орны жишгийн дагуу хязгааргүй болгохоор тусгасан. Ингэснээр хүүхдүүдэд эрхтэн шилжүүлэн суулгаж, амь насыг нь аврах, амьдрал бэлэглэх боломж нээгдэх юм.

-Яг ямар байдалтай байгаа хүнийг амьгүй буюу тархины үхэлтэй донор гэж тодорхойлдог вэ. Мөн тухайн хүн тархины үхэлтэйг хэрхэн яаж батлах вэ?

-Яг зөв, хүмүүс буруу зөрүү ойлголттой байдаг. Тиймээс энэ талаарх ойлголтыг олон нийтэд зөв өгөх хэрэгтэй. Тархины үхэл нь осол гэмтэл, цус харвалт гэсэн хоёр шалтгаантай байдаг. Олон нийт нас барсан хүнээс, тэр ч байтугай цогцосноос эд, эрхтэн авч, шилжүүлэн суулгадаг гэж буруу ойлгодог. Хэзээ ч тийм зүйл байхгүй шүү дээ. Хүний зүрх зогссон л бол 3-5 минутын дотор бусад эд, эрхтэн нь ашиглагдах боломжгүй болдог. 

Тархины үхлийг энгийнээр хэлбэл, хүмүүсийн ярьдгаар комын байдалтай байгаа хүнд амьсгалын аппарат зүүж зүрх, судсыг нь хиймлээр ажиллуулдаг. Тэр хүний тархи ямар ч ажиллагаагүй, цусан хангамжгүй болчихсон байдаг. Үүнийг тархины үхэл гэж үздэг. Гэхдээ тархины үхэлтэй гэдгийг нь батлах мэргэжлийн баг бий. Одоогоор эрүүл мэндийн 21 байгууллагад энэ багийг байгуулсан. 

Энэ багийнхан тухайн хүнд  хоёр удаагийн үзлэг оношилгоо хийж, тархины үхэлтэй гэдгийг нь баталсан тохиолдолд бид ар гэрийнхэнтэй нь уулзаж, донор болгох эсэх талаар ярилцдаг. Олон улсад бол амьгүй донорыг тархины болон зүрхний үхэлтэй гэж хоёр хуваадаг. Одоогоор манай улс тархины үхэлтэй донороос эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа.

-Олон улсад амьгүй донороос авах эд, эрхтэнд хязгаар тавьдаг уу. Өөрөөр хэлбэл, хоёроос дээш эрхтэн авахгүй ч гэдэг юм уу?

-Энэ тал дээр олон улсад ямар нэгэн тооны хязгаар тогтоосон зүйл байдаггүй. Улс орон бүр янз бүрийн зохицуулалттай ч дийлэнх нь тухайн хүн болон ар гэрийнхэн нь донор болохыг зөвшөөрсөн тохиолдолд эмчилгээнд ашиглах боломжтой бүх эд, эрхтнийг авах зарчим баримталдаг юм билээ. Харин зарим улс орон ар гэрийнхнийх нь зөвшөөрөл өгсөн эд, эрхтэнийг нь л авдаг.

-Тэгвэл манай улсад аль зарчмыг нь баримталж байна вэ?

-Бид сүүлийн зарчим буюу ар гэрийнхнийх нь зөвшөөрөл өгсөн эд, эрхтэнийг нь авч, шилжүүлэн суулгадаг. Тодруулбал, тухайн хүн тархины үхэлтэй гэдэг нь батлагдсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь уулзаж, нөхцөл байдлыг танилцуулан донор болох эсэх зөвшөөрөл авдаг. Ер нь бол цаашид олон улсын нийтлэг жишгийн дагуу донор болохыг зөвшөөрсөн тохиолдолд эмчилгээнд ашиглах боломжтой эд, эрхтэнийг авч, илүү олон хүнд амьдрал бэлэглэдэг зарчим руу шилжих тухай асуудлыг хуулийн төслийн хүрээнд хөндөх нь зүйтэй гэж харж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд та бүхэн амьгүй буюу тархины үхэлтэй хэдэн донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн бэ?

-Манай алба байгуулагдсан 2018 оноос хойш амьгүй буюу тархины үхэлтэй 270 гаруй боломжит донорыг илрүүлсэн. Яагаад боломжит гэж байна вэ гэхээр, тархины үхэлтэй хүн бүр донор болох боломжгүй. Тархины үхэлтэй ч гэсэн тухайн хүний бусад эд эрхтэн хавдрын шалтгаангүй, ямар нэгэн өвчингүй, эрүүл, хэвийн үйл ажиллагаатай байх ёстой.  

Энэ мэт шалгуур үзүүлэлтийг 270 гаруй хүнээс 72 нь хангасан байдаг. Эдгээр хүний ар гэрийнхэнтэй дунджаар 2-3 удаа уулзахад 37 нь зөвшөөрч, үлдсэн нь татгалзсан. Зөвшөөрсөн 37 хүнээс 31 нь бодит донор болсон. Үүнээс 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээ хийж, 72 хүний амь насыг аварч, 170 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлж чадсан. Тархины үхэлтэй, боломжит донорыг аль болох их илрүүлэх тусам үүнийг дагаад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэж,  тэр хэрээр хүлээгдэл буурна гэсэн үг. 

Хүлээх жагсаалтад нэрс нь байгаа хүмүүс амь эрсдэх тохиолдол байдаг. Албан ёсоор мэдэгдэж буйгаар тухайн жагсаалт дахь хүмүүсээс жилд дунджаар 5-10 нь амь насаа алддаг.

-Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай, бүртгэлтэй хэчнээн хүн байна вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүмүүсийн хүлээх жагсаалтад  одоогийн байдлаар 1400 гаруй хүн бүртгэлтэй байна. Энэ жагсаалтад бүртгүүлэхээсээ өмнө эхлээд гэр бүл, хамаатан садан гээд ойр тойрноосоо тохирох амьд донор хайж, зөвшөөрсөн тохиолдолд төлөвлөгөөт байдлаар мэс засалд хамрагддаг. Харин тохирох амьд донор олдохгүй тохиолдолд амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүмүүсийн хүлээх жагсаалтад бүртгүүлдэг.

Харамсалтай нь, 2024 оны долдугаар сараас хойш амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах нэг ч эмчилгээ хийж чадаагүй. Сүүлд үүссэн ойлголцлын зөрүүнээс үүдээд иргэд, олон нийт буруу ойлголттой болж, амьгүй буюу тархины үхэлтэй донор болох боломжтой хүмүүсийн ар гэрийнхэн ч  зөвшөөрөхөөс татгалзаж байна. Нөгөө талд эмч, эмнэлгийн ажилтнууд ч айдастай байна. Энэ нь нөгөө талдаа эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүмүүсийн хүлээх жагсаалтад байгаа хүмүүсийн хувьд таагүй нөцөл байдал.

-Амьгүй донороос эд, эрхтэн авч шилжүүлэн суулгахдаа хүлээх жагсаалт дахь хүмүүсээс ямар зарчмаар сонгодог вэ?

-Хуваарилалтын зарчим,  тогтолцоо гэж бий. Олон улсын жишгийн дагуу хүлээсэн хугацаа, тухайн эрхтэн тохирч буй хувь, мөн биеийн байдал, нас зэрэг 10-20 шалгуураар хүний оролцоогүйгээр системээр оноо өгч, хамгийн өндөр оноотойг нь дуудаж танилцуулдаг. Дуудахад зарим нь хөдөө гадаа явчихсан ирэх боломжгүй, зарим нь сэтгэл зүйн хувьд бэлэн бус гэх зэрэг шалтгаанаар татгалздаг тохиолдол бий. Донороос авсан эд, эрхтэнийг удаан хадгалах боломжгүй.

-Нэгэнт алба хариуцсан хүнтэй нь уулзсаных асуух нь зөв болов уу. Сүүлд үүссэн үл ойлголцлын тухайд та юу хэлэх вэ?

-Тухайн үйл ажиллагаа бол хуулийн дагуу явагдсан. Донорын тухай хуульд заасны дагуу тархины үхэлтэй нь батлагдсан тохиолдолд ар гэрийнхнээс нь буюу ойр дотны гурван хүнээс нь зөвшөөрөл авч, гарын үсгээр баталгаажуулдаг. Энэ зарчмын дагуу л явагдсан. Хаана ямар алдаа гарсан гэвэл, хоорондын ойлголцолын зөрүүгээс асуудал үүссэн болов уу.

-Хуулийн төсөлд цаашид энэ мэт асуудал үүсгэхгүй байхтай холбоотой ямар зохицуулалт багтаж байгаа вэ?

-Эрхтэн шилжүүлэн сууулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлээс хамгаалах тодорхой зохицуулалт тусгагдаагүй байгаа. Бид энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа иргэд, олон нийт, өвчтнүүдийнхээ төлөө, тэдний эрх ашгийг хамгаалахад гол агуулгаа чиглүүлсэн. Гэхдээ энэхүү хуулийн төсөл дээр ажлын хэсэг гарвал аль аль талыг нь хамгаалах чиглэлд хууль эрх зүйн орчныг нь илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллах нь зүйтэй.

-Амьгүй донорын ар гэрийнхэнд олгодог оршуулгын тэтгэмжийн асуудал, хувь хэмжээ хуулийн төсөлд ямар байдлаар тусгагдсан бэ?

-2018-2023 он хүртэлх хугацаанд амьгүй буюу тархины үхэлтэй донорын ар гэрийнхэнд ямар нэгэн дэмжлэг, тэтгэмж олгож байгаагүй. Гэхдээ зарим амьгүй донорын ар гэрийн амьдралын түвшин доогуур, бага насны хүүхэдтэй, ажил орлогогүй гэх мэт тохиолдол байдаг. Тиймээс бусдад амь нас, амьдрал бэлэглэсэн сайн үйлсийнх нь төлөө ядаж оршуулгын тэтгэмж олгох нь зүйтэй гэж үзээд зохих байдлаар шийдвэрлүүлж чадсан. Уг нь бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох нь зүйтэй гэдэг санал гаргасан.

Гэхдээ арай өөр байдлаар шийдэгдсэн. 2023 оны нэмэлт  өөрчлөлтөөр даатгуулагч амьгүй буюу тархины үхэлтэй хүн донор болсон тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж 3.5 сая төгрөгийг   олгож байгаа. Харин өнгөрсөн онд Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар даатгал төлдөггүй, тархины үхэлтэй хүн донор болсон тохиолдолд дээрх мөнгөн дүнг Эрүүл мэндийн сайдын дэргэдэх Дэмжих сангаас олгодог болсон. 

Харин цаашид амьгүй буюу тархины үхэлтэй донор даатгуулагч мөн эсэхээс үл хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэмгэмжийг хоёр сангаас бус нэг газраас олгодог байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байгаа.

-Хэрэв, амьгүй буюу тархины үхэлтэй донорын ар гэрийнхэнд олгох оршуулгын тэтгэмжийг дээрх саналаар нэмэгдүүлсэн тохиолдолд цаана нь мөнгөтэй холбоотой асуудал гарах вий гэдэг болгоомжлол байна?

-Яг зөв. Мөнгө төгрөг гэхээр л асуудал яригддаг. Тиймээс тухайн тэтгэмжийг бэлэн бус оршуулгын зардалд нь зарцуулах байдлаар олгох ч гэдэг юм уу хамгийн боломжит хувилбараар шийдвэрлээд явах нь зөв гэж үзэж байгаа.

-Донорын картын талаар тодруулмаар байна. Энэ нь ямар учиртай вэ?

-Донорын карт гэдэг нь донор болох зөвшөөрлийн хуудас гэсэн үг. Хэрэв, надад ямар нэгэн гэнэтийн осол, тархины цус харвалт тохиолдож, тархины үхэл гэдэг нь батлагдвал бусдын амь насыг аврахын тулд эд, эрхтэнээ сайн дураараа бэлэглэж байна гэсэн зөвшөөрөл юм. 2018 оноос хойш хүмүүс өөрсдийн хүслээр манай дээр ирж, зөвшөөрлийн хуудас дээр гарын үсгээ зурж, баталгаажуулдаг тогтолцоогор явж ирсэн. Энэ хугацаанд 300 гаруй хүн донорын карт авсан байна. Тэгвэл өнгөрсөн жилээс холбогдох байгууллагуудтай хамтарч, emongolia аппликейшнээр дамжуулан донорын зөвшөөрлийн хүсэлт илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн.

Ингэснээр энэ сарын 15-ны байдлаар 4447 иргэн донор болох хүсэлтээ илэрхийлж, картаа авсан байна. Хүсэлт илэрхийлээд л донор болно, болгоно гэсэн үг биш шүү.  Өөрөө зөвшөөрч, донорын карт авсан  ч бид ар гэрийнхэнд нь үүнийг танилцуулж, зөвшөөрөл авдаг тогтолцоо хэвээр үргэлжилнэ. Мөн зөвшөөрсөн хүсэлтээ буцаах, татгалзах эрх нь ч нээлттэй.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 3 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 3 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 3 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 3 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 3 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 3 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 4 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18