Доктор Л.Түдэвийн долоон үг....

unen
4 цагийн өмнө

Хүмүүнлэг, хүмүүжсэн ХҮН

НЭГ. Хүн, амьтан олон боловч хүмүүнлэг, хүмүүжсэн хүн их ховорджээ. Уул нь хүмүүнлэг гэдэг тодорхойлолт гарахаас өмнө ХҮН гэдэг үгээр өөрийгөө нэрлэхээр барахгүй ХҮН УЛС гэдэг хүчирхэг төрт улсыг монголчууд бидний өвөг дээдэс байгуулж Төв Азийн зулайг эзэгнэнхэн суусан билээ. ХҮН гэдэг үгийг харийнхан ХҮННҮ, ГУНН гэхчилэн дуудсаар ирсэн, зарим нь бүүр “танхай боол” гэхчилэн орчуулж дорд үзэх дотор бодлоо шингээж үлдээхийг оролдсон. Гэвч ХҮН гэдэг үг дэлхийн зуу гаруй улсын хэлэнд үлдэж хэрэглэгдсээр байна. 

ХОЁР. ХҮН гэдэг үгнээсээ ургуулан хүмүүнлэг, хүмүүжил гэдэг гүн ухаан, ёс суртахууны ойлголт буй болгосноор барахгүй өрнөдийн соёл иргэншилд ч гуманизм /хуманизм/, хуманитет /юманите/ хүн төрөлтөн гэсэн нэр томьёо тогтсон билээ. Гуманист гэдэг өрнөдийн ойлголт бол хүмүүнлэг гэсэн монгол ойлголтын европжсон нэр юм гэж бодоход эртний соёлт Франц улсад “Юманите” гэдэг сонин хүртэл гарч байдгийг эргэцүүлэн санах болно. Хүмүүн, хүмүүнлэгийн ухаан Монголоос гаралтай нь бахадмаар ч юм. 

ГУРАВ. Гэтэл “Хүн байхын учир” гэсэн нэртэй жилийн аяныг өнөөгийн Монгол Улсад нэр бүхий хэдэн байгууллага хамтран зарлаад даруй нэг улирал өнгөрч байх юм. Ийм аян юуны учир зарлах болов гэхэд сүүлийн арван хэдэн жилийн хугацаанд монголчуудын залуу үеийнхэнд хүн байхын учир гэдгийг ойлгуулан сэнхрүүлэх шаардлага гарснаас юм. Хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахыг Үндсэн хуульдаа титэм үг болгон тунхагласан Монгол Улсад хүн амын төлөвшөөгүй хэсэг, заримуудын дунд хүмүүнлэг чанар, хүмүүжил ихээхэн доголдож, “Хүн ахтай, дээл захтай” хэмээх ардын журам хөсөрдөх тохиолдол олширч түгшүүрийн хэмжээнд хүрээд байгаа нь үндэстний хувь заяатай холбогдох ноцтой уршиг тарьж мэдэх юм. 

ДӨРӨВ. Хүн болгон л хүн шиг байхыг хүсдэг. Гэвч өөрөөсөө болон өрөөл бусдаас шалтгаалан хүн биш болоход хүрэх удаа цөөнгүй тохиолддог. Хүн байхад саад тотгор болж, хүний хувь заяанд гай тарьдаг нийгмийн шинжтэй нөлөөнөөс сэрэмжилж чадаагүйн балгаар манайд хүмүүс хүн чанараа алдах нь ихэслээ. Хүн байхад саадтай нийгмийн тэрхүү хөнөөлийг арилгахгүйгээр хүн байхын учир хэмээн философидож, шоудаж үрлэг зарлага болсноор нэг жилийн ч бай, нэг хэсэг жилийн ч бай аян, бүр “довтолгоон” явуулаад ч асуудлыг бүрэн шийдэж, бэрхшээлийг арилгахад хэцүү! Тэгэхээр юуны урьд хүн байхад саад тотгор учруулагчаас чөлөөлөгдөж хувь хүн цэвэрших хэрэгтэй юм. Төр, засаг ч өөрөө хүмүүнлэг байх учиртай. 

ТАВ. Хүн шиг хүн байхад юу саад болж байна вэ. Энэ асуултад “А-вирус” гэж товчхон хариулж болно. Задаргаад яривал долоон муу ёрыг дурдах хэрэгтэй. Нэгдүгээрт, ажилгүйдэл. Эрхэлсэн ажилгүй, сургууль завсардсан хүүхэд, залуус манайд сүүлийн жилүүдэд байнга нэмэгдэж, эрхэлсэн тодорхой ажилгүй хэрэгтэн гэдэг шинэ давхарга бий болоход хүрээд байна. Ажилгүйдсэн залуу хүмүүс орлогогүй тул хулгай, дээрэм, залилангийн аргаар амь зуух санаархалд автагдаж, тэрнийхээ балгаар хүн байх учраа алддаг болжээ. Ээж, эмээ шигээ эмгэдийн чихнээс ээмгийг нь тасар татан зулгааж аваад аль нэг ломбардад тавьж мөнгө авч баар хэсдэг залуусын бүлэг хүртэл илэрлээ.

 Иймдээ тултал хүн чанараа алдсан залуус нийслэл хотод ажилгүй, бүртгэлгүй бүгсээр байхад тэднийг ажилд оруулах  санаачилга төр засаг, хүчний байгууллагууд, залуучуудын элдэв хөдөлгөөнүүдэд дутсаар иймд хүргэлээ. Хоёрдугаарт, хүн байхад саад тавигч занга нь архидалт /архи/ болсоор олон он өнгөрлөө. Гарч буй гэмт хэргийн ихэнхийг архидаж согтуурсан этгээдүүд үйлдэж байна. Архичингууд аав, ээж, авгай хүүхдээ ч егүүтгэдэг болсон баримт захаас аван байгаа! Гуравдугаарт, хүн байхад ерөндөг болсон бас нэг зүйл бол алт, мөнгөний шунал юм.

 Алтнаас амиа өгөгсөд, мөнгөнөөс мөрөө харлуулагчид нийгмийг цочоосоор удлаа. Алт ухаж амиа алдаж байна. Алтанд шунаж хүнээ байж, нөхрөө худалдаж, нутаг орноо золиосолж байна. Дөрөвдүгээрт, хүн байхад гол үзүүлэлт асан амрагийн явдал одоо завхайрлын явдал болон хувирч биеэ үнэлэгч гэсэн авгайлгын дор янхны сүрэг нийслэлд болон бусад олон хөлийн газарт хэдийнэ буй болж ДОХ дамжуулах улаач нар урьдын тэмбүү түгээгчдийн завхайрлыг давж гараад эрчүүдийг сэгсрэх хэмээх ангуучлалаар залуу хүүхнүүд байтугай оюутан охид “өвчилдөг” болжээ. 

ЗУРГАА. “Хүн байхад” гэм тавьдаг тавдугаар цуваа бол албан тушаалын хэнээрхэл /карьеризм/ болжээ. Албан тушаал ахихын тулд юу ч хийхээс буцахгүй /худал хэлдэг, хууран мэхэлдэг, хээл хахууль өгдөг, авдаг, мэх заль, хуйвалдаан гэхчилэн/ тийм түшмэд улам бүр олширсоор улаан цайм шинжтэй болж байна. Албан тушаал ахихад уул нь дөрөө болдог зүйл нь эрдэм мэдлэг, зохион байгуулах ур чадвар байх ёстой атал авлигалахыг бугуйл цалмаа болгосон их, бага түшмэдээр нийгэм “хавагнаж” байна. Авсан нь ч, өгсөн нь ч хэн хэндээ ашиг унагадаг авлига гэдэг өвчин хүнийг хүн биш болгосоор л байна… 15 жил өвчилсний дараа сая л Авлигатай тэмцэх газар байгуулагдсан ч төрөх дуншилт нь хагас жил гаруй үргэлжилсээр л байх юм. Тэр хооронд авлигалсаар л байгаа бололтой. 


Хүн байхад саад хийх байтугай бүүр цэг тавьдаг нэгэн зандалчин явдал монгол хүүхнүүдэд шүглэсээр хориод жил болж, жил тутам 20-30 мянган нялхас хорвоог харж чадалгүй эхийнхээ хэвлийд мэсэнд өртөн төгсгөл болж байна. Аборт гэж түүнийг гадаад нэрээр нэрлэн хүний эрх гэдэг үгээр хүүхнийг халхавчлан хүүхдийн хүн байх эрхийг харгис хэрцгийгээр хасаж байна. Харь гаралтай ийм зандалчин явдлыг албан ёсоор дөрвөн газар тогтоол гарган зөвшөөрснөөс хойш даруй хагас сая хүнээр улс орон маань хохироод байна. 

Хүн байхын учирт гай тарьдаг “А” долоон өвчин буюу ажилгүйдэл, архидалт, алтны шунал, амрагийн завхайрал, албаны хэнээ, авлига, аборт /үр зулбуулах/  бусармаг үйлдлийг хязгаарлаагүй цагт хүн байхын учир ихээхэн дутагдалтай байсаар байна. 

ДОЛОО. Монгол Улсын Үндсэн хуульд “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан нь Монгол Улсын иргэдийн үндсэн зургаан зүйл үүргийн гол нэг нь бөгөөд иргэн хүн төрийн өмнө байтугай  өөр өөрсдийн өмнө, өмнөх болон дараа үеийнхнийхээ өмнө хүлээх ариун үүрэг, хүн байх гоц үзүүлэлт мөн. 


Үр хүүхдээ төрүүлж, өсгөн хүмүүжүүлж чадаагүй хүний үндэс тасарна. Эрүүл мэндээ хамгаалж чадаагүй хүний нас богиносно. Бусад хүний “Нэр төр, алдар хүнд, эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэдэггүй” хүний өөрийн нь нэр төр гутаж, эрх ашиг, сонирхол нь мөн хөндөгдөх болно. Иргэний энэхүү үүргээ биелүүлж байваас хүн байхын учир бүрдэнэ.

 Гэвч долоон “А”-гийн өвчинд хүн өөрөө ихэвчлэн нэрвэгддэг. Төр, засаг хэнийг ч ажилгүй суу, архичин, авлигачин, абортчин бол, амраглан завхайр, алт мөнгөнд шуна, албаны хэнээ тус гэж шахамдуулдаггүй. Харин ийм өвчинд иргэд нэрвэгдэхгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд төр, засаг онцгой анхаарах үүрэгтэй юм. Үүний тулд архидахгүй “цагаан хуультай”, ажлын байраар хангах нийгмийн халамжтай, абортыг хязгаарлах хуультай, албан тушаалд хуйвалдан дэвшихийн эсрэг хуультай, алтны халуурал мэтийг намжаах чадвартай, Авлигын эсрэг хуулиа алаггүй сахидаг болох нь чухал.

 Гэр оронгүй, гэр орноосоо дайжиж гудамж, хонгилд үүрлэгчид, харах хандах хүнгүйчүүдийг хүлээн авч сургалт хөдөлмөр хослуулсан үйлдвэр сургалтын төвүүдийг дотуур байртайгаар байгуулж, Оросын гучаад оны /ХХ/ФЕД үйлдвэр сургалтын туршлагаар ажиллуулах нь өнчирч ядарсан олон хүнийг аврах болно. Мөн их, дээд сургууль бүрийг дэргэдээ “Оюутны чөлөөт цагийн бичил үйлдвэртэй”, тэнд ажилласан оюутан хийснийхээ хэрээр цалин авдаг гадаад орнуудын аргыг нэвтрүүлбэл сургалтын төлбөрт нь ч, давхар мэргэжил олоход нь ч тустай байх олон талын ашигтай юм. Үүнд л төр, засаг өөрөө бас хүмүүнлэгээ харуулах хэрэгтэй л дээ! 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин 014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 3 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 3 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 3 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 4 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 4 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 4 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 4 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18