​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч

unen
2 цагийн өмнө

АНУ-ын “Форбс” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтсан шинэ тэрбумтнуудын нэг бол “SpaceX”-ийн үйл ажиллагааны захирал Гвинн Шотвелл юм. Сансар судлалын компанийг Элон Маск үүсгэн байгуулсан ч өдөр тутмын ажил, бүтээн байгуулалт, хэлэлцээр, хөрөнгө оруулалт татах үүргийг энэ эмэгтэй хариуцдаг. “SpaceX” бол  Элон Маск биш. Сансар судлалын мэргэжилтнүүдийн гэр. Энэ цагийн пуужингийн шилдэг инженер Жон Инспрукер, Брайан Махлстэдт, Лорен Лайонс, Майкл Хаммерсли нар ажиллаж байна. 

Гвинн Шотвелл гол үйлчлүүлэгчидтэй харилцах, компанийн бүх амбицтай төслүүдийг удирддаг.  Тэрбээр “SpaceX”-ийн хувьцааны 0.3 хувийг эзэмшдэг. Түүнийг ирэхээс өмнө нэг ч пуужин хөөргөөгүй байсан компанийн үнэлгээ 350 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн түүхэн дэх хамгийн том арилжааны пуужин хөөргөх гэрээнд гарын үсэг зурж шинжлэх ухаанд нэрээ үлдээсэн юм. Шотвелл зөвхөн сансрын шинжлэх ухааныг төдийгүй салбарын бизнесийн хөгжлийг удирдсан түүчээлэгч эмэгтэй.

Тойрог замтай холбогч

Гвинн Шотвелл Чикаго хотын захад 1963 онд төрж өсжээ. Армстронг, Олдрин нар 1969 онд саран дээр буухад америкчууд даяараа баярлаж байсан нь зургаан настай охины ой тоонд тод үлджээ. Эх орныхоо сансрын ололт амжилтаар бахархан “Пуужин яаж ажилладаг юм бол”  гэж ээжээсээ асуужээ. Техникт дуртай охиныхоо сонирхлыг анзаарсан ээж нь эмэгтэй инженерүүдийн  чуулганд дагуулан очив. Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөсөн илтгэлүүдийг сонссон Гвинн механик инженер болохоор шийдсэн гэдэг.

Ахлах сургуулийн сурагч байхдаа бүх төрлийн автомашинуудыг мэддэг, механизмыг задлах, угсрах дуртай байв. Баруун Хойдын их сургуулийн инженерийн факультетад элссэн гурван охины болжээ. Хэтийн мөрөөдөлтэй оюутан бүсгүй гуравдугаар дамжаандаа мэргэжлийн анхны сорилттойгоо нүүр туллаа.  Зуны цалинтай дадлага эхлэхэд эмэгтэй гэсэн шалтгаанаар санал болгосон компаниуд авахаас татгалзжээ. Хүйсийн ялгаварлал түүнийг шантраах бус эсрэгээрээ “Охид инженерийн салбарт амжилт үзүүлж чадна” гэсэн бардамналд хөтлөв. 

Төгсөлтийн шалгалтандаа хамгийн өндөр оноо авсан нь багш нарыг гайхшруулжээ. Механик инженерийн чиглэлээр 1988 онд  төгсөөд  АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Аварга гурав”-ын нэг “Крайслер” компанийн оффисыг зорив. Гвиннийг ажилд авсан ч инженерийн хүсэл тэмүүлэлийг нь үл ойшоосонд урам хугарчээ. Хэрэглээний математикийн чиглэлээр магистр,  докторын зэрэг хамгаалаад сансрын хөтөлбөрт дүн шинжилгээ хийдэг Засгийн газрын агентлагт ажилд оров.  Энд хиймэл дагуулын термо-математик загваруудыг бүтээж, сансрын хөлгийн дизайн, траекторийн тооцоо, үйл ажиллагааны эрсдэлийн чиглэлээр мэргэшжээ. Хожим “Би тэнд 10 жил ажиллаж, Засгийн газрын хөтөлбөр гэж юу болох, хэрхэн хэрэгжүүлдгийг сурсан. Сансар огторгуйг зөвхөн төрийн бус илүү өргөн өнцгөөс харахыг хүссэн учраас ажлаа сольсон” гэж ярьжээ. 

Ингээд 1998 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчний сансрын нислэгийг хөгжүүлэх “Microcosm Inc”-ийн системийн хэлтсийн захирлаар карьераа үргэлжлүүлэв.  Мэргэжилдээ сайн, хариуцсан төслөө цаг тухайд нь гүйцэтгэдэг инженер эмэгтэйг Элон Маск анзаарчээ. Тухайн үед Маск “PayPal”-аа худалдан, “SpaceX”-д 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байв.

Гвиннд 2002 онд гэнэтийн дуудлага ирж, үдийн хоолны урилга хүлээн авчээ. Эртний танилын урилга түүний карьерыг өөрчилж, салбарынхаа домог болох гинжин хэлхээг эхлүүлэв. Тэр  хамтрагч нь “SpaceX”-ийн Ханс Коенигсманн байлаа. Үдийн хоолны дараа Элон Маск арилжааны хиймэл дагуулын компаниудад хамгийн хямд үнээр пуужин санал болгон, дахин ашиглах замаар өртгийг нь бууруулах амбицтай төлөвлөгөөгөө танилцуулжээ. Гвинн түүний яриаг сонсоод “Байж боломгүй санаа, үнэхээр галзуу эр юм” гэж бодов.  Элон Маск багагүй амлалт өгч Гвиннийг компаниас нь урвуулжээ. Тогтвортой ажлын байраа орхин 2002 онд эрсдэл үүрэн, хараахан бүтээгдээгүй “Фалкон” пуужин хөөргөх борлуулалтын хэлтсийн даргаар ажиллах саналыг зөвшөөрчээ.  Гвинн зургаан жилийн дараа “SpaceX”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал болон дэвшжээ. 

НАСА-тай тохиролцож, хөрөнгө оруулагчдыг сэнхрүүлэв

Гвинн Шотвеллийн нэн тэргүүний зорилго “Фалкон 1”-ийг Ванденберг агаарын цэргийн баазаас хөөргөх зөвшөөрөл авах. “SpaceX”-ийн дэд ерөнхийлөгч асан Тим Бузза”Бид дизайн дээр шаргуу ажиллаж байхад Гвинн арилжааны компаниудын хамгийн хэцүү даалгаварыг гүйцэтгэсэн. Хувийн компаниудын хувьд Ванденберг агаарын цэргийн бааз биелэшгүй мөрөөдөл байв. Бидэнд ийм үүд хаалгыг нээснээрээ Гвинн итгэл үнэмшил өгсөн” гэж ярьжээ. 

2006 онд хөөргөсөн анхны пуужин туршилтын нислэгийнхээ үеэр төлөвлөсөн тойрог замдаа хүрсэнгүй. Гурван оролдлого бүтэлгүйтэж, хэдэн сая ам.доллар салхинд хийсгэжээ. Дөрөв дэх туршилт 2008 онд амжилттай болж “Фалкон 1” тойрог замд хүрчээ. 2008 онд “SpaceX”-ийн ерөнхийлөгч болж, НАСА-г үйлчлүүлэгчээр авчирлаа. Сансрын станцад ачаа хүргэх 1.6 тэрбум ам.долларын гэрээг НАСА-тай байгуулж, бизнесийн чадвараа харуулав. Тэрбээр сансрын өрсөлдөөнд эргэлздэг “Iridium” хөрөнгө оруулагчдыг ятгаж, 2010 онд компанид 1.8 тэрбум ам.доллар босгов. 

Тэдэнд шинэ загварын “Фалкон” пуужингийн үнэ таалагдсан ч  туршилтаас  болгоомжилж байв. Гвинн хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшилтэй, хүн төрөлхтний ирээдүй сансартай холбоотойг  батлах галтай илтгэл тавьжээ. “SpaceX”,  НАСА-гийн хамтын ажиллагаа дардан байгаагүй. Гвиннийн Америкийн Сансрын академитай хийсэн хэлэлцээрүүд ширүүхэн нөхцөлд өрнөдөг байлаа.  “Артемис” хөтөлбөрийн хүрээнд сансрын нисгэгчдийг сарны гадаргуу руу хүргэх тендерт 2021 онд  шалгарчээ. Жефф Безосын “Blue Origin” болон “Dynetics” компани НАСА-д санал тавьсан ч эцэст нь “SpaceX” 2.89 тэрбум ам.долларын төсөлд ялсан юм.

 Шилэн таазыг хагалсан зоригтон

Өндөр технологийн салбарт компаниудын имиж стратеги нь удирдагчдын хувийн брэндүүд бизнесийн ойлголт, үр дүнд хэрхэн нөлөөлдгийг тодорхой харуулдаг. “SpaceX” компани 2016 онд найман пуужингийн нөөцтэй байсан бол 2024 онд 134 пуужин хөөргөжээ. Мөн өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд хөөргөсөн хиймэл дагуулын 83 хувийг тээвэрлэсэн байна.  Тус компани санхүүгийн үр дүнгээ зарладаггүй. Гэхдээ “Старлинк” системийн тогтвортой орлого өнөөдөр Элон Маскийн эзэнт гүрний үндсэн хөрөнгө болсон. 2024 онд “Старлинк”-ийн үйл ажиллагааны ашиг нэмэгдэн 9.3 тэрбум ам.долларын орлоготой ажилласныг “Морган Стэнли”-ийн шинжээчид мэдэгджээ. Компани уг орлогоор “Фалкон 9”-ээс дөрөв дахин их даацтай шинэ үеийн “Старшип” пуужин бүтээх зардлаа нөхсөн. 

Технологийн хөгжил  сансрын салбарт хөрөнгө оруулагчдын хүлээлтийг өөрчилжээ. “Старшип”-ээс урьд сансрын тухай ярих нь “Google”-ийн өмнө интернетийн тухай ярихтай адил гэдгийг өнөөдөр мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө. Гвинн Шотвелл хөрөнгө оруулагчидтай уулзахдаа “Эцэст нь  “Старшип” бол хүн төрөлхтнийг өөр гараг эрхэст хүргэж, биднийг сансар судлалын тэргүүлэгч компани болгоно. Энэ төсөл “ SpaceX”-ийн түлхүүр. Ирээдүйн хүмүүсийн өдөр тутмын амьдралд “Старшип” хэрхэн нөлөөлөхийг төсөөлж чадахгүй нь” гэжээ.  Энэ мэтээр өнгөрсөн хорин жилийн хугацаанд Элон Маскийн мөрөөдлийг биелүүлж нэр хүндийг өсгөсөн.  

Гвинн сансрын шинжлэх ухаан технологийн бизнесийн холбох гүүр болж, хүн төрөлхтөн Ангарагийг зорих цаг ирснийг тунхаглав. Дэлхийн иргэдийг алс холын Ангараг гарагт хүргэх, хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчирхэг хөлөг бол “Старшип”. Гараг хооронд аялах уг хөлөг ойролцоогоор 30 давхар байшинтай дүйцэх 120 метр өндөртэй, таван тонн жинтэй, нийт 100 хүний багтаамжтай. Анхны туршилт бүтэлгүйтэн  дөрвөн минутын дотор хөлөг дэлбэрсэн билээ. 

Одоогоор дараагийн хөөргөх тов гараагүй байгаа ч “SpaceX”-ийн түүхээс харвал алдаа гэдэг бүхний төгсгөл бус амжилтад хүрэх нэгэн шат байсаар иржээ. Тэд 2029 он гэхэд уг хөлгөө ашиглан Ангараг гарагт хүрнэ хэмээн төлөвлөөд буй. “SpaceX”-ийн эцсийн зорилго бол мэдээж Ангараг. Тэр дундаа Ангараг дээр хүн төрөлхтний колонийг байгуулах юм.

Өдгөө тэдний ашиг орлогыг бүрдүүлж буй сансарын тээвэр нь энэхүү амбицтай төлөвлөгөөнд хүрэх  шат.   Хүн төрөлхтнийг сансарт гарч, хорвоо ертөнцийн нууцуудыг тайлж, гараг дамнан оршин суух мөрөөдөлд хүрэхийн тулд эхлээд Ангарагт хүрэх ёстой гэж үзжээ. “Инженерчлэл бол ид шидэд хамгийн ойр байдаг зүйл” хэмээсэн Гвинн “Тайм” сэтгүүлийн “Хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ээр шалгарсан, технологи, шинжлэх ухааны салбарт эмэгтэйчүүдийн хүчтэй төлөөлөл.  Мөн инженерийн салбарт саад бэрхшээлийг эвдэж, сорилт бэрхшээлийг даван туулж, шилэн таазыг хагалсан. Ялгаварлан гадуурхалт инженерийн чиглэлээр ажилладаг эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн том сорилт.  

Эдгээр сорилт бэрхшээлийг үл харгалзан инженерийн салбарт тэргүүлэгч эмэгтэйчүүд тэвчээртэй байж, амжилтад хүрчээ. Түүний шийдэмгий байдал сансар судлалд эмэгтэй инженерүүдийн замыг нээж, технологийн салбарт анхдагчдын шинэ давлагаа үүсгэсэн.  Түүний карьер эмэгтэй инженерүүдэд үлгэр жишээ болж, урам зориг өгдөг юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин 014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 1 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 1 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 1 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 1 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 2 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 2 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 2 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18