Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна

unen
6 цагийн өмнө

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ярьж байна. Эх орны нийслэлийн зүрхэн тушаа орших төв талбайд Монгол цирк тоглож байна. Яагаад ч юм энэ сурвалжлагыг  өндөр дуугаар зарлан мэдээлэх мэт эхэлмээр омогшил төрөөд болсонгүй. Циркчидээ санасан монголчуудын баярлаж бахадсан сэтгэлийн дуун яг л ийн цуурайлж байна.  

Дэлхийн циркчдийн өдөр Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын циркийн уран бүтээлчид Д.Сүхбаатарын талбайд өргөн бүрэлдэхүүнээр тоглож эхэллээ. Монгол циркчдийн тоглолт дөрөвдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбай дахь асарт болох бөгөөд циркийн тоглолтыг анх удаа үнэ төлбөргүй олны хүртээлд өргөн барина. Уг тоглолтод Монте Карло, Ухань, Учао, Дюмон зэрэг олон улсын циркийн тэмцээнээс гранпри, алт, мөнгө, хүрэл цом хүртсэн Монгол циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч нэгдэн оролцож байгаа юм.


Эхний тоглолт бага үдийн 11:00 цагт эхэлсэн бөгөөд үзэгчдийн суудал хэдхэн минутын дотор бүрэн дүүрч асар хаалгаа барив. Хаалга барьсан ч ард иргэд талбайн зүг бүрээс асгаран цувсаар төд удалгүй асрын гадна дараагийн тоглолтод орох гэсэн үзэгчдээр дүүрчихлээ.  Циркийн тоглолтыг Хятадын Учаод болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс “Алтан арслан”, Франц улсын Массу хотод болдог олон улсын циркчдийн тэмцээний “Алтан цом”, Герман улсад болдог  тэмцээний мөнгө, хүрэл медальт “Алтан манеж” циркийн Ц.Пүрэвжаргал ахлагчтай дээсээр наадагчид шилдэг үзүүлбэрээрээ нээлээ. 

Тоглолтын эхний хэсгээс үзэгчдийн сэтгэл хөдлөлийн өндөр эрчим уран бүтээлчдийг догдлуулж орхих шиг болов. Асар тэр чигтээ уухайлсан дуу алдалт хөөрсөн алга ташилтаар нижигнэж байсан юм. Инээн баяссан хүүхэд, залуус суудалдаа тогтохгүй өндөлзөн буйг нь харвал ямар их хүлээлт байсныг илтгэж байх шиг. Дээсээр наадагчдын үзэгчдийг дуу алдуулсан үзүүлбэрүүд үнэхээр сэтгэл хөдөлгөм байсныг дурдах хэрэг юун. Хүний биеэс гаргаж чадах нөөц боломжоос ч илүүг үзүүлэх циркчдийн ялимгүй алдааг үзэгчид үл тоон уухайлж байлаа.


Цирк гэдгийг Монгол хэлний их тайлбар тольд “Акробат, гимнастик, илбэ, тэнцвэр, хөгжмийн инээдэмт гараа, амьтан сургалт, алиалал, хүндийг өргөлт зэрэг үндсэн төрөл зүйл бүхий урлаг” хэмээн тайлан өгүүлжээ. Инээдэмт үзэгдлээр нийгмийн аливааг ёжлон өгүүлэх улаан хамарт алиалагчгүй бол яахин цирк байх билээ. Тоглолтын хоёрдугаар үзэгдэл нь мөнөөхөн улаан хамарт бүтэлгүй нөхөд байлаа.

 Тэд мөн л дэлхийд нэр алдраа цуурайтуулж буй уран бүтээлчид БНХАУ-д болдог олон улсын циркчдийн наадмаас хүрэл цом, Монте Карлогийн олон улсын наадмын 36, 45 дахь тэмцээний “Хүрэл алиалагч” хүртсэн МУСТА Б.Бат-Очир, Баянбилэг нар. Цирк гэдэг хүүхэд насны хамгийн гэгээн дурсамжуудын нэг байдаг. Хүүхэд насны гэнэхэн ухаанд үл багтам гайхамшиг цирк хэмээх урлагаар дамжин хүүхдийн дотоод ертөнцийг улам баялаг болгодог. Хүүхэд насны гэгээхэн ертөнцөд алиалагч нэлээд дээгүүр байр эзэлдэг сэн. МУСТА Б.Бат-Очир, Баянбилэг нар циркийг зорьж ирсэн хүүхэд багачуудыг үнэхээр хөгжөөж чадлаа. Тэдний алиалал асрын дуу чимээг хэдэн децибилээр нэмж орхив. 


Хүүхэд багачуудын баясан хөөрсөн инээдийг энэ орчлонгийн хамгийн сайхан чимээ гэдэг дээ. Үүний дараа Монте Карлогийн 47 дахь удаагийн наадмаас “New generation” төрөлд “Алтан цом” хүртсэн Т.Буд багштай уран нугаралтын баг циркийн олимпоос медаль хүртсэн номероо Монголын үзэгчдэд анх удаа хүргэлээ. Охидын уян налархай хөдөлгөөн, орчин цагийн технологийг хослуулсан тэдний үзүүлбэр дэлхийд ганц гэдэг тодотголтой. Уран нугаралтын багийн гишүүд хамгийн багадаа л зургаан жил хичээллэсэн байдаг гэнэ. Удирддан хичээллүүлдэг багш нь гадаадад байгаа тул тоглолтод хариуцан ажиллаж байгаа  багшаас нь зөвшөөрөл авч уран нугараач охидын сэтгэгдлийг хуваалцлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч уран нугараач А.Энхсувд “Бид ховербоардтай нугаралтаа 2019 оноос хойш бэлдэж байна. Нэг үзүүлбэр бэлдэхийн тулд жүжигчдээс маш их бэлтгэл сургуулилт шаарддаг. Олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд хэдэн минутын тоглолт гарч байгаа юм. Монгол үзэгчид маш сайхан хүлээж авлаа. Саяхан бид Монте Карлогийн циркчдийн наадамд оролцоод маш том шагнал авсан. Гадаадын үзэгчид сэтгэл хөдлөл ихтэй хүлээж авдаг. Монголчууд маань ч ялгаагүй сайхан хүлээж авлаа”


Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч А.Ариунзул “Бид энэ үзүүлбэрээ 2019 оноос бэлдэж хичээллээд тухайн жилийнхээ өсвөрийн циркчдийн наадамд анх оролцож байсан юм. Манай “Икс Рөүзес” хамтлаг уран нугаралтын төвийн хамгийн залуу СТА цолтой болсондоо баяртай байгаа. Биднийг удирдан чиглүүлдэг Т.Буд багшдаа их баярладаг” хэмээн охид өгүүлж байсан юм.


Цирк гэдэг нэр томьёо нь 250 жилийн орчин үеийн түүхэнд янз бүрийн хэлбэрийг дагаж мөрддөг тоглолтыг тодорхойлдог. Филип Астлейг орчин үеийн циркийн эцэг гэж үздэг. 1768 онд чадварлаг морьтон Астлей Темза голын урд талын задгай талбайд морио унаж үзүүлбэр үзүүлж эхэлжээ. Үүнээс хэдхэн жилийн дараа 1770 онд тэрбээр морин уралдааны жагсаалын хоорондох завсарлагааны хугацааг нөхөх зорилгоор акробат, дүүжин, жонглёр, алиалагч хөлсөлж тоглуулсан нь улмаар "цирк" нэртэй болов.

Монгол цирк морь, тэмээгүй бол юу билээ. Эр зоригийн илэрхийлэл болсон морьтны үзүүлбэр үзэгчдийг хөл дээр нь босгов. Хэдийгээр стандартын бус тайз засал, манежтай ч морьтнууд үзүүлбэрээ төгс гүйцэтгэлээр дуусгасан нь “Биднийг дэлхийд морьтон монголчууд гэж нэрлэдэг” хэмээн зарлан тунхаглах мэт. Хүүхэд залуус, ард иргэд циркээ санажээ.


Үзэгчдийн төлөөлөл Сүхбаатар дүүргийн VI хорооны иргэн Х.Түвшинбаяр “Санаандгүй маш сайхан тоглолт үзлээ. Уран нугаралтын гайхамшгийг хараад нулимс унагахгүй байж чадсангүй” гэж байсан бол

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Эрдэнэмөнх “Миний багын найзууд циркчид. Циркчин болсноос нь хойш уулзаж чадахгүй яваад л байсан. Саяхан Монголд ирлээ гэж ярихаар нь уулзах гэж ирээд сайхан тоглолт үзлээ. Найзуудаараа болон циркчдээр бахархахгүй байж чадахгүй нь. Сайхан тоглолт үзлээ. Найзуудынхаа ятгалгаар циркт орох болоод явж байна” хэмээн өгүүлэв. Үзэж амжаагүй хүмүүс санаа зовох хэрэггүй. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн циркчид маань их жанжныхаа талбайд долоо хоног  ард иргэддээ тоглолтоо үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Дэлхийн аль ч оронд орчуулагчгүй, дохио зангаагүйгээр ойлгогддог хэзээ ч хуучирч үнээ цэнээ алддаггүй ганц урлаг бол цирк. Циркийг “Урлагийн хөл бөмбөг” хэмээн нэрлэдэг учир нь ийм.   

Трамп Төмөрөө

Эх сурвалж "Монголын үнэн" сонин №014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 6 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 14 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр