Монголд циркийн урлагийн сургууль үүсээд 85 жилийг ардаа үджээ. Циркийн урлаг, тэр дундаа циркийн амьтдын талаар сургагч Д.Ариунболдтой хөөрөлдөв.
-Монголчууд ойрын хэд хоног циркээр амьсгалж байна. Д.Сүхбаатарын талбай дээр болох тоглолтод та морьтонгуудтайгаа оролцох юм байна. Жүжигчдийн бүрэлдэхүүнд олон хүн байгаа юу?
-Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын циркийн уран бүтээлчид Д.Сүхбаатарын талбайд өргөн бүрэлдэхүүнээр шилдэг үзүүлбэрүүдээ тоглох болсон юм. Энэ тоглолтод манай “Морин урлагийн нэгдсэн холбоо” оролцохоор боллоо.
-"Морин урлагийн нэгдсэн холбоо” гэдэг нэрнээсээ агуулга нь уншигдаж байна. Ямар үйл ажиллагаа явуулах байгууллага юм бэ?
-Морьтой, морин урлагт хайртай залуус нэгдэж нийлээд “Морин урлагийн нэгдсэн холбоо”-г байгуулаад тэргүүнээр нь намайг томилсон. Морин урлагийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа нь гадаад болон дотоодод болох морин шоу тоглолтод хяналт тавьж анхаарч, чанаржуулах. Түүнчлэн гадаадын тоглолтод оролцох уран бүтээлчид, баг хамт олонтой нэгдэн гарч болзошгүй хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, цаашид морин урлагийн салбарыг хөгжүүлэхийн төлөө нэгдэн нийлсэн байгуулга юм.
-Цахим ертөнцөд циркийн үзүүлбэрүүдийн богино бичлэг байдаг. Циркийг яг дэргэдээс нь үзэх, цахимаар үзэх хоёрын нарийн ялгааг нь тодруулбал юу хэлэх вэ?
-Орчин цагт циркийн урлагийг компьютержиж үзэгчид тийм мэтээр ойлгоод хэвшлээ. Амьдрал ерөөсөө хөдөлгөөн, амьд харилцаа юм шүү дээ. Энэ амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг. Нэгдүгээрт циркийн урлаг нэг биенээс хөгжмийн сонсгол, хөдөлгөөний эвсэл, сийрэг ухаан, тооцоолол гэх мэт олон зүйл шаарддаг бөгөөд багийн нарийн нягт хамтарсан арга ажиллагаан дээр нэг үзүүлбэр, уран бүтээл болж үзэгчдэд хүрдэг. Хүн хоорондын, хүн амьтан хоёрын амьд харилцаа. Хоёрдугаарт циркийн үзүүлбэр, тоглолтуудыг дэлхийн ямар ч улс, үндэстний хүн үзээд орчуулагчгүйгээр ойлгож таашаал авч болдог.
-Та цирк компьютержиж тийм мэтээр ойлгоод хэвшчихлээ гэж байна. Хүүхэд юу ойлгож, юу сурч, ямар мэдрэмж авч болох юм бэ?
-Циркээс хүүхэд юу сурах вэ, нэгэнт манай хүүхэд циркчин болохгүйгээс хойш гэж бодож болох юм. Гэтэл цирк үздэг хүүхэд хамгийн наад тал нь сэтгэлээ удирдаж сурах хамгийн том дадлыг авч байдаг. Толгой эргэм өндөрт, хуруу шиг нарийхан олсон дээгүүр алхах жүжигчний эрсдэлтэй хөдөлгөөн бүрд үүсэх сэтгэл зовнилоо тухайн циркчинтэй хамт хянаад сууж байдаг. Циркчид дээрээс унах юм уу хүнд үзүүлбэр үзүүлэхэд бөмбөрийн нижигнэсэн цохилтоор хүмүүсийн анхаарлыг төвлөрүүлж байгаад чив чимээгүй болгодог. Тэр том танхимд ганцхан ялаа нисэж байсан ч дуулдахаар тийм нам гүм. Өндөрт зогсож байгаа жүжигчний амьсгааг үзэгчид бүгд сонсдог юм. Тэгэхээр эндээс тэвчээр, хүлээлт, анхаарал төвлөрөх чадвар суухаас гадна хүний төлөө гэсэн сэтгэл зовнил төрж хамтач, нийтэч мэдрэмж авдаг байх. Цахим ертөнцөд явж байгаа богино бичлэгүүдийг хүүхэд үзээд тийм мэдрэмж авч чадахгүй.
-Үнэхээр орчин цаг амьд харилцаа, амьд мэдрэмжүүдээс улам л алсраад байх шиг. Бага насандаа цирк үзсэн мэдрэмж, дурсамж одоо хэр цоо шинээрээ мэт тов тод, хамгийн сайхан нь байдаг?
-Орчин цагийн хүн төрөлхтний гол хэрэглээ болоод байгаа цахим ертөнц сайн, муу хоёр талтай юм байна. Урьд цагт циркийн тоглолтыг мэргэжлийн баг бүрэлдэхүүн, нүсэр техник аппараттай ирж тусгайлан цаг гарган бичиж аваад зурагтаар үзэгчдэд үзүүлдэг байсан бол одоо дурын нэг мэдрэмжтэй хүү гар утсаараа бичиж аваад л нийгмийн сүлжээнд тавьдаг боллоо. Асар их цаг зав, олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө хий дэмий урсгахгүй сайн талтай мэт боловч нөгөө л амьд мэдрэмж, сэтгэл хөдлөл, айдас, инээд баясал байхгүй болдог юм. Энэ атгахан төхөөрөмжин дотроос үзсэн богино бичлэгүүдээр циркийг төсөөлдөг болчихсон. Дээр дурдсан шүү дээ.
-Та нар бэлтгэлээ нэлээд шахуу хугацаанд базаасан уу?
-Бидэнд бэлтгэл хийх тун бага цаг ноогдлоо. Ердөө хоёрхон өдөр бэлтгэл хийгээд бүтэн долоо хоног ард түмэндээ тоглолтуудаа өргөн барина. Энэ асарт өмнө нь зохион байгуулсан хоолны үзүүлэх тоглолтын заслыг эмхэлж янзлаад циркийн манежаа тавьж тохижуулаад бэлтгэлээ хийж эхэлсэн. Хоёрхон өдөрт яаж циркийн бүтэн хөтөлбөр гаргах, хоёрхон өдөрт тойрогт явж үзээгүй морьдоор яаж түмний хайрыг татсан тоглолт үзүүлэх вэ гэдэг хоёр асуудал байна даа.
-Дэлхийн циркчид Улаанбаатарт ирж тоглолтоо хийж байна. Монгол циркчид яагаад заавал давхцуулж тоглолт зохион байгуулах болсон юм бэ?
-Дэлхийн том циркийн тоглолт ирсэн байгаа яг энэ цаг мөч л орчин нөхцөл нь байдаг бол бид ч бас энэ урлагийг бүрэн эзэмшсэн гэдгээ харуулах монгол циркчдийн цаг. Саяхан хоолны том үзүүлэн тоглолт болж байсан газар нь хоёрхон хоногийн дотор цирк болж үзүүлбэрүүдээ тоглоод байж байгааг ард түмэн харах нь бидний үнэлэмж болно. Дэлхийн өнцөг булан бүрээс монгол циркчдээ дуудлаа. Анх удаа Сүхбаатарын талбайн нэг захаас нөгөө зах хүртэл олс татаж түүн дээгүүр монгол циркчин алхаж талбайг хөндлөн туулах гэж байна. Талбай дээр цирк тоглоно гэдгийг сонсоод Төв аймгийн Батсүмбэр суманд байх адууны жүчээнд сармагчинг пони морь унуулж сургах гэж 10 хоног ноцолдлоо. Сэтгэл хөдлөөд цасан шуурга болж байсан ч хамаагүй нөгөө хоёртойгоо гадаа өнжиж байгаа юм. Энэ юуны төлөө юм бэ. Монгол циркийг амьд байлгах л гэсэн сэтгэл. Сармагчингаа дээл өмсгөж сургах гэтэл уурлаад байна хөөрхий. Одоо дээлгүй ч гэсэн ч бид ийм юм сурсан шүү гэдгээ харуулна даа.
-Таныг морины Ариук гэдэг ч үнэндээ бол амьтан сургагч. Пони морь, сармагчингаас гадна Монголд байдаггүй ямар амьтан сургаж байна?
-Би зөвхөн морь сургадаг юм биш. Чоно, баавгайнаас эхлээд л бүргэд, аварга могой хүртэл араатан амьтад гаршуулан сургах, Монголд байдаг болон байдаггүй нэлээд олон амьтан сургасан. Өнөө цагт амьтан сургагч гэдэг Улаан номны амьтан шиг ховор болсон. Ямар сайндаа л сүүлчийн могикан гэдэг шиг сүүлчийн мэргэжилтэн болчихоод сууж байхав дээ. Одоо пони морь, сармагчин, тогосноос эхлээд янз бүрийн амьтад байгаа ч хаврын хүйтэн салхи хайртай амьтдад минь халгаатай байгаа, хамаагүй нааш цааш нь зөөж болохгүй.
-Зориулалтын байр савтай байсан бол гэдэг бодол төрж л байна?
-Циркийн амьтны талаар хүмүүсийн дунд нэг ташаа бодол байдаг. Байгальд мөрөөрөө явж байхад нь барьж авчраад л тор саванд хорьчихдог гэдэг. Тийм биш шүү дээ. Хөгжлийн, байгалийн, бүр хүн байгалийн харьцаанаас үүдэлтэй санаатай болон санаандгүй байдлаар эх нь үхэж үрэгдсэн, сүргээсээ хаягдаж гээгдсэн, өвчин зовлонд ороогдож хоцорсон бүх амьтдын үр төл л хүний гар дээр ирдэг байхгүй юу. Тэгээд бүх амьтны үр төл хөөрхөн байдаг. Хөөрхөн байдаг болохоор хүмүүс өхөөрдөөд араатан амьтных ч байсан хамаагүй үр хүүхдүүдээрээ тоглуулж дасгадаг. Араатан амьтдын үр төл өдөр өдрөөр томорсоор зэрлэг байгалийнх нь араншин илэрч эхэлдэг. Ингээд л хүмүүс нөгөө амьтнаа хаана өгөх вэ гэж хайж яваад амьтантай харьцдаг хүмүүс дээр авчирч өгдөг.
-Оросын байгаль судлаачийн бичсэн номд хүний гар дээр өссөн амьтныг байгальд эргүүлэн тавих нь үх гээд явуулж байгаатай адил гэж өгүүлсэн байдаг?
-Хүний гар дээр том болсон араатан зэрлэг байгальд гараад хоол тэжээлээ олж идэх чадвар суугаагүй байдаг.Циркэд юм уу амьтны хүрээлэнд л очдог. Тэр амьтанд үгүйдээ л хүний өмнө ёслоод хоолоо олоод идэх чадвар суулгах ёстой. Зэрлэг амьтанд ийм чадварыг амьтан сургагч л суулгаж чадна. Гэтэл амьтан сургагчтай, амьтад байлгах зориулалтын байр савтай цирк нь байхгүй болсон. Нөгөө өнчирсөн, өвдсөн амьтдыг хэн өргөж авах вэ. Төв аймгийн Баянчандмань суманд байдаг амьтны хүрээлэнг хүмүүс очиж үзээд зарим нь хөөрч баярлаад буцдаг ч харамсаж байгаагаа бичсэн нь ч байдаг. Тэр олон өнчирч хоцорсон амьтныг гар дээрээ авч тэжээх нь амар хэрэг ердөө биш. Хамгийн наад зах нь хоол тэжээлийг нь авах асар их хөрөнгө санхүүгийн асуудал үүснэ. Тэгэхээр нөгөө амьтдаа хүнд үзүүлж өөрсдийг нь тэжээх зарчмаар л явж байгаа юм.
-Яриагаа жаахан маргаантай асуултаар өндөрлөх нь дээ. Олон улсаас циркчид маань цуглаж буйн хэргийг гаргаж циркийнхээ барилгыг буцааж авах тухай шаардлага тавих уу?
-Циркчдийн цугласан шалтгаан тэр биш. Харин бидэнд цирк барих газар олгооч гэдэг асуудал тавих болов уу. Учир нь, одоо байгаа энэ циркийн барилга элэгдэлд орсноос гадна зориулалтыг нь өөрчлөөд стандартын бус болгосон. Анх баригдаж байх үеийн шал, манеж байхгүй. Циркийн тоглолт хийдэг стандартын талбай, шал, адар гэдэг өөр шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна