TUVZA буюу Түвшинзаяа нэрийн товчлол. Эцэг, эхээс хайрласан нэрнээс илүү энэ товчлол хэдэн үсгийн илэрхийллийг бүрэн гаргахын төлөөх өрнөл өнгөрсөн жилүүдийн дийлэнх хугацааг эзэлжээ. Хязгаарлагдмал орон зайд хязгааргүй мөрөөдлөөр жим татуулан явахдаа хувь заяаны ерөөлөөр дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчидтэй уулзаж тэднээс суралцах хором тохиосон нь түүний хувьд орчноо мэдрэх, зорьсондоо шантралгүй хүрэх хатыг суулгасан гэлтэй. Замд тулгарах бэрхшээлийг үл ажран төөрөгдөлгүйгээр урагшилсан нь оновчтой алхам байж. Нэрийн брэндээ таниулах хүртлээ давшилсаар эхлүүлсэн ажлынхаа ард гарч байж санаа амардаг занг суулгажээ.
А.Түвшинзаяа брэндээ “хөл дээр нь бостол” тууштай зүтгэсэн. Харин өнөөдөр загвар зохион бүтээгчийн хувьд бие даасан анхны тайлангаа тавихаар, үзэгчидтэйгээ “нүүр хагарахаар” бэлдэж байна. Долоон жилийн өмнө хилийн цаана эхлүүлсэн ажлаа олон улсад таниулан сурталчилж зөвхөн шилдгүүд оролцдог загварын олонлогт TUVZA-г дархлан харуулж чадсан.
Одоо тэр Итали болон Монгол Улсад суралцан төгссөн мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн баг бүрэлдэхүүнтэйгээр эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн орчин үеийн гоёлын, үндэсний хэв маягийн загваруудыг чанартай материалаар зохион бүтээж шилдэг технологи стандартын дагуу эсгүүрээ хийн хүний биед төгс суусан хувцаснуудаар харилцагчдын сэтгэл ханамжийг дээд цэгт хүргэж, зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Милан, Парис, Лондон зэрэг дэлхийн нэр хүндтэй загварын тайзнаа бүтээлүүдээ амжилттай танилцуулсан бүтээлч нэгэн болохоор шинийг эрэлхийлэгч, урлаг сонирхогч хэн бүхэнд тансаг хэв маяг, уран сэтгэмж бүхий загварыг бүрэн утгаар мэдрүүлэхээр бэлдэж байна.
“Mirror ice”
СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны зураач, дизайнер мэргэжлээр төгссөн А.Түвшинзаяа Итали руу явахаасаа өмнө БНХАУ-д загвар зохион бүтээгчээр таван жил ажилласан. Итали улсын Милан хотод 2018 онд брэндээ үүсгэн байгуулсан нь залуу загвар зохион бүтээгчийн зоригийн илэрхийлэл юм. 2020 оны долдугаар сард анх эх орондоо хүүхдийн хувцсаар бүтээгдэхүүнээ гаргаж байсан нь саяхан мэт. TUVZA зориод ирсэнд нь бэлэн хувцас санал болгохоос гадна захиалгаар урлах, имиж бүрдүүлэлт хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг бусад үйлчилгээг санал болгодог.
“Миний загварууд монгол үндэсний хэв шинжийг агуулдаг. Гэхдээ зөвхөн монгол биш бусад улсын иргэд ч өдөр тутамдаа өмсөхөөр хэв маягт хувиргадаг. Пиджак, цамцанд үндэсний деталь багахан хийхэд л энгийн өдөр тутамдаа өмсөж болохоор болдог. Загваруудаа гаргахдаа эхлээд өөртөө урлаж, өмсөж үзээд биед эвтэйхэн байвал худалдаанд гаргадаг” хэмээн дурдсан нь одоогоос хэдэн жилийн өмнөх сэтгэгдэл.
Харин энэ цаг үед тэр өөртөө цор ганц бүтээл хийлгэхийг эрхэмлэдэг хүмүүст зориулж, тусгайлан захиалга авч байна. Хэн нэгний оюун бодолдоо ургуулсан загвараа амьдрал дээр бий болгоход тэрбээр тусалж, уран сэтгэмжээр баяжуулан хүргэсээр явна. Энэ бол түүний брэндийн ялгарах гол онцлогуудын нэг. Мөн хүний биед эвтэйхэн, загварлаг, өнгөлөг байлгах үүднээс сайн чанарын силкэн материалыг сонгож, хувцсаа урлаад удаж байна.
Арав хүрэхгүй хоногийн дараа олон нийтэд задлах түүний загварын цуглуулга “Mirror ice” нэрээр илэрхийлэгдэнэ. Түүний анхны шоуны тэргүүн загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл шинэ загваруудынх нь зах зухаас харуулсан. Салбартаа “хашхирах” мэт түүний загварын деталиудын сонголт донж, хэв маягийг нь илтэд үзүүлжээ.
Бусдаас ялгарна
Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооноос загварын долоо хоногийг санаачлан зохион байгуулдаг. Ийм нэгэн үйл явдалд TUVZA оролцохдоо сонирхол татам шийдлүүдийг харуулж чадсан юм. Загварын чиглэлээр дагнадаг сэтгүүлч, сайтууд түүнийг “Сонирхол татам хээ, материалаар дүүрэн бас өвөрмөц” гэж тодотгосон байдаг. Зарим нь загвар зохион бүтээгчийн бүтээлүүдийг ялгамжлан үзэхдээ онцлогоор бүлэг болгосон дэмий зүйл бус.
Тэдгээртэй санал нийлэх нь А.Түвшинзаяа тод өнгийг зоригтойгоор барьж авдаг. Ягаан, улаан, ногоон, цэнхэр зэрэг бусдын ашиглахаас ч эмээдэг өнгийг сонгохдоо эсгүүр дээр нэмэлтээр “тоглож” цор ганц загварыг бүтээсэн нь цөөнгүй. Бэлхүүс тодотгосон, богино болон урт, овер сайз зэрэг төрөл бүрийн загваруудыг гаргасан нь цагаа олсон шийдэл болдог. Түүний брэндээс нарийн ажиллагаа шаардсан деталь олныг харна. Гэхдээ үндсэн загвараар хязгаарлагдахгүйгээр дагалдах хэсэгт шингээсэн нэг бус удаа юм.
“Мөнгөн мод”-ын эзэн
А.Түвшинзаяа Лондоны загварын долоо хоногийн үеэр “Цагаан зүрх” цуглуулгаа танилцуулсан. Дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгчийн бүтээл нэгэн тайзнаа гарсны нэг нь TUVZA байв. Шүр, сувдаар чимэглэсэн гар ажиллагаа ихтэй түүний цав цагаан загваруудыг онцолсон хүн олон. Хүнд эсгүүрээр урлаачийн чансааг тодорхойлдог. Тийм болохоор өөрийгөө сорьсон эсгүүр хийхийг хүсдгээ тэрбээр хэлж байсан юм.
Тиймээс оролдлогоо хэзээ ч зогсоодоггүй. Олон оролдлогын дараа хүссэн эсгүүрээ гаргаж авахаар шинэ хүнээ өлгийдөж авч байгаа юм шиг санагддаг тухайгаа дурдсан. А.Түвшинзаяа эсгүүрэндээ амь шигээ хайртай. Яагаад гэвэл, эсгүүрийн нэг хэсэг алга болоход тэр загвар бүхэлдээ өөрчлөгддөг гэдэг. Ийм сэтгэлээр түүний урласан “Цагаан зүрх” 2024 оны хувцас загварын шилдэг бүтээлээр тодорсон нь саяхны үйл явдал. Түүний “Цагаан зүрх”-ийг тодорхойлохдоо “Зүрхэн хэлбэрийн зохиомжийг хувцасны загвар шийдэлтэй холбон утсан холбоогоор дүрсэлсэн. Эрхэмсэг дүр төрхийг тодорхойлсон, тансаг, өөр өөрийн гэсэн нарийн эсгүүр, гар чимэглэлээр урлаж өгсөн нь энэхүү загварын дахин давтагдашгүй байдлыг илтгэж өгсөн” гэжээ.
“Мөнгөн мод”-ын эзэн болсныхоо дараа тэрбээр “2024 оны хувцас загварын шилдэг бүтээлээр шалгарсан догдлол одоо ч хэвээр... 11 настайгаасаа хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хувцас загварын урлагт улам дурлаж ганц удаа ч зам хазаахгүй явсаар өнөөдөрт хүрсэн. Сөрөх үедээ сөрж, гүрийх үедээ гүрийсээр иржээ. Унасан үед минь инээх хүчийг надад өгдөг тийм л хүчтэй мэргэжил бол хувцас загвар. Миний хайртай ертөнц минь юм” гэсэн байв.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24641 дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна