С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг


УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга  С.АМАРСАЙХАНТАЙ ярилцлаа.

-Нийслэлийн МАН-ын хорооны 100 жилийн ойг тохиолдуулан тантай ярилцаж байна.  МАН-тай хэзээнээс ажил, амьдралаа холбож байв. Улс төрийн гараагаа хэрхэн эхлүүлж байсан талаар манай уншигчидтай хуваалцана уу?
-Миний хувьд МАН-д 2010 оны гуравдугаар сарын 1-нд буюу МАН-ын 89 жилийн ойн өдөр гишүүнээр элсэж байлаа. Бага, дунд сургуулиа төгсөөд АНУ-д сурч төгссөн, улмаар дипломат албанд тодорхой хугацаанд ажиллаж төрийн албаны туршлага хуримтлуулсан. Мөн хувийн хэвшил, бизнесийн салбарт 10 гаруй жил гэр бүлийн  компаниа удирдсан. Үүний зэрэгцээ нийгмийн идэвх санаачилга, хувь хүний шийдвэрийн хүрээнд МАН-д  элссэн нь миний улс төрийн итгэл үнэмшлээ илэрхийлсэн чухал алхам байлаа. Улс төрийн гараагаа улс, нийслэлийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр дүнтэй бодит ажил хэрэгжүүлэх зорилготойгоор эхлүүлсэн. 

МАН бол харьд алдагдсан үндэсний эрх чөлөөгөө ардын хувьсгалаар сэргээн мандуулж, улмаар улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан улс төрийн ууган хүчин. Улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө үеийн үед бат зогссоор ирсэн түүхтэй энэ намын эгнээнд нэгдэж орсноороо үргэлж бахархаж явдаг. 

-100 жилийн түүхт ойд зориулсан ярилцлага учраас дүүргийн намын хороотой анх хэрхэн холбогдож байсан дурсамжаасаа хуваалцана уу?
-Налайх бол миний ажил амьдрал, хувь заяатай салшгүй холбоотой дүүрэг. Миний насан туршийн амьдрал, үр хойч үетэй минь холбогдсон нэн чухал орон зай. Яагаад гэвэл миний аав ээж хоёр Увс аймгийн Бөхмөрөн, Давст сумын уугуул хэдий ч арван хэдхэн настайдаа Налайхын цэнхэр хөндийд шилжин ирж суурьшсан улс. Налайхын их уурхайг анх нээгдэх үед залуу нас, улс орноо гэсэн халуун сэтгэл, бүлээн хөлсөөрөө улсын анхны аж үйлдвэрийн гал голомтыг цогцлооход үнэтэй хувь нэмрээ оруулсан  мянга мянган уурхайчдын нэг. Миний аав уурхайн намын үүрийн дарга, уурхайн баяжуулах хэлтсийн даргаар, ээж маань мотористээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Энэ утгаараа нийт налайхчуудын хүсэл мөрөөдөл, жаргал зовлон минийхтэй ижил гэж хичээн зүтгэдэг. МАН-ын түүх бол Монгол Улсын түүх байдаг шиг Налайхын МАН-ын хорооны түүх бол миний амьдралын салшгүй  хэсэг юм.
-Налайх дүүргийн намын хороо өнөө цагт үйл ажиллагаагаа ямар бүтэц, зохион байгуулалттайгаар явуулж байна вэ?
-Би 2013 оноос хойш Налайх дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна. Манай хороо өнөөдрийн байдлаар 20 гаруй намын үүртэй, салбарын түвшинд хүртэл төлөөлөлтэй, идэвхтэй, бүтээмж өндөртэй бүтэцтэйгээр ажилладаг. Манай намын удирдлага, гишүүдийн ажлын арга барил, улс төрийн үйл ажиллагааны зорилго нь ард иргэдийн амьдралын чанараа сайжруулах хүсэл мөрөөдлийн тод томруун толь байх ёстой гэж дүүргийн намын даргын хувьд үзэж, аливаа асуудалд зөвхөн энэ нийтлэг зорилгын үүднээс хандахыг хичээж, баг хамт олондоо ч удирдлага, чиглэл болгон ажиллаж ирсэн. Миний хувьд 2017 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2012-2020 оны хооронд НИТХ-ын төлөөлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон. Энэ хугацаанд 2017-2019 онд НИТХ-ын даргаар, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.  Улмаар 2021 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томилогдож, 2021 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна. Намын бодлогын түвшинд улс орны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн улс төрийн намын байр суурь, шийдлүүдийг цаг үе, гадаад дотоод хүчин зүйл, улс орныхоо дотоод нөөц боломжоо зөв тооцож, асуудалд ултай суурьтай хандаж байр сууриа илэрхийлэн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ үндэсний хэмжээнд уламжлал, шинэчлэлийг хослуулан улс төрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд анхаарч ирсэн. 
-Дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд ямар бодлого, зарчим баримтлан ажиллаж ирэв?
-Би “Үр дүнд хүрэх зам бол хамтын оролцоо” гэдэг зарчмыг баримталдаг. Улс төр бол зөвхөн үзэл суртал биш, хамгийн бодит үр дүнг гаргаж тэр нь иргэдийн амьдрал дээр буух шийдэл байх ёстой. Намын даргын хувьд залуусын оролцоог нэмэгдүүлэх, түүх соёлын өвийг хамгаалж хадгалах, дүүргийн хөгжлийг улсын болон нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Нам, түүний гишүүд, дэмжигчдийн аливаа санал санаачилга  нэн тэргүүнд иргэд, олон нийтийн хүлээлт, итгэл үнэмшилд суурилсан бодитой оролцооны зарчимд цаг ямагт үйлчлэх ёстой гэсэн шаардлагыг намын гишүүддээ тавьдаг. Мөн намын шат шатны үйл хэрэг бүхэн нь ахмад, дунд, залуу үеийн нягт харилцан хамтын ажиллагаанд суурилсан, нийгмийн идэвхийг тууштай дэмжсэн, нээлттэй бөгөөд үр дүнд чиглэсэн бодлогоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Төр гэж байгаа цагт улс төрийн нам байна. Улс төрийн нам байгаа цагт төрийн бодлого хэрэгждэг бичигдээгүй хууль бий. Тэгэхээр төрийн бодлого шийдвэрүүд, залгамж чанар, тогтвортой байдлыг хангах замаар улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой олон асуудалд улс төрийн нам өөрийн үүргээ гүйцэтгэх ёстой. Улс төрийн намын үйл ажиллагаа тодорхой, хариуцлагатай, зарчимтай байхын хэрээр төрийн бодлого тунгалаг бөгөөд тогтвортой хэрэгжинэ гэж би үздэг. 
-Налайх дүүргийн намын хороог  багагүй хугацаанд тэргүүлэн ажилласан хүний хувьд 100 жилийн түүхэн ойн босгон дээр өөрийн үед хэрэгжсэн онцлох өөрчлөлт, шинэчлэлийн талаар хэрхэн дүгнэх вэ?
-Намын ажил иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгод үйлчлэх учиртай. Нийгмийн хүсэл, нийтийн сайн сайхан амьдралын гарц шийдэл, бодлогыг хэрэгжүүлэхийн төлөөх бүтэц гэж ойлгож болно. Миний сонгогдсон Налайх, Багануур дүүрэг бол улсын зэрэглэлтэй хотууд. Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэх шинэ шийдэл, төлөвлөлтүүд хийгдээд, хэрэгжүүлж эхлэх шатандаа явж байна. Иргэд сонгогчдын итгэл, хариуцлагыг хүлээж, дүүргийн эрх барьж байгаа намын үйл ажиллагааг үргэлж шинэ зохион байгуулалтаар хангаж, шинэ боловсон хүчнээр сэлгэж, байнгын чадавхжуулж, хувь хүний харилцаа, ёс суртахуунаас эхлээд мэргэжлийн сургалтад байнга хамруулж байх бодлогыг баримталж ирсэн. Цаашлаад цахим систем нэвтрүүлэх, гишүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг цаг үетэй нийцүүлэн чанаржуулах, орон нутгийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах дээд түвшинд дэмжүүлэх зэрэгт дүүргийн намын хорооны оролцоо нэн чухал.
-Танай дүүргийн намын хороо сонгуулийн ялалт, ололт амжилтын тухайд ямар онцлох түүхтэй вэ?
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2024 онд болсон УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулсан. Үүний дагуу Налайх, Багахангай, Багануур дүүргийг нэгтгэн нэг тойрог болгосны дагуу 2024 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн хоёр мандат бүхий томсгосон тойрогт МАН-аас миний бие, Ц.Сандаг-Очир нар ялалт байгуулсан бол тус оны аравдугаар сард болсон орон нутгийн ИТХ-ын  сонгуульд найман хорооноос долоод ялалт байгуулснаар 90 хувийн амжилттай оролцсон үр дүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн нийслэлийн ИТХ-д Д.Наянбаяр, Д.Отгонсүрэн нар төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.  Налайх дүүргийн МАН-ын хороо 2016, 2020, 2024 оны  ээлжит УИХ болон орон нутгийн сонгуульд дараалан ялалт байгуулж ирсэн. Бид нэр дэвшигчдээ амжилттай дэмжиж, дүүрэгтээ олонхын итгэлийг авч чадсан. Мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр хувьтай ялалт байгуулсан түүхэн амжилттай намын хороо. Энэ бол зөвхөн нэг намын ялалтын тухай яриа биш юм шүү. Хөгжлийн төлөө зорьсон үйл хэрэг, үзэл санаа, ард иргэдийн маань хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгож явдаг. Тийм ч учраас иргэд сонгогчдын энэ сэтгэл, итгэлийг зүтгэлээр хариулах учиртай. Манай Налайхын иргэд ажилч хөдөлмөрч хүмүүсийн үр сад учраас ирээдүйн хотоо хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилтэйгээр сонголтоо хийдэг онцлогтой. Иймд тэднийхээ итгэлийг дааж хариуцлагатай байх нь сонгогдсон бидний үүрэг юм.
-Ярилцлагын төгсгөлд та дүүргийн иргэд болон журмын нөхдөдөө болон Нийслэлийн МАН-ын хорооны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Налайх дүүргийн МАН-ын хорооны  үүсэл хөгжил  нь Төв аймгийн Баянзүрх сумын нутагт чулуун нүүрсний уурхай байгуулагдаж хүн ам төвлөрөн суурьшсантай холбоотойгоор үүссэн байдаг. 1922 онд Монгол Улсын Ардын Засгийн газрын шийдвэр гарч Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авч, 1923 оноос Баянзүрх сумын намын үүрт харьяалагдаж байгаад 1924 оны зургадугаар сарын 24-ний өдөр хуралдсан Баянзүрх сумын болон Налайхын намын гишүүдийн тайлант сонгуулийн хурлаас Налайхын намын үүрийг товчоог Улаанбаатар хотын Намын хороонд харьяалуулан албан ёсоор анх байгуулсан түүхтэй. Нийслэлийн МАН-ын хорооны нэгэн эд эс нь болсон Налайх дүүргийн иргэд сонгогчид болон нийт журмын нөхөд,  гишүүд, ахмадууд, намын идэвхтэн дэмжигчдэдээ  Нийслэлийн МАН-ын хорооны түүхт 100 жилийн ойн мэндийг дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Зуун жилийн түүх бол эв нэгдэл, тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэлийн бэлгэдэл юм. Ирээдүйн зуунд ч бид хамтдаа урагшилж, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэх болно гэдэгт итгэл төгс байна. 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24641 дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 52 минутын өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 8 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 22 цагийн өмнө
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр