​ Нүүр тахлах ганц музей


Дэлгэр цагийн түрүүч дулаан өдрүүдэд Улаанбаатарын гудамж кино театр, худалдааны төв, нийтийн үйлчилгээний газрыг зорин хөлхөлдөх залуусын хөлд дарагдана. Нийслэлийн төв зам дагуу сүндэрлэсэн өндөр барилгуудын дунд өнгөрсөн зууны өнгийг хадгалсан цөөхөн байшин өдгөө зүс алдан үлджээ. 

Бөхийн өргөөний зүүн хаяанд хуучны Эрхүү хотыг санагдуулам ганц байшин бий. Учир мэдэх нь Улаанбаатар хотын музей гэж гадарлана. Үл анзаарах нь ч бий.  Ямартай ч энэ бол хотын өвийг хадгалах соёлын төв төдийгүй Монголын түүхийн нэг хэсэг болсон барилга. ХХ зууны эхэн үед Их хүрээнд байрлаж байсан буриад худалдаачин Цогт Бадамжавын гэр.  Цагтаа  хүрээний чамин,  ганган барилга  байв.  Амьдран суух байшингаа дэгжин хийц, загвартай, өвөрмөц шийдэлтэй бариулжээ.

Дээвэр дээрээ хөмөрсөн ширээ нь Оросын хаант засаглал нуран унахыг бэлгэдсэн,  нэлээн хувьсгалт  үзэлтэй хүн байсныг илтгэнэ. Үндэсний түүхтэй холбоотой гэсний учир 1921 оны долдугаар сард Монгол Ардын Намын Төв хороо, Ардын Түр Засгийн Газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байжээ. 1930-аад оны үед тус байшинд Зөвлөлт-Тувагийн  Элчин сайдын яам байрлав. МАХН-ын Төв хорооны шийдвэрээр  1946 онд Д.Сүхбаатарын музей болгон зарлав. Үүнээс долоон жилийн дараа Сүхбаатар-Чойбалсангийн ордон музей байгуулан өрх тусгаарлахад  энэ байшинд Хэвлэлийн төв газар оржээ. Нийслэлийн түүхэн замнал, хөгжил дэвшлийг  иргэд, зочин гийчдэд таниулах зорилгоор 1956 онд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” байгуулсан нь музейн эхлэл болжээ. Ингээд 1960 онд Улаанбаатар хотын түүх, шинэчлэн байгуулалтын музей болгон өргөтгөв.  Сайд нарын зөвлөлийн 1971 оны 420-р тогтоолоор “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт байшин” гэж үзээд Улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтанд авчээ.

 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шинэ хөдөлгүүр

 

Азийн соёлын түрлэг дэлхийг бүрхэж буй нь гэнэтийн, санаандгүй явдал биш. Америк, Европын контентоос уйдсан үзэгчид  Азийн уран сэтгэмж рүү хошуурч байна. Төрийн бодлогоор, бүтээлчээр хандсаны үр дүн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг амжилттай бойжуулсны өгөөжөөр Өмнөд Солонгосын уран бүтээлчид энтертайнмент зах зээлийг эзэлсэн. Соёлын  салбарын жилийн орлого нь 107 тэрбум ам.долларт хүрчээ.  Өнөөдөр солонгос контентыг худалдан авахдаа гар татахгүй байгаа нь дэлхий даяарх эрэлт хэрэгцээтэй холбоотой. Дэлхийн шоу бизнесийн хил хязгааргүй орон зайд бид Өмнөд Солонгос, Хятад улс шиг нэвтэрч чадах уу. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэх олон зуун тэрбум ам.доллар эргэлддэг зах зээлд Монгол Улс орон зайгаа эзлэх боломж байна. Жижиг газрыг дарга, том байгууллагыг тогтолцоо, хүчирхэг улсыг соёл нь удирддаг гэсэн үг бий.   Монгол бол  ондоошилтой, үүх түүхтэй улс. Тэр дундаа эсгий туургатны нийслэлийн түүхийг хадгалан, гаднын жуулчдын нүүрийг “тахладаг” ганц музейгээ соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэхэд хугацаа хэрэгтэй. Бусдын туршлагыг судалж, хамтран ажиллаж, нутагшуулж, технологийн дэвшилтэй  хослуулах нь зүйтэй. Үүнд төрийн бодлого чухал.  Улам бүр ашигтай, төсөвтэй болсон цагт хотын музей үзмэрээ арвижуулна. Энэ жишгээр, ямх ямхаар хөгжүүлбэл монголчуудын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэл холын мөрөөдөл бус бодит ажил юм.

 

Үзмэрийнхээ дөрвөн хувийг л дэлгэжээ 


Дэргэдүүр нь өнгөрөх бүрдээ “Энэ жижиг байшинд хотын түүх хадгалагдаж байгаа даа” гэж боддог байлаа. Саяхны өдөр зорин очлоо.  Улаанбаатар хотын музей гурван танхимтай. Нийт сан хөмрөгийнхөө дөрвөн хувийг нь л нээлттэй байршуулжээ.  

Сан хөмрөг дэх үнэт үзмэрээс онцлон сонирхуулвал, нэрт зураач Д.Манибадар 1946 онд зурсан “Нийслэл хүрээ”, 1976-2000 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх III ерөнхий төлөвлөгөө, Туул голын орчмоос олдсон таван сая жилийн тэртээх арслан зааны яс, XIX-ХХ зууны үед Их хүрээний урчууд урласан өвөрмөц хийц, загвар бүхий гэр ахуй, гоёл чимэглэлийг дурдаж болно. Социализмын үеийн алдартай уран бүтээлчдийн бүтээлүүдийг ч хадгалан байна. Тухайлбал, зураач Ү.Ядамсүрэнгийн 1971 онд туурвисан “Улаанбаатар” зураг, С.Сэнгээгийн 1974 онд бүтээсэн “Түүхт Улаанбаатар” зааны соёон дээрх сийлбэр, М.Чуваамидийн 1974 онд урласан  “БНМАУ мандтугай” модон сийлбэр, А.Цэрэнхүүгийн 1982 онд бүтээсэн “Брежневийн хөрөг” торгон хатгамал гэх мэт хосгүй үнэт бүтээлүүдийг нэрлэж болно. Ах дүүгийн найрамдалт хотуудаас солилцсон бэлэг дурсгалын зүйлс,  Улаанбаатарын хөгжлийг түүхэн ховор гэрэл зургууд ч байх аж. Эдгээр үзмэрийг бүрэн дэлгэхэд музейн зай талбай давчуу, зориулалтын бус байгаа нь даанч харамсалтай санагдлаа. 

Үзмэр хадгалах тохиромжтой агаарын хэм гэж байдаг. Анхнаасаа айл амьдрах зориулалттай,  XX зууны байшин учир өрөө тасалгаа агааржуулалтын системгүй. Гэхдээ ажилтнууд нь “Ийм л байсан” гэж гар хумхин суулгүй агаар чийгшүүлэгч тавьж үзмэрүүдээ “механик аргаар” хамгаалж, олон нийтэд  үйлчилж байна.

 

П.Даваасүрэн: Цар хүрээгээ томруулж чадвал соёлын эдийн засагт хувь нэмрээ оруулах боломжтой

 Тайлбарлагч, эрдэм шинжилгээний соёлын ажилтнууд, захиргаа нь жижигхэн өрөөндөө бөөнөөрөө суух аж. Тэд ард түмнийг соён гэгээрүүлэх, сурагчдад боловсрол мэдлэг олгох ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Хотын түүхтэй уншиж, сонсолгүйгээр танилцах боломжит хүүхдэд зориулсан цуврал  хөлөгт тоглоом гаргажээ. УБХМ-н захирал, Сэтгүүлзүйн  магистр, Соёл судлалын ухааны докторант нийгэм соёл судлаач П.Даваасүрэнтэй уулзаж ярилцлаа.

 -Музей үзэх зуур “Арай л жижиг юм даа” гэсэн бодол эрхгүй төрлөө.

-Манай музейн барилга хотын үе үеийн дарга нарын бодлогын гадна хоцорч ирсэн. Бид Нийслэлийнхээ удирдлагуудад саналаа хүргүүлж бага багаар чадлынхаа хэрээр засвар хийж үйл ажиллагаагаа явуулж байна. Түүхэн байшин учир дурын барилгын компани засдаггүй. Соёлын өвийн дурсгалт барилгыг сэргээн засварладаг цөөхөн компани байдаг. 

Улаанбаатар бол уламжлал шинэчлэлийг хослуулсан орчин үеийн метрополис. Энэ том хотод амьдарч байгаа иргэдээ соён гэгээрүүлэх ажил хийдэг ганц музейн барилгаа томруулах зайлшгүй шаардлагатай байна. 1965 оноос хойш одоог хүртэл музейн шинэ барилгын зургаан зураг төсөл зохиосон боловч нэг нь ч хэрэгжээгүй. Эдүгээ 28 м.кв өрөөнд Улаанбаатар хотын түүхийн гэрч, ой санамж болсон үнэт өвийг стандартын бус, аюултай орчинд хадгалж, 150 мкв хэмжээтэй жижигхэн танхимд хотын түүхийн үечлэлийн дагуу дэлгэн үзүүлж байна. 

“Хар авдарт эрдэнэ бий” үлгэрээр манай музей 3500 гаруй үзмэртэй.  Өнөөдөр дөнгөж 100 гаруйг нь гурван танхимдаа дэлгэсэн.  Хамгийн гол нь сан хөмрөгөө зориулалтын бус орчинд  хадгалаад, хамгаалмааргүй байна. Азийн хотууд орчин үеийн технологи, текникийн шийдэл бүхий музейтэй. Шинээр дөрвөн давхар музейн өргөтгөтөл барих зураг төслийг 2019 онд гаргасан. Үндсэн барилга нь Улсын түүх соёлын дурсгал учир устгаж, нурааж болохгүй. Гэхдээ дэлгэж чадахгүй байгаа үзмэрүүдээ байршуулж, цар хүрээгээ тэлэх саналыг би хотын дарга нартаа амаар ч ярьдаг  албан бичгээр ч шат дараатай  уламжилсан. Юутай ч их хотынхоо соёлын өвийг авран хамгаалах түгээн дэлгэрүүлэх санал санаачилгуудыг маань дэмжинэ гэдэгт найдаж байгаа. Мөн Соёлын сайд Ч.Номинд хүсэлт тавьсан. Яахав манайх нийслэлийн төсөвтэй хотын харьяа байгууллага. Гэхдээ шууд удирдлага, босоо тогтолцоо биш ч Соёлын яам төрийн захиргааны удирдах дээд байгууллага гэдэг утгаараа урлаг, соёлын байгууллагуудаа харж үздэг асуудлыг нь шийддэг учиртай.

-Цар хүрээгээ өргөжүүлнэ гэж ярилаа. Тэгэхээр олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаа нэмэх зорилготой байна уу?

-Бид байшингаа жижиг гэж түүртэлгүй боловсролын ажил , түр болон явуулын үзэсгэлэнгүүд,  танин мэдэхүйн, сургалт, хотын түүхийн болоод соёл гэгээрлийн лекц сургалтууд тогтмол зохион байгуулдаг. Улс орнуудын нийслэлээрээ овоглосон музей том,  өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.  Сөүлийн музей, Бээжингийн музей шиг биш юм гэхэд арай том барилгатай бол дэргэдээ хот судлалын хүрээлэнтэй болох хэтийн зорилготой байна. 

Тойрог томрохоор эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч гээд хүний нөөцөө ч нэмнэ.  Ингээд ирэхээр давсан орлого бүрдүүлж, соёлын эдийн засагт хувь нэмрээ оруулна. Давсан орлогоосоо музейн үзмэрээ баяжуулах үндсэн чишлэлээр нь хөгжүүлэх боломж гарч ирнэ. Манай тасалбар 3000-5000 төгрөг.Хүүхэд үнэ төлбөргүй. Музейг хуулиараа ашгийн бус гэсэн учир хувийн менежменттэй байхыг хориглосон. Төрийн үйлчилгээний байгууллагын журмаар ажилладаг. Иймд дотоод нөөц бололцоо байгаа талбайдаа, бүх бололцоо нөхцөлөөрөө  үйл ажиллагаагаа явуулж байна.

-Танай музей бол Улаанбаатар хотын нэрийн хуудас. Жуулчид  их ирдэг үү?

-Музей бол олон улс үндэстнийг холбосон, түүх соёлыг нь харилцан ойлгоход тусладаг хамгийн том салбар. Тиймээс музейг аялал жуулчлалтай холбох нь гарцаагүй. Жуулчид Монголын онгон дагшин байгаль, нүүдлийн мал аж ахуйг үзэхээр ирдэг ч  эдгээрийг суурин газар нь зангидаж өгсөн музейтэй танилцах нь зайлшгүй. Музейг хөгжүүлснээр аялал жуулчлалын салбарт маш чухал нөлөөтэй. Зай талбай давчуугаас болж нэгэн зэрэг 10-20 хүнд л үйлчлэх багтаамжтай.

Хамгийн гол нь Улаанбаатар дэлхийн олон хоттой ах дүүгийн барилдлагатай. Тэдгээр хотын төлөөлөгчид ирэхдээ манайд зочлоод буцдаг тийм барилга байгууламж бүхий орчин үеийн музейтэй болох нь чухал юм. Бид итгэж байгаа. Энэ цаг үеийн хотын удирдлагууд ямар ч байсан ирэх онд 70-н жилийн ой нь тохиох Их хотын түүхийн гэрч болсон соёлын хосгүй өвүүдийг хадгалж хамгаалдаг иргэдээ соён гэгээрүүлдэг ганц музейгээ өөд нь татах байх шинэ барилгатай болгох байх гэдэгт найдаж байгаа.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24264/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 48 минутын өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 8 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 22 цагийн өмнө
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр