​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохиолдолд их, дээд сургуульд элсэх эрх нь нээгдэнэ



-Босго оноог даваагүй шалгуулагч элсэлтийн шалгалтад орох эрхтэй ч их, дээд сургуульд элсэх боломжгүй-

Энэ сарын 18, 19-нд зохион байгуулагдах Монгол хэл, бичгийн шалгалт болон энэ сарын 20-нд хаагдах элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцтай ярилцлаа. 

-Юуны түрүүнд монгол хэл, бичгийн шалгалтын талаар тодруулъя. Тухайн шалгалтад хэчнээн хүүхэд хамрагдахаар байна вэ. Шалгалт авах бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

-Энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалтад оролцохоор улсын хэмжээнд 84969 шалгуулагч бүртгүүлсэн. Энэхүү шалгалтыг 52 газарт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

-Монгол хэл, бичгийн шалгалтын агуулга болон гүйцэтгэх хугацаа ямар байдаг вэ?

-Монгол, хэл бичгийн шалгалт 50 оноотой ба шалгалтыг 100 минутад хийж гүйцэтгэнэ. Шалгуулагчдыг дөрвөн агуулгаар шалгадаг. Нэгдүгээрт, уншаад ойлгох чадвар. Ингэхдээ 700 орчим үгтэй, бүрэн хэмжээний орчуулгын бус эхийг уншаад, сонгох хэлбэрийн арван даалгаврыг гүйцэтгэнэ. Хоёрдугаарт, зөв бичих чадвар. 30-40 үгтэй бичил эхээс алдаатай бичсэн таван үгийг олж, зөв бичих ёстой. Гуравдугаарт, үндэсний бичгээс хөрвүүлж унших чадвар. Тодорхой бичил эхийг уншаад, кирилл бичиг рүү хөрвүүлж бичнэ. Дөрөвдүгээрт, эх зохион найруулж бичих чадвар буюу эсээ бичих. Эсээ нь 250 орчим үгтэй байх бөгөөд өгсөн зааврын дагуу бичнэ.


 Босго оноог даваагүй бол шалгалтад дахин орох боломжтой 

-Шалгалтын хариуг хэд хоногийн дараа цахимд байршуулах вэ?

-Шалгалтын дүн оноог ажлын 15 хоногийн дараа Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn хаягаар дамжуулан нийтэд зарлана.

-Тогтоосон босго оноонд хүрээгүй тохиолдолд тухайн хүүхдэд хэдэн удаагийн ямар боломж байгаа вэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байдаг. Энэ оноог давсан шалгуулагч их, дээд сургуульд элсэж орох эрх нь нээгдэнэ. Харин босго оноогоо даваагүй шалгуулагч элсэлтийн шалгалтад орох эрх нь нээлттэй ч  их, дээд сургуульд элсэн орох боломжгүй.

-Тэгвэл босго оноондоо хүрээгүй шалгуулагчдад ямар боломж байгаа вэ?

-Хэрэв шалгуулагч авсан оноондоо сэтгэл хангалуун бус эсвэл босго оноог даваагүй бол дараагийн хоёр дахь удаагийн буюу арванхоёрдугаар сард зохион байгуулагдах шалгалтад дахин орох боломжтой.


Шалгуулагч шалгалтын байранд нэг цагийн өмнө очсон байх ёстой 

-Энэ оны монгол, хэл бичгийн шалгалт өнгөрсөн жилийнхээс ямар онцлогтой байгаа вэ. Ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Боловсролын сайдын элсэлтийн шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр X, XI ангийн сурагчид өөрсдийн хүсэлтээр монгол хэл, бичгийн шалгалтад орох боломжтой болсон. Ийм өөрчлөлт оруулсантай холбоотойгоор олон нийтийн дунд  шалгалтын материал ангиас хамаарч, өөр түвшинд байна буруу ойлголт гарсан.  Тийм зүйл байхгүй. Бүх шалгуулагч ижил түвшний материалаар шалгалт өгнө.

-Бүртгүүлсэн хүүхдүүд шалгалтад ирэхдээ ямар бичиг баримт, бэлтгэл хангасан байх ёстой вэ. Анхаарах зүйл?

-Шалгалтын дэвтэр дээр хөх цэнхэр өнгийн үзгэн балаар бичнэ. Тиймээс ийм өнгийн үзгэн бал авч очих ёстой шүү. Бичиг баримтын тухайд,  XII ангийн сурагчид бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэх баримт бичиг,  X, XI  ангийн сурагчид бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, хувийн хэргээ авч очих ёстой. Харин өмнөх оны төгсөгчид бүртгэлийн хуудас, суудлын хуваарь,бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэх баримт бичиг авч ирэх шаардлагатай.

Шалгуулагч шалгалтын байранд нэг цагийн өмнө очиж, 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг сануулъя. Шалгалтын өмнөх өдөр сайн унтаж амрах, өглөөний цайгаа уух, автомашины түгжрэлийг тооцож, гэрээсээ эрт гарах, шаардагдах бичиг баримтаа зөв бүрдүүлэх зэргээр хувийн бэлтгэлээ сайн базаахыг зөвлөж байна.

 

Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтийг тавдугаар сарын 31-нийг дуустал хүлээн авна

 -Олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх гэдгийг тодруулна уу. Дүйцүүлэх хүсэлтийг хүлээн авах сүүлийн хугацаа? 

-Гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлж байна. Тухайлбал, Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, IB /international baccalaureate/,  IELTS /International English Language Testing System/,  TOEFL /Test of English as a Foreign Language/,  SAT /Scholastic Aptitude Test/ гэсэн шалгалт багтаж байгаа.  Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтийг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна.

-Тухайн шалгалтын оноо дүйцүүлэх хүсэлтийг хэрхэн илгээх, мөн хариугаа яаж авах вэ?

-Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудасны “Элсэлтийн шалгалт” цэс рүү орж элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч цахимаар хүсэлт ирүүлнэ. Манай төв хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын арав хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч хүсэлтийнхээ хариуг хоёр сонголтоор  харах боломжтой. Нэгдүгээрт,  www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсний “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харна. Хоёрдугаарт, https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харах боломжтой.

 

Сонгосон хичээлээ хасах боломжгүй, харин нэмж болно 

-Одоо элсэлтийн ерөнхий шалгалтын талаар тодруулъя. Одоогоор хэчнээн шалгуулагч бүртгүүлээд байна вэ?

-Элсэлтийн шалгалтад одоогоор 36693 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн шалгалт 2028 он хүртэл хуучин журмынхаа дагуу явагдана. Элсэлтийн шалгалтын хураангуй блюпринтийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас харах боломжтой шүү.

-Шалгуулагч сонгосон хичээлээ нэмж, хасах зэргээр өөрчлөх боломж бий юу. Жишээлбэл, тухайн шалгуулагч таван хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлчихээд түүнийхээ нэгийг хасаж болох уу?

-Шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ хасах болон солих боломжгүй. Харин бүртгэл дуусахаас өмнө хичээл нэмэх боломжтой. Шалгуулагч өөрийн хүсэлтээр бүртгүүлсэн хичээлийнхээ шалгалтад орохгүй байж болно.

 

Бүртгэлийн дугаар, нууц үгээ цахимаар сэргээх боломжтой 

 -Шалгуулагч бүртгэлтэй холбоотой алдаа гаргасан бол үүнийг засаж залруулах боломж бий юу?

-Хэрэв, бүртгэлтэй холбоотой ямар нэгэн асуудал үүссэн бол манай төв рүү хандаж засварлуулах боломжтой шүү. Хамгийн гол нь шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хандаж, асуудлаа шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Ингэхдээ аль болох эрт хандахыг сануулъя. Яагаад гэвэл, шалгалтын бүртгэл дуусах хугацаа дөхөх тусам цахим систем рүү хандах хандалт эрс нэмэгдэж,  ачаалал үүсдэг. Энэ ачааллаас үүдэж,  механик алдаа гарах эрсдэл байдаг тул бүртгэл баталгаажуулалтыг хариуцлагатай хийх нь чухал. 

-Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан тохиолдолд хаана хандах вэ?

-Манай сайтад хандаж, бүртгэлийн дугаар болон нууц үгээ сэргээх боломжтой. Заавал биеэр ирэх эсвэл утсаар ярих шаардлагагүй. Шалгуулагчийн булан дээрх “Нууц үгээ мартсан бол” гэсэн цэс рүү ороод шинэчлэн авах боломжтой шүү.

-Элсэлтийн шалгалт өгөхөөр очихдоо ямар материал бүрдүүлэх вэ?

-Иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэхээ авч очих ёстой.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014 /24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 45 минутын өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 8 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 22 цагийн өмнө
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр