​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87”


Гадаадад их дээд сургууль төгсөгчдийг нэгтгэсэн ТББ, холбоо Монголд олон байдаг. Идэвхтэй, хатуу гишүүнчлэлтэй, байнгын үйл ажиллагаа явуулдаг, уулзалт зөвлөгөөн хийж байгаа Төрийн бус байгууллага, холбоод ч бий. Харин эх орондоо дунд сургууль төгсөгчдийн холбоо байдаг тухай  “Монгол 89/87” холбоог байгуулагдахаас өмнө би огт сонсож байсангүй. Бүр ийм холбоо байгуулж болно гэдэг ойлголт ч ой тойнд буугаагүй гэхэд болно. Гэтэл ийм холбоо байгуулах санаа 1989 онд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдөөс л гарсан юм. Холбоо хэдэн жилийн өмнө Архангай аймагт анхны цугларалтаа зохион байгуулж хүмүүсийн нүдийг ёстой орой дээр нь гаргана гэгч болж байсныг санаж байна. Яагаад гэвэл улс орон даяар 1989 оны нийт төгсөгчдийг хамруулан зохион байгуулсан тул хэдэн мянгаараа цугласнаар зарим телевизийн мэдээний гол агуулга болсон юм. Тухайн үед 1989 онд сургууль төгсөгчдийн энэ цугларалт нийгмийн цоо шинэ үзэгдэл болсон учраас тэр биз. Одоо энэ талаар үгүйсгэн маргах хүн байхгүй биз. Эдгээр залуус зүгээр л хэдэн мянгуулаа цуглаж найр наадам, наргиан цэнгээн хийгээд тарж бутраагүйд гол учир нь оршино.

 

Нэгэн зүгт 


Хэн нэгэн сэтгэлийн хөөрлөөр Төрийн бус байгууллага байгуулах өөр хэрэг. Энэ жишгээр бүрдсэн олон байгууллага үйл ажиллагаа явуулж ч эхлэлгүй мартагдсан нь олон. Монголд 1989 онд аравдугаар анги төгсөгчдийн холбоо 1987 онд наймдугаар анги төгсөгчдөө эгнээндээ нэгтгэж 8700 гаруй идэвхтэй гишүүд, хэдэн арван мянгаар тоологдох дэмжигч гишүүдтэй Монголын хамгийн том байнгын ажил­лагаатай ТББ болоод байна.

 Тэд  сэтгэл зүрх, итгэл найдвараа ийн нэгтгэж аваад нэг зүгт харж, нэг зүйлийн төлөө зүтгэж эхэлсэн нь шинэ соёл, дадал, амьдралын цоо шинэ хэмнэлийг бий болгох байлаа. Монгол Улс даяар 21 аймагт салбар холбоодоо байгуулж гишүүд дэмжигчдийнхээ тоог өдрөөс, өдөрт нэмээд зогсохгүй дэлхий даяар тархан суурьшсан монголчуудыг эгнээндээ нэгтгэв.

Аймаг бүрийн “Монгол 89/87” ТББ-ын салбар нутаг орноо илэрхийлсэн сүлд бүхий туг далбаагаа холбооны гишүүдэд үйлчлэх байнгын ажиллагаатай оффист байрлуулжээ. Холбооны байнгын үйл ажиллагаатай оффис нь гишүүддээ үйлчлэх бөгөөд тэдний чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, мөн бизнесийн уулзалт зөвлөгөөн хийхэд дэмжин ажилладаг. Түүнээс гадна бизнес хөгжлийн төвөөс гишүүд дэмжигчдийнхээ ажлыг хооронд нь холбож өгөх ба шинэ санаа шийдэл олоход нь туслах хөрөнгө санхүүгээ хэрхэн удирдах талаар зөвлөгөө өгдөг аж. Офиссын үйл ажиллагаа өглөө эхлээд орой 16:00 цагт хаах хуваарьтай ч 22:00 цаг хүртэл нээлттэй байх тохиолдол бий гэнэ. Гишүүдийн цаг завыг харгалзан үзэж ингэж оройтохоос аргагүй үе байдаг бололтой. Офиссын ажилтнууд цалингүй ажиллах бөгөөд сэтгэлийн дуудлагаар энэ ажлаа хийж суудаг.

Тус холбоо нийт гишүүдийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл мэнд, бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг ажээ. Аливаа холбоодын үйл ажиллагаа идэвхтэй байх эсэх нь зохион байгуулалт, удирдлагын арга барилтай шууд холбоотой. Тус холбоог үүсгэн байгуулагчдын нэг нь Б.Цогтсэргэлэн захирал холбооны үйл ажиллагааг салбар чиглэл бүрээр нь зөвлөл байгуулж тус мэргэжлийнх нь хүмүүст даалгасан байдаг. Одоо эдгээр салбар зөвлөлийн захирлуудыг жил бүр Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан санал хураалтаар сонгодог ардчилсан дүрэмтэй болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг хоёр жил тутам сонгох бөгөөд холбооны цаашдын зорилт, зохион байгуулах ажлууд, “Монгол 89/87” ТББ-ын гишүүдэд үйлчлэх, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааны дүрмээ ярилцаж шийднэ.

 

Дэлхийн дээвэрт 89-чүүд 


“Монгол 89/87” ТББ дотроо боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, бизнес хөгжил, соёл урлаг, спорт гэх мэт олон салбар зөвлөлтэй. Эдгээр салбар зөвлөлийн хүрээнд байгуулагдсан клубуудийн үйл ажиллагаа жигдэрчээ. “Монгол 89/87” ТББ-ын хамгийн гэгээлэг уриа нь “Олуулаа 89 нас хүрцгээе”. Агуулга тодорхой учраас хэрхэн олуулаа 89 хүрэх вэ гэдэг шийдлээ олох амархан. Дээр дурдсан зөвлөлүүдийн хүрээнд байгуулагдсан уулчдын, явган аялагчдын, бартаат усан замын клубүүд бий.  Спорт клубынхээ гишүүдтэй “Амьдрал бол аялал” уриан дор спортын нөхөрсөг уулзалтуудаар эх орноо тойрон аялж амьдралын эрүүл хэв маягийг бас нэгэн соёл болгоод байгаа юм. Холбоо гишүүдийнхээ хүсэл зорилгыг нэгтгэн Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байх Бурхан халдун уулнаа гарч аймаг бүрийн төлөөлөл “Монгол 89/87” ТББ-ынхаа тугийг цэнгүүлэн нэрэмжит овоогоо босгоод иржээ. Энэ мэтчилэн Дарьгангын аялал зэрэг нийтийг хамарсан аяллууд хийсээр байгаа ба тун удахгүй Дорноговь аймагт очиж сакура цэцэглэхийг харах зорилготой байгаа гэнэ. Жил бүр гишүүдийнхээ хүрээнд амьд харилцааг эрхэмлэн уулзалт хийдэг. Уулзалтыг дөрвөн аймаг хамтран зохион байгуулдаг.

 “Монгол 89/87 ” ТББ-ын дэргэд байгуулагдсан олон клубын нэг ОУХМ С.Ганхүү ахлагчтай “Монгол-89/87” хайкинг клубийн есөн төгсөгч 2025 оны дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 10-ны хооронд дэлхийн дээвэр Эверест ууланд авирах гэж байна.

Тус багт “Монгол-89/87” ТББ-аас есөн төлөөлөл оролцож байгаа бөгөөд Ховд , Дархан , Хөвсгөл, Сүхбаатар, Архангай, Баянхонгор аймгийн 1989, 1987 оны төгсөгчид нэг гал болжээ. Тэд Эверестийн үндсэн отогт хүрэх замдаа өндрийн өөрчлөлтөө гаргах зорилгоор далайн түвшинээс дээш 5364 метрт байх уулчдын кемпээр зочилж өдрийн хоол зоог барих төлөвлөгөөтэй бөгөөд Кумбу мөсөн голоор авирч дэлхийн дээвэр Эверест ууланд мөрөө гаргана. Мөн Непалын ард түмэн Энэтхэгийг колоничлолын эсрэг тулалдаж ялалт байгуулсныг тохиолдуулж нэрлэсэн Калапатхар оргилд авирах юм байна. Мөн хадан уул далайн түвшнээс дээш 6000 метрт байх  “Lobuche”  хүрэх төлөвлөгөөтэй гэнэ. Тэдний энэ  аялал “Монгол-89/87” ТББ- ын түүхэнд, багаараа хамгийн олон, хамгийн хол , хамгийн хүнд аялал, гэдгээрээ  бичигдэж үлдэх онцлогтой. Тэдний олон улсын болон эх орондоо болсон тэмцээн уралдаанаас авсан шагнал, амжилтын буухиа тасрахгүй үргэлжилсээр л байна.

 

“Олуулаа 89 нас хүрцгээе” 


Орчин цагт хэрхэн урт наслах вэ гэхээс илүүтэйгээр хэрхэн амжилттай, чанартай, эрүүл наслах вэ гэдэгт илүү анхаардаг болсон. Тиймээс ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл насжилт гэдэг ойлголтыг түлхүү түгээж байгаа юм. Энэ ойлголтод биеийн өвчин эмгэггүй байхаас гадна нийгмийн идэвх оролцоотой, амьдралдаа сэтгэл хангалуун байх, танин мэдэхүйн байдал зэрэг багтдаг. Жишээ нь, оюун ухаан, танин мэдэхүйн байдал буурвал тэнэгрэл буюу хүмүүсийн ярьж заншсанаар өтлөх, зөнөгрөх эмгэг энэ насанд түгээмэл үүсдэг. Эрүүл амьдралын хэв маяг тэнэгрэлээс урьдчилан сэргийлдэг гэж үздэг. 

Иймээс “Монгол 89/87” ТББ гишүүдийнхээ эрүүл насжилтыг дэмжиж эрүүл амьдралын хэв маягийг соёл болгохоор хичээн ажиллаад байгаа юм. Үүний тулд гишүүддээ зориулан ахмадын асрамжийн шазар байгуулахаар зорьж байгаа. Наад зах нь эрүүл хооллолтыг эрхэмлэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, архи, тамхи хорт зуршлаас татгалзан, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь ганцаардлыг мэдрэхгүй нийгмийн идэвх оролцоотой байх нь тэдэнд чухал. “Монгол 89/87” ТББ гишүүд орчлонгийн жамаар тэтгэвэрийн насанд хүрнэ. Тэтгэвэрт гарсны дараа өөрт тохирсон ажил хөдөлмөр эрхлэх нь ахмад настнуудын сэтгэл гутралаас сэргийлдэг. Ахмад настнууд тэтгэвэрт гарсныхаа дараа ч өөрт тохирсон ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн харилцаанд орвол сэтгэл гутрал, санхүүгийн асуудал, ялгаварлан гадуурхалт зэрэг сөрөг үзэгдлүүдээс сэргийлэх боломжтой гэдгийг БНСУ, АНУ, Австрали зэрэг улсад хийсэн судалгаагаар тогтоогдсон байдаг. Учир нь ахмад настнууд өөрт тохирсон хөдөлмөр эрхэлснээр өдөр тутамдаа нийгмийн харилцаанд орж, найз нөхөдтэй болж ганцаардлаас сэргийлдэг байна.

Тэд маш бүтээлч хамт олон болж төлөвшсөн байна. Ирээдүйн зорилго, зорилтоо тодорхой болгож, юу хийхээ мэддэг болсон нэг үгээр хэлэхэд амьдралын туршлагтай маш хүчирхэг баг бүрдсэн гэсэн үг. Энэ хүчирхэг баг хамт олон хэнээс ч үл хамаарах, хэнд ч үл дараа болох ирээдүйдээ бэлдэж эхлээд байгаа юм билээ. Тэдэнд одоо хүч байна. Цаашид юу хийх бол гэдгийг таамаглан харах л үлдлээ.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 1 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 9 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 23 цагийн өмнө
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр