Мэдсэн сурснаа бусадтай хуваалцаж хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлдэг Социал демократ залуучуудын академийнхан отгон сургагч багш нартаа батламжийг нь гардуулаад удаагүй байна. Сониныхоо энэ дугаарт тус академийн Гүйцэтгэх захирал Б.Төмөр-Очирыг урьж ярилцлаа. Түүнтэй бусдад урам зориг өгөх, талархаж сурах эрхэм чанарын хүрээнд ярилцлага маань өрнөсөн юм.
-Намын дэргэдэх залуучуудын байгууллагаас салбарласан академи гэхээр хар хослол, зангиа, ажил хэрэгч цүнх гээд байдаг л албаны өнгө төрх санаанд орсон. Таныг хүлээх зуур сургагч багш нарыг хараад энэ бодол ор мөргүй ариллаа. Академид ямар залуус хамрагддаг вэ?
-Социал демократ залуучуудын академи бол залуучуудын хөгжих, дэвших, суралцах боломжийг олгодог маш том комюнити. Эндээс улс төр, нийгмийн олон талт манлайлагч залуус төрөн гардаг. Тэд нийгэмдээ эерэг, сайнаар нөлөөлж чаддаг, нэгнээ урамшуулж чаддаг манлайлагч, түүчээлэгч залуус болон гардаг хэмээн би харж бас дүгнэдэг. Учир нь, залуус бол энэ нийгмийг өөрчилж чадах маш том хүч.
Иймээс л Социал демократ залуучуудын академийг 2021 оны наймдугаар сард нэгдэн орсон. Анх 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын санаачилгаар 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэгдэн нийлж улмаар манай академийн суурийг тавьж байсан түүхтэй. Хүний хөгжил бол улс орны хөгжлийн хамгийн том хурдасгуур. Монгол Улсын хүн амын 70 хувийг 15-39 насны залуус эзэлдэг. Манай улс парламентын засаглалтайн хувьд төрийн эрх барьж байгаа 104 жилийн түүхтэй намын залуучуудын байгууллага хүний хөгжилд анхааран ажиллаж, тэр дунд хамтдаа нэг зорилгын төлөө алхаж байгаадаа талархаж явдаг.
-Танай академиас бэлдсэн сургагч багш нар СДМЗХ-ны 40 мянга гаруй залуусыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг гэж ойлголоо. Зөв үү?
-Социал демократ залуучуудын академи нь үе тэнгийн, үзэл бодол нэг залуустаа улс төрийн боловсрол олгоход анхаардаг. Улс төрийн ямар үзэл баримтлалыг социал демократ гэж хэлээд байна вэ. Яагаад либерал гээд байгаа юм. Ямар үзэл баримтлалтайг нь консерватив гэж нэрлээд байна вэ зэрэг асуудлын хүрээнд залуустаа сургалт орж, улс төрийн ойлголт, мэдлэг, оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг. СДМЗХ өнгөрсөн оны есдүгээр сарын 14-нд VII их хурлаа хийсэн юм.
Энэ үеэр холбооны ерөнхийлөгчөөр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва сонгогдож, үүрэгт ажлынхаа хүрээнд Дэвшилтэт хөгжлийн стратегиа дэвшүүлэн ажиллаж байна. Манай холбооны Бага хурал есдүгээр сарын 15-нд болсон. Бага хурлаар Социал демократ залуучуудын академийн захирлыг томилдог. Энэ хурлаар миний бие академийнхаа хоёр дахь захирлаар сонгогдон ажлаа хүлээн авч, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Бид саяхан болсон холбооны Удирдах зөвлөлийн хурлын үеэр хагас жилийн тайлангаа танилцуулж амжилттай үнэлүүлж чадсан. Энэ бол олон мянган залуусын оюунд үр тарьсан ажлын тайланг танилцуулсан үйл явдал болсон юм.
Энэ хорвоо дээрх хамгийн том өглөг бол мэдлэгийн өглөг
-Та ажлаа аваад удаагүй ч академийн хувьд дөрвөн жил тийм ч бага хугацаа биш. Олон хүнийг ажилтай, мөрөөдөлтэй, хүсэл зорилготой болгох сэдлийг өгөхөд хангалттай гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа та хэрхэн үнэлж байгаа вэ?
-Бид үндэсний хэмжээнд 240 гаруй багштай болж чадсан байна. Залуучуудаас Дэвшилтэт хөгжлийн стратегийн хүрээнд судалгаа авч, судалгааны үр дүнд суурилсан ажлыг хэрэгжүүлэхийг зорьдог. Манай академи таны хэлсэнчлэн үүсгэн байгуулагдаад дөрвөн жил болж байна. Их сургуулийн дөрвөн жилтэй зүйрлэвэл өсөж хөгжиж, тодорхой зүйлийг мэддэг, ойлгодог, өөрийгөө ч тодорхой хэмжээнд ойлгуулдаг үе дээрээ иржээ. Энэ хугацаанд залуусынхаа оюуны хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна үзэл баримтлалыг эерэгээр өөрчлөх үндэс суурийг тавьж чадсан байна. СДМЗХ-ны VII их хурлын үеэр ерөнхийлөгч Б.Пүрэвдагва илтгэлдээ 2024-2028 онд хэрэгжүүлэх Дэвшилтэт хөгжлийн стратегийг танилцуулсан. Дэвшилтэт хөгжлийн стратегийн нэгдүгээр зорилт нь хүний хөгжил. Энэ зорилтыг хэрэгжилтэд Социал демократ залуучуудын академи болон сан анхааран ажиллаж байна. Энэ хорвоо дээрх хамгийн том өглөг бол мэдлэгийн өглөг. Мэдлэг түгээх чин хүсэлтэй залуус олширч байгаад би баярладаг. Манай холбоо залуустайгаа хамтдаа хөгжихийн суурийг бүрдүүлэхийн эхлэл болгон хүний хөгжлийн сургагч багшийг бэлтгэх бодлогын хүрээнд ажлуудыг санаачлан бодитоор хэрэгжүүлдэг.
Мөн “SDY Academy 2.0” стратегиа танилцуулж нээлтээ хийсэн. Бидний дэвшүүлж байгаа стратеги нь “Долоон од”-ны систем бүхий багш төвтэй хөтөлбөр юм. Тодорхой хэлбэл, нэгээс долоон одтой багш бэлтгэнэ. Нэг одоос нөгөөд шилжихэд хичээлийн цаг 50, 50-аар өсөж од нэмэгдэнэ. Гэхдээ зургаан одоос эхлэн 80, долоо одоос 100 цагийн сургалт орж байж одны болзол хангаж явах зарчимтай юм.
-Та залуусын хөгжлийн тухай олон удаа дурдлаа. “Хөгжил” гэдгийг та хэрхэн тодорхойлж, томьёолдог вэ?
-Дэлхийн олон улс орон хүний хөгжлийн индексийг тодорхойлдог. Хүний хөгжлийг сонголтоор хэмждэг. Тухайн хүн дэлгүүрт ороод юу худалдаж авч чадаж байна вэ. Ямар хүнсий бүтээгдэхүүн, ямар төрлийн, ямар эдэлгээтэй хувцас сонгон авч байна вэ. Ямар боловсрол сонгож байна, гадаад хэлний сургалтын олон төвөөс алийг нь сонгон суралцаж байна вэ гэх мэтчилэн олон талт судалгаа хийдэг.
Миний хувьд хөгжил бол тухайн хүн өөртөө амласан амлалтдаа хүрэх явдал гэж ойлгодог. Заавал том зүйл байх албагүй. Турна гэсэн бол турдаг. Өглөө босно гэсэн бол босож чаддаг. Тэр л ойлголтыг хүний хөгжил гэж үнэлж дүгнэдэг. Хүн өөрөө өөртөө өгсөн амлалтандаа хүрч чадаж байгаа эсэхээс тухайн хүний хөгжлийн үе шат тодорхойлогдоно. Түүнээс биш хүний хөгжлийг хэдэн дипломтойгоор хэмжихгүй.
Сайн багштай хүн таван жилийг товчилдог
-Хэдхэн хоногийн өмнө СДМЗХ-ны III хуралдаан болсон. Энэ үеэр танилцуулсан ажлуудынхаа талаар товч мэдээлэл өгч болох уу?
-Бид хуралдааны үеэр нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан. Товчхондоо, Манлайллын академийн сургалтаа өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгууллаа. Сургалт маань үндэсний, бүсийн, орон нутгийн сургагч багш гэсэн гурван сектороос бүрдсэн. Үүний зэрэгцээ оноо олгох системээр улиралдаа шилдэг багш нарыг тодруулдаг уламжлал тогтсон. Ингэж шалгарсан 35 багшийг хамруулан “Хамтдаа манлайлъя” уриан дор манлайллын академиа зохион байгуулж, үе шаттай сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.
Үүний зэрэгцээ хүний хөгжлийн сэдвийн хүрээнд контентын уралдаан зохион байгууллаа. Сургалтаа хэр сайн боловсруулж чадсан бэ гэдгээр нь дүгнэсэн гэж ойлгож болно. Сургагч багш өөрөө судлаач байх хэрэгтэй. Залуучууд уралдаанд идэвхтэй оролцож 25 контент ирүүлснээс шилдгүүдээ тодруулан, урамшуулсан.
Академиас “Менторшип хөтөлбөр” хэрэгжүүллээ. Сайн багштай хүн таван жилийг товчилдог. Манайх үндэсний 10 багштай. Нэг багш хоёр хүнийг сонгон менторлон ажиллаж байна. Ментор хоёр ментийтэйгээ долоо хоногт хоёр удаа уулзаж зөвлөгөө өгөх зарчмаар менторшип хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж байна. Хүний хөгжлийн багш болоход ямар бэрхшээл байна вэ. Ямар хүсэл тэмүүлэлтэй байна вэ гэдгийг мэдэж тэр чиглэл рүү нь тухайн менторууд чиглүүлж, хөтөлж, урамшуулах зарчмаар явж байна.
Цаг үеэ дагаад онлайн сургалт зохион байгуулсан. Тухайн онлайн сургалтад 50 орчим хүн бүртгүүлж, маш амжилттай болсон.
Сургагч багш бэлтгэх хөтөлбөрөө өнгөрсөн долоо хоногт амжилттай хийлээ. 21 аймаг, есөн дүүргийн СДМЗХ-ны тэргүүлэгчдээс сонгон шалгаруулснаас 30 хүн сургагч багш боллоо. Одоо дахин сургагч багш бэлтгэх шинэ хөтөлбөрөө 27 хүнтэйгээр хэрэгжүүлж байна. Сургалтын эрэлт хэрэгцээ их байна гэж ажиглагдсан. Хүмүүс “Сургагч багш, ментор, көүч болж байгаа нь “борооны дараах мөөг шиг” байна” гэдэг. Би хувьдаа үүнийг сайн гэж үздэг. Тав, арван жилийн дараа ус, тос нь аяндаа ялгарна. Сургагч багшаар ажиллаж байгаа хүн өөрөө ч сайн сурдаг. Багш хүн бусдад зааснаасаа илүүг өөрөө сурч, хөгжиж байдаг юм билээ. Би сүүлийн долоон жил хувь хүний хөгжлийн багшаар ажиллаад Монгол Улсаа таван удаа бүтэн тойрсон байна. 2000 гаруй цагийн хичээл зааж, 180 мянга орчим хүнд лекц уншихдаа бусдаас сурч, ойлгосон нь их бий.
-Үндэсний хэмжээний том байгууллагын нэг хэсэг байх нь давуу тал болно. Үүнийг мэдэрч ажлуудаа хэрэгжүүлбэл олон нийтийн хүсэн хүлээдэг өөрчлөлтийн суурь тавигдах боломжтой. Харин та юу гэж бодож байна вэ?
-Манай академийн уриа “Очиж үйлчилье”. XXI зуунд манлайллын хоёр чиглэл тренд болж байгаагийн нэг нь үйлчлэх. Удаах нь хөрвөх чадвартай манлайлал юм. Социал демократ залуучуудын академи 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 201 хороондоо очиж үйлчилнэ. Эхнээс нь ажил хэрэг болгоод явж байна. Зорилгын хувьд зориг байвал аяндаа бүтэх байх.
Хүний үгийг хүлээж авдаг хүн л хөгждөг
-Ярианы сэдвээсээ багахан хазайя. Та МАН-ын гишүүн болсон уу, нам таныг дуудсан уу?
-2021 онд МАН намайг дуудсан гэж би боддог. Анх нийслэлийн СДМЗХ-ны Ажлын албаны даргаар ажилд орсон. Гуравдугаар сард МАН-ын 100 жилийн ойгоор одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч, тухайн үеийн МАН-ын даргаас батлахаа гардан авч байв. Их ч бэлгэшээсэн. Нийслэлийн СДМЗХ-нд ажиллаж байхдаа 2021 оны наймдугаар сард энэ академи байгуулагдаж таарч зохион байгуулалтад нь оролцоод онц дүнтэй төгссөн. Үр дүнд нь “Манлайллын академи” сургалтаар 21 аймгаар тойрох эрхтэй болж байсан юм. Энэ үйл явдал миний харах өнцгийг өөрчилж сургагч багшийн карьераа эхлүүлэх боломж болсон юм. 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд МАН-ын Улс төрийн бодлогын газарт брэнд менежерээр ажилд орсон. Намынхаа 30 дахь Их хурлыг зохион байгуулахад оролцож “Нам бол том институт” гэдгийг ойлгосон.
-Нам доторх уур амьсгалыг мэдэхгүй сургагч багшаар ажиллахад юу бодогдож байсан бол?
-Амаргүй үеүд байсан. Миний баримталдаг зарчимтай зөрчилддөг байсан үе ч бий. Мөн үнэт зүйл, санаа бодолтой маань нийлдэг тал ч байсан. Гэхдээ аливаа зүйлийг гаднаас нь хараад дүгнэх нэг өөр. Дунд нь оршиж, ойлгох тусдаа асуудал. Хамгийн гол нь гэрэлтмээр байгаа бол дотор нь ороод гэрэлтэх ёстойг ойлгосон. Гадна талд хэдэнтээ лаа асаагаад үр дүнгүй гэсэн бодлоор бүхнийг эхлүүлсэн. Би хөөрхөн охинтой. Охин маань зургаан настай. Миний охин аавынхаа насан дээр ирэхэд Монголын нийгэм илүү хөгжсөн, хүний эрхийг илүү дээдэлсэн, шударга нийгэм болсон байгаасай гэж боддог учраас залуучуудтай хамтраад явж байна. Бас энэ залуучуудын нэгдэлд байгаа хүмүүс миний охиныг том болоход удирдах түвшинд очно. Тиймээс энд ажиллаж байгаагаа охиныхоо ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт гэж ойлгодог.
-Та өөрийгөө хөгжүүлэх чиглэлд хэрхэн анхаардаг вэ?
-Хүн тогтмол, тасралтгүй суралцах ёстой гэж боддог. Үүнийгээ үзэл баримтлалынхаа нэг хэсэг болгосон. Магадгүй тийм ч учраас мэдсэн сурснаа бусадтай хуваалцаж олон хүнд итгэл найдвар өгч байгаа юм болов уу. Би одоо Монгол Улсын Их хурлын Тамгын газарт Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна. МАН-ын 100 жилийн ойгоор намын батлахаа гардан авч байсан бол Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойгоор Төрийн эрх барих дээд байгууллагын Тамгын газарт ажилд орж хамгийн залуу даргаар ажиллаж байгаадаа талархаж явдаг.
-Хүн өсөн дэвжээд ирэхээрээ биеэ тоочих гээд байдаг гэмтэй. Та залуу хүн. Мэдээж бахдаж омогшилгүй л яах вэ. Тийм ханасан мэдрэмж авах үедээ өөрийнхөө ирийг яаж дардаг вэ?
-Би хоёр багштай. Таны хэлж байгаа шиг санагдвал багш нартайгаа уулздаг. “Эртэч монгол” хөтөлбөрийг санаачлагч Н.Энхбаатар багш бол миний багш. Мөн “АФА академи”-ийг үүсгэн байгуулагч Ш.Амартүвшин багшаасаа олон зүйл сурдаг. Би энэ хоёр хүнтэй уулзаад ёстой “Хийморийн сан” тавиулсан юм шиг л болдог доо. Энэ ярилцлагын дараа багштайгаа уулзахаар товлосон. “Болоогүй шүү” гэсэн мэдрэмжийг энэ хоёр хүнээс л авдаг.
Олимпын аварга болохын тулд хоол, нойр, сэтгэл зүй, бэлтгэл чухал ч хамгийн чухал нь дасгалжуулагч багш юм. Хэн гэдэг багшаас номын дуу сонсож байгаагаас олимпын аварга болж чадах эсэх нь шалтгаална. Тиймээс залуучууддаа хандан хэлэхэд бусдаас үг сонсдог байгаарай гэж зөвлөмөөр байна. Хүний үгийг зөвөөр, эергээр хүлээж авдаг хүн л хөгждөг юм билээ.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна