БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Вьетнам, Камбож, Малайзад хийсэн айлчлал АНУ-ын тогтоосон 145 хувийн татварын бодлоготой давхацлаа. Ши Жиньпин Вьетнамын Коммунист намын дарга То Ламтай уулзахдаа худалдааны харилцаагаа бэхжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах зэрэг хамтын ажиллагааны 45 гэрээнд гарын үсэг зуржээ.
Мөн худалдаа, тарифын дайнд ялагч байхгүйг цохон дурдлаа. Аж үйлдвэр, угсралтын томоохон төв Вьетнам улс Трампын тарифын бодлогод өртсөн. АНУ бол Вьетнамын экспортын үндсэн зах зээл юм. Энэ оны эхний гурван сард Вашингтон руу 31.4 тэрбум ам.долларын экспорт хийсэн бол Бээжингээс 30 тэрбум ам.долларын бараа импортоор авчээ. Хятадын удирдагч Малайз улсад айлчлахдаа хоёр орны уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэхээ илэрхийлсэн. Тэрбээр “БНХАУ Малайзтай хамтран ажиллаж, геополитикийн сөргөлдөөн, нэг талт үзлийн эсрэг тэмцэх болно” гэжээ.
Энэхүү айлчлал нь хоёр орны харилцаанд стратегийн ач холбогдолтой, урт хугацааны үр нөлөөтэй, улс төр, гадаад харилцааны томоохон үйл явдал болсон. Үүний зэрэгцээ талууд эдийн засгийн даяаршлын асуудлаар санал бодлоо солилцжээ. Зүүн өмнөд Азийн орнууд АНУ, БНХАУ-ын хооронд нарийн тэнцвэртэй байдлыг хадгалахыг хичээж байна. Их гүрнүүдийн хурцадмал байдал дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийг салгах вий гэж сэрэмжлэхэд хүргэсэн билээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин 014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна