Эгшигт хөгжмийн хайрцаг нээгдлээ. Урьд урьдынхаас илүү тод, гэгэлгэн бөгөөд хэмнэл мэдрүүлсэн хөгжмийн бүтээлүүд эгшиглэж байна. Аль ч насныхан сонсох эдгээр бүтээлийг олны сонор, түмний сэтгэл зүрхэнд хүргэж байгаа тоглооч бол Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэн. Түүний содон аялгууг эртнээс сонсож ирсэн хүмүүсийн нэг нь би. Нийгэм, цаг үеэ даган хувьсахдаа тоглоочийн онцлогоо олж авч одоо өөрийн оршин буй ертөнцийнхөө эзэн нь болжээ. Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн үйл явдлууд түүнд уран бүтээлчийн хувьд дахин сэргэх, илүү хурцлагдах нөхцөлийг бүрдүүлсэн гэхэд болно. Тоглоочийн хувьд гарсан өөрчлөлт зохиолуудаас ихээхэн шалтгаалж байв. Э.Цэндсүрэнгийн түлхүү ажиллаж байгаа зохиолууд хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлэхээр өнгө аяс, илэрхийлэмжтэй. Ингэж хэлж болох томоохон ажил бол түүний “Эргэцүүлэл” бүтээл юм. Э.Цэндсүрэн үүнийгээ “Нэрэндээ наалдсан” гэж онцолсон нь хамгийн оновчтой болжээ.
Хөгжимчид бол гүйцэтгэгчид. Ноотоо маш зөв илэрхийлэх ёстой. Тухайн бүтээлийг хэрхэн амилуулах вэ гэдгээс хөгжимчний ур чадвар харагдана. Тиймээс ноот аваад түүнийгээ илэрхийлэхдээ хөгжмийн зохиолчийн хэлэх гээд байгаа утга санааг алдагдуулахгүйгээр өөрсдийн ухааныг зарж хүний зүрхэнд наалдах хөгжмийг бүтээдэг. Тийм учраас хөгжимчин их нарийн мэргэжил гэдэг. Энэ чадварыг олж биедээ суулгахын тулд тэд багагүй хугацааг сурахад зарцуулдаг. Э.Цэндсүрэнгийн хувьд ч 2006 оноос хойш өнөөг хүртэл шинэ зүйлд суралцсаар яваа бүтээлч хүн. Энэ цаг үед түүнийг ажиглахад мэргэжил, хөгжимдөө илүү гүн гүнзгий автаж байгаа нь харагдана. Нэгэн үеийн хязгаарлагдмал орон зайнаасаа гарч шинэлэг бүхэн рүү тэмүүлэн зоригтой туршилтуудыг хийж байна. Хөгжмийн шинэ урсгал, залуу дуучин, шинэ үзэгдлээс эмээхгүйгээр хийж байгаа түүний сонирхол татам ажлууд олон хүнээс магтаалын үг сонссон. Бас уламжлалт арга барилыг шүтэгчдээс шүүмж сонсож байгааг хараагүй ч мэдэрч болохоор байгаа юм.
Э.Цэндсүрэн тод илэрхийлэгч. Ёочин хөгжимчин Э.Пагматай хосолсон цомгоо “Сүнсээ баярлуулсан цомог” хэмээн тодотгоод амжсан удаатай. Түүний өөр нэгэн онцлох бүтээл “Эргэцүүлэл” нэртэй. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын энэ бүтээл бол үе үеийн хуучирчдын урын сангийн шедевр бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. “Эх хэл” цомгийнх нь нэг хэсэг болсон “Эргэцүүлэл”-ийнхээ талаар тэрбээр “Хүн сайн сайхан зүйлээ бусдад дуулгахыг тэсэн ядан хүлээдэг. Түүний нэгэн адил “Бид ийм бүтээлүүдийг багтаасан цомог гаргах гэж байна” гэдгээ хүмүүст хэлэхийг хүссэн юм. “Эх хэл” цомог Монголын мэргэжлийн хуучрын урлаг дахь анхны том хэлбэрийн бүтээлүүдээс бүрдэж байгаагаараа онцлогтой. Он цагийн хувьд 1988-2000 оны хооронд зохиосон мэргэжлийн дөрвөн бүтээл багтсан. Цомгийн бас нэгэн онцлог нь монгол хуучир хуучир ба хуучир төст хөгжмийн зэмсэгтэй бусад улс, үндэстнээс юугаараа ялгаатайг гаргахыг зорьсон. Бас хуучир хөгжмийн сургалтад хувь нэмрээ оруулахуйц бүтээл болсноороо давуу талтай” гэж байв.
Одоо тэр “Үл тасрах” нэртэй тоглолтоо хийхээр тун завгүй яваа. Хөгжмийн аянд өөрийгөө хайх, бүтээх аялал нь тасралтгүй үргэлжилнэ гэдэг агуулгыг илэрхийлэх гэсэн байх. Бас ямар ур чадвар эзэмшсэнээ, юунд хөглөгдөн яваагаа хүмүүст ойлгуулахаар зорьж байгаа болов уу. Э.Цэндсүрэн тоглолтоо “Онцгой баяр” хэмээн онцолжээ. Мөн “Тоглолт гэдэг хайрлах, хайрлагдах, амьд гэдгээ илүү ихээр мэдрэх, догдлох, өөртэйгөө хамгийн ихээр ойр байх, дотор руугаа өнгийх, үзэгчидтэй нүдэнд үл үзэгдэх холбоосоор холбогдож огт ондоо хүмүүс байтал адил гэдгээ бас мэдрэх, ойлгуулах гэж биш мэдрүүлэх гэж хичээх, илүү хичээх хэрэгтэйгээ ухаарах цаг хугацаа” гэсэн байв. Түүний энэ удаагийн тоглолтод Монгол ардын хөгжмийн зэмсэг болох хуучирт зориулсан монгол, гадаадын шилдэг бүтээлүүдийг төгөлдөр хуур болон Монгол Улсын Морин хуур их найрал хөгжмийн хамт тоглоно. “Үл тасрах” тоглолт үндсэн хоёр хэсэгтэй.
Нэгдүгээр хэсэгт:
- Н.Жанцанноров- Хуучирт зориулсан соната - I, II, III анги
- Ли Юан Чин- "Тао Хуа Ву" гудамж
- Х.Алтангэрэл- "Бодол"
- П.Сарасатэ- Интродукция ба тарантелла, Op.43
Хоёрдугаар хэсэгт:
- Х.Алтангэрэл - Хуучир, найрал хөгжимд зориулсан концерт
- Б.Шарав- "Бүүжидмаа"
- Ван Жиамин- Хуучирт зориулсан рапсоди No.6
Хуучир хөгжимд зориулсан бүтээлүүдийг энэ үдэш л сонсож болохоор байна. Э.Цэндсүрэн “Намайг сурч байхад хуучирт зориулсан монгол бүтээл харьцангуй цөөн байсан. Урын сангийн хувьд морин хуур шиг баялаг биш. Анги дэвшиж монгол зохиол тоглох гэхээр эмзэг сэдэв болоод ирдэг. Тэрийгээ юугаар нөхөх вэ гэхээр гадаадын хөрвүүлгийн зохиолууд. Энэ нь угаасаа уламжлагдан ирсэн сурах арга барил л даа. Дандаа монгол зохиолоо тоглоод төгсчихнө гэж байхгүй. Өрнө, дорнын сонгодог бүтээлүүдээс тоглодог. Энэ нь биднийг илүү академик талаасаа хөгжүүлэхэд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгож болно. Хөрвүүлгийн ажлуудыг бидний дээд үеийн хуучир хөгжимчид, багш нар маань хийсэн. Тэд хуучирт зориулсан зохиолуудаар хязгаарлахгүйгээр хийл, гобой гэх мэт сонгодог хөгжимд зориулсан бүтээл, цаашлаад дан хөгжмийн өөр олон төрөл хэлбэрийн бүтээл, дууны уран бүтээлийн хөрвүүлэг, найруулгаар баяжуулж ирсэн. Ингэхдээ тоглоочийн боломж, нас, ангид нь тааруулан багш нар маань хөрвүүлээд ирсэн уламжлалтай. Үүнийг буруутгах аргагүй. Аль аль нь байх хэрэгтэй” хэмээн ярьсан юм.
Ийм нэгэн онцлогтой тоглолт болох өдрийг хүсэн хүлээх хүн дэндүү олон. Магадгүй энэ нь тоглоочийн итгэл үнэмшилтэй салшгүй холбоотой байх. Яагаад гэвэл, тэр хуучир хөгжимтэй байхдаа илүү сайн Цэндсүрэн байж чадах юм байна гэж боддог. Хэрвээ түүнээс хуучрыг салгаад авчих юм бол хэн болох билээ? Гэхдээ тэр нь Э.Цэндсүрэнгийн хүсэн хүлээж байгаа хүн биш. Одоо л тэр мөрөөдлөөрөө жигүүрлэж байгаа болохоор тайзан дээр хуучраа бариад гарахдаа итгэл дүүрэн байдаг. Удахгүй болох тоглолтдоо ч тэр хуучраа бариад тайзан дээрээ гарна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна