Монгол Улсын тамирчин, холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ эх орондоо ирлээ. Тэрбээр энэ сарын 27-нд болох “Nomadic Fighting Championship” тулаанд аваргын бүсийн төлөө дэвжээнд гарах юм. Сонирхогчийн боксоос холимог тулаанч болох сонголт хийсэн тэрбээр өнгөрсөн арав гаруй жил БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа нэгэн. Салаа замын уулзварт гэр бүл, амьдралаа бодохдоо ийм шийдвэр гаргасан нь монголчууд олноор аж төрдөг орны холимог тулааны салбарт авьяас, ур чадвараа сорих боломжийг олгожээ. “Хэрвээ...” гэдэг асуулт хүн бүрийн толгойд орж ирдэг. Түүнээс энэ тухай асуухад “Тулалдаад хожигддог байсан тамирчид олимп, дэлхийн аваргаас медаль авч байхад” энэ асуултыг өөрөөсөө асуух үе бий. Гэхдээ харамсдаггүй, тухайн үед хийсэн сонголтдоо одоо хүртэл эргэлзэлгүй явж байна” гэж хариулсан. Одоо тэр холимог тулааны од, “Төмөр нударга” нэрийг авч Монгол Улсынхаа алдрыг олон улсад мандуулж яваа тамирчин. Солонгост ажиллаж байгаа монголчуудын нэгэн адил хар бор ажил хийж, чөлөөт цаг гарвал бэлтгэлээ лавшруулдаг. Түүний энэ хөдөлмөрч, тууштай чанар гэр бүлээс нь улбаатай. Аав нь боксоор хичээллэж байсан. Эгч М.Бямбацэцэг Монголын ууган эмэгтэй боксчидын нэг. Дүү М.Мөнгөн-Эрдэнэ мөн боксоор тулалддаг бүгд боксын спортын мастерууд юм. Ингэж бага насаа спортын хүрээлэлд өнгөрөөж тэндээс тамирчин хүний мөн чанар, ялалт ямар үнэ цэнээр ирдгийг М.Нандин-Эрдэнэ харсан болов уу. Хүүхэд ахуйгаасаа спортын хичээллэсэн нь хамгийн өрсөлдөөнтэй жинд шилдгүүдийн нэгээр нэрлэгдэх хүртэл замчилжээ. Харин одоо тэр БНСУ-д ажиллаж, амьдарч тулааны спортод Монголыг төлөөлөх тод өнгө болон гялалзаж явна.
М.Нандин-Эрдэнэ сонирхогчийн боксоос мэргэжлийн холимог тулаанд орно гэж бодож байгаагүй тухайгаа ярилцлагадаа дурдаж байв. Хэдийгээр боксын спортоо орхисон ч тамирчин хүн бүрийн зүрхэнд эх орныхоо нэрийг өндөрт өргөх чин хүсэл байдаг. Аль ч спортод харьяалагдсан оршин байгаа газраа эх орноо сурталчлан таниулах үүрэгтэй гэж боддог тухайгаа хэлсэн удаатай. Ийм чин хүслээр ирээдүйд түүний тамирчны карьер хэрхэн үргэлжлэхийг тааварлах боломжгүй. Тулаан өрнөх 15 минутад түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь тэр өөрөө байдаг. Яагаад гэвэл, өөрийгөө ялан дийлсний дараа урагш нэг алхдагийг мэддэг. М.Нандин-Эрдэнэ “Бусад тамирчныг ажиглахад бэлтгэл хийж, аминдэм ууж, амарч байгаад дэвжээн дээр гардаг. Миний хувьд ажил хийж, чөлөөт цаг гарвал бэлтгэл хийж байгаад тулалддаг. Ийм нөхцөлд хүнд тулаанууд хийх амаргүй. Гэхдээ ажил хийж байгаагаа өөрийнхөө давуу тал гэж бодож зоригжуулдаг. Мөн “Би өдөр болгон хүчний дасгал хийдэг. Үүгээрээ би бусдаас илүү” хэмээн сэтгэл зүйдээ хүч нэмдэг юм. Хамгийн гол нь Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа нэг ч гэсэн сайхан мэдээ дуулгах ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг” хэмээн ярьж байв. Тамирчин гэлтгүй аливаа уралдаан тэмцээнд оролцож байгаа хүн бүрд ялагдчихвий гэсэн айдас хургадаг. Гагцхүү айдсаа ил гаргадаг, гаргадаггүйгээрээ л ялгарах байх. М.Нандин-Эрдэнийн хувьд ч тулаанд орохдоо айдастай байдаг тухайгаа хэлсэн. Гэхдээ нэгэнт л торонд /тулааны үед үзэгчдийг тулаанч, шүүгчээс тусгаарлах хана буюу тор/ орсон бол чадах бүхнээ хийхээс өөр аргагүй гэж бодоод бурхандаа бүхнээ даатгадаг тулаанч бол тэр.
М.Нандин-Эрдэнэ тулааныхаа түүхэнд ялалтынхаа дийлэнхийг нэгдүгээр үед илт давуугаар буюу хүнд цохилтоор байгуулсан. Бусдаас ялгарах онцгой техникгүй ч сэтгэл зүй, бэлтгэл хангасан байдлаас бүх зүйл шалтгаалдгийг мэднэ. “Яг торонд орсон үед ялсан ч, ялагдсан ч монгол хүний эрэмгий зоригтойг харуулна гэж боддог. Магадгүй энэ бодол намайг ялахад нөлөөлдөг байх” гэж хэлснийг санаж байна. Тэр эх орондоо ирснийхээ дараа бэлтгэлээ улам чамбайруулж байгаа. Дассан орчин, сайн дасгалжуулагч, найз нөхөдтэйгөө тулаандаа бэлдэж байна.
ММА, кикбокс, муай- тай, сабмишн грапплинг гэсэн дөрвөн төрөлт олон улсын тэмцээнээр монгол тулаанчид ямар ур чадвартайгаа хэдхэн цагийн дараа харуулна. Тэмцээний үеэр есөн тулаан болох бөгөөд Узбекистан, Киргизстан, Украин, Тайланд, Казахстан зэрэг улсын чансаа өндөр, шилдэг тамирчид Улаанбаатарт ирнэ. Мэдээж энэ тэмцээний оргил үе нь холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайландын тамирчин Танавит Ликиттэй тулалдах мөч байна. Тэдний тулалдахыг харахаар зорьж байгаа хүн ямар олон байгааг хэдэн өдрийн өмнөөс хөвөрсөн сэтгэгдлээс харж болно. М.Нандин-Эрдэнэ ч монголчуудынхаа итгэлийг алдахгүйн төлөө бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хийж байгаа бичлэгээ интернэтэд байршуулжээ. Манай тулаанчийг 100 мянган ам.долларын шагналын сантай томоохон тулаанууд хүлээж байна. Энэ тулааны дараа тэрбээр зургадугаар сарын 28-нд Солонгосын “Road FC” холбооны аваргын төлөө тулалдахаар явах юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна