Э.Энхтөр: Таэквондогийн тамирчдаа олимп, дэлхийн аваргад амжилттай оролцоход нь чиглүүлж ажиллана


Олон улсын таэквондогийн Монголын холбооны шигшээ багийн тамирчин, хар бүс дөрвөн дантай, олон улсын хэмжээний мастер Э.ЭНХТӨРТЭЙ ярилцлаа. Тэрбээр энэ жилийн таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн бөгөөд Ази, дэлхийн хошой аварга, Монгол Улсын 11 удаагийн аварга тамирчин юм.   

-Юуны өмнө танд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Та олон улсын таэквондогоор хэдэн нас­тай­гаа­саа хичээл­лэсэн бэ?
-Би 1998 оноос таэквондогоор хичээллэсэн. Тавдугаар ангид байхдаа “Хар ирвэс” клубийн гишүүн болсон нь өнөөдрийн амжилтын эхлэл байв. Арван жилийн сургуульд байхдаа хөдөлгөөнтэй хүүхдүүдийн тоонд ордог. Бас нийгмийн ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. Намайг сургуульд байхад өсвөрийн цагдаатай болсон. Спортлог, нийтийн ажилд манлайлдаг учир би ангиасаа сонгогдон өсвөрийн цагдаа нарын нэг нь болсон юм. Тухайн үед нийслэлийн иргэдийн олонх нь гэр хороололд амьдардаг байсан. Өсвөрийн цагдаа нар асран хамгаалах хүнгүй ганц бие, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг байлаа. Тэдгээр хүмүүсийн усыг нь авч өгч, түлээ түлшийг нь бэлтгэх ажлыг голдуу хийдэг байсан юм. Нийгмийн ажилд идэвхтэй оролцож байсан биднийг урамшуулъя гэж бодсон уу, болзошгүй аюулаас биеэ хамгаалахад туслах зорилгоор таэквондогийн клубт сургахаар болсон. Ингэж би тавдугаар ангиасаа таэквондотой нөхөрлөснөөс хойш өнөөдрийг хүртэл уйгагүй хичээллэж байна. 
-Хүүхэд байсан болохоор олон улсын таэквондо юу, эсвэл дэлхийн таэквондо нь уу гэдгийг мэддэггүй байсан байх?
-Мэдэхгүй шүү дээ. Тухайн үед спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд олон байсан. Биднийг клубт хичээллэхээр очиход зааланд багтахгүй шахам хүүхэд залуус таэквондогоор хичээллэдэг байв. Одоо бол тэднээс тууштай хичээллэсэн нь л үлдсэн байна.   
-Бие хамгаалах урлагаар хичээллээд өөрийгөө тоох мэдрэмж төрж байв уу?
-Харин ч спортоор хичээллэснээр хүн хэр хэмжээгээ ойлгож эхэлдэг. Асуудлыг аль болох өөр  өнцгөөс харж үеийнхэн дотроо хаахна яваагаа олж мэдэх боломжийг олгодог. Түүнээс биш өмнө нь  бараг л хүн бүхнийг дийлж чадах юм шиг омголон, сэхүүн явсан санагддаг юм. Таэквондогоор хичээллэснээр өөрийгөө шинээр нээж, том зорилготой болсон. “Дэлхийд данстай тамирчин болох юмсан” гэсэн бодол төрснөөс гадна хувь хүний хандлага өөрчлөгддөг юм билээ. 
-Хөдөлгөөнтэй, сахилгагүй байсан хүүхэд спортоор хичээллээд өөрчлөгдөж байгаа нь гэр бүлийнхэнд нь мэдрэгдсэн байх. Таныг таэквондогийн тамирчин болоход аав, ээж тань хэрхэн хүлээж авсан бэ? 
-Би таэквондогийн клубт төлбөр төлж хичээллэдэг байсан. Аав, ээжээсээ клубийнхээ төлбөрийг гуйна. Өөрөө ч аль чадахаараа төлбөрөө олохыг хичээдэг байв. Тухайн үеийн нийгэм ч өөр байж. Бид ус, ундааныхаа шилийг, бас хаягдал яс цуглуулж тушаагаад клубийнхээ төлбөрт нэмэрлэчихдэг. Ер нь мөнгө болдог янз бүрийн зүйлийг ангилаад хадгалдаг хүүхэд байлаа. Үүгээрээ мөнгөний үнэ цэнийг мэдэрч, арвич хямгач зантай болсон. Тиймээс клубт хичээллэхдээ цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг байлаа. Гэр бүлийнхэн маань ч намайг маш их дэмжсэн. Би 2002 онд есдүгээр ангидаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож аварга болсон. Тухайн үед тэмцээнд нас харгалздаггүй байсан учраас хэн ч оролцох боломжтой байв. Азийн аваргаас анхны алтан медаль авсны дараа ахлах ангийн хүүхэд төрийн дууллаа эгшиглүүллээ гээд UBS телевизээр миний тухай нэвтрүүлэг гарсан. Намайг таньдаг хүмүүс үзээд бүгд л бахархаж, баяр хүргэцгээж байв. Хүүхэд байсан болохоор урамшина, тухайн үед сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлсэнд өгдөг байсан Монголын хүүхдийн ордны алтан медалиар шагнуулж, миний зургийг сургуулийн хүндэт самбарт  байрлуулсан. Ингээд ирэхээр хүн цаанаа өөр болдог. Хүмүүс харж байгаа учраас буруу үйлдэл хийж болохгүй, аль болох зөв л явахсан гэсэн бодол эрхгүй төрдөг. Түүнээс хойш миний гадаад дотоодын тэмцээний зардлыг аав, ээж  өр зээл тавиад ч хамаагүй олж, намайг чадахаараа дэмждэг байсан. Хоёр дүүг маань ч спортын дөртэй болоход чиглүүлэн хичээллүүлж эхэлсэн. 
-Хичээл, сургууль, бэлтгэл, тэмцээн гээд бүгдийг амжуулдаг. Дээр нь оюутан болж хариуцлагатай ажил эрхлээд өсвөр, залуу амарч суух завгүй идэвхтэй өнгөрүүлжээ? 
-Би ганцаараа тийм байгаагүй. Тухайн үеийн нийгэм нь хүнийг тэгж хөгжүүлж, хөдөлгөх хүчийг нь бий болгодог байж. Арван жилийн сургуулийнхаа ангийн даргаас Баянгол дүүргийн Оюутан залуучуудын холбоо, Монголын оюутны холбооны Ажлын албаны даргаар ажилласан. Эдгээр он жилүүдэд ажилласан байдлыг харгалзан үзэж, бас спортын амжилтыг үндэслэн 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тодруулдаг шилдэг оюутнуудын нэгээр шалгарсан. Одоо Баянгол дүүргийн VII хорооны намын хорооны даргаар ажиллаж байна.   
-Энэ их ажлын хажуугаар бэлтгэлээ яаж амжуулдаг байв?
-Ажлаа хэрхэн төлөвлөхөөс бүх зүйл шалтгаалдаг гэж боддог. Тамирчны ид карьерын үед өдрийн гурван бэлтгэлээ тасалдаггүй байсан. Одоо бодоход их идэвхтэйгээр 10 гаруй жилийг өнгөрүүлжээ. Тэгээд 2015 онд зодог тайлсан. 
-Найман жилийн өмнө зодгоо тайлах шалтгаан юу байв. Насны хувьд ч арай болоогүй байсан юм биш үү?
-2002 онд Азийн аварга болоод дэлхийн аварга болох зорилго тавьсан. Санкт-Петербург хотод 2009 онд зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож анхны мөнгөн медалиа авсан. Тухайн үед 25 настай л байсан байх. 80 гаруй орны тамирчин хуран чуулсан зааланд алтан медаль авахаар очсон ч чадаагүй. Гэхдээ миний хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байв. Нас 30 хүрэх гээд байдаг. Гэтэл дэлхийн аварга болох зорилгоо биелүүлж чадалгүй явсаар 2015 онтой золгож дэлхийн аваргад дахин оролцсон ч медалийнхаа өнгийг хувиргаж чадаагүй, дээр нь нас нэлээд явсан учраас зодог тайлсан. 
-Тэгээд хэзээнээс таэквондогоор дахин хичээллэсэн юм бэ?  
-Спортдоо эргээд шамдсан үе бол 2022 он. Яагаад гэвэл,  33-44 насныхан дэлхийн аваргад өрсөлдөх боломжтой болсон. Гэхдээ үүнээс өмнө улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх хүндхэн шалгуур намайг хүлээж байв. Тиймээс улсын аваргад орохын тулд бэлтгэлээ  эрчимтэй эхлүүлсэн дээ. Өдрийн гурван бэлтгэл хийсэн. Найман жилийн дараагаас таэквондогоор дахин хичээллэсэн болохоор маш их жин хассан. Үс унаж, эрдсийн дутагдалд орж асуудал үүссэн. Гэхдээ шантралгүй явсаар энэ жил л зорилгодоо хүрлээ. 20 гаруй жил хичээллэснийх дэлхийн аварга болж, одоо сэтгэл өег байна. 
-Нэлээд хэдэн жилийн дараа олон улсын тэмцээнд оролцоход өөрчлөгдсөн зүйл ажиглагдав уу. Монголын тамирчид ямар чансаатайгаар бусадтай өрсөлдөж байна вэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөр үе, залуучуудын ангиллын тамирчидтайгаа хамт оролцоод ирсэн. Ковидоос хойш зохион байгуулсан дэлхийн аваргын тэмцээн учраас бүх насны ангиллыг хамрууллаа. Монгол Улсын тамирчид тэмцээнд оролцсон 80 гаруй орны нэг болж  оролцоод багийн дүнгээр долдугаар байрт жагссан. Таэквондог Монгол Улсад хөгжүүлээд 30 гаруй жил боллоо. Одоо анхлан хичээллэж байсан тамирчид нь багшилж тэдний хүүхдүүд тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. 
-Та одоо багшлахад илүү анхаарал хандуулах бодолтой байна уу? 
-Тийм ээ. Сая шавь нар маань надтай хамт дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.  Цаашдаа би тэдний бэлтгэл сургуулилалтад анхаарал хандуулна. Монголынхоо сайн тамирчдыг олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоход нь чиглүүлэх бодолтой байна.

 Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 14 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 15 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө