Энэ сарын 17-20-ны өдөр Казахстан улсад зохион байгуулсан гараар таталтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг манай улсаас 100 кг-д П.Ууганбаатар, -110 кг-д Н.Ерат, -125 кг-д, А.Чингүүн, +125 кг д Т.Эрдэнэхүү нар зорьсон. Тэгвэл уг тэмцээнээс манай дөрвөн тамирчин таван медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрын эзэн болсноор тэмцээнийг өндөрлүүллээ. Энэ удаагийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний багийн тухайд “Гараар татах хүч”-ний холбооны үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга, гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулга 200 гаруй тамирчдаас шилж сонгон бүрдүүлжээ. Багийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Чингүүн ахалж тэмцээнд оролцсон байна. А.Чингүүн хоёр төрлөөр өрсөлдөж түрүүлснээр гурав дахь Дэлхийн цомын аварга болж байгаа гэдгээрээ онцлог юм. Ингээд бид “Гараар таталтын дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнд багаа ахлан оролцсон дэлхийн цомын гурван удаагийн аварга А.Чингүүнтэй цөөхөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Дахин Дэлхийн цомын аварга болсонд баяр хүргэе. Энэ жилийн тэмцээн таны урд оролцсон тэмцээнээс юугаараа ялгаатай байв?
-Баярлалаа. Тэмцээнд оролцохоор орон, орны 600 гаруй тамирчинд мэдүүлэг өгөн бүртгүүлснээс нийт 38 тамирчин өрсөлдсөн бөгөөд үүний 55 нь эмэгтэй тамирчид байлаа. Монголын баг тамирчдын хувьд илүү олуулаа оролцлоо. Урд нь энэ тэмцээнд оролцож байсны хувьд багцаатай байсан. Тамирчдаасаа хамгийн шилдэг гэсэн тамирчдаа авч явсан. Жишээ нь, манай Т.Эрдэнэхүү улсын аваргадаа завсаргүй түрүүлдэг, жиндээ “Босоо” гэж болохуйц тамирчин гэх мэт. Дэлхийн цомд явахаасаа өмнө бид гарцаагүй аварга болно гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй байлаа.
-Хүндрэл бэрхшээлтэй зүйл тулгарав уу?
-Яг тэмцээндээ оролцохоор очиход штанг барих хоёр гарны хоорондох зайны стандарт зөрүүтэй байсан нь биднийг бараг шоконд оруулсан. Манай тамирчид цомын аваргын тогтоосон стандартаас үл ялиг хол зайтай барьдаг болж таарсан. Багийн шуурхай хуралдаанаар бид анх захиалсан жингээ таван килограммаар татаж бууруулснаар тэмцээндээ оролцох боломжтой болсон.
-Аль улсын тамирчид илүү хүчтэй өрсөлдөгч байв?
-Мэдээж улс орон бүр л шилдэг, хүчтэй өрсөлдөгч нараа явуулсан байгаа. Тэдний дундаас эхний гурван байрыг хуваалцсан орны тамирчид аргагүй хүчтэй байлаа. Киргизийн тамирчид яг л бидний араас гэзэг даран хөөх мэт хүчтэй байсан.
-Цаашдаа ямар уралдаан, тэмцээнд орох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Яг энэ бүрэлдэхүүнээрээ ирэх онд болох “Арнольд классик”тэмцээнд орохоор бэлтгэлээ одооноос базааж эхлээд байна.
-За танд баярлалаа. Амжилт хүсье
Монголд “Гараар татах хүч”-ний холбоо байгуулагдаж тэмцээн, уралдаан зохион байгуулдаг болоод удаагүй ч аль хэдийнэ 200 гаруй тамирчинтай болжээ. Өсвөр болон залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван ангиллаар улсын аваргаа тодруулдаг. Холбооны зүгээс тамирчдынхаа бэлтгэл сургууль, чансааг ахиулахын тулд жилдээ дор хаяж хоёр томоохон тэмцээн явуулдаг болжээ. Монголын “Гараар татах хүч”-ний холбооны тамирчид 2024 оны хоёрдугаар сарын 29-өөс гуравдугаар сарын 3-ны хооронд болох Арнольд классик тэмцээний бэлтгэлдээ ороод байгаа юм.
Арнольдын спортын наадам нь 1989 онд эхэлсэн бөгөөд Арнольд Шварцнеггерийн нэрэмжит олон төрөлт спортын байгууллага бөгөөд IFBB холбооны хоёр дахь чухал тэмцээн гэж үнэлэгддэг. Их хэмжээний шагналын сантай энэ тэмцээнийг хамгийн нэр хүндтэй аварга мистер Олимптой зүйрлэдэг бөгөөд дэлхийн бодибилдингийн тамирчдын дунд маш их алдартай. Энэхүү тэмцээн нь жил бүрийн хоёр эсвэл гуравдугаар сарын эхээр АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод тогтмол болдог. 1980 онд бодибилдингийн хамгийн чухал тэмцээн болох мистер Олимпиад түрүүлснийхээ дараа Арнольд Шварцнеггер спортоо орхиж, бодибилдингийг идэвхтэй сурталчилж эхэлсэн. 1988 онд Арнольд Шварцнеггер өөрийн хамтрагч Жим Лоримертэй Арнольд Классик гэж нэрлэгддэг тэмцээнийг зохион байгуулахаар шийджээ. Арнольд Шварцнеггер, Жим Лоример нар 1970 онд тус хотод эхэлсэн нөхөрлөлөө бэлгэдэн Колумбус хотыг тэмцээний түүхэн хотоор сонгосон гэдэг. Ийнхүү анхны Arnold Classic 1989 оны гуравдугаар сарын 11-нд Колумбус хотод болжээ. Дебют тэмцээний ялагчаар алдартай тамирчин Рич Гаспари тодорсон тус тэмцээн 55 мянган ам.долларын шагналын сантай байв. Тэр үед нэг ч бодибилдингийн тэмцээн ийм дүнтэй шагналын сантай байсангүй. Шоуны дараа "Төмөр" Арнигийн нийт ашиг 35.000.000 орчим ам.доллар болсон байдаг.
Арнольд Классик тэмцээний шагналын сан байнга нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор 505,000 ам.долларт хүрч байна. Мөнгөн шагналаас гадна ялагч Hummer машин, Швейцарийн Rolex цагийг авдаг.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна