Уран сайхны гимнастикаар улс, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Х.Ундрамтай ярилцлаа. Хэдхэн хоногийн өмнө болсон уран сайхны гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг манлайлсан тэрбээр ийнхүү Монгол Улсын аваргаар найм дахь удаагаа тодорч байгаа юм.
-Найм дахь удаагаа улсын аваргаар шалгарч, мөн олон улсын шүүгч болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ амжилтыг бататгаж найм дахь удаагаа түрүүлсэндээ баяртай байна. Парисын олимпын цикл эхэлсэн энэ үед олон улсын шүүгч болсноороо мөн бахархах сэтгэл төрж байна.
-Жилийн хугацаанд оролцсон тэмцээн уралдааныг тань харахад 2023 он танд ээлтэй байжээ. Харин та хувьдаа юу гэж дүгнэх бол?
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад 2023 он амжилт гаргаж, туршлага хуримтлуулсан жил болон өнгөрөх гэж байна. Монголын гимнастикийн холбоо 2022 оноос Азарбайжаны Гимнастикийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулснаар дэлхийн шилдэг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх боломж надад олдсон. Энэ нь миний амжилтад ихээхэн нөлөөлсөн гэж бодож байгаа. Учир нь би өнгөрсөн гуравдугаар сараас Азарбайжаны нийслэл Баку хотод тус улсын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж эхэлсэн. Улмаар өнгөрсөн тавдугаар сард Филиппин улсад зохион байгуулсан Азийн аваргад оролцож дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийхээ эрхийг авч чадлаа. Тэндээсээ Баку руу буцаж тэмцээний бэлтгэлдээ орсноор жилийн ихэнх цаг хугацааг гаднын улс орнуудад өнгөрөөжээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний хувьд гурав дахь удаагийнх. Одоогоор уран сайхны гимнастикийн спортоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрхээ авч оролцсон цор ганц монгол тамирчин болоод байна. Гаднын шигшээ багийнхантай бэлтгэл хийсэн болоод ч тэр үү хүмүүсийн нүдэнд өртөж, эх орныхоо нэрийг бусдад сурталчлан таниулж яваа гэж өөрийгөө боддог. Нөгөө талаасаа олон улсын багш дасгалжуулагчдад Монголын гимнастикийн спорт ирээдүйд өсөж дэвших боломжтой гэдгийг чадах чинээгээрээ харуулахыг хичээж, зорьж байна.
-Намар, эх орондоо болсон олон улсын тэмцээнд та мөн ирж оролцсон. Уран сайхны гимнастикаар хичээллэх хүсэлтэй хүүхэд залуус олширсныг хараад ямар сэтгэгдэл төрж байв?
-Монголд өнгөрсөн аравдугаар сард Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болоход ирж оролцсон. Сүүлийн жилүүдэд Монголд гимнастикаар хичээллэж байгаа хүүхдийн тоо эрс өссөн нь тэмцээнээс харагдаж байлаа. Гимнастикаар хичээллэж байгаа охидыг хараад маш их урам зориг авсан. Яг л анх удаа тэмцээнд оролцож байгаа юм шиг мэдрэмжээр Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, таван алтан медаль хүртсэн.
-Үүнээс гадна та Дубайн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн шүү дээ. Дасгал сургуулилалт биед тань сууж тэр хэрээр амжилтаа ахиулах боломжтой болж байна уу?
-Жил бүр зохион байгуулагддаг Дубайн цомын тэмцээнд өнгөрсөн сард оролцсон. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 30 гаруй, нийтдээ 350 гаруй тамирчин өрсөлдсөнөөс өөрийнхөө төрөлд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Тэндээс ирээд амрах завгүйгээр улсын аварга шалгаруулах тэмцээндээ ч амжилттай оролцлоо. Ер нь Азербайжанд бэлтгэл хийснээр миний чансаа нэлээд дээшилсэн. Ур чадвар, гүйцэтгэлийн хувьд өндөр зэрэглэлийн тамирчдад дөхөж очихоор сайжирч байгаа гэж өөртөө дүгнэлт хийсэн.
-Тив, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчидтай хамт бэлтгэл хийхдээ өөрийгөө чамлах үе бишгүй л гарсан байх. Тэр бүрд өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байв?
-Бакуд бэлтгэлийн ачаалал, хүнд хэцүү дасгал гэхээсээ илүү сэтгэл зүйн хувьд надад амаргүй байлаа. Ихэвчлэн дэлхийн аварга, Европын аварга шалгаруулах тэмцээний медальтай тамирчидтай хамт өдөр бүр бэлтгэл хийсэн. Хэдийгээр өөрийгөө зоригжуулдаг ч шилдэг тамирчдын хажууд биеэ чамлах мэдрэмж маш их төрж байлаа. Бэлтгэлийн үеэр миний чадахгүй ур чадварын дасгалыг хийлгэнэ. Бас би орос хэлдээ тийм ч сайн биш. Бэлтгэлтэй хамааралтай яриаг ойлгоно уу гэхээс бусдаар өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байсан юм. Багштайгаа чөлөөтэй ярьж чаддаггүй нь надад хүндрэлтэй санагдсан. Яг л тийм үед “Чи чадна” гэж хэн нэгэн хүн хэлбэл ямар сайхан билээ. Хүн сөрөг бодолд нэг л автахаар гарч чаддаггүй. Нэг хэсэг тийм байдлаасаа гарч чадахгүй хугацаа алдсан тал надад бий. Насанд хүрсэн хэдий ч уйлах үе тохиолдоно. “Уйллаа гээд хэн ч намайг тоохгүй. Асуудал багасахгүйгээс хойш уйлаад яах вэ дээ” гэж бодсон. Тэр үед би сэтгэл зүйчтэй ярьдаг байсан нь их нэмэр болсон. Тэгээд юу гэж бодсон гэхээр ижил гараанаас гараагүй мөртлөө бусадтай эн тэнцүү байх гэж оролдох нь өөрийгөө ядраахаас хэтрэхгүй. Тиймээс зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. Урагшлах замаа оновчтой тодорхойлсноор хий дэмий бодлоосоо сална гэдгийг өнгөрсөн хугацааны явцад ухаж ойлгосон.
-Яг л тийм үед хүн өөрийнхөө давуу болон дутагдалтай талыг олж мэддэг. Та шилдэг тамирчидтай бэлтгэл хийх хугацаандаа өөртөө ямар дүн тавив даа?
-Миний хувь хүний онцлог юм уу олдож байгаа боломжийг алдахгүй байхыг хичээдэг. Тиймээс Бакуд бэлтгэл хийх боломжтой болсноо маш талархалтайгаар хүлээж авсан. Давуу талын хувьд монгол хүнийг бусад тамирчидтай харьцуулахад маш их тэвчээр хатуужилтай. Бусад хүмүүс аль хэдийнэ сурсан зүйлээ хийж байхад би анх удаа сурч байгаа ч “Чадахгүй” гэдэг бодол толгойд ерөөсөө ор ирдэггүй. Тэвчээр гаргаж аль болох эхлүүлсэн зүйлийнхээ ард гардаг давуу талтай гэж бодож байна. Дутагдалтай тал гэвэл бэлтгэл хамт хийсэн охид шиг олон цагийг зааланд өнгөрүүлэх боломжгүй байсан. Сая хамтарсан бэлтгэлийн үеэр 8-10 цагийг өдрийн бэлтгэлд зарцуулдаг байлаа. Энэ байдлаараа биеийн ерөнхий хөгжлийн хувьд олон цагийн бэлтгэлд дасахад багагүй хугацаа зарцуулсан. Бакуд 5-6 сар амьдарч бэлтгэл сургуулилалтаа хийхэд сүүлийн сард ч хүндрэлтэй зүйл тулгарч байсан. Тэгэхээр удаан хугацаанд тэсвэртэй байдлаа хадгалах чадвар миний хувьд үнэхээр дутагдаж байсныг мэдсэн. Үүнээс гадна бид өдөр бүр нэг зүйлээ давтан хийдэг. Тэмцээнд оролцохгүйгээр нэг зүйлээ удаан хугацаанд давтамжтай хийхээр асуудал үүсдэг байсныг мэдэж одоо түүндээ анхаарал хандуулан өөртэйгөө ажиллаж байна.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа та чансаагаараа хэдэд эрэмбэлэгдсэн бэ?
-Дэлхийн аваргын дараа 44 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн жил 68 дугаар байрт орж байсан юм. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хараахан оролцоогүй. Азийн аварга шалгаруулах тэмцээнд бөмбөгтэй дасгалаараа есдүгээр байрт орсон нь миний амжилт.
-Уран сайхны гимнастик хүнд гоо зүйн мэдрэмж, баяр баясал төрүүлдэг ч тамирчин тийм хэмжээнд хүртэл хөгжихийн тулд олон бэрхшээлийг даван туулдаг. Гаднаас нь харахад хялбар мэт харагдавч үнэндээ уран сайхны гимнастикаар хичээллэхэд хүнээс олон чадвар шаардана?
-Тийм ээ. Биднийг харахад аз жаргалтай, их сайхан харагддаг. Гэтэл тийм болохын тулд тамирчинд маш их тэвчээр хатуужилтай байхыг шаарддаг. Дээр нь гоо зүйн спорт учраас бид гоё биетэй байх ёстой. Түүний зэрэгцээ чанартай булчинтай байх шаардлагатай. Тийм болохын тулд фитнесээр хичээллэнэ, хүчний дасгал хийнэ. Балетын дасгал хийнэ гэхчилэн олон төрлийн дасгал сургуулилалт бүгдийг хийж байж биеийн хөдөлгөөнд саад учрахгүй. Нэг шидэлтийг өдөрт 100 удаа хийж байгаа. Хэдийгээр тэр хөдөлгөөнөө олон жил хийж байгаа ч алдсаар байдаг. Тиймээс дасгал сургуулилалтаа биедээ суулгаж, нүдээ аньсан ч хөдөлгөөнөө бүрэн гүйцэтгэдэг болох нь чухал. Би өнгөрсөн жил Азарбайжанд бэлтгэлийн үеэр өвдгөө гэмтээсэн. Тухайн үед өвдөгнийхөө чагтан холбоосыг тасарсныг мэдээгүй. Физик эмчилгээ хийлгэсэн ч илааршихгүй байсан учраас Монголдоо ирээд эмчид үзүүлээд гэмтэл авснаа мэдэж дурангийн хагалгаанд орсон. Түүнээс хойш зургаан сар завсарлаад өнгөрсөн гуравдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн юм. Тэгэхээр уран сайхны гимнастик харахад сайхан ч хичээллэхэд хялбар спортын төрөл биш. Хайхрамжгүй байвал бэртэл гэмтэл авах эрсдэлтэй.
-Парисын олимп хаяанд ирлээ. Тамирчны хувьд олимпын наадамд оролцох боломж хэр байгаа бол?
-Олимпын эрх олгох тэмцээнүүдийн нэг нь сая оролцсон дэлхийн аварга. Тэмцээний эхний 18 байрт шалгарсан тамирчинд олимпын эрх өгсөн. Дараагийн эрх өгөх нь тивийн аварга шалгаруулах тэмцээн. Ирэх оны тавдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Гэхдээ зөвхөн ганц л тамирчинд эрх өгнө. Ердөө 26 тамирчин л олимпын наадамд оролцох боломжтой. Тийм болохоор тивийн аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй болно. Хэдийгээр энэ тэмцээнээс ганцхан тамирчин олимпод оролцох эрхтэй болох ч би “Боломжгүй” гээд хойш суухгүй. Парисыг зорих нэг эрхийн төлөө аль чадахаараа хичээгээд үзнэ гэж бодож байна.
-Танд Монголын гимнастикийн холбооноос болон улсаас дэмжиж тусалж байна уу?
-Уран сайхны гимнастик Монголын топ спортууд шиг амжилтыг хараахан гаргаагүй байна. Тив, дэлхийн аваргын медальгүй учраас бусдын анхаарлыг өөрсдөдөө татаж чадахгүй. Гэхдээ өнгөрсөн хоёр, гурван жилийг бодоход бидэнд анхаарал хандуулдаг болсон. Үүний нэг илрэл нь Азарбайжаны хамтарсан бэлтгэл. Тамирчнаас юу ч шаардахгүйгээр зөвхөн бэлтгэл сургуулилалтаа хийх бололцоогоор хангаж өгч байна. Сая Дубайн цомын тэмцээнд ороход Биеийн тамир, спортын улсын хорооноос дэмжлэг үзүүлсэн.
-Хэлэхэд эрт байна л даа, гэхдээ таны тамирчны дараах карьер шүүгчээр үргэлжлэх үү?
-Одоо төрж байгаа бодол тийм байна. Олон улсын шүүгчийн дөрвөн зэрэг байдаг. Би хамгийн эхний буюу дөрөвдүгээр зэрэг аваад удаагүй. Олон тэмцээн шүүж, шалгалтаа өгвөл зэргээ ахиулах боломжтой. Тэгээд нэгдүгээр зэрэгтэй болбол олимпын наадмыг шүүдэг болно. Дээр нь хоёрдугаар зэргийн шүүгч болбол Азийн гимнастикийн холбооны юм уу Олон улсын гимнастикийн холбооны гишүүн болж Монголын гимнастикийн байр суурийг илэрхийлэх боломжтой болох юм.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна