Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгонжаргалтай ярилцлаа. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт тэрбээр ойрын өдрүүдэд дэлхийн чансааны цуврал болох Загребийн нээлттэй тэмцээнд оролцож байна. Парисын олимпын эрхээ авсан олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргалын хувьд өдгөө дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй манай шилдэг тамирчдын нэг юм.
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс тань ярилцлагаа эхэлье. Хэн таныг анх их спортод хөтлөн оруулсан бэ?
-Би өнөр өтгөн айлын дунд охин нь. Дээрээ гурван эгч, нэг ахтай. Хоёр эмэгтэй дүүтэй. Олон хүүхэдтэй айл хөл хөдөлгөөн ихтэй, хоорондоо ноцолдож өсдөг шүү дээ. Би ахтайгаа байнга ноцолдоно. Миний хөдөлгөөн ихтэй тэр байдлыг үеэл ах маань олж хараад намайг их спортоор хичээллүүлэхийг гэрийнхэнд маань хэлж байсан гэдэг.
Аливаа юмны тохироо нь бүрдэнэ гэж байдаг. Тухайн үед манай эгчтэй хамт ажиллаж байсан хүний охин нь чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга болсон. Тэгээд л тэр эгчээр дамжуулан Сүхээ/Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар/ багштайгаа танилцах боломж надад олдож байв. Спортын төв ордонд анх очихдоо ээжээрээ хөтлүүлээд орсон. Гэр сургуулийн хооронд явахаас өөрийг мэддэггүй байсан миний хувьд бүх зүйл их сонирхолтой санагдаж байлаа. Ингэж би өөрийн гэсэн жижигхэн ертөнцөөсөө том ертөнц рүү хөл тавин орсон нь надад олон боломжийг нээж өгсөн юм.
-Та Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын гарын шавиудын нэг нь. Багштайгаа анх хэрхэн танилцаж байв?
-Гэрийнхэн дундаа нүүрэмгий ч танихгүй хүмүүстэй харилцахдаа би ичимхий талдаа. Анх Сүхээ багштай уулзахаар Спортын төв ордонд ээжтэйгээ хүлээгээд зогсож байтал нэг хүн учиргүй намайг ажиглаж, эргэж тойруулан харж байгаад явсан. Өмнө нь надад тийм зүйл тохиолдож байгаагүй учраас тухайн үед гайхаад өнгөрч билээ. Тэгсэн тэр хүн нь Сүхээ багш болж таарсан. Багш намайг бөх болох уу гэдгийг шинжсэн юм байлгүй. Анх багштайгаа уулзсан нь энэ. Харин чөлөөт бөхийн зааланд ороод үнэхээр сүрдсэн. Том зааланд олон хүн барилдаж ноцолдоод, гүйж харайж байхыг хараад надад өөрийн эрхгүй “Би чадах болов уу” гэсэн бодол төрсөн, айсан. Гэхдээ би хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор хэсэг хугацаа өнгөрсний дараа чөлөөт бөхөөр хичээллэж чадахаар санагдсан. Хийх дуртай зүйлээ олсноо мэдэрч өдрийн ихэнх цагийг бэлтгэлдээ зарцуулдаг болсон. Тэр үед би Зурагтаас Буянт-Ухаа руу бэлтгэлээ хийхээр явдаг байв. Өглөө “Хичээлдээ явлаа” гээд хар үүрээр гэрээсээ гарна. 09:00 цагийн бэлтгэлдээ амжиж очихын тулд их л эрт гарахгүй бол амжихгүй. Хэдийгээр эрт гарч байгаа ч бэлтгэлийн цагтай уралдаад ордог байв. Чөлөөтөөр хичээллэх дуртай учраас ядарна гэдгийг мэдэхгүй явсаар яг долоон жилийг ингэж өнгөрүүлсэн дээ.
-Анхны улсын аваргадаа хэдэн онд оролцсон бэ?
-Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос өмнө хэсэг хугацаанд завсарлах шаардлагатай болсон. Яагаад гэвэл би тухайн үед ахтайгаа тоглож, ноцолдож байгаад гараа гэмтээчихсэн. Бараг хагас жил бэлтгэлээ хийж чадаагүй. Түүний дараа эрчимтэй бэлтгэл хийснээр 2016 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож анхныхаа хүрэл медалийг авч байсан. Их ч урамшсан. Аав, ээж маань ч намайг медаль авахад баярлаж “Бэлтгэлээ илүү чамбай хийх хэрэгтэй” гэж хэлсэн.
-Булган сүүлтэй хүрэл медаль байжээ. Түүнээс хойш та медалийн өнгөө хувиргаж, дэлхийн дэвжээнд хэдэнтээ гарлаа шүү дээ?
-Тийм ээ. Би өсвөрийн улсын аваргаас 2016 онд хүрэл, 2017 онд мөнгөн медаль авсан. 2018 онд Сүхээ багштай бэлтгэлээ эрчимжүүлснээр улсын аварга болсон. Улмаар тэр ондоо Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо дээд жиндээ барилдаж хүрэл медаль авсан. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үндсэн жиндээ барилдсанаар мөнгөн медалийн эзэн болсон юм. Дэлхийн аваргаас хоёр удаа мөнгөн медаль авч чадсан болохоор одоо олимпын аварга болох гэж үзнэ дээ.
-Та үндсэн мэхээ хэзээнээс өөриймшүүлсэн бэ?
-2017 онд. Сүхээ багштай бэлтгэл хийж эхэлсэн үе л дээ. Тэр үед үндсэн мэхээ өөртөө суулгахаар хичээх болсон. Ямар ч үед үндсэн мэхээ хийдэг байхаар бэлтгэлээ хийсэн.
-Таны өрсөлддөг жингийн бөхчүүд цаг хугацаатай уралддаг. Хурдан шаламгай байдлаас шалтгаалж барилдааны үед “шатах” үе тулгарна. Тийм тохиолдолд та өөртэйгөө хэрхэн ажилладаг вэ?
-Цаг тулсан үед сандрах гээд байдаг ч багшийн зөвлөгөөг дагаж төвлөрдөг. Сүхээ багш ч барилдааны үед аль болох тайван байхыг зөвлөдөг. Барилдааны сүүлийн хэдэн минутад санасан мэхээ хийдэг. Сэтгэл зүйгээ тайван байлгаж, бэлтгэлийн үеийнх шигээ ажиллахыг хичээдэг. Тэгэхгүй хэтэрхий хөөрөхөөр санасан зүйлээ гүйцэд хийж чаддаггүй тал бий. Мөн хэтэрхий ноомой байхаар барилдаандаа орж чадахгүй. Тэгэхээр нэгэн хэвийн байхын тулд өөртэйгөө ажиллах шаардлагатай. Миний хувьд хожсон ч, хожигдсон ч урагшаа дайрдаг зантай. Нэгэнт дэвжээнд гарсан бол хожигдсон ч хамаагүй санасан зүйлээ хийж байж санаа амардаг хүн дээ.
-Өрсөлдөгчийнхөө лав мэхэнд орохгүйн тулд хөдөлгөөн бүрийг нь мэдрэх шаардлагатай болдог. Яг барилдааны үед тэр мэдрэмжээ хэрхэн олж авдаг бол?
-Бэлтгэл ханасан бол өрсөлдөгчийнхөө ямар мэх хийхийг өөрийн эрхгүй мэдэрдэг. Мэдрэмжийн дасгалыг багаасаа олон удаа давтсан учраас цаг тулсан үед толгой ажиллахгүй байсан ч биеэрээ мэдэрдэг. Сүүлд оролцсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр би өөрийн мэдэлгүй хөлөө татчихсан. Энэ үйлдлийг би рефлексээрээ хийсэн. Тэгэхээр бэлтгэлийн үеэр 1000 давтсан мэх биед сууснаар барилдааны явцад гарч ирдэг.
-Чөлөөтийн аль ч тэмцээнийг харахад Японы тамирчид амаргүй байна, тийм үү?
-Гэхдээ тэднийг нэг л өдөр ялна гэж боддог. Бууж өгөхийг хүсдэггүй. Олуулаа өссөн бас шартай болохоор “Чадахгүй, бууж өгнө” гэсэн бодол орж ирдэггүй.
Японы бөхчүүд хөлний ажиллагаа сайтай. Ямар ч мэхэн дээр их ажилладаг. Бидний хувьд адилхан ажиллаж байгаа хэдий ч мэдрэмж нь бүрэн гүйцэд орж өгдөггүй юм шиг санагддаг.
-Та чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дараалан амжилттай оролцож шинэ амжилт тогтоосон. Дотоодын өрсөлдөөнөөс шалгарна гэдэг бас амаргүй даваа?
-Сүүлийн жил улсын аварга болж чадаагүй. Сорил тэмцээнд түрүүлж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон. Манай дотоодын өрсөлдөөн чанга. Тамирчид нэгнээ судалсан байдаг болохоор ялахад амаргүй байдаг. Гэхдээ улсын аварга шалгаруулах тэмцээнээс олон зүйлд суралцдаг.
-Таныг их спортод хөлөө олоход ээжийн тань үүрэг, оролцоо их байжээ?
-Ээж маань миний хамгийн үнэнч дэмжигч. Ер нь гэр бүлийнхэн маань намайг маш их дэмждэг. Зарим тэмцээний үед аав маань бараг л надтай хамт “барилддаг” гэсэн. Аав, ээж маань намайг гадагшаа тэмцээнд явахад, байрлаж бэлтгэл сургуулилалтаа хийхэд байнга холбоотой байдаг. Ялангуяа ээж маань “Ээж нь өглөө сүү өргөсөн шүү” гэдэг. Гэрээсээ хол байхаар аав, ээжийгээ санана. Олуулаа шуугилдаад, бужигналдаад өссөн болохоор тийм халуун дулаан орчинд ороод өөрийн эрхгүй сэргээд ирдэг хүн дээ, би. Жоохон шантрах гээд ирэхээрээ ээжийгээ бодно. Ээжийгээ бодохоор зориг ордог юм.
-Таныг нөж атгаж төрсөн талаар ээж тань ярьсан удаатай. Бөхийн спортоор хичээллэх болсон нь үүнтэй холбоотой юу. Та энэ талаар ярьж болох уу?
-Намайг нөж атгаж төрсөн талаар бага байхад ярьдаг байсан. Үеэл ах намайг бөхөөр хичээллүүлээд үзээч гэхэд нь эмэгтэй хүүхэд учраас гэмтчих байх гээд эмээдэг байсан юм билээ. Одоо бол нэгэнт сонгосон зам учраас юунд ч шантраад хэрэггүй гэдэг.
-Парисын олимп хаяанд ирлээ. Судалгаагаа хэр хийж байна вэ?
-Барилдаанууд үзэж өрсөлдөгчийнхөө мэхийг нүдэндээ дасгаж байна. Дархан мэхүүдийг нь мэдсэнээр хариу ажиллах аргаа боловсруулна. Би тэмцээний үед сэтгэл зүйгээ тултал нь өсгөдөг. “Чадна” гэсэн сэтгэл зүйтэйгээр эхэлдэг. Ийм л байж амжилттай оролцохоос биш, яасан ч яах вэ гэхээр санасан хэмжээнд хүрдэггүй. Тиймээс өөрийгөө улам хурцалж барилдахынхаа өмнө “Чи хамгийн дуртай зүйлээ хийж байгаа. Бусдын чадаж байгааг яагаад чадахгүй гэж” хэлээд өөртэйгөө ярилцдаг. Ингэснээр ялах магадлал нэмэгддэг.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна