Ирээдүйн тулааны од


Бахрейн улсын Манама хотод хоёр оны заагт спортын онцлог үйл явдал болсон нь холимог тулааны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн байв. Содон хэмээн тодотгосны учир нь, энэ тэмцээнд манай өсвөрийн холимог тулаанчид анх удаа оролцсон бөгөөд Монголын холимог тулааны холбоо, “Болд нударга” клубийн дасгалжуулагч Т.Болдбаатар ахлан дөрвөн тамирчинтайгаа Бахрейныг зорьж чамлахааргүй амжилт гаргаад иржээ. Түүний удирдлага дор тивийн аваргад оролцсон тамирчдаас Б.Оргил, Г.Сарнай нар хүрэл медаль ихэрлүүлсэн амжилтаар Азийн аваргад хурд хүчээ сорьсон 18 орны шилдэг тулаанчаас зургадугаарт эрэмбэлэгдсэн юм. Холимог тулааны  өсвөр үеийнхний тэмцээний дүрэмд толгой руу цохихыг хориглодог. Хэвтээгээс боолт, өчилт хийхийг зөвшөөрсөн дүрэмтэйгээрээ онцлогтой. 
Манай өсвөрийн тулаанчид дунд эмэгтэй ганц тамирчин байсан нь Галхүүгийн Сарнай бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52.2 кг-ын жинд өрсөлдсөн түүнийг сониныхоо энэ дугаарт онцолж байна. Холимог тулааны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Г.Сарнайн хувьд хилийн дээс алхан оролцсон олон улсын анхны тулаан. Ушу санда, кикбокс, муай-тай бокс, кудо, холимог тулааны спортоор хичээллэдэг тэрбээр улс төдийгүй бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцдог өсвөрийн тамирчдын нэг нь. Түүний ойрын амжилтаас тоочвол кикбоксын өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 16-18 насны ангиллын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртжээ. Түүнчлэн өнгөрсөн онд Хэнтий аймагт зохион байгуулсан ушу сандагийн зүүн бүсийн нас насны аварга шалгаруулах гал гарсан тулаануудад амжилттай оролцож алтан медаль энгэртээ гялалзуулсан нь Г.Сарнайн гаргасан амжилтуудын нэг юм. Г.Сарнай тулааны спортын олон төрлөөр хичээллэж ур чадвараа хөгжүүлдэг. Чөлөөт цагаа ихэвчлэн бэлтгэл сургуулилалтдаа зарцуулдаг түүний бас нэгэн амжилт нь кудогийн спорттой холбогдоно. Каратэ, бокс, бөх зэрэг спортын төрлүүдийн элементүүдийг агуулсан кудо нь спортын бие даасан төрөл. Энэ спортын 2022 оны өсвөрийн кудогийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахад Г.Сарнай 15-16 насны ангилалд өрсөлдөж алтан медаль хүртсэнээр амжилтаа буухиалжээ. Энэчлэн түүний амжилт, оролцсон тэмцээний талаар дурдвал хөвөрнө. Багаасаа тулааны спортоор хичээллэж өдгөө холимог тулаанаар тивдээ данстай болсон тэрбээр одоогоор Хэнтий аймгийн Дадал сумын “Хишигтэн” спортын клубт харьяалагдан бэлтгэл сургуулилалтаа базааж байна. 
Г.Сарнай айлын дунд хүүхэд, том охин нь. Хөдөлгөөнтэй хүүхэд байсан болоод ч тэр үү аав нь түүнийг багад каратэгийн спортоор хичээллүүлэхээр дугуйланд хөтлөн оруулжээ. Нас нь бага байсан учраас Г.Сарнай тухайн үедээ ямар зүйлийг эхлүүлж байгаагаа ойлгоогүй. Цаг хугацааны явцад бэлтгэлээ чанаржуулж спортын хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байх. Ааваараа хөтлүүлээд спортын зааланд орсон бяцхан охин өдгөө өсвөрийн тулааны тамирчдын дунд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтаж байна. Тэрбээр “Тулааны спортоор хичээллээд найм, есөн жил болох гэж байна. Цаашид холимог тулааны тамирчнаар карьераа үргэлжлүүлнэ” хэмээн хэлсэн юм. 
Г.Сарнай холимог тулааны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс их “олзтой” иржээ. Олон орны тамирчдаас суралцаж цаашид юунд анхаарах, илүү ажиллах шаардлагатайгаа мэдсэн байна. Тэр дундаа хэвтээ барилдаанаа сайжруулах хэрэгтэйгээ ойлгожээ. Тамирчдын хамгийн их анхаардаг бас алддаг зүйл нь сэтгэл зүйн бэлтгэл байдаг. Энэ асуудал Г.Сарнайн хувьд ч “толгойн өвчин”. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс сэтгэл зүйтэйгээ ажиллах ёстойгоо илүү мэдэрчээ.
Г.Сарнай Хэнтий аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч. Бэлтгэлээ хийхийн зэрэгцээ элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгээд тун завгүй явна. Ойрын хугацаанд тэмцээнд оролцохгүй ч хэтийн зорилгоосоо ухраагүй. Үргэлж дэмжиж тусалдаг эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ Хэнтий нутагтаа амьдарч байна. 

Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
25
care
0
haha
4
liked
9
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.51
2024/01/26
0
0
Чи минь хамгийн шилдэг нь шүү
Хариулах
202.126.88.117
2024/01/26
2
0
Амжилт хөөрхөн охинд.♥️
Хариулах
203.91.115.51
2024/01/26
2
0
Мундаг
Хариулах
202.55.188.92
2024/01/26
2
0
мундаг охинд өндөр амжилт хүсье
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 14 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 15 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө