Олимпын өндөр босго давах "Жанжны мэргэн бууч"


“Монголын үнэн” сонин, Монголын буудлага спортын холбоотой хамтран мэргэн буучдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жанжны мэргэн бууч” тэмцээн МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ойн өдөр буюу хоёрдугаар сарын 2-нд Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төвд эхэллээ. 

Энэ тэмцээн оны эхэнд болдог учраас буудлагын тамирчид идэвхтэй оролцож, тэр жилийнхээ өнгийг тодорхойлон, бэлтгэл сургуулилалтынхаа өнгийг хардгаараа онцлогтой. Монголын буудлага спортын холбоо энэ спортын хөгжлийг хурдасгах, өндөр түвшинд барих бодлого баримталдаг учраас мэргэжлийн клубүүд, буудлага спортыг сонирхогч тамирчдыг энэ тэмцээнд шалгуургүй хамруулахыг хичээдэг. Олон улсын тэмцээний эрхийг дотоодын тэмцээнүүдийн нийлбэр оноогоор авдаг тул өндөр зэрэглэлийн тэмцээнүүд мэргэжлийн сонгон шалгаруулалт, дотоодын өрсөлдөөнийг үүсгэдэг. Энэ утгаараа “Жанжны мэргэн бууч” дотооддоо зохион байгуулж байгаа том тэмцээний нэг яах аргагүй мөн. Түүх сөхвөл 1926 онд “Д.Сүхбаатар мэргэн буудагч”, 1944 онд “Х.Чойбалсангийн мэргэн буудагч”, 1950 онд “Онц буудагч” тэмдгүүд болзлын хамт гарч ирснээр цэрэг дайчдын дунд тэмцээн уралдаан байнга зохиож түүнд нь олон хүн шалгаран шагнуулж байв. 


"Жанжны мэргэн бууч" тэмцээн -Олимпын гараа

Монголын мэргэн буучид ирэх дөрөвдүгээр сард олимпын эрх олгох сүүлчийн тэмцээндээ оролцоно. Бразилын нийслэл Рио Де Жанейро хотод болох Дэлхийн цомын тэмцээнд олимпын эрх олгосноор Парисын олимпод өрсөлдөх мэргэн буучид бүрэн тодрох юм. “Жанжны мэргэн бууч” нь дээрх тэмцээний өмнөх хамгийн том сорилго болж байна. Тэмцээнд олимпын эрх авсан өндөр зэрэглэлийн тамирчид оролцож шинэ залуу тамирчид тэдэнтэй эн тэнцүүхэн өрсөлдөж байв. Хэдхэн хоногийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 19-26-ны хооронд Холбоодын нэгдсэн УАШТ болж өндөрлөсөн. Тэгвэл дотооддоо зохион байгуулж буй хоёр дахь тэмцээн нь “Жанжны мэргэн бууч” болж, том тэмцээнүүд ойрхон болж буй гэдгээрээ нэлээд өрсөлдөөнтэй, ширүүн болж байгааг шүүгчид онцоллоо. 
Тэмцээний эхний өдөр хийн гар бууны 10 метрийн төрөлд оролцсон буучдаас бид хамгийн өндөр настай тамирчин спортын мастер Т.Дамдиндоржийн сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Би 1984 оноос буудлагын спортоор хичээллэсэн. “Монголын үнэн” сонины нэрэмжит “Жанжны мэргэн бууч” тэмцээнд 37 дахь жилдээ онч мэргэнээ сорьж байна. Хэдийгээр 82 насыг зооглож байгаа ч 10 метрийн хийн гар бууны төрөлд оролцож 60 суманд 544 оноо авлаа.  Залуучуудтай өрсөлдсөн болохоор авсан оноондоо сэтгэл хангалуун байна. Буунд жижигхэн техникийн гэмтэл гараагүй бол үүнээс ч илүү оноо авах боломж байсан” хэмээн өгүүлээд энэ спортод гаргасан амжилт, мөн ач холбогдлын талаар “Би энэ тэмцээнд сүүлийн 10-аад жил медалийн тавцангаас салаагүй гэж хэлэхэд болно. Бусад спорт сэтгэл хөөрлөөр амжилт гаргадаг бол буудлагын спорт аль болох сэтгэлээ барьж анхаарлаа төвлөрүүлж чадвал амжилт гаргах нөхцөл бүрддэг учраас хүүхэд залуус хичээллэвэл анхаарлаа төвлөрүүлж, сэтгэлээ барьж сурах чадвартай болно” хэмээн бахархан өгүүлж байв. Хийн буудлагын 10 метрийн тир нэлээд шуугиантай талбар юм. Энд бүх л насны эрчүүд цэц мэргээ шалган өрсөлдөж байгаа харагдана. Тэднээс Сэлэнгэ аймгаас ирсэн гэх хөөрхөн хүү хамгийн бага нь байлаа. Түүнийг Ч.Анар-Эрдэнэ гэдэг. Мандал сумаас нийт 12 тамирчин ирснээс хамгийн бага нь буюу 12 настай аж.  Ч.Анар-Эрдэнэ миний сонирхсон асуултад итгэлтэй гэгч нь “Буудлагын спортоор хичээллээд 10 сар болж байгаа, гуравдугаар зэргийн тамирчин. Ирээдүйд ОУХМ болно” гэж хэлчихээд гүйгээд явчихлаа. Дараагийнхаа тэмцээнд яарсан байх.  


Тэмцээний сүүлийн өдөр дуулиан, шуугиантай өндөрлөлөө

Тэмцээний сүүлийн өдөр 10 метрийн хийн гар бууны танхим бас л бөөн шуугиан. Тэнд хийн гар бууны 10 метрийн холимог багийн төрөлд багууд цэц мэргээ шалган хөгжөөн дэмжигчид нь багаа дэмжин шуугилдаж байгаа ажээ. Тэмцээн 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хийн гар бууны холимог багийн төрлөөр өндөрлөж аваргуудаа тодрууллаа. Нийт 12 дасгалд дөрвөн аймаг, 15 байгууллагын, 160 гаруй тамирчин таван өдөр өрсөлдсөнөөс холимог багийн төрөлд М.Энхзаяа, Б.Бат-Орших нар түрүүлж алтан медалийн тавцанд зогссон бол мөнгөн медалийг М.Буянхишиг, О.Төгөлдөр, хүрэл медалийг А.Ариунзаяа, Л.Ананд нар хүртлээ. Тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс хүн төрөлхтний спортын их наадамд онч мэргээ сорих эрх авсан “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваахүү дөрвөн төрөлд алтан медаль, ОУХМ Н.Баяраа мөн дөрвөн алт, “Хүч” спорт хорооны тамирчин О.Есүгэн нэг алтан медаль авсан амжилт гаргалаа. “Хангарьд” спорт хорооны тамирчин Ц.Анударь хос алтан медалиар энгэрээ мялаалаа. Бид медалийн тавцанд зогссон тамирчдаас сэтгэгдлийг нь сонсов. Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны төрөлд алтан медаль авсан ОУХМ Т.Номинтой уулзлаа. Тэрбээр “Би өнгөрсөн жил “Монголын үнэн” сонины нэрэмжит "Жанжны мэргэн бууч" тэмцээнд түрүүлж алтан медаль хүртсэн. Энэ жил хоёр дахиа түрүүлж амжилтаа бататгасандаа баяртай байна. Хэдийгээр өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлсэн ч санасан хэмжээндээ хүртэл буудаж чадаагүй маань энэ жилийн тэмцээнд сайн оролцох шаардлага өөртөө тавих бас нэг шалтгаан байлаа” хэмээн хэлээд манай улсын хувьд хийн бууны 10 метрийн төрөл олимпын эрх авах боломжтой төрлүүдийн нэг. Миний хүсэл мөрөөдөл олимпын алтан медальтан болох. Ирэх дөрөвдүгээр сард болох олимпын эрх авах тэмцээнд оролцох эрх авахын тулд дотооддоо болж буй эдгээр том тэмцээндээ амжилт гаргах нь чухал учраас цаашид илүү хичээх болно” гэж ярив. Мөн бидэнд тэмцээний холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн  ОУХМ Д.Лхагвасүрэн “Шигшээ багийн дасгалжуулагч Ганхуягийн “Снайпер” клубээс энэ тэмцээнд оролцлоо. Холимог багийн төрлөөр хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа ч “Жанжны мэргэн бууч” тэмцээнд улсын рекорд эвдэх зорилгоо биелүүлж чадсангүй, бэлтгэл сайн хангагдаагүй байлаа. Энэ жил болох Европын буудлагын тэмцээнүүдэд орж амжилтаа улам ахиулах, туршлага суух сонирхолтой байна” гэсэн нь тамирчны хор шар, өөрийгөө улам сайжруулах хүсэл эрмэлзэл ярианаас нь анзаарагдаж байв. Энд нэгэн сонирхолтой зочин ирсэн нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Есүхэй мэргэн” буудлагын клубийг үүсгэн байгуулагч Ц.Цэрэннадмид гуай байв. Тэрбээр “Жанжны мэргэн бууч" тэмцээнд 40 дэх жилдээ орж байна. Би клуб байгуулаад 18 жил болж байна. Одоо 400 гаруй шавьтай өөрөө ч хийн буудлагаар хичээллэж явсан. "Монголын үнэн" сонин Монголын буудлагын спортыг хөгжүүлэхэд маш том үүрэг гүйцэтгэж байгаа байгууллага. Би хоёрдугаар сарын 2-нд төрсөн. Энэ нь миний хувьд тэмцээнийг онцгой ач холбогдолтой болгодог. Жанжинтай нэг өдөр төрсөн болохоор энэ тэмцээнийг зорьж заавал ирдэг” хэмээн хуучилж сууна. Ийнхүү тэмцээний сүүлийн өдөр тамирчид үр дүнгээ сонсож, алдаа оноогоо дэнслэн сууна. Үүнээс тэдний эрч хүч, халуун залуу нас, оргилуун тэмүүлэл мэдрэгдэнэ. Тэмцээн зохион байгуулагчид ч мэдээж дүнгээ тавьж дүгнэлтээ ярилцан сууна.  Тэмцээнийг гардан зохион байгуулсан МБСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан энэ талаараа “Тэмцээн маань буудлагын хамгийн олон төрлөөр зохион байгуулагдаж байгаа нь онцлогтой. Олимпын эрх олгох хоёрдугаар тэмцээн дөрөвдүгээр сард болно. Тэр тэмцээнд явуулах тамирчдыг сонгон шалгаруулах сорилго тэмцээн болж байгаа нь ач холбогдлыг нь өндөрсгөж байгаа юм. Тэмцээний нээлтийн үеэр 140 гаруй тамирчин байсан бол сүүлийн өдөр нийт 170-аад тамирчин оролцсон байна гэдэг статистик мэдээ гарлаа. Нэлээд өргөн хүрээг хамарлаа. Өргөн цар хүрээг хамрах тусам тамирчдын ур чадвар шаардсан буудлагууд гарч байна, залуу тамирчид ч чамлахааргүй амжилт гаргасан тэмцээн болж чадлаа. Эмэгтэй урт бууны төрөлд залуучууд олимпын эрх авсан тамирчидтайгаа өрсөлдөж түрүүлснээс энэ байдал тод харагдана” гэж яриад ирээдүйтэй тамирчин төрөв үү гэж сонирхон асуувал “Залгамж халаа гэдэг өрсөлдөөнөөс л харагддаг. Олимпын эрх авсан тамирчидтайгаа эн тэнцүү галын шугамд зогсож ач тач өрсөлдөн ялж байна гэдэг залуучууд маань олон улсын түвшинд хүрчээ гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын тамирчин спортын мастер Я.Маргад, хийн бууны төрөлд түрүүлсэн ОУХМ Т.Номин хоёр маань сайхан амжилт үзүүлж ирээдүйтэй тамирчин гэдгээ харууллаа. Тэмцээний хувьд олон улсын стандартад нийцсэн электрон байд буудан ямар нэгэн маргаан, сааталгүй өндөрлөлөө. Энэ тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахад “Монголын үнэн” сонины хамт олон маш их туслалцаа үзүүлж байна. Монголын буудлага спортын холбоо, нийт тамирчин дасгалжуулагч, шүүгч нарын өмнөөс болон хувиасаа баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээн үгээ төгсгөв.
Ийнхүү 1967 оноос эхлэлтэй “Жанжны мэргэн бууч” тэмцээн 58 дахь удаагийн аваргаа шалгаруулж өндөрлөлөө. Тэмцээнд амжилт гаргасан тамирчдад медаль гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөн, тэмцээнийг хааж “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг үг хэлэв. Тэрбээр “Тэмцээний үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж залуу тамирчид идэвхтэй оролцож байгаад хамтран зохион байгуулагч “Монголын үнэн” сонины хамт олон баяртай байна. Буудлагын спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд багачуудын тоо ч өсөн нэмэгдэж байна. Тэгэхээр манай сонин 58 жилийн турш уламжлал болгон хамтран зохион байгуулж байгаа энэ тэмцээнийг улам өргөжүүлэх, залуучуудыг илүү дэмжиж ажиллах зорилготой байгаа” гэж яриад “Бид 58 дахь удаагийн тэмцээнээ маш амжилттай зохион байгуулж, өнөөдөр дүнгээ сонсож аваргуудаа тодрууллаа. Энэ жил олимпын жил, бид тамирчдаасаа их зүйл хүсэж хүлээж байгаа. Тамирчид маань Парисын тэнгэрт Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулж биднийгээ баярлуулна гэдэгт итгэж байна. Хойтон 59 дэх удаагийн тэмцээндээ олимпын аварга, медальтнуудтайгаа өрсөлдөж, оролцоно гэж хүлээцгээе” хэмээн урмын үг хэлж тэмцээнийг өндөрлүүллээ. “Монголын үнэн” сонины хувьд жил бүрийн тэмцээнд орж буй хамгийн залуу тамирчныг нэрэмжит шагналаараа урамшуулдаг уламжлалтай. Энэ жил ч мөн адил Сэлэнгэ аймгийн Мандал сумын хамгийн залуу тамирчин Ч.Анар-Эрдэнэд нэрэмжит шагналаа хүртээсэн юм. Ташрамд өгүүлэхэд, ноднин жилийн нэрэмжит шагнал авсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын тамирчин Б.Үйлстөгөлдөр 10 метрийн хийн бууны холимог төрөлд мөнгөн медаль,  гурвыг үржих 20 төрөлд зургадугаар байр хүртсэн амжилт үзүүлсэн нь “Монголын үнэн” сонины нэрэмжит шагналын үр дүн бодитоор гарсан хэрэг билээ.  

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө