“Монголын үнэн” сонин, Стратеги академитай хамтран Монгол Ардын Намын түүхэн товчооныг бэлтгэн хүргэж байна.
1920
Нууц бүлгэмийн хамтарсан зөвлөгөөн хоёрдугаар сарын 20-нд болж, Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Улмаар Хүрээний болон Консулын бүлгэмийн гишүүд зургадугаар сарын 25-нд хуралдаж, Монгол Ардын Нам хэмээх улс төрийн байгууллагыг байгуулан намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичгийг баталсан байна.
1921
Намын нэгдүгээр хэлтсийг наймдугаар сарын 18-нд Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуунд (Одоогийн Архангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Гурванбулаг сум Очирт орон гэх газар) 50 орчим гишүүнтэйгээр байгуулж, хоёрдугаар хэлтсийг арваннэгдүгээр сарын 30-нд Түшээт хан аймгийн Далай гүний хошуунд (Одоогийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум), дөрөвдүгээр үүрийг арванхоёрдугаар сарын 19- нд Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуу (Одоогийн Хэнтий аймгийн төв)-нд тус тус байгуулжээ.
Монголын залуучуудын байгууллага “Бошгийг халах залуучуудын эвлэл” наймдугаар сарын 25-нд арван долоон гишүүнтэйгээр байгуулагдав.
Ардын засгийн газраас “Улсын түр цагийн хурлыг” байгуулах шийдвэр гаргаж, аравдугаар сарын 26-нд Улсын түр цагийн бага хурал нээгдэв.
1922
Намын анхан шатны байгууллагын үүрэг, зорилтыг тодорхойлсон Монгол Ардын Намын үүрийн дүрмийг (6 бүлэг, 33 зүйлтэй) шинээр зохиож, намын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаар батлан гаргав.
Намын Төв хорооны XI хурлаар Монгол Ардын Намын Төв хорооны дүрэм (9 зүйлтэй)-ийг батлан гаргав. Монгол Ардын Намын Төв хорооны анхдугаар Бүгд хурал хоёрдугаар сарын 4-нд хуралдаж, намын бат илэрхийлэх бичиг солих тухай шийдвэр гаргав.
1923
Нийслэл хүрээнд Монгол Ардын Намын II их хурал долдугаар сарын 18-наас наймдугаар сарын 10-нд хуралдаж, намын Төв хорооны улс төр, Засгийн газар, намын зохион байгуулалтын тухай илтгэл, намын 56 дугаар үүр, орон нутгийн намын гуравдугаар хорооны тайланг сонсож хэлэлцжээ.
1924
Монгол Ардын Намын Төв хорооноос жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Монгол Ардын Нам байгуулагдсан баяр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргав. Ардын Бүгд Найрамдах улсыг тогтоох тухай шийдвэрийг Монгол Ардын Намын Төв хорооны III бүгд хурлаас гаргав.
Улсын анхдугаар Их хурал арванэгдүгээр сарын 8-26-нд хуралдав. Улсын Анхдугаар Их хурлаас Ардын эрхт Бүгд Найрамдах улсыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргав. Нийслэл хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрлэхээр тогтов. Анхдугаар Үндсэн хууль нь Монгол Улсын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, хүний эрх, эрх чөлөө, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой.
1925
Монгол Ардын Намын Төв хорооны бүгд хурал хуралдаж, намын ажлын тухай, эмэгтэйчүүдийн дунд зохиох ажил, хөдөлмөрчдийн улс төр, олон нийтийн ажлыг зохиох, сонин хэвлэлийн ажлыг сайжруулах, түүнд бичигч идэвхтэн, сурвалжлагч нарыг бий болгох, хэвлэлийн шүүмжлэлийн мөрөөр зохиох ажлыг эрс сайжруулах, түүнчлэн намын түүхэнд холбогдол бүхий ном, товхимол хэвлэн гаргах, гишүүдийг бичиг үсэгт сургах, эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил улс төр, олон нийт, намын ажилд оролцуулж байх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ. Тус бүгд хурлаар Монгол Ардын Намыг Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) гэж нэрлэхээр тогтов. Намын дэргэдэх түр сургуулийг өргөтгөн Намын төв сургууль болгожээ. Намын төв сургууль 1933 оноос Нам ба улсын төв сургууль, 1941 оноос Намын шинэ хүчний дээд сургууль, 1953 оноос Намын дээд сургууль гэж нэрлэгдэж байв.
1926
MАХН-ын V их хурал есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл хуралдав. Намын Төв хороо, Хянан байцаах төв комиссын тайлан, орон нутгийн намын байгууллагуудын илтгэлүүд, намын эдийн засгийн бодлого, ардын соёл гэгээрлийг хөгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. МАХН-ын V их хурлаар соёлыг хөгжүүлэх тухай асуудалд онцгой анхаарал тавьж, хувьсгалт шинэ соёлын чухал асуудлуудыг дэвшүүлснээрээ чухал ач холбогдолтой болов.
1927
МАХН-ын VI их хурал есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 5-нд хуралдав. Их хурал Намын Төв хорооны тайлан, намын хянан байцаах төв комиссын илтгэл, аймаг, хотын намын хороодын илтгэл, аж ахуйн бодлогын тухай, аж ахуй, соёлын байгуулалтын ээлжит зорилтыг тодорхойлохын хамт намын ажлыг ардчилсан, төвлөн удирдах зарчмын үндсэн дээр сайжруулах, төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагыг бэхжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргав.
1928
МАХН-ын VII их хурал хуралдан Намын Төв хорооны улс төрийн тайлан илтгэл, намын дотоод байдал ба зөрөлдөөний асуудал, МХЗЭ-ийн Төв хорооны санал, намын зохион байгуулалтын тухай илтгэл, Намын хянан байцаах төв комиссын илтгэл, намын удирдах байгууллагуудыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэв. Тус хурлаас Монгол Улсын гадаад бодлого, засаглалын тухай, эрүүлийг хамгаалах, шүүн таслах, эрдэм боловсролын тухай, мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, хянан байцаах комиссыг байгуулах тухай эдийн засаг, нийгмийн холбогдолтой олон шийдвэрийг гаргав.
1929
МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаас намын гишүүдийг хэрхэн элсүүлэх зааврыг баталж, Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн хурлаар Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнийг бий болгох асуудлыг Төв хорооны Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар тогтов.
1930
МАХН-ын VIII их хурал хуралдаж, Монгол Ард Улсыг аж ахуйн ба соёлын хувиар хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний үндсэн зүйлүүдийн тухай, улс орны батлан хамгаалах хүчийг зузаатгахад чиглэсэн шийдвэр гаргав.
Намын Төв хороо Зөвлөлтийн зураач К.Померанцевийн гаргасан Д.Сүхбаатарын хөшөөний төслөөр 1930 оны намар Д.Сүхбаатарын хөшөөг Улсын төв театрын өмнөх талбайд босгожээ. Энэ үеэс эхлэн Улаанбаатар хотын төв талбайг “Д.Сүхбаатар”-ын гэж нэрлэх болов.
1931
МАХН-ын VII их хурал хуралдан Намын Төв хорооны улс төрийн тайлан илтгэл, намын дотоод байдал ба зөрөлдөөний асуудал, МХЗЭ-ийн Төв хорооны санал, намын зохион байгуулалтын тухай илтгэл, Намын хянан байцаах төв комиссын илтгэл, намын удирдах байгууллагуудыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэв.
1932
Намын гишүүн элсүүлэх заавар, Аймгийн намын хороодын тухай дүрэм, Хөдөө дэх намын үүрүүдийн ажлын заавар зэрэг баримт бичгийг удаа дараалан боловсруулан гаргаж, намын гишүүний бат илэрхийлэх бичгийг шинэчлэхээр Намын Төв хорооноос тогтов.
1933
Намын Төв хорооноос намын бүх гишүүн ба байгууллагуудад анхааруулах бичиг гаргаж, намаас улс төр, аж ахуйн талаар авсан арга хэмжээний тухай, намын дотоод ажлын байдлын тухай дэлгэрэнгүй тайлбарлав. Тус анхааруулах бичигт шинэ эргэлтийн бодлогын зорилго, шийдвэрийг тайлбарлаж, цаашид шинэ эргэлтийн бодлогыг биелүүлэхэд намын байгууллагууд үзэл суртал, улс төр, хүмүүжлийн ажлаа чиглүүлэх ёстойг тэмдэглэсэн байна.
Аймаг, хотын намын хороодын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн Улаанбаатар хотод болов. Улс орныг радио, өргөн хэрэглээний шугамд холбож эхлэв.
1934
Намын Төв хорооны Тэргүүлэгчид Намын гишүүдийг бичигт сургах тухай, Аж үйлдвэрийн комбинатын дэргэдэх намын үүрийн ажлын тухай, Гар үйлдвэрийн хоршооллын тухай, Төв аймгийн намын хорооны дотоод ажлын тухай, Залуучуудын эвлэлийн ажлыг сайжруулах тухай, Налайхын уурхайн дэргэдэх намын үүрийн ажлыг сайжруулах тухай зэрэг баримт бичиг гаргав.
Намын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурал нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнийг байгуулах шийдвэр батлав.
1935
Намын Төв хорооны Тэргүүлэгчдийн арваннэгдүгээр хурлаас “Ардын боловсрол, соёлыг хөгжүүлэх зорилтын тухай” тогтоол гаргав. Улаанбаатар хот, 12 аймгийн төвд намын үүрийн нарийн бичгийн дарга нарын түр сургууль байгуулах тухай шийдвэр гаргаж, нам, улсын ажилтны хоёр жилийн оройн курс байгуулагджээ.
1936
Намын Төв хорооны II бүгд хурал хуралдаж, улсын гадаад дотоод улс төрийн байдал, намын дотоод ажил, улс орныг батлан хамгаалах тухай асуудлыг хэлэлцэж, мөн Хэвлэлийн хороог Улсын хэвлэлийн газар болгон өргөтгөхөөр болов.
МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчид Улс орныг батлан хамгаалах тухай, Сангийн аж ахуйнуудын одоогийн байдал ба цаашид гүйцэтгэх зорилтын тухай, Ардын гэгээрэл боловсролын ажилд үзлэг зохиох тухай, Нарийн төмөр зам байгуулах тухай, МАХН-ын түүхийг зохиох тухай, ЗХУ-аас үзүүлж буй тусламжийн тухай зэрэг шийдвэрийг гаргажээ.
1937
Намын Төв хорооны III бүгд хурал аравдугаар сарын 22-26-нд хуралдаж, БНМАУ-ын улс төрийн байдал, улсыг аюулаас хамгаалах ажил явууллагын тухай асуудлыг хэлэлцэж, Олон улсын байдлын тухай, ЗХУ-ын агуу их тусламжийн тухай тогтоолуудыг батлав.
МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчид Биеийн тамирын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай, Өвс хадах ажлыг хүчтэй болгох тухай, Намын байгууллагаас хувьсгалт залуучуудын эвлэлийн ажлыг хэрхэн удирдаж буй тухай, Ардын хувьсгалт цэргийн улс төрийн ба байлдааны бэлтгэлийг дээшлүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргажээ.
Х.Чойбалсанг Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжнаар томилов. Ийнхүү тэрбээр Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, Дотоод явдлын яамны сайдын тушаалыг хавсран гүйцэтгэх болов.
1938
МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаар Үндэсний цөөнхийн тухай, Худалдаа тээврийг хөгжүүлэх арга хэмжээний тухай, Ударник гавшгайчуудын зөвлөгөөнийг хуралдуулах тухай шийдвэр гаргав. Намын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаар сумдын дэргэдэх намын үүрүүдийн ажлын тухай хэлэлцэж, үүрүүдийг орон тооны намын нарийн бичгийн даргатай болгохоор тогтоов.
МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаас Жинчдийн нэгдэл, артель байгуулах тухай, Ардын аж ахуйтанд олгох зээллэгийн тухай, Дээд сургуулийн бэлтгэл сургууль байгуулах тухай, Ардыг гэгээрүүлэх явдалд хэрэглэгдэх нэмэгдэл хөрөнгийн тухай, Намын ухуулан таниулах ажлын байдал ба түүнийг өөрчлөн зохиох тухай, Үндэсний цөөнхийн дунд зохиох ажлын тухай тогтоол гаргажээ.
1939
МАХН-ын Төв хорооны IV бүгд хурал долдугаар сарын 4-8-нд хуралдаж, III бүгд хурлаас хойш намаас явуулсан ажлууд ба улсын гадаад, дотоод байдал, боловсон хүчний тухай асуудал, намын хүмүүжил олон түмний ажлын тухай хэлэлцэв.
МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаас намын дүрмийн төслийг хэлэлцээд намын Х их хурлын өмнө Намын бүх байгууллага, гишүүдээр хэлэлцүүлэхээр тогтов.
1940
МАХН-ын Х их хурал гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 5-нд хуралдаж, Намын Төв хорооны тайлан, улс орны мал аж ахуйн байдал ба түүнийг хөгжүүлэх тухай асуудал, МАХН-ын программ, дүрмийн төсөл, зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэв. Их хурал социализмын үндсийг байгуулах гол зорилт бүхий намын гурав дахь хөтөлбөрийг батлав. МАХН-ын Төв хорооны анхдугаар бүгд хурлаар МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ю.Цэдэнбалыг сонгов.
1941
Намын Төв хорооны Тэргүүлэгчид ба Сайд нарын зөвлөлөөс кирилл үсэгт үндэслэсэн шинэ үсэгт шилжин орох тухай тогтоол гаргаж, Монголын шинэ үсгийн төлөвлөгөөг нийтээр хэлэлцүүлэн саналыг авч, нэг сарын дотор Намын Төв хорооны Тэргүүлэгчид, Засгийн газарт оруулан батлуулахыг Ю.Цэдэнбал тэргүүтэй улсын комисст даалгав.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчид кирилл үсгийг үндэс болгон Монголын шинэ бичгийг 35 үсэгтэйгээр боловсруулсныг баталсан.
1942
МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Ажилчин, албан хаагчдын аж байдлыг сайжруулах талаар Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс явуулах ажлын тухай, Намын орлогч гишүүдийн дунд явуулах ажлын тухай, Үйлдвэрийн бүтээлийг дээшлүүлэх талаар Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс 1941 онд явуулсан ажлын тухай, “Улсыг батлан хамгаалах олон түмний ажил байдлын тухай, Шуудан харилцааны ажиллагааны явцын тухай, Аймаг, хотын намын хороодын тайлан илтгэл-сонгуулийн кампануудын дүнгийн тухай, “Үнэн” сонины тухай, Үйлдвэрийн газруудын дэргэдэх намын үүрүүдийн ажлын тухай тогтоолууд гаргав.
1943
МАХН-ын ТХ-ны Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Залуучуудын эвлэлийн хүмүүжлийн ажлын байдлын тухай, Холбооны ажлын тухай, Прокурорын газруудын ажлын тухай, Пионерийн ажил байдлын тухай, Цагдан сэргийлэх газрын ажлын тухай, Зохиолчдын дунд явуулж буй ажлын тухай, Шинжлэх ухааны хүрээлэнгээс Марксизм-Ленинизмийг дэлгэрүүлэх талаар явуулсан ажлын тухай, Төв аймгийн хэмжээнд явуулж буй намын ухуулан таниулах олон түмний ажлын явцын тухай, Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх тухай зэрэг тогтоолууд гарчээ.
1944
МАХН-ын Х их хурлаар хөдөлмөрчдийг бичиг үсэгт сургах нь бичиг мэдэгч хүн бүхний хүндтэй үүрэг байх ёстой хэмээн үзэж, насанд хүрэгчдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах ажилд нам, улс аж ахуй, олон нийтийн бүх байгууллагыг татан оруулах, хөдөлмөрчдийг бичиг үсэгт сургах, багш нарыг бэлтгэх, цагаан толгой, сурах бичиг, хичээлийн хэрэгслийг хангалттай болгохыг чухалчлан заав.
1945
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний санал гаргуулах тухай тогтоол гаргав. Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт аравдугаар сарын 20-ны өдөр явагдаж, тус өдөр БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдөр болж өнгөрөв. Санал хураалтад сонгуулийн насны бүх иргэдийн 98.4 хувь буюу 487,409 хүн оролцжээ. Санал хураалтад оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгч, Монголын ард түмэн улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж чадав.
1946
БНМАУ-ын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элсэх анхны хүсэлтээ илгээв.
1947
МАХН-ын XI их хурал арванхоёрдугаар сарын 8-23-нд хуралдаж, МАХН-ын Төв хорооны тайлан, БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үндсэн зорилтууд, намын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт, Намын төв хянан байцаах комиссын илтгэл, намын төв байгууллагуудыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцжээ. Намын XI их хурлаар улс ардын аж ахуй, соёлыг хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлэх Анхдугаар таван жилийн төлөвлөгөөг (1948-1952 он) баталсан нь манай орны цэцэглэлтийн шинэ үеийг эхлүүлсэн ач холбогдолтой болов.
1948
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар Эв хамт намын тунхгийн 100 жилийн ойг өнгөрүүлэх тухай, Сургуулиудын сурлага, хүмүүжлийн ажил байдал ба түүнийг сайжруулах арга хэмжээний тухай, Намын зохион байгуулалтын ажил ба өсөлтийн тухай, Намын анхан шатны байгууллагуудыг удирдаж байгаа байдлын тухай, Тогтмол хэвлэлийн хүргэлт, ашиглалтын тухай, Мал аж ахуйг хөгжүүлэхэд намын гишүүдийн манлайлах үүргийн тухай зэрэг шийдвэрүүдийг гаргав.
1949
БНМАУ-ын IX их хурал хоёрдугаар сарын 12-19-нд хуралдаж, сонгуулийн системийн ардчиллыг бэхжүүлэх шийдвэр гаргажээ.
1950
МАХН-ын Төв хорооны II бүгд хурал нэгдүгээр сарын 25-31-нд хуралдаж, хөдөлмөрчин олон түмний дунд явуулж байгаа улс төр, олон түмний ажлын байдал ба түүнийг сайжруулах талаар намын байгууллагуудаас тавих зорилтын тухай хэлэлцэв.
МАХН-ын Төв хорооны III бүгд хурал наймдугаар сарын 25-28-нд хуралдаж, сонгуулийн шинэ системийн үндсэн дээр Улсын Их хурлын сонгуулийг явуулахад намын байгууллагуудын зорилго, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв.
1951
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар Зөвлөлт Холбоот улстай соёлоор харилцах Монголын нийгэмлэгийн захиргааны ажлын тухай, Аймаг, хотын намын бага хурлуудын дүнгийн тухай, МАХН-ын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дэргэд намын хороо байгуулах тухай, Олон улсын хүүхдийг хамгаалах хөдөлгөөнийг дэмжиж үндэсний бага хурлыг хуралдуулах тухай, Баг дахь намын хэсгүүдийн ажлын тухай зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.
Ю.Цэдэнбал БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Ерөнхий сайдаар томилогдов.
1952
МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны хурлаар Улсын дотор биеийн тамир ба спортыг хөгжүүлэх ажлын байдлын тухай, Хүнсний ба гар үйлдвэрүүд дээр үйлдэхүүний яс чанарыг сайжруулах арга хэмжээний тухай, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх урлагийн хэргийг эрхлэх хорооны ажлын тухай, Улаанбаатар хотын намын өсөлтийг удирдаж байгаа ба намын залуу гишүүнийг хүмүүжүүлж байгаа байдлын тухай, “Үнэн” сонины газрын ажлын тухай, Тус улсын дотор баяр наадмыг хийж байх журмын тухай, БНМАУ-ын шүүхийн байгууллагуудын ажлын байдал ба түүнийг сайжруулах арга хэмжээний тухай, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн Төв зөвлөлийн ажлын тухай, Үйлдвэр дээр намын гишүүдийн манлайлах ролийг дээшлүүлэх тухай, Ардын үйлдвэрлэлийн нэгдлүүдийн тайлан сонгуулийн хурлын дүнгийн тухай зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.
1953
МАХН-ын Төв хорооны V бүгд хурал гуравдугаар сарын 2-5-нд хуралдаж, БНМАУ-ын ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн дүн ба 1953 оны төлөвлөгөөний зорилгын тухай, ардын нэгдлүүдийг зохион байгуулах, аж ахуйн талаар бэхжүүлэх тухай, зохион байгуулалтын асуудал хэлэлцжээ.
1954
МАХН-ын XII их хурал арваннэгдүгээр сарын 19-24-нд хуралдаж, МАХН-ын Төв хорооны тайлан илтгэл, Төв шалган байцаах комиссын илтгэл, БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1953-1957 онд хөгжүүлэх II таван жилийн төлөвлөгөөний талаар Намын их хурлаас өгөх удирдамж, намын дүрэмд оруулах өөрчлөлт, нэмэлтийн тухай, намын удирдах төв байгууллагыг сонгох асуудал хэлэлцэв.
1955
МАХН-ын Төв хорооны тогтоолоор МАХН-ын Төв хорооны дэргэд намын түүхийн институтийг түүх, орчуулга, Намын төв архив бүхий гурван тасагтайгаар байгуулав.
1956
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос Монголын үндэсний хөгжмийг сэргээн хөгжүүлэх тухай, Ардын гар урлал, чимэглэлийн урлагийг хөгжүүлэх арга хэмжээний тухай, Соёлын өвийг хамгаалах тогтоол гаргажээ.
1957
Намын Төв хорооны Улс төрийн товчоо намын сэтгүүлүүдийн чанарыг сайжруулан гаргалтыг олшруулах зорилгоор намын Төв хорооны хоёр сар тутам гардаг “Намын байгуулалт”, “Суртал нэвтрүүлэгч” сэтгүүлийг нэгтгэж, сар тутам гарах “Намын амьдрал“ сэтгүүл байгуулах шийдвэр гаргав.
1921 онд Толбо нуурын дэргэд болсон тулалдаанд амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн партизануудад зориулан дурсгалын хөшөө босгох тухай МАХН-ын Төв хорооны тогтоол гаргаж, аравдугаар сард Зөвлөлт-Монголын дайчдын дурсгалд зориулсан хөшөөний суурь тавигдав.
1958
МАХН-ын XIII их хурал гуравдугаар сарын 17-22-нд хуралдаж, намын Төв хорооны тайлан, БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний удирдамж, намын дүрэмд оруулах зарим нэмэлт өөрчлөлт, Намын шалган байцаах комиссын илтгэл, намын төв байгууллагуудыг сонгох асуудлыг хэлэлцжээ.
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос Зохиолчдын зохиол бичих боломжийг өргөтгөх тухай, Намын анхан шатны хорооны заавар, Хөдөө аж ахуйн нэгдлийн дэргэдэх намын байгууллагуудын ажлын тухай тогтоол гаргажээ.
1959
МАХН-ын Төв хорооны III бүгд хурал гуравдугаар сарын 27-30-нд хуралдаж, ЗХУКН-ын XXI их хурлын дүнгээс МАХН-ын үйл ажиллагаанд хийх дүгнэлтийн тухай, БНМАУ-ыг 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөнд зарим өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэв.
Орон даяар соёлын довтолгоо явуулах тухай МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол гаргав.
1960
МАХН-ын Төв хорооны V бүгд хурал долдугаар сарын 2-ны өдөр хуралдаж, Бухарест хотод болсон коммунист ба ажилчны намуудын төлөөлөгчдийн уулзалтын тухай сонсгол, БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийн төслийн тухай, зохион байгуулалтын асуудал хэлэлцжээ.
БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Шинэ үндсэн хуулийг баталжээ. Үндсэн хуулийн оршилд БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол МАХН мөн гэж хуульчлан тунхаглажээ. Үндсэн хууль ёсоор БНМАУ-ын улс төрийн үндэс нь бүх шатны Ардын депутатуудын хурал болов.
1961
МАХН-ын XIV их хурал долдугаар сарын 3-7-нд хуралдаж, МАХН-ын Төв хороо, Намын төв шалган байцаах комиссын тайлан, БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1961-1965 онд хөгжүүлэх III таван жилийн төлөвлөгөөний хяналтын тооны тухай илтгэлийг хэлэлцэж, намын төв байгууллагуудыг сонгожээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн XVI чуулган БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр батлан 103 дахь гишүүн улс болов.
1962
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг хэрхэн тэмдэглэх тухай асуудал хэлэлцэж, тогтоол гарган зохиох ажлын төлөвлөгөөний үндсийг батлан гаргаж, Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тавдугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэв.
МАХН-ын Төв хороо Төрийн байгууллагын үйл ажиллагаанд ардчиллыг хэрхэн биелүүлж байгаа тухай, Дархан хотын намын хороо байгуулах тухай тогтоол гаргав.
1963
МАХН-ын Төв хорооноос Ажилчин, албан хаагчдын ашиг орлогын татварыг хорогдуулах ба бага цалинтай ажилтан нарын цалинг нэмэгдүүлэх тухай, Төрийн байгууллагуудын үүргийг цаашид дээшлүүлэх талаар авах арга хэмжээний тухай, Эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх ажлыг сайжруулах арга хэмжээний тухай, Залуучуудын дунд зохиож байгаа үзэл суртал хүмүүжлийн ажлыг сайжруулах тухай тогтоол гаргав.
1964
МАХН-ын Төв хорооноос хүүхдийн сурлага хүмүүжлийн тухай нам, олон нийт, аж ахуй, соёлын байгууллагуудын ажилтан, ажилчид, эцэг эх, багш нарт захидал илгээжээ. Мөн дээд, дунд, тусгай мэргэжлийн сургуулийн Нийгмийн ухааны хичээлийн багш нарын улсын зөвлөгөөн зохион байгуулав.
1965
МАХН-ын Төв хорооны VIII Бүгд хурал арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Мал аж ахуйг хөгжүүлэхэд материаллаг сонирхлыг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай, МАХН-ын ХV их хурлыг хуралдуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.
1966
МАХН-ын XV их хурал зургадугаар сарын 7-11-нд хуралдаж, МАХН-ын Төв хорооны тайлан илтгэл, МАХН-ын Төв шалган байцаах комиссын тайлан илтгэл, БНМАУ-ын улс ардын аж ахуй соёлыг 1966-1970 онд хөгжүүлэх IV таван жилийн төлөвлөгөөний удирдамж, намын шинэ программыг батлах тухай хэлэлцэв.
Намын шинэ программ БНМАУ-д социализм байгуулж дуусгах үед МАХН-аас тавих гол зорилтыг “Орчин үеийн шинжлэх ухаан-техникийн дэвшилтийн ололтыг үндэс болгож, социалист нийгмийн үйлдвэрлэх хүчнийг бүхий л талаар хөгжүүлэх, тус орны эдийн засгийн хүч чадал, социалист соёлыг түргэн хурдацтай өрнүүлэх, нийгмийн социалист харилцааг боловсронгуй болгох, хөдөлмөрчдийг коммунист ёсоор хүмүүжүүлэх ажлыг хүчтэй болгох, улмаар ард түмний аж амьдралын байдал, соёлын хэмжээг цаашид дээшлүүлэх явдал мөн” гэж тодорхойлжээ.
МАХН-ын Төв хороо Социалист өмчийг хамгаалан бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай, Нам, улс, олон нийтийн байгууллагын удирдах ажилд эмэгтэйчүүдийг дэвшүүлж ажиллуулах тухай тогтоол батлав.
1967
МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөс Аж үйлдвэр, барилгад хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах ажлыг сайжруулах арга хэмжээний тухай тогтоолыг батлав.
МАХН-ын Төв хороо Хөдөө аж ахуйн нэгдлийн бригадын дэргэдэх намын үүр, хэсгийн удирдан зохион байгуулах үүргийг дээшлүүлэх тухай, Намын гэгээрлийн системд зарим өөрчлөлт оруулах тухай, Залуу үеийг нам, ард түмний хувьсгалт дайчин уламжлалаар хүмүүжүүлэх ажлын тухай тогтоол тус тус батлав.
1968
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор нам, улсын удирдах боловсон хүчнийг давтан бэлтгэх хоёр жилийн курс зохион байгуулах болов.
1969
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо Монголын урчуудын эвлэлийн хорооны ажлын тухай, Зурагт радиогийн нэвтрүүлгийг цаашид сайжруулах арга хэмжээний тухай, Намын анхан шатны байгууллагуудын хурлын үүрэг, ач холбогдлыг хэрхэн дээшлүүлж байгаа тухай, Шинэ санаачилга, тэргүүн туршлага сурталчлах ажлыг сайжруулах тухай, Хөдөө аж ахуйн ажилтан, мэргэжилтэн нарын мэргэжил, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх талаар авах арга хэмжээний тухай, Намын үзэл суртал хүмүүжлийн ажлын үр нөлөөг дээшлүүлэх тухай, Ардын хувьсгалын 50 жилийн ой угтаж соёлжилтын хоёр жилийн ажил зохиох тухай тогтоолыг гаргав.
1970
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос Монгол Ардын Нам хэмээх Монголын хувьсгалчдын анхны нэгдмэл байгууллага байгуулагдсан зургадугаар сарын 25-ныг Монголын хувьсгалчдын өдөр болгон тогтоож, жил бүр ёслон тэмдэглэж байх тухай, Фашизмыг бут цохисон их ялалтын 25 жилийн ойг тэмдэглэх тухай, Ардын хувьсгалын ойд бэлтгэх тухай, Эмэгтэйчүүдийн соёлжих танхимын тухай, Саятны бригадын хөдөлгөөнийг дэмжих тухай, МАХН байгуулагдсаны 50 жилийн ойн тухай, Ф.Энгельсийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолуудыг гаргажээ. Намын гишүүдийн бат илэрхийлэхийг солих ажил явагджээ.
1971
МАХН-ын XVI их хурал зургадугаар сарын 7-12-нд хуралдаж намын Төв хороо болон Төв шалган байцаах комиссын тайлан илтгэл, БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1971-1975 онд хөгжүүлэх V таван жилийн төлөвлөгөөний удирдамжийн тухай, намын төв байгууллагыг сонгох тухай асуудал хэлэлцжээ.
МАХН-ын Төв хороо “Улс төрийн сургууль” сэтгүүлийг гаргаж эхлэв. Алтанбулаг хотод Ардын хувьсгалын түүхийн салбар музей нээгдэв. ЗХУ-ын хөрөнгөөр “Орбит” станц ашиглалтад оров.
1972
МАХН-ын Төв хороо Улсын тэргүүний суртал нэвтрүүлэгч, ухуулагчдын II зөвлөгөөнийг зохион байгуулав.
МАХН-ын Төв хороо улс төрийн мэдээлэгчдийн хэсэг НАШБ-ын дэргэд байгуулагдан үйл ажиллагаагаа эхлэв.
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос Намын анхан шатны байгууллагын нарийн бичгийн дарга нарын улсын зөвлөгөөн хийлгэх тухай, Малчдын дунд зохиож байгаа ухуулга, хүмүүжлийн ажлын тухай, Аж үйлдвэрийн ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргав.
1973
МАХН-ын Төв хорооны VI Бүгд хурал зургадугаар сарын 30-ны өдөр хуралдаж, БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн төслийн тухай асуудлыг хэлэлцэв. Намын анхан шатны байгууллагуудын нарийн бичгийн дарга нарын улсын зөвлөгөөн арваннэгдүгээр сарын 12-14-нд Улаанбаатар хотноо болов.
Намын Төв хороо Эмэгтэйчүүдийн дунд зохиох ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай, Эрүүлийг хамгаалах ажлын байдлын тухай, Намын байгууллагаас захиргааны үйл ажиллагаанд тавих хяналтыг хүчтэй болгох тухай тогтоол гаргажээ.
1974
МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөс хүн амын ахуйн үйлчилгээг хөгжүүлэх асуудлаар Ахуй үйлчилгээний комбинат байгуулах тогтоол гаргав.
БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ой болон МАХН-ын III их хурлын ойг тэмдэглэв.
1975
МАХН-ын Төв хорооноос Намын эгнээний бүрэлдэхүүний чанарыг сайжруулахад намын байгууллагын роль, хариуцлагыг дээшлүүлэх тухай, V таван жилийн гавшгайч хамт олон дурсгалын диплом бий болгох шийдвэр гаргав.
МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөл Тусгай мэргэжлийн дунд сургуулиар мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлын чанарыг сайжруулах арга хэмжээний тухай тогтоол гаргав.
1976
МАХН-ын XVII их хурал зургадугаар сарын 14-18-нд хуралдаж, МАХН-ын Төв хорооны тайлан илтгэл, БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1976-1980 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, МАХН-ын Төв шалган байцаах комиссын илтгэл, Намын төв байгууллагуудыг сонгох асуудал хэлэлцэв. Их хурал улс орны эдийн засгийг төгөлдөржүүлэхэд онцгой анхаарав. VI таван жилийн төлөвлөгөөг батлав. “Социалист нийгмийг цаашид хөгжүүлэх нэг гол тулгуур асуудал бол социалист аж төрөх ёсыг туйлын өргөн хүрээнд хэвшүүлэн тогтоох явдал мөн” гэж заажээ.
Намын анхан шатны байгууллагын Нарийн бичгийн дарга нарын бүсийн зөвлөгөөнүүд болов.
1977
МАХН-ын Төв хорооноос МАХН-ын Төв хорооны тогтмол сэтгүүлийн нэгдсэн редакцын зөвлөлийг байгуулав. МАХН-ын Төв хорооны тогтоолоор элсэлт, арга хэмжээний асуудлыг урьдчилан боловсруулах комиссыг намын комисс болгон өөрчлөн байгуулав.
МАХН-ын Төв хорооны III бүгд хурал арванхоёрдугаар сарын 21-ний өдөр болж, боловсон хүчний мэргэжил, мэдлэг ажлын хариуцлагыг дээшлүүлэх шийдвэр гаргав.
1978
МАХН-ын Төв хорооноос хөдөө аж ахуйн нэгдлийн нийгмийн аж ахуйг цаашид бэхжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргаж, түүндээ “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой” гэсэн зарчмын лоозонг дэвшүүлжээ.
Нийтийн орон сууцны байранд намын хэсэг байгуулж, ажиллуулах тухай шийдвэрийг МАХН-ын Төв хороо гаргажээ.
1979
МАХН-ын Төв хорооны VI бүгд хурал арваннэгдүгээр сарын 19-нд хуралдаж, хөдөлмөрчдийн эдийн засгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх тухай зорилт дэвшүүлэв.
Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулиар нам, улсын боловсон хүчин бэлтгэх ажлын чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай МАХН-ын Төв хороо тогтоол гаргав.
1980
МАХН-ын Төв хорооны VII бүгд хурал арваннэгдүгээр сарын 20-нд хуралдаж, VI таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд социалист байгуулалтдаа нам, ард түмний олсон ололт амжилтыг нэгтгэн дүгнэв. МАХН-ын XVIII их хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргав.
МАХН-ын Улс төрийн товчоо Мал төллүүлэх бааз байгуулж, Баянхонгор аймгийн туршлагыг нэвтрүүлэх, Илгээлтийн эзэн, малчин залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргажээ.
1981
МАХН-ын XVIII их хурал тавдугаар сарын 26-30-нд хуралдав. Хуралд нийтдээ 824 төлөөлөгч оролцож, намын Төв хорооны тайлан, ойрын жилүүдийн зорилт, БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх VII таван жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэл, намын төв байгууллагуудыг сонгох асуудлыг хэлэлцэв.
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтийг “Нийгмийн ухааны институт” болгон өөрчлөв.
1982
МАХН-ын Төв хорооны IV бүгд хурал хоёрдугаар сарын 10-нд хуралдаж, МАХН-ын XVIII их хурлаас газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэв. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор Тээвэр, холбооны хэлтэс байгуулах шийдвэр гарав.
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр ”Малчдын сургууль байгуулах тухай” шийдвэр гарав.
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр “Алтан намар” хөгжмийн наадам явуулж байх тухай шийдвэр гарав. (“Алтан намар-82”)
1983
МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институт, Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль, БНМАУ-ын Шинжлэх ухааны академи хамтран Д.Сүхбаатарын мэндэлсний 90 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.
1984
МАХН-ын Төв хорооноос МАХН-ын III их хурал хуралдсаны болон БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргаж, ойг угтаж хөдөлмөрийн амжилт гаргахыг хөдөлмөрчдөд уриалав.
1985
Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх намын Төв хорооны аппаратын ажилтнуудтай уулзав. МАХН-ын XVIII их хурал, намын Төв хорооны удаа дараагийн бүгд хурлын шийдвэр, улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх VII таван жилийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, намын ээлжит их хуралд бэлтгэхэд намын аппаратын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар уриалав.
1986
МАХН-ын XIX их хурал хуралдаж, 89318 гишүүнийг төлөөлсөн 841 төлөөлөгч оролцов. БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1986-1990 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэн баталжээ. Намын Төв хорооны тайлан, цаашдын зорилт, Намын төв шалган байцаах комиссын тайлан, БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1986-1990 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, намын төв байгууллагуудыг сонгох тухай хэлэлцэв.
1987
МАХН-ын XIX их хурлын шийдвэрийн дагуу хүүхдийн ясли, цэцэрлэгийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын ажлыг сайжруулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөл Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргав.
МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх “Манай нийт хэвлэл, мэдээллийн байгууллага түүний дотор “Үнэн” сонины нийтлэлийн бодлогыг боловсронгуй болгох, бичлэгийн арга барилыг өөрчлөн сайжруулж, үр нөлөөг дээшлүүлэхэд ач холбогдолтой, урт хугацааны программ боллоо” гэж мэдэгдэв.
1988
Намын Төв хорооны IV (1987) бүгд хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйн гол хүч анхаарлыг үндсэн үйлдвэрлэлд нь төвлөрүүлэх зорилгоор МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл сумын төвийн дулаацуулгын зуух, дизелийн цахилгаан станц, ус сувгийн байгууламжийг нийтийн аж ахуйн байгууллагад шилжүүлэх тухай тогтоол гаргав.
1989
МАХН-ын 68 жилийн ойд зориулан “МАХН-өөрчлөлт, шинэчлэлийн манлайд” сэдэвт улс төрийн өдөрлөгийг зохион байгуулав.
1990
МАХН-ын Онц их хурал хуралдав. Өөрчлөн байгуулалтыг гүнзгийрүүлж, МАХН-ыг шинэчлэх ойрын зорилтын тухай илтгэл, МАХН-ын Мөрийн хөтөлбөр, МАХН-ын дүрэм, МАХН-ын төлөөлөн удирдах төв байгууллагуудыг сонгох асуудлыг хэлэлцэв. Онц их хурал МАХН-ын мөрийн хөтөлбөр, намын дүрэм, улс орны өмнө тулгарсан зорилтыг шийдвэрлэхэд МАХН-аас баримтлах үндсэн чиглэлийг батлав. Мөн МАХН-ыг шинэчлэх зорилтын тухай, намын ээлжит ХХ их хурлыг хуралдуулах хугацааг хойшлуулах тухай тогтоолуудыг батлав.
Намын Төв хорооны V(1988 оны) Бүгд хурлаас гарсан шийдвэрийн дагуу МАХН-ын түүхийг шинэчлэн боловсруулах ажлын явцын талаар МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн судлаачдын ярилцлага “Үнэн” сонинд хэвлэгдэн гарав.
1991
МАХН-ын ХХ их хурал хуралдаж, 409 төлөөлөгч сонгогдон оролцов. БНМАУ дахь нийгэм-улс төрийн байдал, МАХН-ын зорилт, “МАХН-ын түүхэн замнал” сэдэв, “МАХН-ын Хянан шалгах төв комиссын тайлан” илтгэл, Мандатын комиссын илтгэл, МАХН-ын Мөрийн хөтөлбөрт оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай, МАХН-ын Хянан шалгах төв комиссын дүрэм”, МАХН-ын төлөөлөн удирдах төв байгууллагуудыг сонгох тухай хэлэлцэв.
Улс төрийн намуудын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу МАХН-ын үүрүүдийг нийслэлийн хэмжээнд нутаг дэвсгэрийн чиглэлээр зохион байгуулж эхлэв. Найрамдлын районы ОСГ-ны III хорооны дэргэдэх МАХН-ын ахмад гишүүдийн гурван үүр бүх гишүүний хурлаа хийж, үүрийг өргөтгөж, нэг үүртэй байхаар шийдвэрлэжээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх 22 үүрийг татан буулгаж, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар 17 үүртэй болох зэргээр сум орон нутагт зохион байгуулалт хийгджээ.
1992
МАХН-ын XXI их хурал хуралдаж, МАХН-ын хичээн эрмэлзэх зүйл (Мөрийн хөтөлбөр)-ийг намын онол, суртахууны үндсэн баримтлалыг батлав. Намын хичээн эрмэлзэх зүйлд “МАХН үндэсний ардчилсан үзэл санааг баримтална. Энэхүү үзэл санаа нь Монголын ард түмний оюун ухааны шилдэг өв уламжлалд, хүн төрөлхтний мэдлэг, туршлагын үнэт зүйлд үндэслэнэ” гэж заагаад төв үзлийг онолынхоо гол тулгуур болгожээ. Их хурлаас УИХ-д ажиллах үйл ажиллагааны арга хэлбэрийг улам тодорхой болгох, парламентын шинэ бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн.
1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Шинэ үндсэн хууль батлан “Бүгд Найрамдах Монгол Ард Улс”-ыг “Монгол Улс” хэмээн нэрлэн Төрийн шинэ сүлд, туг, далбаа, тамгыг хэрэглэхээр болжээ.
Шинэ үндсэн хуулийг баталсан АИХ-ын депутатын 84.6 хувь буюу 357 нь МАХН-ын гишүүн байв.
1993
Бага хурлын III хуралдаанаар “МАХН-ын амьдрал” есөн зорилт, үйл ажиллагааны тулгамдсан зарим асуудал, Намын сан хөрөнгө, гишүүний ёс зүйн өнөөгийн байдалд хийх дүгнэлт, “УИХ дахь МАХН-ын бүлгийн үүргийг дээшлүүлэх зарим асуудал” илтгэлийг хэлэлцэв. Бага хурлаас МАХН-ын улс төрийн дүгнэлт зорилт баримт бичиг, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагчаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг намын удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн даргаар ажиллуулж байх тухай тогтоол гарган баталжээ.
1994
Бага хурлын IV хуралдаан болж, Монгол Улсын үндэсний хөгжлийн ойрын ирээдүйн зарим асуудлаар МАХН-ын баримтлал, Монголд төрийн шинэчлэлийг идэвхжүүлэх МАХН- ын байр суурь гэсэн баримт бичгийг гаргав.
Улс орон зах зээлийн харилцаанд шилжсэнтэй холбогдуулан намын Удирдах зөвлөлийн тогтоолоор МАХН-ын эрдэм шинжилгээ, сургалт, мэдээллийн төвийг бие даасан үйл ажиллагаа явуулдаг Сургалт, судалгаа, үйлдвэрлэл, бизнесийн “Прогноз” төв болгон өөрчлөв.
1995
Бага хурлын V хуралдаанаар “Монгол Улсад нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх МАХН-ын бодлогын тухай” илтгэл, МАХН-ын ХХII Их хурлыг хуралдуулах тухай хэлэлцэв. Бага хурлаас “Монгол Улсад нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх МАХН-ын бодлогын тухайд” илтгэлийн үзэл санаа, дэвшүүлж байгаа зорилтууд, “Хүний хөгжлийг хангах МАХН-ын бодлогын зарим асуудал” баримт бичгийн төсөл, түүнийг хэлэлцэх явцад Бага хурлын гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн судалж, УИХ-ын ирэх оны сонгуульд МАХН-ын дэвшүүлэх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгахыг Удирдах зөвлөлд даалгасан тогтоол гаргав.
Намын Удирдах зөвлөлөөс Монгол Ардын Намын анхны дарга С.Данзангийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан “Солийн Данзан-110” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.
МАХН-ын Удирдах зөвлөл, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан хамтран “Нийгмийн хамгааллын тогтолцоо” сэдэвт сургалт семинар зохион байгуулав.
1996
Удирдах зөвлөлөөс намын 75 жилийн ойг гуравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэхээр тогтоол гаргав. Намаа сурталчлах, гишүүд, дэмжигчид, ахмадуудын урам зоригийг сэргээж, намын ажлыг идэвхжүүлэх чиглэлээр улс төрийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ зохион байгуулахаар тогтов.
МАХН-ын Залуу гишүүд, дэмжигчдийн II чуулган хуралдав. Залуу гишүүд, дэмжигчдийн зөвлөлийг өргөтгөн “Залуучууд-хөгжил” төв болгож, ерөнхий захирлаар У.Хүрэлсүхийг сонгов. Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх “Залуучууд-хөгжил” төв нээлтээ хийв.
1997
МАХН-ын XXII их хурал Улаанбаатар хотноо хоёрдугаар сарын 21-24-нд хуралдаж, “МАХН-ын шинэчлэлийн тулгамдсан зорилтууд” сэдэвт улс төрийн илтгэл, хяналтын төв албаны тайлан, намын Мөрийн хөтөлбөр, намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Тус хурлаар “МАХН нь ардчилсан социалист үзэл санааг онол, суртахууныхаа үндэс болгосон зүүн төвийн нам” хэмээн албан ёсоор баталгаажуулав.
Намын дүрмийг оршил, зургаан бүлэг, 28 зүйлтэйгээр шинэчлэн, Бага хурал, Удирдах зөвлөлийн үүргийг тодорхой болгох зэрэг өөрчлөлтийг оруулжээ. Намын өөрийн хяналтын төв албыг Хяналтын ерөнхий хороо болгож аймаг, нийслэлд намын Хяналтын хороо байгуулахаар болов. Намын гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг үндэслэн Ю.Цэдэнбалын намын гишүүнчлэлийг сэргээв.
1998
Бага хурлын V хуралдаан болж, “Улс орны өнөөгийн байдал, МАХН-ын зорилтыг тодорхойлсон”, “МАХН-ын дотоод амьдралын тулгамдсан асуудлууд”, “МАХН-ын санхүүгийн талаар баримтлах бодлого, 1997 оны төсвийн гүйцэтгэл, 1998 оны төсвийн төслийн тухай” илтгэлүүдийг хэлэлцэв. Хурлаас МАХН-ын боловсон хүчний тухай, намын дүрмийн 10.3-ыг үндэслэн бодлогын зөвлөл байгуулах тухай, намын нэрийн тухай, нэрийг өөрчлөх тухай асуудлыг ээлжит Их хурлаар хэлэлцүүлэхээр, намын бэлгэ тэмдгийг шинэчлэн батлах тухай тогтоол гаргав. Намын бэлгэ тэмдгийг “Тав таваар хоёр эгнэж зүг бүрдээ тэгш тавиунаар дэлгэрэн цогцолсон арван дэлбээтэй сарнай цэцэг, түүний голд давхцан байрласан арга бэлгэ байхаар тогтжээ. Сарнайн дэлбээ нь улаан, навчис нь ногоон, арга бэлгэ нь цагаан өнгөтэй байна” гэж тогтов.
Удирдах зөвлөл төв аппаратынхаа бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, бүтцийн хувьд Улс төрийн хэлтэс, Мэдээлэл сурталчилгаа, гадаад харилцааны хэлтэс, Сан хөрөнгө эрхлэх газар гэсэн адил эрхтэй намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэгч үндсэн гурван нэгжтэй, шийдвэр гаргахад туслах зорилготой Намын төв архив, Судалгаа, сургалтын “Прогноз” төвтэй байхаар зохион байгуулжээ.
1999
Бага хурлын VII хуралдаан болж, “XXII Их хурлаас хойших МАХН-ын үйл ажиллагаа улс орны өнөөгийн байдал” илтгэлийг хэлэлцэж, намын үйл ажиллагаа, зохион байгуулалт, улс орны нөхцөл байдлын тухай тогтоол гаргав.
Судалгаа, сургалтын “Прогноз” төв МУИС-ийн түүхийн тэнхимтэй хамтран “ХХ зууны Монголын түүхийн зарим асуудал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.
2000
Бага Хурлын Х хуралдаанаар “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд МАХН-ын байгууллагын зорилт”-ын тухай, зохион байгуулалтын асуудал, намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Намын XXIII Их хурал хуралдуулах тов, хэлэлцэх асуудал, төлөөлөгч сонгох журмыг хэлэлцэв. Намын дүрмийн VII зүйлийн 2 дахь заалтад “Нийслэлийн дүүрэгт намын хороо” байгуулна. Намын хорооны гишүүдийн тоог нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдээс тогтооно. Сум, хороонд намын хороо байгуулж болно” хэмээн өөрчлөлт оруулжээ. Мөн XXIII их хурлыг 2001 оны хоёрдугаар сарын 28-нд хуралдуулах тов, хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг батлав.
2001
МАХН-ын XXIII их хурал хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-нд хуралдаж 118351 гишүүнийг төлөөлж, 625 төлөөлөгч оролцов. Их хурлаар намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Шинэ зуун-шинэ зорилт” улс төрийн илтгэлийн тухай тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан. Намын дүрэмд “Дүүргийн намын хороо, байгууллага Бага хурал, намын хорооны даргын зөвлөл ажиллаж, намын хорооны ажилчдын ажлын болон аж ахуй, санхүүгийн холбогдолтой асуудлыг эрхлэх бөгөөд зөвлөл нь ажлаа тэргүүлэгчдэд тайлагнана. Нам нь байнгын архивын албатай байна” гэж тогтов.
2002
Бага хурлын IV хуралдаан болж, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн талаарх МАХН-ын бодлого, хэрэгжилт, зорилт” илтгэлийг хэлэлцэн тогтоол гаргав. Тогтоолд төсвийн санхүүжилтийг үйл ажиллагааны эцсийн үр дүнтэй холбож байгууллагын ажлыг илүү үр ашигтай болгох, дэд бүтцийг хөгжүүлэх, чөлөөт бүс байгуулах эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх зэрэг төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд УИХ, Засгийн газраас сүүлийн хоёр жилд хийсэн ажлыг сайшаав.
2003
Социалист Интернационалын бүрэн эрхт гишүүнээр 2003 онд элссэн нь Монгол Ардын Намын нэр хүнд, үйл ажиллагаа нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн хүчин болсны илрэл болов.
1999 онд Францын Парис хотноо хуралдсан СоцИнтерний XXI их хурлаар МАХН-ыг ажиглагч статус бүхий бүрэн эрхт гишүүнээр элсүүлэн авчээ. 2005 оны тавдугаар сард СоцИнтерний Ази, Номхон далайн бүс нутгийн ээлжит хурлыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулав. 2010 онд Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид СоцИнтерний зөвлөлийн хуралд оролцож, Монгол Ардын Нам нэрээ СоцИнтернд албан ёсоор бүртгүүлж, Ази тивийн Улс төрийн намуудын Олон улсын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болов.
2004
Намын Удирдах зөвлөлийн тогтоолоор намын дэргэдэх Сургалт, судалгааны “Прогноз” төвийг “Нийгэм, улс төрийн судалгааны Прогноз хүрээлэн” болгож өөрчлөх шийдвэр батлагдан гарч, цомхон бүтэц, зохион байгуулалтаар ажиллах болжээ.
2005
Бага хурлын III хуралдаанаар МАХН-ын Сургалт, судалгааны ажлын талаар баримтлах бодлогын чиглэлийг батлав. МАХН-ын Сургалт, судалгааны Академийн дүрмийг намын дүрмийн хэмжээнд боловсруулан баталж, сургалт судалгааны үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэхээр болов. Тус бага хурлаас баталсан “МАХН-ын сургалт, судалгааны ажлын талаар баримтлах бодлогын чиглэл” баримт бичгийг үйл ажиллагааныхаа удирдамж болгон ажиллах болов.
МАХН-ын ХХIV их хурал хуралдан 156 мянган гишүүнийг төлөөлж, 1200 төлөөлөгч оролцжээ. Их хурлаар “Шинэчлэл, хөгжлийн төлөө намын бодлого, зорилт” илтгэл, Бага хурал, Удирдах зөвлөлөөс хоёр Их хурлын хооронд хийсэн ажлын тайлан, МАХН-ын Хяналтын ерөнхий хорооны тайлан, МАХН-ын Мөрийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлтийн тухай, “МАХН-ын дүрмийн шинэчилсэн найруулгын тухай” илтгэлийг сонсож, холбогдох тогтоолуудыг баталжээ.
2006
Намын анхан шатны байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагааны үндсэн дээр “Хэлэлцүүлэг”-ийг явуулав. Намын нэр хүнд, үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн энэ хэлэлцүүлгийн сургамж, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар намын Бага хурлын VI хуралдаанд илтгэж, дараагийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг ханган энэ ондоо багтаан зохион байгуулах үүргийг Удирдах зөвлөлд өгөв.
МАХН ба Германы Социал Демократ нам хамтран Улаанбаатар хотноо “Социал демократ үзэл баримтлалыг Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд тусгах нь” сэдвээр хамтарсан зуны сургалтыг зохион байгуулав.
2007
Бага хурлын VIII хуралдаан есдүгээр сарын 7-нд болж, МАХН-ын ХХV их хурлын хуралдах тов, хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, төлөөлөгч сонгох журмыг батлах тухай тогтоол гаргажээ. Мөн оны аравдугаар сарын 21-ний өдөр хуралдсан Бага хурлын IХ хуралдаанаар “МАХН-ын хөгжлийн бодлого, шинэчлэлтийн тулгамдсан зорилт” илтгэлийг товчлон танилцуулав.
МАХН-ын ХХV их хурал хуралдан 161.5 мянган гишүүнийг төлөөлж, 678 төлөөлөгч сонгогдон оролцсон байна. Их хурлаар намын Мөрийн хөтөлбөр, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан “МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал”, “Төрийн шинэтгэлийн үзэл баримтлал”, “Монгол хүний хөгжлийн талаар баримтлах бодлого”, “МАХН-ын тунхаг бичиг” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргаж, “МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал”-ын чиглэл, зорилтыг намын Мөрийн хөтөлбөр, дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган дэс дараатай, үе шаттай хэрэгжүүлэхийг Бага хурал, Удирдах зөвлөлд үүрэг болгожээ.
2008
Бага хурлын V хуралдаанаас Сургалт, судалгааны “Прогноз” академийг шинэчлэн байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэн академийн бүрэлдэхүүнд “Иргэний улс төрийн боловсролын дээд сургууль” байгуулах тухай шийдвэр гаргав.
МАХН-аас санаачилсан “Нийгмийн ардчиллын аян”-ы хүрээнд намын дэргэдэх Ахмадын холбооны 10 жилийн ойг угтан “МАХН ба Монгол Улс” сэдэвт онол практикийн хурал болов.
2009
Намынхаа нийгмийн ардчиллын үзэл баримтлалын агуулга, үнэт зүйлс, мөн чанар, онцлог давуу талыг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэхийн тулд Нийгмийн ардчиллын аяныг өрнүүлж, үнэт зүйлсийг шинэ агуулга, арга хэлбэрээр сурталчлан таниулах зорилгоор онол практик, эрдэм шинжилгээний хурал, аян зэрэг нийгэмд үр өгөөжтэй олон ажлыг зохион байгуулав.
Нийгмийн ардчиллын аяны хүрээнд МАХН-ын Удирдах зөвлөл, “Прогноз” академи, МУИС-ийн НШУС-ийн Улс төр судлалын тэнхим, МУБИС-ийн Улс төр, социологийн тэнхимтэй хамтран “Ардчилал ба улс төрийн нам” онол практикийн бага хурлыг зохион байгуулав.
2010
МАХН-ын XXVI Их хурал арваннэгдүгээр сарын 4-7-нд “Шинэчлэл, манлайлал, хөгжил” уриан дор хуралдаж, улс орныхоо ардчилсан өөрчлөлтийн өнгөрсөн 20 жилийн үйл явцыг дүгнэн хэлэлцэж, цаашид баримтлах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлсон юм. Цаг үеийн нөхцөл байдлын өөрчлөлт, намын гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл, зоригийг харгалзан Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ сэргээв. Монгол Ардын Нам бол Монгол Ардын Хувьсгалт Намын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам юм. Монгол Ардын Намын Хичээн эрмэлзэх зүйл (Мөрийн хөтөлбөр)-ийг баталж, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан, намын бэлгэдэл, далбааг шинэчлэн батлав.
Сургалт, судалгааны “Прогноз” академиас “Монголын улс төрийн ууган байгууллага МАХН ба улс төрийн үзэл баримтлал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.
2011
Монгол Ардын Нам байгуулагдсан өдөр буюу ”Эх орончдын өдөр”, намын 90 жилийн ойгоор “Тусгаар тогтнолын ордон”-ы нээлт болж, Удирдах зөвлөлийн хоёрдугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор намын үе үеийн гүйцэтгэх төв байгууллага байрлан үйл ажиллагаа явуулж ирсэн уг төв байрыг 2011 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын ард түмний тусгаар тогтнолын бэлгэдэл, эв нэгдлийн өргөө байхаар “Тусгаар тогтнолын ордон” хэмээн үеийн үед үүрд нэрлэхээр шийдвэрлэв.
Монгол Ардын Намын Удирдах зөвлөл энэ оноос эхлэн аймаг, нийслэлийн намын хороодын ажлыг есөн номинацаар дүгнэн байр эзлүүлж, шилдгийн шилдэг намын хороо, үүрийг тодруулах болж, Монгол Ардын Намын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”- той болов.
Намын Удирдах зөвлөлийн XI тогтоолоор Сургалт, судалгааны “Прогноз” академийг “Нийгмийн ардчиллын хүрээлэн” болгон өөрчлөв.
2012
Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдааны гуравдугаар тогтоолоор Монгол Улсыг 2012-2031 онд хөгжүүлэх “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг батлав.
НАМЗХ, Фридрих Эбертийн сан, Нийгмийн ардчиллын хүрээлэн хамтарч “Үндэсний сургагч багш бэлтгэх академи-2012” сургалтын үйл ажиллагааг зохион байгуулав.
Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс Монгол Ардын Намын 91 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Ардын хувьсгалын анхны долоо: Амьдрал, үйл хэрэг” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.
2013
Монгол Ардын Намын XXVII их хурал намын 230 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 1121 төлөөлөгчтэйгөөр аравдугаар сарын 27-31-нд хуралдав. Их хурлаас намын үйл ажиллагааны шинэчлэлтэй холбоотой олон чухал нэмэлт, өөрчлөлтийг оруулсан “Монгол Ардын Намын үндсэн дүрэм”-ийг хэлэлцэн баталж, Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (Мөрийн хөтөлбөр)-д эх орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, тайван, аюулгүй эрх чөлөөт амьдралтай болгохоор эрхэм зорилгоо болгон Монгол Ардын Намын “Урагшаа” үйл ажиллагааны шинэчлэлийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлов.
2014
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албанаас Нийслэлийн намын хороотой хамтран “Иргэдийн цаг” уулзалтыг нийслэлийн зургаан дүүргийн улсын болон дүүргийн эмнэлгүүд, томоохон худалдааны төв, зах зэрэг газруудаар, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүдтэй хамтран “Ардын индэр” сегментийн уулзалтыг гурван сарын турш зохион байгуулав. Уулзалтад УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд, намын Удирдах Зөвлөлийн гишүүд нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг баримт судалгаатайгаар бэлтгэн УИХ-ын чуулганд танилцуулж ажиллав.
Монгол Ардын Намын Бага хурлын II хуралдаанаар намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Ардын Намын хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө буюу үйл ажиллагааны бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн батлав. Ингэснээр Монгол Ардын Нам нь дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр бүхий Монгол Улсын анхны улс төрийн хүчин болов.
Намын дэргэдэх Стратеги академи, Удирдлагын академитай хамтран Монгол Ардын Намын хүний нөөцийг бэлтгэх, залуу гишүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх хүрээнд “Манлайлал-500” хөтөлбөрийг эхлүүлэв.
2015
Монгол Ардын Намаас “Намын хамт олон хариуцлагаа эрс өндөржүүлэн намын дотоод эв нэгдлээ бататгаж, 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хамтын хүчээр бүрэн хангаж ажиллах жил” болгон зарлав.
Сонгогчдын санал бодлыг сонсох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг зөвлөлдөх зорилгоор “Бид хамтдаа” аяныг өрнүүлж, улсын хэмжээнд бүх аймаг, сум, нийслэлийн есөн дүүргийн хүрээнд зургаан сарын хугацаанд, 520 шахам мянган хүнийг хамруулав.
2016
Монгол Ардын Нам УИХ-ын 2016-2020 оны сонгуульд “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” уриатай таван бүлэг, 31 дэд бүлэг, 316 зорилт бүхий Мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцож, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт явагдсан УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр олонх болж үнэмлэхүй ялалт байгуулав.
2017
Монгол Ардын Намын XXVIII их хурал 1309 төлөөлөгчтэйгөөр Улаанбаатар хотноо хуралдав. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэн, МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулж, Удирдах Зөвлөлийг 33 гишүүнтэй байхаар шийдвэрлэсэн. Их хурлаас “МАН-ын хичээн эрмэлзэх зүйл” буюу Мөрийн хөтөлбөрийг намынхаа түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийг тодотгож, үзэл баримтлал, эрхэмлэх зүйлсийг илүү тодорхой болгон шинэчилж батлав.
МАН зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын холбоо “Прогрессив Аллианс-Дэвшилтэт Эвсэл” байгууллагын ээлжит Бага хурлыг Улаанбаатар хотноо тавдугаар сард зохион байгуулав.
2018
Монгол Ардын Нам нь бодлогын шинэчлэлийн хүрээнд “Цахим нам” болох зорилтыг дэвшүүлж, намын гишүүд, дэмжигчдийн цахим бүртгэлийн системийг амжилттай хэрэгжүүлж, цахим бүртгэлийг улсын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулав. Намын үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлж, намын дотоод холбоо харилцаа, үйл ажиллагааг цахимаар явуулах боломж бүрдүүлэв.
Стратеги академийн дэргэд “Улс төрийн боловсролын институт”-ийг байгуулав.
2019
Монгол Ардын Нам “Сахилга бат, хариуцлага, зохион байгуулалт”-ын жил болгон зарлав.
Монгол Ардын Намд дотоод ардчиллыг бий болгох, “Гишүүн төвтэй нам” болгох зорилгоор намын бүтцийн шинэчлэлийг намын анхан шатны байгууллагаас эхлүүлэх, намын дүрмийн хүрээнд намын анхан шатны байгууллагыг байгуулах журмыг боловсруулан гаргав.
2020
Монгол Улсын Их хурлын сонгуульд Монгол Ардын Нам 62 суудал авч, олонх болов. Монгол Ардын Нам нь Монгол Улсын засаг захиргааны нэгж бүрд анхан шатны байгууллагатай, гишүүдийн дундаж нас 41.5, намд элсэгчдийн дундаж нас нь 33.9 болж, гишүүд дэмжигчдийн тоо 220 мянгад хүрэв. Монгол Ардын Нам гишүүд, дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлаж, Монгол Улсын хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхан аж амьдралын төлөө хамтдаа ажиллаж, амжилтад хүрч байгаа үндэсний хэмжээний улс төрийн байгууллага болж чадсан юм.
2021
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр болж, Монгол Ардын Намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.69 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулав.
Монгол Ардын Намын 30 дугаар их хурал Улаанбаатар хотноо 2021 оны арванхоёрдугаар сарын 6-7-нд хуралдан намын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжилж, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийг 36 гишүүнтэйгээр баталж, социал демократ үзэл баримтлалтай нам гэдгээ зарлаж, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд анхаарч, авлигатай тэмцэхээ мэдэгдэв.
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Ардын Намын 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийг сурталчлах ажлын хэсэг байгуулах тухай, Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай, Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг байгуулах тухай, “Авлигын эсрэг дэвшилтэт бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай, “Монгол Ардын Намын хөтөлбөр (Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл)-ийг сурталчлан таниулах ажлын хэсэг байгуулах тухай, Монгол Ардын Намын Санхүүжилтийн журам батлах тухай, Монгол Ардын Намын хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулах тухай, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай, Улс төрийн бодлогын Зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай, Албан тушаалын зэрэглэл цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай, 2022 оны төсөв батлах тухай, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулах тухай, Ажилд томилох тухай, 30 дугаар Их хурлын бодлого шийдвэрийг сурталчлах пиар төлөвлөгөө танилцуулах зэрэг бусад асуудлыг хэлэлцэн батлав.
2022
Монгол Ардын Намын 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллав.
Социал демократ үзэл баримтлалаа түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого удирдах ажилтны сургалт-2022”-ыг Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын алба болон Стратеги Академи хамтран хийж, 21 аймаг, есөн дүүргийн нийт 12,800 орчим намын гишүүнийг хамруулав.
Монгол Ардын Намын 30 дугаар Их хурлын XI тогтоол “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн аргачлал сайжруулах дэвшилтэт бодлого” илтгэлийг хэлэлцэж, хүний эрхийн төлөв байдлыг сайжруулахын тулд соён гэгээрүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн албаны зүгээс хүний эрхийн асуудлыг энэ тэргүүнд тавих соёл, хандлага, сэтгэлгээг төлөвшүүлэх цогц бодлогыг Монгол Ардын Нам манлайлан хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзэж “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”, “Дэвшилтэт бодлогын хүрээлэн” тус тус байгуулав.
2023
Монгол Ардын Нам Засгийн эрхийг барьж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн нэмэлт, өөрчлөлт оруулав.
Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, улс төрийн тогтолцооны шинэчлэлт хийв.
“Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлийг 21 аймаг дахь 31,000 гаруй МАН-ын гишүүн, иргэн, дэмжигчид танилцуулж, Монгол Ардын Намын анхан шатны байгууллагын 2,347 тэргүүлэгчтэй уулзалт хийж, намын 2,326 гишүүнээс “Намын гишүүдийн сэтгэл ханамжийн судалгаа” авч, нийгэм, улс төрийн нөхцөл байдал тодорхойлох фокус бүлгийн ярилцлагад нам бус 1,050 иргэнийг хамруулав.
Түүх надаас эхэлдэг, түүх чамаас эхэлдэг.
Түүх гэр бүлээс эхэлдэг, түүх хамт олноос эхэлдэг.
Түүх нийгмээс эхэлдэг, түүх улс орноос эхэлдэг.
Энэ бүхнийг багтаасан том түүх бол Монгол Ардын Намын түүх юм.
Цаашид ч Монгол Ардын Нам түүхээ үргэлжлүүлэн бүтээх болно.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна