20 гаруй жилийн дараа шинэчлэн найруулсан Гэр бүлийн тухай хуулийн төсөлд хэзээ алх цохих вэ


Хуучин буюу 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан найм дахь удаагийн парламент  12 чуулган, хүндэтгэлийн таван хуралдаан хийж, 2200 хууль тогтоомж баталсан. Тэгвэл 126 гишүүнтэй ес дэх удаагийн парламентын ээлжит бус хуралдааны, мөн цаашлаад намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ямар ямар хуулийн төсөл, тогтоол багтах вэ гэдэг нь олны анхаарлыг татаж буй.

Ямартаа ч сарын өмнө зохион байгуулсан УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулганаар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, намын бүлгүүд байгуулагдан,  байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан. Мөн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилон, Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталж, улмаар хамтарсан Засгийн газрын гишүүдийг УИХ-д танилцуулж, тангараг өргүүлснээр анхдугаар чуулган завсарласан.

Холбогдох хуульд зааснаар бол намрын чуулганыг аравдугаар сарын 1-нд эхлүүлнэ. Гэхдээ хэрэв, хуульд заасан нөхцөл шаардлага бүрдвэл УИХ ээлжит бусаар хуралдах ёстой. Энэ тухайд анхдугаар чуулганы нээлтийн хуралдааныг даргалсан, шинэ парламентын хамгийн ахмад гишүүн, академич Д.Рэгдэл “Намрын чуулган болтол хоёр ч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нөхцөл үүсэх болов уу гэж харж байна. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн танилцуулга хийх үеэрээ “Манай Засгийн газар нэгдсэн хөтөлбөрөө 30 хоногийн дараа бэлэн болгож, УИХ-д танилцуулна” гэж хэлсэн. Тэгэхээр энэхүү хөтөлбөр бэлэн болсны дараа ээлжит бус чуулган хуралдуулж, танилцуулах юм болов уу гэж ойлгож байна. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2024 оны улсын төсөвт өөрчлөлт оруулж таарна. Тиймээс намрын нэгдсэн чуулганаар төсөв хэлэлцэхээс өмнө ээлжит бусаар хуралдаж төсөвтөө өөрчлөлт оруулах болов уу гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Түүний хэлснээс, мөн цаг хугацааны нөхцөл байдлаас харахад шинэ парламент ээлжит бусаар хуралдсан тохиолдолд дээр дурдсанчлан тухайн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь тодорхой. Харин намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж, алх цохиулахаар ээлжээ хүлээж буй хуулийн төсөл олон бий. Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Тус хуулийн төслийг  өмнөх Засгийн газар боловсруулж, улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Ингэснээр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэж, улмаар ажлын хэсэг байгуулсан байдалтай байгаа юм.

 

Гэр бүлийн бус салбарын харилцааг зохицуулахад чиглэсэн өөрчлөлтийг найман удаа хийжээ

 

Тус хуулийг яагаад шинэчлэн найруулав. Ямар шаардлага үүссэн бэ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар гэр бүлийн харилцаанд гарч буй асуудлыг бүрэн  шийдвэрлэж чадаж байгаа юу. Ялангуяа хүүхдийн эрх ашгийг хамгаалж чадаж байгаа юу гэх мэт олон асуулт хөвөрнө. Ямартаа ч Гэр бүлийн тухай хууль бол хувийн эрх зүйн асуудлыг зохицуулж буй суурь хуулиудын нэг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг 20 гаруй жилийн өмнө буюу 1999 онд баталсан бөгөөд түүнээс хойш уг хуульд нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Гэхдээ эдгээр нэмэлт, өөрчлөлт нь гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй гол асуудлыг шийдвэрлэхэд чиглэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдан орсон өөрчлөлт аж. 

Холбогдох хүмүүсийн хийсэн судалгаагаар монгол гэр бүлийн бүтцийг дан буюу эцэг эх, үр хүүхдүүдээс бүрдсэн, нийлмэл буюу өргөжсөн, ургийн хэд хэдэн үеийнхэн хамтдаа амьдардаг, өрөөсгөл буюу эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүл гэж ангилжээ.  Харин насны ангиллын хувьд ахмад, дунд, залуу гэр бүл гэж авч үзэхэд ахмад настай гурван гэр бүл тутмын нэг нь өрөөсгөл, дөрвөн гэр бүл тутмын нэг нь нийлмэл гэсэн дүн гарсан байна. Монгол гэр бүлийн 91.3 хувь нь дунд түвшний тэнцвэртэй гэр бүлийн төрөлд хамаарч байгаа бөгөөд тэд өөрчлөлтөд дасан зохицох чадвартай ч харилцаа холбоо тааруу, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал байдаг гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ. Гэр бүл салахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлээр анхаарал халамж дутагдах, эрүүл мэндийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл гэж нэрлэсэн бол бодит шалтгаанаар үзэл бодлын зөрчил, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа гэх мэт асуудлыг судалгаанд оролцогчид дурдсан байна.

Ер нь гэр бүл салалт, гэр бүлээс гадуурах харилцаа, албан бусаар хамтран амьдрах,  хүүхдийн тэтгэмжээ өгөхөөс зайлсхийх гэх мэт асуудлын тоо жилээс жилд нэмэгдэж буйг гэр бүлийн чиглэлээр ажилладаг, энэ төрлийн судалгаа хийдэг хүмүүс анхааруулсаар байгаа. Одоогоос тав, зургаан жилийн өмнө жилд дунджаар 20-21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж байсан бол 2020 онд энэ тоо 14 орчим мянга болж буурчээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Гэр бүлийн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 60.4 хувь буюу 14021 хэрэг нь гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй холбоотой байсан бөгөөд 2010 онд гэрлэлт цуцалсан тоог 2021 оныхтой харьцуулахад арав орчим хувиар өссөн байна. Мөн 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд нь 22924 хүүхэд мэндэлсэн бол хүүхдийн тэтгэмж авах шүүхийн шийдвэр гарсан 17 орчим мянган хүүхэд байгаа аж.

                                                                                     

Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх шийдвэрлэхээр заасан 

Дээрх тоон үзүүлэлт нь гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээхтэй холбоотой олон харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг байгааг харуулж байгаа юм. Мөн гэр­лэлтээ бүртгүүлээгүй бо­ловч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрх, үүргийг тодор­хойлох цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд асрамжлахтай холбоотой маргааныг нарийвчлан зохицуулах шаардлага үүсээд буй. Олон улсын жишгийг харахад, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа эсвэл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, түүнчлэн тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх мэт асуудлыг хууль тогтоомжоор зохицуулдаг байна. Тиймээс гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж буй харилцааг зохицуулах, мөн орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг  шинэчлэн найруулжээ.

Тиймээс тус хуулийн төсөлд гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах, гэр бүл цуцалсан тохиолдолд хүүхдийн тэтгэмжийг хүрэлцэхүйц байлгах, гэр бүлээс гадуурх харилцаа гэдэг гурван үндсэн агуулгаар өөрчлөлт хийж, нарийвчлан тусгажээ. Тодруулбал, гэрлэгчид, хамтран амьдрагчдын гэрлэлт, түүнийг дуусгавар болгох, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, хүүхдийн асран хамгаалалт, үрчлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садныг тэжээн тэтгэх, харгалзан дэмжих зэрэг харилцааны хүрээг хамруулсан зохицуулалтыг тусгасан байна.

Ингэхдээ, гэр бүлийн харилцаанд эцэг, эх, хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, үүний дотор, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг баримталсан байна. Тухайлбал, хуулийн төсөлд хамтран амьдрагчдыг тодорхойлж, тэдний хамтын амьдралын явцад төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил хамгаалах зохицуулалтыг тусгаж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлжээ. Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхэдтэй хамт амьдарч байгаа эсэхээс үл шалтгаалан хүүхдийн өмнө үүрэг хүлээхээр зааж, гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхийн дундаас төрсөн, үрчлүүлсэн, дагавар хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэх зохицуулалтыг тусгаснаараа онцлогтой.

Мөн шүүхээс гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эсэхээс үл хамаарч хүүхдийн тэтгэлгийг хамтад нь заавал шийдвэрлэхээр зохицуулж, тэтгэлгийн хэмжээг шүүх шийдвэрлэхээр заасан байна.

 

Шинэ зохицуулалт - Гэрлэлтийн гэрээ 

Түүнчлэн монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, иргэний бүртгэлийн байгууллагын мэдээллээс лавлагаа авах болон ДНХ-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгажээ. Хуулийн төсөлд тусгасан бас нэг шинэлэг зохицуулалт нь гэр бүлтэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагчдын харилцааг зохицуулсан явдал юм. Тэдэнд тавих шаардлага, эрх үүрэг, хамтын амьдралыг дуусгавар болгох, хүүхдийн асуудал гэх мэт олон харилцааг нарийвчлан тусгасан байна.

Мөн түүнчлэн хуулийн төсөлд гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан зааж, тэдний эрх ашиг, эд хөрөнгийн эрхээ хамгаалах боломжийг бий болгосон гэрлэлтийн гэрээний талаарх шинэ зохицуулалт нэмжээ. Мөн гэрлэлт цуцлах тусгай журамд гэрлэгчид эвлэрэх боломжгүй, эсвэл гэрлэгчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, учирсан нь тогтоогдсон, тодорхой хугацаанд хамтран амьдраагүй зэрэг тохиолдолд шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор тусгасан байна. Энэ мэтчилэн гэр бүлийн харилцаа, хүүхдийн эрх ашиг гэх мэт  олон асуудлыг шийдвэрлэх зорилгын дор тус хуулийг шинэчлэн найруулжээ. Харин одоо олон  гэр бүл энэхүү хуульд алхах цохихыг хүлээсээр.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр