Д.Мөнхбаатар: Таны, миний биш, бид бүгдийн агаар гэж бий



Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатартай агаар, орчны бохирдлын үндсэн шалтгаан нөхцөлүүдийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед агаарын бохирдол иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлэх боллоо.  Нийслэлийн агаарыг бохирдуулж байгаа үндсэн шалтгаан юунд байна вэ? 
-Үндсэн гурван эх үүсвэр байна. Эхнийх нь гэр хороолол. Улаанбаатар хотод яг өнөөдрийн байдлаар 190 мянга гаруй буюу 200 мянга орчим айл гэр хороололд амьдарч байна. Үүнээс 95 мянга нь монгол гэрт, 105 мянга нь байшинд амьдарч байгаа юм. Энэ 200 мянга орчим айл ердийн галлагаагаар орон гэрээ дулаацуулдаг. Энэ нь нийслэл хотын агаарын бохирдлын 55.6 хувийн эх үүсвэр болж байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй 805 автомашинаас хөдөлгөөнд оролцож байгаа нь 720 мянга. Энэ 720 мянган автомашин агаарын бохирдлын 28.9 хувийн эх үүсвэр. Үлдсэн хувийг нь уурын болон усан халаалтын Дулааны цахилгаан станцын галлагаанаас гарч буй утаа эзэлж байна. Агаарын бохирдол хамгийн ихтэй оргил цаг бол өглөө ба оройн цаг. Иргэдийн өглөө ажилдаа явах цаг, орой ажлаа тарах үе нэгэн зэрэг автомашинаа асаан зам дээрээ гардаг тул түгжрэл эхэлдэг. Зам түгжрэх үед автомашин 0-5 километр\цагийн хурдтай болдог. Ийм хурдтай үед автомашинаас ялгарах утаа гурав дахин нэмэгддэг. Өглөө, оройд утаа их харагдаад байдаг бас нэг шалтгаан нь “Инверсийн үзэгдэл”. Үүнийг хамгийн энгийнээр хэлбэл, халуун агаар доороо байх хүйтэн агаарыг дээшлүүлэлгүй “түгжих” үзэгдэл юм. Ийм учраас утаатай, бохир агаар дээр байх халуун агаарыг нэвтэлж чадалгүй тунаж, тэндээ суух үзэгдлийг темпратурын инверс гэж нэрлэдэг.
-Улаанбаатар хотын агаарын бохирдол учир тоймоо алдлаа гэж огт юу ч хийхгүй байгаа мэт ярих хүн олширлоо. Агаарын бохирдлыг бууруулахад хийж байгаа ажлууд юу байна?
-Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулахын тулд асуудлыг томоор харж шийдэхийг хичээн ажиллаж байна. Агаарын бохирдлын хамгийн том хүчин зүйл болсон 200 мянган өрх айлаа орон сууцжуулъя. Хоёрдугаарт, ирэх жилээс гэр хорооллын 15-20 мянган айл өрхийг шатдаг шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээ рүү шилжүүлэх төсөл яригдаад тооцоо судалгаа хийгээд явж байна. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Гал түлж л байвал утаа байна. Тэгэхээр 55.6 хувийг эзлээд байгаа гэр хорооллын айлуудыг дахин төлөвлөлтөд орсон зургаан дэд төвд хуваан суурьшуулах юм. Ирэх оноос “Сэлбэ” дэд төвд 12 мянган айл, “Баянхошуу” дэд төвд 8000 айлын орон сууц баригдаж дуусна. Үлдсэн айлуудаа орон сууцжуулах ажил үргэлжилнэ. Энэ төсөл нийтдээ 50 гаруй мянган айлыг орон сууцжуулахаар байгаа. Дээр өгүүлсэн шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээ рүү нийтдээ 100 мянган айлыг 2028 он гэхэд шилжүүлнэ гэдэг тооцооллыг хийгээд ажиллаж байна.
-Шингэрүүлсэн хийн түлш рүү шилжих сайхан л сонсогдож байна. Гэхдээ бидэнд шингэрүүлсэн хийн түлшний нөөц байгаа билүү? 
-Монголд шингэрүүлсэн хийн түлшийг олборлож, хэрэглээнд оруулах гурван аргачлал байна. Нэгдүгээрт, бид зөөврийн аргаар хэрэгцээт нөөцөө бүрдүүлж болно. Одоо ч бид ахуйн хэрэглээнийхээ зарим хэсгийг ингэж шийдэж байгаа. Хоёрдугаарт, чулуун нүүрс, нефтээс шингэрүүлсэн хийн түлшээ гаргаж авах боломжтой. Үүнийг шийддэг арга технологи өнөөгийн ертөнцөд энгийн шахуу болсон. Гуравдугаарт, умард болон өмнөд хөршийн хооронд манай улсаар дамжин өнгөрөх “Сибирийн хүч2” нэртэй хий дамжуулах хоолойн төсөл яригдаж байгаа. Эндээс хэрэгцээнийхээ шингэрүүлсэн хийн түлшийг авах боломжтой. Гэхдээ бид үүнд найдлага тавьж харахаас илүү өөрийн хараат бус нөөцтэй байх ёстой гэдэг үндэслэлээр хаанаас ямар аргаар хямд эх үүсвэртэй байж болох вэ гэдэг тооцоо судалгаа хийгээд явж байна. 
-Агаарын бохирдлын 28.9 хувийг автомашин үйлдвэрлэж байна гэж та хэлсэн. Үүнд хуучин автомашин нэлээд дээгүүр хувь эзлэх байх? 
-Одоо яг зам дээр явж байгаа автомашины 70 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин автомашин байна. Монголчуудын хамгийн их сонгож унадаг приус маркийн автомашин ихэнх нь моторын бохирдлыг шүүх “Нүүрсэн яндан”-гүй байна. Гааль дээр оруулж ирэхдээ зардаг юмуу, худалдаж авсан эзэн нь өөрөө сугалаад зарчихдаг. Дээр нь нэмээд насжилтаас үүдэлтэй моторын элэгдэл. Мөн Евро2  дизель хөдөлгүүртэй автомашинууд агаар бохирдуулагч болж байна. Үүний эсрэг нийслэл хотоос арга хэмжээ авч 1300 автобусыг шинэчлэн Евро5 хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр солилоо. Үүн дээр юу хэлмээр байгаа вэ гэхээр засаг төр агаар орчин бохирдуулагч эх үүсвэрүүдээс татгалзаж ногоон технологийн эх үүсвэр лүү шилжих ажлыг зогсолтгүй хийсээр байгаа. Үүн дээр иргэдээ ч бас өөрсдөөс хамаарах зүйл дээр идэвх санаачилгатай байж хамгийн наад зах нь автомашиныхаа бүрэн бүтэн байдалд санаа тавьж байгаач гэж байгаа юм. Таны агаар, миний агаар гэж байхгүй бид бүгдийн агаар тул хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. 
-Иргэд төр засгаас хариуцлага нэхэх нь зүй ёсных байх. Гэхдээ бид ч гэсэн үүргээ ухамсарлаж өөрсдийнхөө төлөө хариуцлагтай байх ёстой л доо. Зуух тараах тухай яриа гараад иргэд бухимдаад байгаа. Энэ ямар учиртай юм бэ? 
-Дээр дурдсан 200 мянган галлагаатай өрхийн 50-60 хувь нь шаардлага хангахгүй зуух, пийшинтэй. Угаартах маш өндөр эрсдэлтэй байна гэсэн үг. Учир нь 2012-2014 оны хооронд тарааж байсан “Дөл” зуухнаас 20 мянга хүрэхтэй үгүйтэй үлдсэн байна. Бусад нь зарагдаж, үрэгдээд, эвдрээд дуусчээ. Дээр дурдсан томоохон төслүүд маргааш гэхэд ажил болоод утаа арилчихгүй тул нэн яаралтай авах арга хэмжээ юу вэ гэхээр иргэдийг битүүмж сайтай, бүрэн шаталттай зуухыг ашиглаач, галлагаагаа зөв хийж суръя гэж уриалмаар байгаа юм. Галлагааг буруу хийх тохиолдолд уугиад асахгүй уддаг тул утаа ялгаралт нь улам их байдаг. Би угаар ярьсан дээр нэмээд нэг зүйл иргэдэд хэлмээр байна. Угаарын хий мэдрэгч байдаг бол ажиллуулаарай, тогонд нь залгаарай. Нийслэлийн хэмжээнд 60 мянган айлын угаар мэдрэгч дамжуулагчтай байна. Уг нь 2019 онд ийм угаарын хий мэдрэгч бүх айлд тавьж өгсөн. Одоо байгаа 60 мянган угаар мэдрэгч дамжуулагчтай айлын мэдээлэл манай нийслэлийн хэлтэст энэ хэрэглэгчийн гэрт угаар үүсэх эрсдэлтэй гэдэг мэдээлэл ирдэг. Тэр дохионы дагуу манай ажилтнууд тухайн хэрэглэгч рүү залгана. Утас нь авахгүй тохиолдолд дэргэдэх айл руу нь холбогдохыг хичээнэ. Энэ оролдлого амжилтгүй болвол манай ажилтан тухайн айлд биечлэн очиж шалгалтаа үргэлжлүүлдэг. Үүнээс  гадна угаарын хий мэдрэгч дамжуулагчгүй 60 гаруй мянган айл байна. Үлдсэн хэсэг нь огт угаарын хий мэдрэгчгүй байгаа юм. Хотын хэмжээнд нийт 500 ажилтан угаарын мэдрэгч дамжуулагчийн дуудлагаар очиж, заавар зөвлөмж өгч ажилладаг. Энд иргэдийн хариуцлага мөн л яригдана. Манай ажилтныг яваад ороход угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан тохиолдол ч гарч байсан. Төр засгаас өгсөн зүйлийг нандигнаж байна гэсэн агуулгатай зүйл яриад сууж байх жишээний. Зарим айл "Тог их идэж байна" гэдэг шалтгаанаар зүгээр л салгаад хаячихдаг. Уг нь сард ердөө л 500 төгрөгийн тог зарцуулдаг зүйл шүү дээ. 

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/ 


2
angry
0
care
0
haha
9
liked
2
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 11 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 12 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 18 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 18 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29