Нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардсан жагсаал үргэлжилж байна. Шударга ёс, ил тод байдал, хариуцлага тооцохыг шаардсан энэ жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, Төрийн ордны хашаа, хаалгыг эвдэж, багагүй бужигнаан үүдсэн. Жагсагчдын дунд формтой арван жилийн сурагчид, оюутнууд, ахмадууд, залуучууд, гэр бүлүүд, бизнес эрхлэгчид гээд төрөл бүрийн л хүмүүс байлаа. Шинэ жилийн баяр дөхөж байгаа учир талбай дээр баяртай холбогдуулан төрөл бүрийн гацуур мод, гэрэл чимэглэл, үзэсгэлэн худалдааны ТҮЦ, мөсөн баримлууд, мөсөн гулгуурын талбай зэрэг байрласан байсан ч иргэд гацуур мод шатааж, мөсөн баримлуудыг эвдэж сүйтгэв.
Үүнээс улбаалан УИХ цахимаар яаралтай хурал зохион байгуулж Нийслэлд онц байдал зарлах эсэх талаар хэлэлцсэн юм. УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаалын үеэр онц байдал зарлаж, таван хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт хэрэг гарсан. Энэ явдлаас хойш анх удаа онц байдал зарлах эсэх асуудлаар УИХ хуралдсан. Гэхдээ УИХ-ын гишүүд онц байдал зарлахыг дэмжсэнгүй. Энэ үеэр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргажээ” гэсэн сенсаацийг хэн нэг нь зориуд тарааж, иргэдийг бужигнуулаад авч амжлаа. Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх хууль хяналтын байгууллага болон Засгийн газрын төлөөллийг өрөөндөө дуудаж уулзсан. Тэрбээр нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг тэднээс нэхэж, энэ хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулах эрх хуулиар олгогдсоныг Улсын Ерөнхий прокурорт хатуу санууллаа. Мөн УИХ-ын дарга ч мөн мэдэгдэл хийж, 3.2 сая тонн нүүрс хулгайн замаар орж алга болсон талаар мэдээлэл өгсөн юм. Иргэдийн жагсаал төрийн гурван өндөрлөгийг ч хөдөлгөж, ээлж дараалан мэдэгдэл хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар талбай дээр гарч ирж иргэдтэй уулзсан юм.
Ер нь иргэдийн энэ жагсаал цуглааныг хөөсрүүлэх, өнгөт хувьсгал руу чирэх, үймээн самуун гаргах сонирхолтой хүмүүс цөөн биш байгааг Ерөнхий сайд ч иргэдтэй уулзахдаа хэлж байв. Тэрбээр “Хөгжлийн банканд улсынхаа нэрээр бонд авч бүлэглэлийн зарчмаар хуваасан жинхэнэ луйварчид өнөөдөр нийтийг өдөөн хатгаж, турхирч байна. Үүнийг би мэдэж байгаа. Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Өнөөдөр олон хулгайчийн асуудлыг гаргаж ирсэн. Хэрэв эдгээр асуудал шийдэгдээгүй байсан бол Тавантолгой, Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавихгүй байх байсан. Тиймээс бид иргэдтэйгээ нэг тал байх ёстой. Өнөөдөр энд улс төрийн зорилготой хүмүүс ч ирсэн байгаа. Жинхэнэ нүүрсний хулгайчдын ятгалгаар ирж, зориуд жагсаал цуглааныг өдөөн хатгаж, Засгийн газрыг турхирч байгаа хүмүүс ч бий. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж, дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга байсан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа мэдээллийг бид авч байна” хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байлаа.
НАЙМАН ХҮНИЙГ “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н АСУУДЛААР БАРИВЧИЛЛАА
АТГ, ЦЕГ-ын ажилтнууд энэ сарын 7-8-нд шилжих шөнө нүүрсний хэрэгтэй холбоотойгоор томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Прокурорын зөвшөөрөл бүхий уг ажиллагааны үеэр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Тодруулбал, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрчээ. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Мөн Өмнөговь аймаг руу АТГ, тагнуул, хууль хяналтын байгууллагын 40 гаруй хүн очжээ.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЖАГСААЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ НАРЫН НЭРИЙГ ЗАРЛАВ
Иргэдийн жагсаалыг улс төржүүлэх, хөөсрүүлэх сонирхол нэг бус улстөрчдөд биш нүүрсний хулгайч нартай холбоотой улс төр бизнесийн томоохон бүлэглэлд байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Сүхбаатарын талбайд чин сэтгэлээсээ жагсаж буй иргэдийн хажуугаар хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс ч мөн жагсаж байна.
Тухайлбал, Монголын оюутны холбооны даргаар ажилласан хэд хэдэн хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж байсан. Тухайлбал, Б.Ганхуяг, С.Энхтүвшин, Х.Батсайхан зэрэг хүмүүс энэ компанид олноороо ажилладаг. Тэд баг бүрдүүлж ажиллаж байсныг үгүйсгэхгүй. Жагсаал, цуглаан зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн оюутны холбоо, тэр дундаа их, дээд сургуулиудын оюутны зөвлөлийн удирдлагуудад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас шалган тогтоох ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн шударга ёс хүсэмжилсэн жагсаал цуглааныг өөрсдийн нүүрсний хулгайн булхайг далдлах, энэ Засгийн газрын шийдвэртэй алхмыг сарниулах, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, магадгүй Төрийн ордон руу дайрч орж, Засаг төрийн хямрал үүсгэх гэсэн ийм бусармаг жагсагчид шударга жагсагчдын дунд байгаа гэдгийг жагсаал цуглаанд ирж буй, оролцож буй иргэд маань илүү хашир хандаж, шаардлагаа тавьж ажиллаарай.
Иргэдийн өөрсдийн дуу хоолойгоо өргөх шударга ёсны хүсэмж бусармаг луйварчдын бусармаг үйлдлээр хазайж, улс төрийн хямрал руу явах вий гэсэн болгоомж байгааг энэ ташрамд хэлэхийг хүсэж байна. MCS компани бүх ажилчиндаа ажлаа орхиод, жагсаалд оролцохыг уриалсан байсан. Тус компани нүүрс экспортолдог хамгийн том компаниудын нэг. MCS компанийн нүүрсний агуулахуудтай холбоотой асуудлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байна. Өмнөговь аймгаас иргэдэд мөнгө өгч авчраад жагсаалд оролцуулжээ. Жижиг “Таван толгой” ХК-ийг сайн шалгах шаардлагатай. Энэ компанийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий хүмүүс л удирддаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь, Д.Ариунболд гээд өмнөх хоёр захирлыг мөн шалгаж байна” гэж мэдэгдэв.
ТӨРИЙГ АРД ТҮМЭНТЭЙ НЬ ТОЛХИЛЦУУЛСАН Т.ДОРЖХАНД УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ
Энэ мэдэгдлийг нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооны ахлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд хийлээ. Тэрээр “Т.Доржханд гишүүн түр хорооны гишүүн мөн. Гэхдээ хуралд нэг ч удаа суугаагүй. Түр хороон дээр 44 их наяд төгрөгтэй холбоотой нүүрсний мөнгөн дүнтэй холбоотой зүйл нэг ч удаа яригдаагүй. Үүнийг С.Ганбаатар тэргүүтэй бүх гишүүд мэдэж байгаа. Гэтэл 44 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан гэсэн мэдээллийг Т.Доржханд гишүүн нийгэмд гаргаж тавьсан. Өнөөдөр түр хороон дээр 2.5 сая тонн нүүрсний хулгайн нотлох баримт цуглуулах асуудал яригдаж байгаа. Гэтэл иргэдийг жагсааж, ард түмнийг төртэй нь толхилцуулсан мэдээллийг Т.Доржханд гишүүн гаргаж тавьсан. Хэрвээ буруу мэдээлэл өгсөн бол өвлийн хүйтэнд жагсаж байгаа иргэд, эрүүл мэндийн хувьд эрсдэл хүлээж байгаа цагдаагийн албан хаагчдаас уучлалт хүсэх ёстой. Үнэн мэдээлэл юм бол ямар тооцоо судалгаагаар 44 их наяд төгрөгийн асуудлыг гаргаж ирснээ тайлбарлах ёстой” хэмээн мэдэгдлээ. Үүнээс харахад УИХ-аас байгуулагдсан түр хорооны хуралд ганц ч удаа суугаагүй байж ямар тооцоо судалгаагүйгээр Т.Доржханд гишүүн худал мэдээлэл түгээж, олон нийтийг бухимдуулсан бололтой.
ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦАД ГАЛ ГАРЧ, ГУРВАН ХҮН АМИА АЛДЛАА
Хот дотроо шатахуун түгээх станцтай. Өнөөх станц нь байшин барилга, гудамж хашаатай зэрэгцэн оршдог газар Монголоос өөр ховор байх. Тэгвэл шатахуун түгээх станцуудын аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг өнгөрөгч долоо хоногт гарсан гал нотолж өглөө. Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч, Улаанбаатар хот, таван аймгийн онцгой байдлын албан хаагчид элбэж байж унтраав. Галд шатсан нөөцийн савнаас 30 метрийн зайд тус бүр нь 400 литр шатахууны багтаамжтай зургаан сав байсан нь Онцгой байдлын ажилтан албан хаагчид төдийгүй иргэдийг сандаргав. Ээлж хүлээлцэх үед гарсан энэ галд гурван хүний амь нас хохирсон ноцтой осол гарлаа.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24529/