НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай ярилцлаа.
Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулж ажиллалаа
-Та дүүргийн Засаг даргаар томилогдоод хоёр жил болж байна. Таныг ажлаа аваад удаагүй байхад цар тахлын хөл хорио тогтоосон. Энэ амаргүй үед ямар ажил амжуулав. Ярилцлагаа таны хийсэн ажлаас эхлүүлбэл ямар вэ?
-Өнгөрсөн орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт МАН олонх болж дүүргийн Засаг даргаар томилогдсон. Ингэснээр Баянгол дүүрэгт найман жилийн дараа МАН-аас томилогдсон Засаг дарга болж, мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллах үүрэг хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн хуралд соногдсон төлөөлөгч нартайгаа хамтарч иргэд сонгогчдодоо амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллалаа. Таны хэлснээр намайг дөнгөж ажлаа авсны дараа “Ковид-19” цар тахал Монгол Улсад бүртгэгдэж, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Ковидоос үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүд ч гарсан. Гэхдээ манай баг энэ амаргүй үед бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай хийж чадсан гэж дүгнэж байна. Тодруулбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай дүүрэгт нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хоёрдугаарт, хороо хуваах ажлыг амжилттай зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртууллаа. Гуравдугаарт, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг амжилттай хийсэн гэж дүгнэж байгаа. Мэдээж эдгээр ажлыг хийхэд хөрөнгө оруулалт маш чухал бөгөөд манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд энэ асуудалд анхаарал хандуулж ажилласан.
Тухайлбал, 2021 онд Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар улсын төсөвт авто замын салбарт 28.2 тэрбум, орон сууцны фасад дулаалгын ажилд найман тэрбум, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 93, 28 сургуулийн засвар, 23 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга, Гандангийн дахин төлөвлөлт гээд дүүрэгт хийгдсэн онцлох ажлын хөрөнгө оруулалтыг улсын төсөвт амжилттай суулгасан. Мөн манай дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын бүтээн байгуулалт хийсэн Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар олон байршилд тохижилтын ажил хийгдсэнээс гадна Амарсанаагийн гудамж буюу Ахуйн үйлчилгээний уулзвараас “Макс молл” их дэлгүүрийн баруун тал хүртэл нэг км авто зам, Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх замыг Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Мөн 2021-2022 онд дүүргийн төсвийн 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийсэн. Үүнд, гарааш буулгаж газар чөлөөлөх, тоглоомын талбай, тохижилт, явган замын засвар шинэчлэлийн ажил орно.
-Мэдээж дүүрэг учраас нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах шаардлага гардаг байх. Энэ талд хэрхэн баг болж хамтарч ажиллав?
-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дүүрэг бүрд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа хашаа, хайс, орчны бохирдол ихээр үүсгэдэг гараашуудыг буулгаж газар чөлөөлөх, явган хүний замыг өргөтгөн шинэчлэх гээд иргэддээ ээлтэй орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Үүний хүрээнд өнгөрсөн хоёр жилд манай дүүрэгт нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулгаж газар чөлөөлөх, чөлөөлсөн газартаа явган хүний зам тавих, өргөтгөн шинэчлэх болон тохижилтын ажлыг сайн хийсэн гэж харж байна. Мөн нийслэлийн Засаг даргын гаргаж байгаа шийдвэрийг дэмжиж гарааш буулгах, газар чөлөөлөх зардлыг дүүргийн төсөвт суулгаж, батлуулсан. Ингэснээр 2021 онд 500 гаруй, 2022 онд 52 байршилд 1085 гарааш чөлөөлсөн бол 2023 онд үргэлжлүүлэн 1000 гаруй гарааш буулгаж газар чөлөөлөлт хийхээр төлөвлөөд байна. Мөн 2022 онд улс нийлэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 хорооны 38 байршилд, 11,358.7 мкв талбайд явган хүний зам, засвар шинэчлэлийн ажлыг хийсэн байна.
-Явган зам, гарааш буулгаж газар чөлөөлөх, тохижилтын ажил гээд иргэдэд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж ажилласан гэлээ. Өөр танай дүүргийн иргэдэд тулгамддаг ямар асуудал байна вэ. Хэрхэн шийдвэрлэж ажиллав?
-Иргэд рүү чиглэсэн олон ажил хийсэн. Тухайлбал, авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайг дүүргийн хэмжээнд нэмэгдүүлж ажилласан байна. 2022 онд гэхэд дүүргийн хэмжээнд 55 байршилд тоглоомын талбай хийсэн. Мөн иргэдэд хамгийн их тулгамддаг авто зогсоолын тоог нэмлээ. Зөвхөн 2022 онд гэхэд Баянгол дүүрэгт есөн байршилд 390 автомашины зогсоол байгуулсан. Мөн Гэмтлийн эмнэлэг, “Алтай” хотхоны арын гээд томоохон авто замыг өргөтгөн шинэчилснээс гадна иргэдийн хамгийн их зорчдог туслах замуудыг мөн засварлан шинэчилсэн. Түүнчлэн манай дүүрэгт хүн ам ихээр төвлөрсөн хотхон хороолол олон бий. Иймд “Алтай”, “Эрин”, Нарны хороолол, Төмөр замын бүсэд салбар бүлэг байгуулж цэцэрлэгийн хүртээмжийг нэмлээ. Мөн ирэх онд хүн ам ихээр төвлөрсөн хороодод гурван цэцэрлэг барихаар төсөвт суусан байна. Ер нь цаашид хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна. Түүнчлэн иргэдээс ирж байгаа санал хүсэлтийг цаг алдалгүй хүлээж авах, албан бичиг шийдвэрлэлтийг 100 хувь болгох, хороодод очиж иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох, дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөнд иргэд оршин суугчдынхаа санал хүсэлтийг оновчтой тусгах гээд олон асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна. Үүнээс гадна улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудаа хооронд нь уялдуулж ажиллахыг хичээж байгаа. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа томоохон бүтээн байгуулалтыг дагаж хийх тохижилтын ажлыг аль болох нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцээж хийх гэх мэт. Мөн энэ онд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшил буюу явган зам, дугуйн замын судалгааг шинэчлэн гаргалаа. Дараагийн ээлжид бид дундын эзэмшлийн буюу дээвэр, цахилгаан шат засварын судалгааг гаргахаар ажиллаж байна.
-Ирэх онд дүүргийн хэмжээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Бидний хувьд өнгөрсөн хоёр жилд яаралтай шийдвэрлэх асуудлаа эрэмбэлж, холбогдох саналуудаа дээд шатны байгууллагад цаг алдалгүй хүргүүлэхийн зэрэгцээ нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлаа аль болох зөв оновчтой хуваарилж ажиллахыг хичээж байна. Ингэхдээ мэдээж иргэд, оршин суугчдынхаа санал хүсэлтийг сонсож, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөлөөр хангахын төлөө ажиллаж байна. Ирэх жил ч бид энэ зарчмаар ажиллана. Иргэд, орин суугчдаас хороодын Засаг дарга нар болон нийслэл, дүүргийн төлөөлөгчдийнхөө санал хүсэлтийг сонсоно. Хаана ямар ажил хийх вэ гэдэг санал авч, нэгтгэнэ. Асуудлаа эрэмбэлнэ. Дүүргийн иргэдийн хуралд оруулна. Та бүхэн мэдэж байгаа. Улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед манай дүүрэгт шинээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажил байхгүй ч он дамжин хэрэгжих олон ажил бий. Түүнийгээ дуусгана. Түүнээс гадна гэрэлтүүлэг, орон сууцны дээвэр, цахилгаан шат засах гээд дүүргийн иргэдийн өмнө тулгамдсан олон асуудал байна. Бүгдийг нь шат дараатай шийдвэрлэж ажиллахыг хичээж байна. Үндсэндээ бид аж ахуйн ажлуудаа шийдээд дуусгачихвал боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарт анхаарч ажиллана. Манай дүүргийн хувьд эрүүл мэнд, боловсролын байгууллагын хүртээмж харьцангуй сайн. Иймээс үйлчилгээний чанарт анхаарч, боловсрол эрүүл мэндийн салбараар манлайлсан дүүрэг болох зорилго тавиад байна.
Хороодын тоо нэмэгдсэнээр иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна
-Танай дүүрэг 25 хороотой байснаа 34 болж нэмэгдсэн. Та үүнийг ярилцлагын эхэнд онцолж байсан. Хороод шинээр нэмэгдсэнээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээ авах чанар сайжирна гэж харж байна. Энэ тал дээр юу хийж байна вэ?
-Иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг цаг алдалгүй хүргэнэ гэдэг маш чухал. Манай дүүргийн хувьд хороодын тоог нэмэхгүй бол зарим хороо 10 гаруй мянган хүнтэй. Түүнийг дагаад төрийн үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагчдын ачаалал нэмэгдэж иргэдэд ч багагүй хүндрэл гарч байсан. Иймээс том хороодыг хувааж шинэ хороо байгуулснаар төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, хүндрэл чирэгдэлгүй болоход чухал алхам болсон гэж харж байгаа. Мэдээж хороодын тоо нэмэгдэж байгаа учраас төрийн болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Бид ч сайжруулахын төлөө ажиллаж байгаа.
-Сүүлийн үед “Цахим монгол” үндэстэн болно гэж яриад байна. Та бүхэн энэ тал дээр хэр анхаарал хандуулж байна вэ. Иргэд цахимаар түргэн шуурхай үйлчилгээ авч чадаж байна уу?
-Дүүргээс хоёр КИОСК машин авч хүн ам ихээр төвлөрсөн хоёр хороонд байрлуулсан. Цахим үйлчилгээ авахад иргэдийн мэдлэг хэр байна вэ гэдэг дээр хороодын хэсгийн ахлагч нар ажиллах ёстой. Өнгөрч байгаа хоёр жилд бид хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулсан бол ирэх онд технологийн дэвшлийг түлхүү нэвтрүүлж, төрийн үйлчилгээг хурдан болгох, цахимжуулах талд гол анхаарлаа хандуулж ажиллах болно.
“Баянгол” цэцэрлэгт хүрээлэнг баруун бүсийн амралт, чөлөөт цагийн бүс болгоно
-Танай дүүрэгт томоохон ногоон байгууламж цөөхөн байдаг. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл цэвэр эко орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2022 онд дүүргийн хэмжээнд нийт 29000 орчим мод тарьсан байна. Түүнчлэн 20-р хороонд байрлах “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 2.2 км ойн зурвас, төгөл байгууллаа. Дүүргийн хэмжээнд 45 сургууль, цэцэрлэгийн хашаанд 7,500 мкв талбайг зүлэгжүүлсэн бол 32 сургууль, цэцэрлэгийн хашаанд 11,545 мод, бут, сөөг тарьж, сургууль цэцэрлэгийн ногоон байгууламжийг 80 хувиар нэмэгдүүлсэн байна. Энэ мэтчилэн тооцоод байвал олон ажил бий.
Хамгийн гол нь бид ногоон байгууламж нэмэгдүүлэхдээ хариуцах эзэнгүй, усалгаа, арчилгаа байхгүй газар биш харин дүүргийн төрийн өмчийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгийн хашааг эзэнтэй гэж сонгон мод тарих, зүлэгжүүлэх ажлыг хийж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг услах усалгааны мөнгийг нь ядаж төсөвлөж өгөхөөр дүүргийнхээ боловсролын хэлтэстэй ярьж байна. Дөрвөн жилийн дотор энэ ажлын үр дүн сайнаар харагдах байх аа.
-Баянгол залуучууд ихтэй дүүрэг. Тэр утгаараа залуусын чөлөөт цаг өнгөрүүлэх газар хомс байгаа харагддаг. Энэ тал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай дүүргийн 20-р хороонд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ үйл ажиллагаа явуулдаг. Энэ цэцэрлэгт хүрээлэнд 200 мянган мод тарих төлөвлөгөө гаргаснаас гадна иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоом спортын талбай байгуулахаар зураг төслийг нь баталсан. Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, талбайн теннис гэх мэт спортын олон төрлийн талбай байгуулах юм. Уг нь энэ ажлын хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан байсан ч татагдчихлаа. Гэсэн ч энэ жил “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн гадна 150 авто машин, 10 автобусны зогсоолыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Хэрэв бидний бодож, төлөвлөж байгаа ажил биелбэл, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн баруун бүсийнхэн цугларч амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг ногоон бүс болно. Голын хажууд цөөрөмтэй, гэр бүлээрээ салхилах боломжтой, найзуудаараа спорт талбайд цагийг өнгөрүүлэх гээд. Гэхдээ зураг төсөл нь гарсан учраас эдийн засгаас шалтгаалах хүндрэлийг давж чадвал нэн тэргүүнд шийдэх асуудлын нэг юм. Ташрамд хэлэхэд, энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад манай спорт холбоод, хувийн хэвшлийнхэн хамтарч оролцоход нээлттэй.
-Өөр танай дүүрэгт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ. Хэрхэн анхаарал хандуулж ажиллах вэ?
-Манай дүүрэг бусад дүүргээс онцлогтой. Тодруулбал, 80 гаруй хувь нь байшин хороолол. Мөн III, IV хороолол дагасан худалдаа үйлчилгээний төвүүд болон “Барс”, “Хархорин” зах үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг дагаад хог хаягдал ихээр гардаг. Иймээс 2023 онд хог ачилтыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана. Одоо хог тээвэрлэлтийг дангаараа хариуцаж байгаа “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын хувьд олон жил парк шинэчлэл хийгээгүй. Техник хэрэгсэл нь муудсанаас хогоо хугацаанд нь татаж авч чадахгүй байх зэрэг асуудал гардаг. Иймээс ирэх онд хувийн хэвшлийнхний дунд тендер зарлаж, хог хаягдлын менежментийг сайжруулахад анхаарал хандуулж ажиллах юм.
Б.Мөнхзул/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №48/24529