Валютын нөөц нэмэгдүүлэх хүрээнд 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал,  гадаад валютын  нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн танилцуулгыг сонсож, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар сонсгол хийлээ.  Тус хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотой мэдээллийг багцлан хүргэе.

 

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц  2.9 тэрбум ам.долларт хүрч, ДНБ 3.9 хувиар өслөө

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанд хоёр долоо хоног тутамд танилцуулж байгаа юм.   Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр цогц ажил хийж хэрэгжүүлэн ажилласнаар тодорхой үр дүнд хүрээд байгаа талаар танилцуулсан байна. Тодруулбал, Засгийн газрын тогтоол гарснаас хойших гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-уудаас нийт 403.9 сая ам.долларын орлогыг төвлөрүүлж, тогтоолоор хүлээсэн төвлөрүүлэх орлогын гүйцэтгэл 48.4 хувьд хүрчээ.  Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд дөрвөн багц систем хөгжүүлэлтийн ажлыг дуусгаж, ашигт малтмалын гэрээ бүртгэх ажлыг гурван аж ахуйн нэгжид туршилтаар нэвтрүүлж эхэлсэн байна. Систем ашиглалтын бэлэн байдлыг хангуулах хүрээнд нүүрс олборлогч, борлуулагч, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтуудыг эхлүүлжээ. Экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хийж буй арга хэмжээтэй холбоотойгоор Гашуунсухайт боомтоор гарсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх сараас 5134 буюу 34 хувиар нэмэгдсэн бол   өнгөрсөн сард зогсоод байсан “Булган”  боомтын үйл ажиллагааг энэ сарын 5-наас нээж, “Бичигт” боомтын нүүрсний экспорт өнгөрсөн сараас 183 тээврийн хэрэгслээр буюу 12.3 мянган тонноор нэмэгджээ. Түүнчлэн Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрснийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.   Түүний мэдээлснээр валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулахад Монголбанк, Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.  Тодруулбал, Монголбанк валютын зах зээлд нийлүүлж буй интервенцийн хэмжээг бууруулсан байна. Мөн  Засгийн газраас төрийн өмчит компаниудыг тэрбум ам.доллараар валютын нөөцийг нэмэх үүрэг өгсөн. Биелэлт нь 49 хувьтай байгаа бөгөөд 500 сая орчим ам.долларыг бүрдүүлсэн аж. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”  ХК 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэгтэйгээс 145 саяыг Монголбанканд худалдаж, нөөцийг энэ хэмжээгээр нэмжээ. Үүнээс гадна оффтейк гэрээгээр гаргах нүүрсний 600 сая ам.долларын өр байснаас 185 сая ам.долларыг төлсөн байна. Мөн тус компанийн дансанд 50 сая ам.доллар байгаа гэв.   Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая ам.долларыг Монголбанканд худалдаж, валютын нөөц нэмжээ. Ийнхүү 2022 оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ  3.9 хувийн өсөлттэй гарсан гэж мэдээлэв. Энэ хэвээр өсөлт үргэлжилбэл оны эцэст ДНБ-ий өсөлт дөрвөн хувьд хүрэх хүлээлттэй байгаа ажээ.  

Х.Нямбаатар:  Нүүрсний хэргийг шалгахад дэмжлэг үзүүлэх штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нүүрсний хулгайн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулахаар шийдвэрлэлээ.  Засгийн газрын Ажлын хэсэг нь холбогдох яам, агентлагуудаас шаардлагатай мэдээлэл, материалыг яаралтай гаргах, агентлаг хоорондын уялдааг хангах, эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан орнууд, тэр дундаа БНХАУ-аас шаардлагатай мэдээллүүдийг гаргуулж авах чиг үүрэгтэй ажиллах юм байна. Харин  мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй ажээ. Энэ тухайд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  “Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний гэрээг шалгана. Тухайлбал,  гэрээний үнээс гадна  гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал олгосон эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулна.  Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бүртгэлгүй нүүрсний тээвэр хийсэн эсэх,  оффтейк гэрээ буюу төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүдийг шалгах, олон нийтэд ил болгох ажлыг хийнэ. Гэхдээ оффтейк гэрээнүүдийг ихэвчлэн гаднын хөрөнгө оруулалттай компаниудтай байгуулсан учраас  гэрээний үндсэн нөхцөлд дурдсаны дагуу оролцогч талуудын саналыг авсны үндсэн дээр олон нийтэд ил болгох ёстой. Гаднын хөрөнгө оруулагчдаас санал авах асуудлыг Гадаад харилцааны яамны шугамаар явуулж байгаа. Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд Монгол Улсын хилээр бүртгэлгүй бараа, тээврийн хэрэгсэл гарсан эсэхийг шалгана. Нүүрсний тээвэрт оролцож байгаа 9000 гаруй тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тогтоох ажлыг ч  хийж байна” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс мэдээллийг олон нийтэд системтэй өгөх шаардлагыг тавьсан. Үүний дагуу Гадаад харилцааны яамаар дамжуулан Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд нүүрсний гэх эрүүгийн хэргийг шалгах явцад Хятадын Гаалийн байгууллагаас тодорхой мэдээллүүдийг авах хүсэлт бүхий албан бичгийг БНХАУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлсний дагуу  Гадаад харилцааны  сайд Б.Батцэцэг  БНХАУ-ын Гадаад хэргийн яамтай харилцаж байгаа гэдгийг мөн хэллээ.

Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компани 40 хоногт 4.2 сая тонн нүүрс борлуулсан

 Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын  тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат  “Нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19-13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тогтоол гарснаас хойш нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тонн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолжээ. Нийт борлуулалтаас нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний дагуу 51.1 сая ам.доллар, өндөр дүнтэй урьдчилгаа авсан гэрээний дагуу 185.8 сая ам.долларыг нүүрсээр барагдуулж, 143.8 сая ам.долларыг Монголбанканд тушаасан. Ингэснээр санхүүгийн үзүүлэлтийг сайжруулан, 603 сая ам.долларын өр төлбөрийг 418 сая ам.доллар хүртэл бууруулсан” гэдгийг онцолсон.  Түүнчлэн богинын тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд өнгөрсөн аравдугаар сарын эхээр 53.5 мянган тонн хүртэл буураад байсан экспортыг 110.9 мянган тоннд хүргэн хоёр дахин,  өдрийн ачилтын хэмжээг 19.8 мянган тонн, 202 тээврийн хэрэгсэл хүртэл буураад байсныг өдөрт дунджаар 75.4 мянган тонн, 721 тээврийн хэрэгсэл хүртэл нэмэгдүүлэн 3.8 дахин өсгөж, нэг өдөрт хамгийн ихдээ 1028 тээврийн хэрэгслээр 100.8 тонн нүүрс ачуулсан байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ил тод байдлыг хангах, олон нийт хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нүүрс борлуулалтын 142 гэрээ, уурхайн ачилтын үзүүлэлт, олборлолтын гэрээнүүдийг нээлттэй болгожээ. Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай хамтран “Цахим арилжааны журам”-ын төслийг боловсруулж дууссаныг Ж.Ганбат төлөөлөгч мэдээллээ. Энэ тухайд тэрбээр  “Эрдэнэс Тавантолгой” компанид оффтейк гэрээг ил болгох асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаад, арваннэгдүгээр сарын 14-нд Тагнуулын ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Тагнуулын ерөнхий газраас арваннэгдүгээр сарын 22-нд “Оффтейк гэрээг ил болгоход хуулийн хүрээнд асуудалгүй. Засгийн газарт асуудлаа тавь гэсний дагуу арваннэгдүгээр сарын 23-нд ЗГХЭГ-т гэрээг ил болгох хүсэлт хүргүүлсэн. Нийт есөн гэрээг ил болгох санал тавьсныг Тагнуулын ерөнхий газар зөвшөөрсөн. Гэрээний нөгөө тал зөвшөөрвөл  эдгээр гэрээг ил болгоно. Засгийн газрын хуралдаанаас оффтейк гэрээг ил болгохыг дэмжсэн. Гэхдээ нэг нөхцөлтэй.  Гэрээний нөгөө тал болох Хятадын хөрөнгө оруулалттай компаниудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр оффтейк гэрээг ил болгоно. Гадаад харилцааны яамаар дамжуулан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.  Тээвэрлэлтийг ил тод болгохын тулд сонгон шалгаруулалт зарлана. Бид тээврээ оновчтой, зөв зохион байгуулах шаардлага бий. Хоёр янзын тээвэр байгаа. Уртын тээвэр буюу уурхайгаас Цагаанхад хүртэл  240 км тээвэрлэлтийг нэг тонн нүүрсийг 100-115  юаниар хийдэг. Гэтэл Цагаанхаднаас Ганц мод хүртэлх 27 км газарт нэг тонн нүүрсийг 400-500 юаниар тээвэрлэдэг буюу  тав дахин өндөр үнийн зөрүүтэй байна. Валютын орох урсгалаа хилийн гадна үлдээгээд байгаа учраас тээвэрлэлтийг ил тод болгох асуудлыг тавиад байгаа юм”  гэлээ.

С.Бямбацогт: Монголоос АНУ руу шууд нислэг  үйлддэг болно

Монгол Улсаас АНУ-ын дурын хот руу 2024 оноос шууд нислэг хийдэг болно гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар АНУ-ын “Open Sky” хэлэлцээрт нэгдэхийг дэмжсэн байна. Ингэснээр АНУ-Монгол Улс хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болох юм. Жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангаснаар 2024 оны эхээр нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.  Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “АНУ руу нисэх онгоцны хүчин чадал бий юү гэдэг асуудал яригдана. Өнгөрсөн гурван сарын хугацаанд манай улс холын зайд нисэх чадалтай дөрвөн онгоц нэмж авсан.  Нийтдээ томоохон 11 онгоцтой болсон.  Засгийн газар иргэдээ олон улс руу шууд, хямдаар нисэх боломжийг бий болгохын тулд ажиллаж байна. Нөгөө талд манай улсад ирэх жуулчдыг аль болох хямд үнээр авчрах бодлоготой. Үүний хүрээнд дотоодын агаарын тээврүүд олон чиглэлд олон нислэгийн томилгоо авч байна. Мөн гадаадын авиа компаниуд Монгол Улс руу нисэх боломжтой. Тухайлбал, БНСУ-ын Инчоноос Улаанбаатар руу долоо хоногт 70 нислэг хийнэ. БНСУ-ын бусад хотоос Улаанбаатар руу нисэх чиглэлийг нээхээр ажиллаж байна. “Монголиан Эйрвэйз” Сингапур руу шууд нисэх томилгоогоо авсан. Цаашдаа Австрали руу шууд нисэх боломжийг нээнэ” гэлээ.   Түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдаанаас хилийн боомтуудын төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох холболтын төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж, зураг төслийг гаргаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан юм.  Уг ажлыг хийж гүйцэтгэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт үүрэг болгосон. Хилийн боомтуудын төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбосноор уул уурхайн экспортын хэмжээ 30 саяар нэмэгдэх аж.  Мөн баруун талд Шивээхүрэн-Арцсуурь чиглэлийн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр зам барихад Шивээхүрэнгийн холболтын цэгийг тохирох, зүүн талд Бичигт-Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замыг холбох ажлыг хийнэ гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ.

 М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24529/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 13 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22