Э.Одбаяр: Эдийн засгийг сэргээн тогтворжуулахад чухал ач холбогдолтой айлчлал боллоо


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  БНХАУ-д Төрийн тэргүүний хувиар анх удаа төрийн айлчлал хийгээд ирсэн.  Үргэлжлүүлэн тэрбээр Япон улсад  айлчилсан юм. Эдгээр айлчлалын  үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Гадаад  бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар   арваннэгдүгээр сарын 27-28-нд  БНХАУ-д төрийн айлчлал  хийгээд ирлээ. Айлчлалын  онцлог,  үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?

-Энэ удаагийн айлчлал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар БНХАУ-д хийж буй анхны төрийн айлчлал байлаа.  Мөн цар тахал болон Хятадын коммунист намын  XX их хурлын дараа  зохион байгуулагдсан учраас  онцлогтой болсон. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найрсаг, дотно уур амьсгалд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрсэн.  Айлчлалын үр дүнд хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцол улам гүнзгийрч, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг мөн хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэн төсөл, хөтөлбөрүүдийг тохиролцсон нь цар тахлын дараах манай улсын эдийн засгийг сэргээн тогтворжуулахад чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Айлчлалын хүрээнд хоёр талын хамтарсан мэдэгдэл гаргаж, нийт 16 баримт бичигт гарын үсэг зурсан нь цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход ихээхэн түлхэц болсон. “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулснаар энэ салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, бодит ахиц гаргахад чухал  алхам болсон.   

-Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хоёр улсын  хамтарсан мэдэгдлийн ач холбогдлыг бид  хэрхэн ойлгох ёстой вэ?

-Айлчлалын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг найрсаг, дотно уур амьсгал дор хамтдаа хожих, хамтдаа хөгжих зарчимд тулгуурлан хоёр орны ард иргэдийн ашиг сонирхолд нийцэх байдлаар үргэлжлүүлэн гүнзгийрүүлж хөгжүүлэхээр тохиролцсон.  Айлчлалын үеэр яригдсан улс төр, эдийн засгийн төсөл хөтөлбөрүүд, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар тодорхой асуудлыг уг хамтарсан мэдэгдэлд тусгаж, хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулан хэрэгжүүлж, тодорхой салбаруудын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээр тохиролцсон.  Энэ удаагийн төрийн айлчлал нь цар тахлын дараа, хоёр орны эрх баригч намуудын 100 жилийн ой тохиосон, мөн урт болон богино хугацааны хөгжлийн бодлогоо шинээр тодорхойлж буй чухал цаг үед хэрэгжүүлж буй гэдгээрээ онцлог юм. Тиймээс айлчлалын хүрээнд ярьсан гол асуудлуудыг энэхүү Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд тусгаснаар хоёр тал цаашдын хамтын ажиллагааны үндсэн чиглэлээ тодорхойлсон гэж  ойлгож болно.

-Хоёр талаас гарын  үсэг зурсан 16 баримт бичгийн  хүрээнд экспортын төмөр замуудын холболтыг яаравчлахаар тохиролцсон. Эдийн засгийг сэргээх чиглэлд өөр ямар хэлэлцээрүүдийг хийв?

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн  энэ оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны хооронд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтыг түргэтгэх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан хамтарсан мэдэгдлийн 11 дүгээр заалтад “Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ” гэсэн нь экспортын төмөр замуудыг нээж, эдийн засгийг сэргээх тухайд гаргасан чухал үр дүнгийн нэг. Түүнчлэн “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”, “Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”, “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”, “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНХАУ-ын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурсан нь эдийн засгийг сэргээхэд чиглэсэн гол агуулга болно.

-Үндэсний урлагийн их театр, спорт цогцолборын бүтээн байгуулалт  зэргийг буцалтгүй тусламжаар барихаар тохиролцсон.  Айлчлалын  хүрээнд буцалтгүй тусламжтай холбоотойгоор ямар яриа хэлцэл өрнөсөн бэ?

-Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн  ТЭЗҮ-ийн судалгааг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн ТЭЗҮ-ийн судалгааг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын солилцох захидал”-уудыг энэ удаагийн айлчлалын үеэр тус тус байгуулсан. Төслүүдийн ТЭЗҮ-ийн судалгааг хоёр тал хамтран хийнэ. Энэ судалгааны дараа төсөл хэрэгжсэнтэй холбоотой нарийвчилсан зүйлүүд тодорхой болох юм.  БНХАУ-аас 2014 онд нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг гурван жилд хуваан олгохоор тохиролцсон. 2017 онд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг мөн гурван жилд хуваан олгохоор тохиролцсон.  Үүний дагуу  холбогдох төслүүдийг хэрэгжүүлж байна. Өмнө нь олгосон тусламжуудын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжилтийн  шатандаа яваа гэсэн үг. Энэ удаагийн айлчлалаар буцалтгүй тусламж нэмж олгох талаар яриагүй.

-Оросоос дамжин ирэх хийн хоолойн асуудлыг ямар байдлаар  ярилцсан бэ. Энэ бол улс төр төдийгүй эдийн засаг талдаа чухал ач холбогдолтой  сэдэв гэдэг агуулгаар асууж байгаа юм?

-Манай талаас ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой барих төслийг урагшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хятадын тал уг асуудлаар талууд нэгдсэн ойлголцолд хүрснийг дахин нотолж,  гурван улсын хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон. Цаашид дээрх асуудлаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эрх бүхий байгууллага болон аж ахуйн нэгж хооронд гурван талт хамтарсан ажлын хэсгийг байгуулах чиглэлээр ажиллана.

-Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд цаашид хэрхэн анхаарах вэ, айлчлалын хүрээнд энэ тухайд ямар байдлаар ярилцав?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан хамтарсан мэдэгдэлд “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг идэвхтэй хэрэгжүүлэх, ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх”-ээр тусгасан. Энэ нь хоёр талын худалдааны нийт эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт болж байгаа юм.

-Нүүрсний экспортыг  40 сая тоннд хүргэх хүсэлтийг манай улсаас тавьсан. Энэ саналыг хэрхэн хүлээж авсан бэ. Хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах  асуудлыг хэрхэн хөндсөн бэ?

-Нүүрсний экспорт нь манай улсын эдийн засагт чухал нөлөөтэйг бид бүхэн мэднэ. Бид ойрын хугацаанд экспортыг хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг Засгийн газрын түвшинд дэмжиж ажиллахаар болсон.  Мөн 2017 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр тохиролцсон “Хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт”-ын төсөл нь цар тахал, олон улсын байдал зэргээс шалтгаалан удаашралтай байсан. Энэ удаад нэмэлт санхүүжилтийг олгох “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ”-г байгуулсан нь Монгол Улсад тулгамдаад буй боомтын сэргэлтийг эрчимжүүлэхэд өндөр ач холбогдолтой.

-Авто замын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж  барих төслийн санхүүжилтэд зориулсан тусгай зээлийн хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлэхээр тохиролцов?

-БНХАУ-ын Засгийн газраас олгосон нэг  тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барихаар тохиролцож, Монгол Улсын Засгийн газар, Хятадын Эксим банк хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулсан байдаг. Уг төслийн барилгын ажлыг ирэх оны гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Ерөнхийд нь дүгнэвэл Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцаанд ямар нөлөө үзүүлэхээр айлчлал болсон гэж та хэлэх вэ?

-Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон. Бодит хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон айлчлал боллоо. Эдийн засагт бодитой үр өгөөж хүртээх хамтын ажиллагааны томоохон асуудлуудыг шийдвэрлэж, цар тахлын дараах үеийн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинээр тодорхойлж, нэг шат ахиулсан айлчлал болсон гэж үзэж байна.

 

Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах   хоёр тэрбум иенийн өртөг бүхий төслийг хэрэгжүүлэхээр тохирсон

-Ерөнхийлөгчийн  айлчлал Япон улсад үргэлжилсэн. Энэ айлчлалын үеэр талууд ямар асуудалд төвлөрсөн  бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсын Засгийн газрын урилгаар арваннэгдүгээр сарын 29-нөөс  арданхоёрдугаар сарын 2-нд тус улсад төрийн айлчлал хийсэн. Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон улсад хэрэгжүүлсэн энэхүү төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг шат ахиулан хөгжүүлэхээр тохиролцож, “Монгол Улс, Япон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг байгуулах тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. Мөн талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглал болж ирсэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн “Монгол Улс, Япон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулсан. Ингэснээр улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа,  “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг дөрвөн үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон. Мөн энэ удаагийн айлчлалын үеэр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын батарейн цэнэг хураагуур суурилуулах, “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах, нийт хоёр тэрбум иенийн өртөг бүхий төслийг хэрэгжүүлэхээр тохирч, хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.

-“Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хоёр улсын  хамтарсан мэдэгдлийн гол агуулга нь юу байх вэ?

-Хамтарсан мэдэгдэлд тусгасны дагуу цаашид бид эрх чөлөө, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан бүхий л салбарын “Хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн  зэрэгцээ дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтдаа хувь нэмэр оруулж, нягт хамтран ажиллах юм. Өөрөөр хэлбэл, харилцаа, хамтын ажиллагаа маань хоёр талт харилцаагаар хязгаарлагдахгүй, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар хамтран ажиллаж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж, хувь нэмрээ оруулах болно гэсэн үг.  Тухайлбал, дэлхийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдлээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон улсын Засгийн газраас тууштай дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улсад 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл болон 20 мянга орчим монгол хүүхэд залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх танин мэдэхүй, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ярилцлаа.

-Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд цаашид хэрхэн анхаарах вэ, айлчлалын хүрээнд энэ тухайд ямар шийдэл ярилцав?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 10 дугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас “Моннис”, “Таванбогд” групп, “Мобиком корпораци” ХХК, “Ньюком”, “Макс” групп, “Эйр транс” ХХК,  “Номин-моторс” ХХК, МИАТ зэрэг 36 аж ахуйн нэгжийн 60 гаруй төлөөлөгч, Япон талаас “Иточу”, “Марубени”, “Мицүбиши” зэрэг компанийн 150 төлөөлөл оролцсон.  Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, Монголын экспортыг Японы зах зээлд нэмэгдүүлэх боломж, “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн талаар монголын талаас танилцуулж, Японы талаас Монгол дахь IT, ICT, Гарааны бизнесийн тухай, мөн Эрчим хүчний нөөцийн талаарх хамтын ажиллагаа, Японы компаниудын Монгол дахь үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн талаарх зөвлөмж зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы хувийн хэвшил, бизнесийн төлөөллүүдэд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд тууштай ажиллахаа илэрхийлсэн. Энэ үеэр сансрын технологийн чиглэлээр хүний нөөцийг Японд бэлтгэх болон эрүүл мэндийн байгууллага, бизнесийн үйл ажиллагааг зохицуулах тухай зэрэг гэрээг  хоёр улсын бизнесийн байгууллагууд харилцан байгуулсан.

  М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24529/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 13 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 14 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22