Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийв.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, "Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Сүхбаатарын талбайд жагсаж байгаа жагсагчдын шаардлага энэ хуулийн төсөлд туссан.
Хөөн хэлэлцэх хугацааны асуудалд иргэд авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох хэрэггүй гэдэг. Бүрэн эрхийг түдгэлзүүлж болно. Бүрэн эрхийн хугацааг нь түдгэлзүүлсний дараа хөөн хэлэлцэх хугацааг тооцно. Халдашгүй эрхийн ард нуугдахгүй.
Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй.
Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа.
Авлига албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулахгүй байх, ердийн горимоор явуулах заалт орууллаа.
Их хэмжээний авлига авчихаад бага хэмжээтэй торгууль төлж байна гэсэн шүүмжлэл байгаа. Хөрөнгийг нь хурааж аваад, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулахаар тусгалаа.
Ямар ч тохиолдолд гэмт хэргийн замаар орсон хөрөнгийг хураах хуультай.
Авлигын эсрэг хуульд "УИХ-ын ХОМ-ийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж, АТГ шалгахаар боллоо.
Ерөнхий сайд авлигатай тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Орлогоосоо давсан хөрөнгөтэй, автомашин унаж байгаад анхаарч ажиллах чиглэлийг ХЗДХЯ-нд өгсөн" хэмээв. Тэрбээр мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Жагсагчдын тавьсан шаардлагаар хэд нь туссан бэ?
-Жагсагчдын тавьсан бүх шаардлагыг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд тусгасан. 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноох хугацаа хадгалагдаж байна.
-Та Өмнөговь аймагт орон нутгийн Тавантолгойн Бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдон ажиллаад ирсэн. Газар дээр байдал ямар байна вэ?
-Би дөрөв хоног ажиллаад өчигдөр шөнө ирлээ. Бид шалгаж байна. АТГ болон цагдаагийн газар зарим хэргийг сэргээн шалгаж байна. Бүх бичиг баримтыг хураан авсан. Засгийн газар орон нутгийн Тавантолгой компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллагад шилжүүлж тухай асуудал байхгүй. "Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхайн амнаас давж нүүрс ашигласан асуудал байна. Уурхайн амнаас нүүрс гаргасан уу, ЭТТ уурхайн хилийг давж орж 340 мянган тонн нүүрс олборлосон гэдэг асуудлыг шалгаж байна.
Төрийн өмчит компанийн ашиглах ёстой талбайгаас орон нутгийн өмчит компани ашигласныг буцааж төлөх асуудал яригдаж байна. Орон нутгийн удирдлагуудтай уулзсан. Мэдээллийг эргээд олон нийтэд өгнө.
Н.Нягт