Засгийн газар нүүрсний хулгайг илрүүлэн шүгэл үлээв. Шүглийн дуунаар залуус сэрж, шударга ёсны тэмцээнд дуу хоолойгоо нэгтгэн төв талбай дээр ирж жагсав. Хуулийн алдаа завхралыг засаж, авилгал, хээл хахуультай хийх тэмцлээ ард түмний дэмжлэгээр шуурхайлуулах зэргээр Засгийн газар залуустай нэгдэн төрд бугласан идээ бээрийг шахах ажиллагааг хийж эхэллээ. Нийгмийн алдаа завхралыг ард нийтээрээ хэлэлцэн тунгааж,засахыг шаардан нэгдэж жагсана гэдэг эрүүл үзэгдэл. Яагаад ард түмний дэмжлэг авч байгаа юм гэж хэн нэгэн асууж мэдэх л юм. Тэгвэл бараг хүн болгоны мэддэг ч дэлгэж зүрхлээгүй нүүрсний хулгайг дэлгэж тавьснаар энэ Засгийн газар маш том хулгайн бүлэглэлтэй нүүр тулах болсон юм. Нэг үгээр хэлбэл Засгийн газрын ард түмнээ уриалан дуудсан жагсаал үүргээ гүйцэтгэчихсэн.
Гэтэл юу болов. Жагсаал,цуглааны сургаар, цусны үнэр авсан цөөвөр мэт улс төрийн ашиг хонжоо хайгчид, мөн тийм зорилготой нам, бүлэглэлүүд, мөнгөний үнэр авсан мэргэжлийн жагсагчид халуун хэвтрээсээ өндийн өөрсдийн явцуу үзэл санаагаа эрүүл шударга ёсны цуглаан руу шургуулахыг хичээн дэвэргэж эхэлсэн нь нуух аргагүй үнэн. Аятайхан тайван хэлбэртэй явж байсан жагсаал нүүрсний хулгайчдыг зарлана гэж мэдэгдсэнээс хойш хурц хэлбэрт орж, зохион байгуулалт сайтай болчихлоо. Учраа мэдэхгүй залуус улс төрийн хонжоо хайгчдын ам мэхэнд орж, цөс нь хөөрөн дэвэрч төрийн ордон руугаа хүч түрэмгийлэн дайрч, Монголын төрийг бужигнуулах хүсэл сонирхолтой дотоодын нүүрсний хулгайчдаас эхлээд тэдний түнш гадаадын хүчнүүдийн аманд Монгол төрийг хаяж өгөхөө шахсан нь эмгэнэлтэй юм шүү. Хоёр хэт их гүрний дунд орших ардчилсан улсын улс төр ширээн дээр тавьсан түүхий өндөг гэлтэй. Ширээг аль нэг тийш хөдөлгөх аваас унаж хагарах мэт маш эмзэг. Үүнийг бичсэний учир нь улстөрчид жагсаал цуглааныг өөрсдийн улс төрд ашиглахдаа маш болгоомжтой хандах ёстойг сануулахад илүүдэхгүй биз гэж бодсоных.
Жагсаалын эхний өдрүүдэд улс төрийн хувьд уяа сойлго нь цөмөрчирхсөн АН-ын хөгшин бурхинууд ичээнээсээ цухуйж, эх оронч жүжиглэлтээр зэвсэглэсэн ”No war”-ын дайчдыг илгээж, “No zasag” болгох бантан хутгах гэж үзээд, зуурах гэж оролдсон бантангаасаа халбагаа ч сугалж амжилгүй дайжиж одов. Ард түмэн Засгийн газрыг огцруулах сонирхолгүй ажилд нь дэм өгч, хүч нэмж байгааг тэд гүйцэд ойлгоогүй биз. Мэдээж засаг уначихвал нүүрсчид амьсгаа авч, бүх зүйл эргээд байрандаа орно гэдгийг эрхбиш гадарлахтайгаа шүү дээ.
Улс төрд биеэ үнэлж сурсан уран сайханч залуу ард түмний хүчийг ашиглан өдөр бүр шахам төрийн сайдыг дуудан гаргаж ирэн олны нүдэн дээр загнаж удирдагч болчихоо шахав. Яг л шидийг олоод нисэхийг шахав гэгчээр. Уран сайханч талбайн жагсаал руу орж ирснээр жагсаал илүү энтертайнмент чиглэл рүү үсрээд орчихлоо. Үсээ хусах, хүн нүцгэлэх,уйлж газар тэврэх гэх мэтээр ард түмнийг хирдхийлгэх, хүүхэлдэй тэвэрсэн жирэмсэн эмэгтэйгээр хүнлэг сэтгэлийн драм тоглолт хийх зэргээр тэмцлийн талбарыг тайз болгож хувиргав. Масс иймэрхүү поп тоглолтонд дуртай. Үзэгчдийн алга ташилтын чимээг сонсож үзээгүй уран сайханчийн жүжигчин зөнг жагсагчдын уухайн дуу сэрээж орхисон нь лавтай. Засгийн газар ажлаа хийнэ үү, байна уу хамаагүй түүнд ганцхан зүйл л хэрэгтэй. Уран бүтээлч хүн алга ташилтаар дутаж явснаа талбай дээр ирээд л гэнэт ухаарсан.
Хулгайчтай тэмцэж байгаа Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байх сонирхол хэнд байж таарах вэ. Олон нийт асуултын хариултад хоёр хөршөөс гадна дэлхийд өнгөт хувьсгал экспортолдог улсыг нэрлэж байна. Сөрөг хүчин болон мэргэжлийн жагсагчдын эрх ашиг хөндөгдсөн байж ч мэднэ. Энэ олон таамаг дундаас хамгийн бодитой нь “Нүүрс” намын гишүүдийг гэж хардаж байгаа юм.
Одоо бол талбай дээр цөөхөн жагсагч үлдсэн. Жагсаал бүхэлдээ оюун санааны удирдагчгүй тодорхой чиглэл зорилгогүй хүмүүсийн бөөгнөрөл болжээ. Юу ч юм ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг хүссэн жирийн эгэл олон халуун аарц, цай, хуушуур, боов, боорцог зөөж гүйлдэн юуны төлөө тэмцээд байгаагаа мэдэхээ байсан органикуудынхаа гэдэс ходоодыг баярлуулж, талбай дээгүүр дайран өнгөрөгчдийг ч “Өндөр ээж”-ийн сэтгэлээр дайлж цайлсаар л сууна. Яг л бүх хүсэл нь гүйцчихсэн хүн шиг юуны төлөө тэмцээд байгаагаа ойлгохоо байсан жагсагчид ам амандаа утга учиргүй уриа хашгиралдан зогсохоос хэтрэхээ байчихав. Нүдэнд нь ойрхон харагдаад байгаа болохоор талбай дээр босож байгаа сүлд мод, мөсөн хотхоныг эсэргүүцэж байна гэнэ үү. Талбайд байрлуулсан микрофонтой иргэний индэр бизнесээ явуулж чадаагүй шатсан хүмүүс, нөхөртөө хаягдсан эмэгтэй, хэдэн малаа шуурганд уруудуулж алдсан хариуцлагагүй малчдын гомдлоо тайлж нулимсаа урсгадаг индэр болчихлоо. Ийм нэг зүг чиггүй салхинд уруудсан хонь шиг болчихсон цөөнх ашиг хонжоо хайгчдын эрх ашигт өөрийн мэдэлгүй автан орохыг үгүйсгэх аргагүй юм. Харахад сүр бараа ихтэй мэт боловч яг дунд нь ороод явахаар цуглааны бүтцэд ерөнхийдөө алсаас байдлыг тандан зогсох хэсэг ба түүгээр дайран гарахдаа түр зогсосхийн сонирхогчид багтах аж.
Эцэст нь дахиад хэлэхэд жагсаалын гол шаардлагууд биелчихсэн. Хуулиа өөрчил гэсэн. Хуулиа өөрчлөхөөр УИХ-д өргөн барив. Хулгайчаа зарла гэлээ зарлачихлаа. Одоо хууль шүүх, прокуроруудыг ажлаа шударгаар хийхийг хянаж шаардлага тавих хэрэгтэй. Мэдээж хулгайч “би хулгай хийсэн” гэж цээжээ дэлдээд гараад ирэхгүй нь лавтай. Тэд хүчтэй, олонд нэр хүндтэй, яралзтал сайхан инээдэг нэгэн байж ч магадгүй. Олон улсын байдал тогтворгүй байгаа ийм эгзэгтэй үед бид дотроо аль болох эв нэгдлийг эрхэмлэн, эв найртай байж шүгэл үлээгч Засгийн газраа дэмжин дотоодын хулгайчдаасаа салах нь бидэнд хэрэгтэй.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин 049/24530