Х.Нямбаатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлэхгүй


Монгол Улсын Засгийн газар авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, ялын бодлогоо чангатгах ажлыг эхлүүллээ. Нүүрсний хулгайчд нарыг илрүүлэн зарлах, ард түмний боломжоос хулгайлсан хүмүүст зохих ял шийтгэлийг нь оногдуулах, эцсийн дүндээ шударга нийгмийг цогцлоохыг шаардсан жагсаал нийслэлийн төв талбайд 10 гаруй хоног үргэлжилж байгаа юм. Засгийн газраас шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна, нүүрсний хэрэгт шууд болон дам байдлаар холбогдсон хүмүүсийн нэрийг АТГ-аас зарлаад байгаа. Улмаар авлига, албан тушаалын гэмт хэргийн ялыг чангатгахаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Үүний дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ямар байдлаар өөрчлөх вэ. Энэ талаарх мэдээллийг багцлан хүргэе. 

 

Гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар тусгажээ

 

Халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох өөрчлөлтийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг нийтийн албаны удирдах албан тушаал хаших эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт авлигын гэмт хэргийг хамааруулах нэмэлтийг тусгасан байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгожээ. 

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж улсын орлого болгохоор тусгасан байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндсөн бөгөөд ингэхдээ энэ бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар оруулжээ. Тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдэх юм байна. Түүнчлэн “Нийтийн албан тушаалтан” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалтнаас гадна байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг хамааруулах нэмэлтийг тусгажээ. 

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (22.1) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагыг адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж, хүндрүүлэх бүрэлдэхүүний (22.2, 22.3) торгох ялыг хасаж, бусад ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгасан байна.  Мөн нийтийн албан тушаалтан хахууль авах (22.4) гэмт хэргийг онц хүндрүүлэх буюу хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль (22.3) авсан, улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол (22.4) ялын бодлогыг чангатгах, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг оруулжээ. Харин гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах (22.6) гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ялыг хасаж, эрх хасах ялыг нэмэгдүүлжээ. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих (22.10) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын бодлогыг чангатгах, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгажээ. 

Түүнчлэн нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг 22.13-т тусад нь тусган, уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ялын бодлогыг чангатгасан байна. Эдгээр хуулийн төслийг баталснаар авлигын гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмын хэрэгжилт баталгаажна гэж хууль санаачлагчид үзжээ. Тэгвэл УИХ энэ хуулийг эцэслэн баталснаар ямар өөрчлөлт гарах талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэрхэн хариулсныг хүргэе.

-Энэ хуулийн гол концепц нь юу байх вэ. Жагсагчдын зүгээс гаргасан шаардлагуудад хариу өгсөн хууль болж чадах уу?

-Нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчдын төлөөллөөс гаргасан шаардлагуудыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төсөл боловсруулах ажлыг  олон нийтийн эсэргүүцлээс үүдэн өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш. 2022 оны тавдугаар сард өргөн мэдүүлээд, хэлэлцсэн хууль гэдгийг тодотгоё. Энэ хуулийн гол концепц бол авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх явдал. 

Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар зүйлчилдэг байсныг хасаж, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд торгох ял эдлүүлэхгүй байхаар тусгасан. Мөн тус хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхийг хасах ялыг нэмэгдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгалаа. Энэ нь Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасанчлан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй байх заалттай уялдаж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зааж байна. Энэ нь ерөөсөө ял наймаалцахгүй л гэсэн үг. 

Түүнчлэн Эрүүгийн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ гэсэн заалтыг нэмж орууллаа. Эрүүгийн хуулийг дагалдуулаад Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг АТГ шалгадаг байхаар тусгаж байгаа юм. Засгийн газрын хуулийн бодлогыг хариуцаж байгаа сайдын хувьд олон нийтийн эсэргүүцэл шаардлагад нийцүүлж, хэргийг хялбаршдаггүй болгох, торгодоггүй болгох асуудлыг оруулж ирлээ. Үүнийхээ хариуцлагыг хүлээнэ. 

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завших боломж гардаг. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гэдэг шүү дээ. Энэ мэтээр хуулийн хийдэл гаргахгүй байх тухайд хэрхэн анхаарсан бэ?

-Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлийг их ярьж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ял завшсан нэг ч хүн байхгүй. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалыг өөрчилж, яллагдагчаар татсан өдрөөс нь эхэлж, хөөн хэлэлцэх хугацаа зогсох зохицуулалттай болгосон. Тэгэхээр 2017-2020 оны хооронд  ял завшчихвий гэдэг үүднээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын хуулийг санаачилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүст нэхэж ял шийтгэл оногдуулах ёстой гэдэг хууль санаачилсан. Үүний дагуу олон албан тушаалтнуудыг ялласан. Гэтэл Үндсэн хуулийн Цэцэд хүмүүс дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгоё гэдэг мэдээлэл гаргасны дагуу Цэц хуралдаж, тус хуулийг хүчингүй болгосон. 

Гэхдээ дагаж мөрдөх журмын тухай хууль тухайн хугацаандаа үүргээ хангалттай биелүүлсэн. Олон нийтээс тавьж буй шаардлагын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдэд хэрэг хялбаршуулсан журмаар шийддэг журам үйлчилдэггүй байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл иргэдийн дунд бухимдал үсгэдэг 40 сая төгрөгөөр торгуулдаг гэдэг асуудлыг эцэс болгосон. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор өндөр албан тушаал хашиж байгаа этгээдүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа урт байх ёстой гэдэг шаардлагыг иргэд, олон нийтийн зүгээс тавьдаг. Засгийн газар ч мөн адил байр суурьтай байгаа учраас энэ талаар хуулийн төсөлд тусгасан. Нэмж хэлэхэд, хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулан ял завшсан хүн нэг ч байхгүй. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан цагаас эхлээд хөөн хэлэлцэх хугацаа зогсдог зохицуулалттай. 

-Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг ямар байдлаар өөрчлөв?

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасаж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгасан. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтнүүдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар тусгалаа. Ялыг ингэж чангатгаж байгаа нь ял завшаад байна гэж үзсэнтэй холбоотой. 

Ял наймаалцах буюу хялбар­шуулсан журмаар хөнгөвчлөх талтай гэж үзсэн. Тийм учраас цаашид ийм нөхцөл үүсгэхгүй, нийтийн болон төрийн өндөр албан тушаалд томилогдсон хүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол ял завших боломжгүй, өндөр ялтай байна гэж ойлгож болно. Гадаад улсын төрийн байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, нийтийн албанд эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, дураараа аашлах, нийгэмд учруулж буй хор аюул нь харилцан адилгүй гэмт хэргүүд дээр төрөөс ялын бодлогыг ялгамжтай өгөх ёстой. Эрх мэдлээ урвуулах, хахууль авах, төсвийн хөрөнгийг зориу­лалтын бусаар ашиглахад тор­гуулийн ялыг хассан. Гэтэл нийтийн албан тушаалтан дураараа аашилж, жишээлбэл орон нутгийн замыг хаавал хорих ял өгч болохгүй.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монгол үнэн сонин №049/24530/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 12 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 15 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 15 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 15 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 15 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 15 цагийн өмнө
SDY Calling you... 15 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 16 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 16 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 16 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 16 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22