Нүүрсний хулгайн эсрэг жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаалийн эрч аажмаар буурч, жагсагчдын шаардлага өдөр цагаар өөрчлөгдөж байгаа ч нүүрсний хулгай, албан тушаалтнууд, авлига хээл хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэх ёстойг нийгэмд тун сайн сануулж өглөө. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын чих зөөлөн, иргэдийн үгийг маш анхааралтай сонсож, бас хариу арга хэмжээнүүдийг сайн авсан гэхэд болно. Гэвч жагсагчдын эцсийн шаардлага юу гэдэг нь тодорхой бус байгаа нь тэднийг сандаргаж байлаа.
Албан тушаал, авлигын гэмт хэрэгтнүүд ял завшдаг, хөөн хэлэлцэх хугацаа нэрээр 40 саяын торгуул төлөөд мултардаг байдлыг халахаар Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төсөлд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, өршөөл уучлал, үзүүлэхгүй байх, албан тушаалаа урвуулан ашиглаж авлигын замаар олсон хөрөнгө орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох заалтууд оржээ. Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулан журмаар шийддэг эрх зүйн орчныг хүчингүй болгох, хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Гэвч энэ чуулганы хуралдааныг АН-ынхан хаяж гарлаа. Тэд “Ажнайн” гэх тодотголтой УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хамгаалж, “Сөрөг хүчин рүүгээ” дайрч байна гэсэн мэдэгдлийг ээлж дараалан хийж байгаа юм. Үүнээс үүдэн “АН-ын гишүүд нүүрсний хулгайчийг хамгаалж байна” гэсэн шүүмжлэл өрнөөд байна. Мөн УИХ-ын чуулганаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль батлагдвал эхний ээлжид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30-40 хувийн нүүрсийг биржээр зарах юм. Ингэснээр нүүрсний хулгай хумигдаж, дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ зарах боломж олдох юм. Нүүрсний хулгайн хэрэгт нийт УИХ-ын найман гишүүнийг шалгаж байгаа нь ил болсон. АТГ-аас жагсагчдын шаардлагын дагуу 17 хүнийг шалгаж байгаагаа зарласан. Үүнээс үүдэн “Би нүүрстэй холбоогүй” гэсэн мэдэгдлийг улстөрчид ч, компаниуд ч ээлж дараалан хийж байна. Эдгээр 17 хүний нэгээр зарлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-т очиж мэдүүлэг өглөө. АТГ-ынхан экс Ерөнхийлөгчийг дөрвөн цаг гаруй байцааж, мэдүүлэг авчээ. Х.Баттулгын хувьд төмөр замын гэрээг нууцаар байгуулж, Голомт банканд давуу эрх олгосон. Голомт банкны Баясгалан нүүрсийг хямд үнээр авч, өндөр үнээр зардаг гэсэн асуудалд холбогдоод байгаа. Мөн Засгийн газраас томилсон БЭТ Ж.Ганбат “Эрдэнэс Таван толгой” ХХК-тай холбоотой оффтэйк гэрээг ил болгож олон нийтэд мэдээлсэн нь багагүй дуулиан тарьж байна.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассиоциац хоорондын “Ухаалаг засаг-2 төслийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Зээлийн хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаар дамжуулан 29.5 сая долларын зээл авна. Зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол хоёр хувийн хүүтэй, эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй юм. Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мөн худалдан авах ажиллагааны цахим порталыг шинэчлэх ажлыг хийх юм байна. Анхаарал татсан гол мэдээллүүдийн нэг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголбанканд хүргүүлсэн албан шаардлага байлаа. Тус шаардлагад “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хүүг жилийн найман хувь, зургаан хувь гэж ялгавартай тогтоож, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж байгаа нөхцөл байдал үүссэн байна” гэж бичжээ. Үүний үр дүнд найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэд зээлээ зургаан хувь болгож бууруулах боломж бүрдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар найман хувийн хүүтэй ипотекийн зээлтэй 64 мянган иргэн байдаг юм байна. Үүнээс гадна Монголбанкны Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан сөхөж гаргалаа. Тэрбээр цахим орчинд “Банк санхүү, эдийн засгийн амь нь тасардаггүй алуурчид айдасгүй байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн, хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадалгүй алдсан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой” хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны хурал болж, нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголын товыг тогтоож, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг баталлаа. Ингэснээр Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын 166 хүнийг гэрчээр дуудаж байцаахаар болжээ. Өнгөрсөн 12 сарын хугацаад АТГ-тай хамтран 800 гаруй тэрбум төгрөгийг зээлдэгч нараас эргүүлж аваад байгаа Хөгжлийн банкныхан энэ удаад өндөр албан тушаалтнуудтай заргалдаж, зээлсэн мөнгөө авахаар шийдсэн бололтой. Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж байгаа Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тун сандруу байна. Тэрбээр Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтээ хэвлэлийнхнээр дамжуулан гаргалаа. Үүнээс үзэхэд Хөгжлийн банкны хэрэгт холбогдогсдын шүүх хурал зарлагдаж байгаа бололтой. Тамгаа булаацалдаж байгаа АН-ын хэрүүл мөн л үргэлжилсээр байна. Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга гэх иргэн Т.Мөнхбаяраас “Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хэлэлцжээ. Гэвч тус намын дотоод маргаан дуусаагүй учраас Т.Мөнхбаярын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж Дээд шүүх үзсэн байна. С.Эрдэнэ, Х.Баттулга нарын энэ маргаан эцэс төгсгөлгүй үргэлжлэх нь тодорхой байгаа учраас гурав дахь шинэ даргыг гаргаж ирэх гэж байгаагаа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдэгдлээ.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/