“Амар сан”-гийнхан боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулна


Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан, Улсын Бага хурлын дарга асан Агданбуугийн Амарын мэндэлсний 136 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс түүнийг алдаршуулах, үйл хэргийг нь олон нийтэд түгээн сурталчлах зорилгоор Булган аймгийнхан “Мэргэн сайд Агданбуугийн Амар сан”-г байгуулж, албан ёсны нээлтээ өчигдөр хийлээ. Тус санг БШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр тэргүүтэй Булган нутгийнхан байгуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд А.Амарын мэндэлсний 130 жилийн ойгоор түүнийг шуудангийн марканд мөнхөлсөн бөгөөд Ерөнхий сайдуудаас марктай болсон анхны төр, нийгмийн зүтгэлтэн болж байлаа. Мөн түүний тухай ном, баримтат кино хүртэл хийсэн байдаг. Тэгвэл энэ удаад сангийн албан ёсны нээлтийг хийж, Булган нутгаас гаралтай салбар салбарын төлөөлөл уг арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн үеэр “Мэргэн сайд Агданбуугийн Амар сан”-гийн тэргүүн Ё.Отгонбаяр хэлэхдээ “Манай сан Улаанбаатар, Эрдэнэт хот, АНУ-ын Чикаго хотод салбараа нээлээ. Өнгөрсөн хугацаанд боловсрол төдийгүй эрүүл мэндийн салбарт хэд хэдэн ажлын эхлэлийг тавьсан. “Чингис хаан” музейд 14 хоног тутамд өглөөний уулзалт хийнэ. Мөн Булган аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдлын талаар судалгаа хийсэн бөгөөд цаашид ямар ажил хийхээ төлөвлөнө. Түүнчлэн аймгаасаа төрөн гарсан төрийн дээд шагнал хүртэж, цол хэргэм нэмсэн эрхмүүддээ хүндэтгэл үзүүллээ. Хийсэн ажлаасаа цухас дурдахад ийм байна. Цаашид бид Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх ажлын санаа байвал манай сантай хамтарч ажиллаж болно. Бид ямар нэгэн нам харгалзахгүйгээр хамтарч ажиллахад бэлэн” хэмээв. Тус сангийн гол чиглэл нь боловсрол, эрүүл мэндийн салбар байх аж. Энэ талаар сангийн тэргүүн Ё.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.

-Амар сайдын санг үүсгэн байгуулах болсон гол шалтгаан юу вэ?

-Энэ хүн бол БНМАУ-ын анхны Ерөнхий сайд гэдгээрээ онцлогтой. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж, улс орны хөгжлийг ямархуу байдлаар хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч байсан хүн. “Амар сан” эрүүл чийрэг, боловсролтой монгол хүнийг бий болгох зорилготой ажиллана. Энэ хүрээнд залуус Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас “Амар сан”-г байгуулсан юм. Манай санг зөвхөн залуучуудаар төсөөлж болохгүй. Залуу, дунд, ахмад үеийнхэн энэ сангийн үйл ажиллагаанд оролцож, хувь нэмрээ оруулж явна.

-Тухайн хүний нэр алдрыг түгээх, залууст танин мэдүүлэх зорилго агуулсан тухай цухас дурдлаа. Энэ хүрээнд ямар ажил хийх вэ?

-Энэ хүн 15 дугаар жарны улаан нохой жил 1886 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны /одоогийн Булган аймгийн Бугат сум/ Уулын голын “Маалын ам” хэмээх газар хохь тайж Агданбуугийн нэгэн хөвгүүн болон мэндэлжээ. Нэлээд мэдлэгтэй хүн байж. Эрдэм мэдлэгт суурилсан тухайн үеийн Засгийн газар ямар хүчтэй байж, шинэ сэргэлтийг авчирсан бэ гэдгийг хүмүүс мэдэх ёстой. Өөрөө хэлмэгдлийг сөрөн зогсох гэж маш олон оролдлого хийсэн байдаг. Хүний ёсыг дээд зэргээр эрхэмлэн дээдэлдэг хүн байжээ гэж үздэг. А.Амар сайд бол Монголбанкны үндэс суурийг тавьсан хүн юм.

-Та эрүүл мэнд, боловсролын салбарыг онцолно гэсэн. Чиглэл, хамрах хүрээ ямар байх бол?

-Гадаадын хэд хэдэн дээд сургуультай холбоо тогтоосон. Сайд маань Булган аймгаас гаралтай учраас бидний үйл ажиллагааны нэг хэсэг нь Булган аймаг руу чиглэх ёстой. Тиймээс аймгийн боловсролын түвшнийг ахиулахад нэлээд анхаарал хандуулна. Эрүүл мэндийн салбарт хийх томоохон ажлын нэг нь улсын хэмжээнд тоног төхөөрөмж нийлүүлэхээр АНУ-ын байгууллагатай урьдчилсан байдлаар тохиролцсон.

Агданбуугийн Амар гэж  хэн бэ

А.Амар нь 1921 оноос Ардын засгийн газарт туслах түшмэл, 1923 оноос Ардын засгийн газрын гадаад, дотоод аж ахуйн яамны сайд, Ерөнхий сайдын орлогч, Улсын банкны дарга, 1928 оноос БНМАУ-ын Ерөнхий сайд, 1930 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932 оноос Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936 оноос БНМАУ-ын Ерөнхий сайдаар тус тус ажиллажээ. Агданбуугийн Амарын зохион хэвлүүлсэн “Монгол Улсын товч түүх” ном нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй чухал бүтээлийн нэгд тооцогдож байна. Алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү Гонгор нэртэй байгаад 1910-аад оны сүүлчээр өвдөж, лам багш нь Амар хэмээн нэрийг нь сольсон. Эцэг Агданбуу тайжийн сахилын нэр нь Ананд тул Анандын Амар гэдэг. 

Түүнийг 12 нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Оролдлого сайтай Амар төдөлгүй монгол бичиг сайн сурч манж, төвөд хэл бичиг ч төсөөлдөг болж, тэрээр Манж Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад 1913 оноос Богд Хаант Монгол Улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 онд Монгол Улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. 1919 онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв. А.Амар нам төрийн удирдлагад ажиллаж байхдаа Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд ихэд анхаарч байсан.
Сталиныг тахин шүтсэн нь манайд нөлөөлж хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсныг Амар тухайн үед эсэргүүцэж байжээ. “Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй” хэмээн хэлсэн удаатай. 

А.Амар төрийн өндөр дээд албанд зүтгэхдээ үндэсний ардчилсан чиг шугам баримталж, улс орны эдийн засгийг хөл дээр нь босгох, хууль, дүрэм,  заавар зэрэг төрийн 300 гаруй баримт бичиг боловсруулахад оролцон, улс оронд орчин үеийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэх, улс орны гадаад харилцааны алтан аргамжийг улс үндэсний эрх ашгийн үүднээс зөв татах, хууль ёсыг завхруулан гажуудуулахын эсрэг эрслэн тэмцэх зэргээр бололцоотой бүхнийг хийж байв. 

Гэвч түүний үйл ажиллагаа Коминтерн, Зөвлөлтийн бодлоготой зөрчилдөж, 1939 оны гуравдугаар сарын сүүлчээр Сталины тусгай удирдамжаар “ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч”, “Японы тагнуул, төлөөлөгч” хэмээх хилс ял тулган баривчилжээ. 1941 оны долдугаар сарын 10-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр А.Амар “Би хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна.

 БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ. Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй... хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” гэжээ. Улмаар Монголын ард түмний баяр наадмын өдөр түүнд ялын дээд хэмжээ өгч, долдугаар сарын 27-ны өдөр цаазалсан түүхтэй. ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны арванхоёрдугаар сарын 15-ны хуралдаанаар А.Амарт оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 1962 онд  цагаатгасан юм. 

 Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин -049/24530/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 14 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 17 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 17 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 17 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 17 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 17 цагийн өмнө
SDY Calling you... 17 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 18 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 18 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 18 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 18 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22