“Женко” Баттулга гадаад руу нисэж, жагсагчид нүцгэлж, нүүрсний хулгайч нартай нүүр тулсан 7 хоног


-Нүүрсний хэрэгт 53 хүн яллагдагчаар татагджээ-


 Нүүрсний хэрэгт холбогдсон экс Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт АТГ-т мэдүүлэг өгсөн. Гэвч тэрбээр мэдүүлэг өгснийхөө дараа БНСУ-аар дамжин Сингапур руу ниссэн гэдэг мэдээлэл цацагдсанаар шинэ долоо хоног эхлэв. Хулгайч нартай тэмцэхийг уриалж Сүхбаатарын талбай дээр арав гаруй хоног жагсаж байсан тэмцэгчид харин энэ мэдээллийг нэг их сүр дуулиан болголгүйгээр хүлээж авсан нь олон хүний гайхашралыг төрүүлснийг нуугаад яах вэ. 

Төмөр замын хэрэг,  асар их хэмжээний нүүрсний наймаатай холбогдсон, “хамгийн том хулгай” гэж нэрлэгдээд байсан Х.Баттулгыг хил давуулж алдсанд жагсагчид бус харин жирийн иргэд бухимдаж байсан юм. Өнгөрч буй долоо хоногийн онцлох мэдээнүүдийн нэг нь яах аргагүй Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт байлаа.  УИХ-ын чуулганаар хуулийг батлах үед 76 гишүүнээс 46 нь хуралдаа сууж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй хоёрхон гишүүн эсрэг санал өгснөөр хуулийн төсөл батлагдсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял оноохоор болгон өөрчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хураах хатуу заалттай Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт эрх мэдэл бүхий олон хүнийг сандаргаж байгааг эндээс харж болох биз. 

 Эрүүгийн хууль батлагдсаны дараа Хууль зүйн сайд Х.Нямбаатар жагсагчидтай дахин уулзаж “Та бүхний тавьсан шаардлагууд олон жил хийгээгүй ажлуудыг ил тод болголоо. Бид та бүхний эрүүл мэндэд санаа зовниж байна. Иргэдийн шударга ёсны штабын хэлбэрээр зохион байгуулалттай ажиллаж болохгүй юу. Өнөөдрийн жагсаал цуглаанаа өндөрлүүлээч” гэдэг хүсэлт тавьсан. Гэвч түүний энэ хүсэлтийг жагсагчид хүлээж аваагүй. Шаардлагаа өдөр бүр өөрчилж байсан жагсагчид сүүлийн хэдэн өдөр УИХ-ыг тараах тухай ярьж эхэлсэн юм. Өнгөрч буй долоо хоногт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдсан. МАН-ын бүлгийн хуралдаан дээр намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  нүүрсний хулгайтай холбоотой нэр нь дурдагдаад байгаа УИХ-ын гишүүд, сайд нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах ёстой гэсэн сануулгыг бүлгийн гишүүддээ өгчээ. 

Харин АН-ын бүлгийнхэн ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсголыг төрийн ордонд зохион байгуулсан нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Нээлттэй сонсгол эхлэх үеэр Төрийн ордонд орсон иргэд нэг танхимд уулзалт хийнэ хэмээн эсэргүүцэл илэрхийлж, ордны гадна байсан залуучууд бөөнөөрөө нүцгэлэн ордон руу оруулахыг шаардаж багагүй үймээн дэгдсэн. Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дэд дарга Б.Энхмөнх, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн туслах гэх мэт хүмүүс үймээн шуугиан дэгдээсэн.  “Б.Энхмөнхийн хувьд нүүрсний хэрэгт нэр холбогдсон “Ажнайн” гэх Бат-Эрдэнэтэй хамаарал бүхий этгээд, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн ч бас нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа учраас туслах нь нээлттэй сонсголыг тасалдуулах зорилготойгоор ажиллаж байна” хэмээн  зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолж байв. Тэгвэл Төрийн ордны гадаа нүцгэлсэн залуучуудыг ч мөн нүүрсний хэрэгт холбогдоод байгаа өндөр албан тушаалтнуудтай хамааралтай, жагсаалд оролцож байгаагүй иргэд гэнэт ирж хувцсаа тайлж эхэлсэн гэх мэдээллийг зарим жагсагч өгч байлаа. Энэ үеэр Түргэн тусламжийн төвийнхөн болон цагдаа нар хувцсаа тайлж, нүцгэлсэн иргэдийг тайвшруулах, хувцсыг нь өмсүүлэх гэж аргадах, массаж хийж өгөх зэргээр завгүй ажиллаж байсныг дурдах нь илүүц биз.

Нээлттэй сонсголд  Сангийн сайд Б.Жавхлан оролцож, мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улс 1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний 80 хувь нь 2011 оноос өдрийг хүртэлх экспорт байгаа юм. 336 сая тонн нүүрс экспортлоод 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Үүний 43.5 их наяд төгрөг буюу 95 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарна. 10 их наяд төгрөгийн татвар авсан. 21 компани гэрээнд заасан хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон бол 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон байна. Улсын хилээр хоосон гэж бүртгэгдэж гарсан тээврийн хэрэгсэл бий. Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2,527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай ачаагүй гэсэн бүртгэлээр гарчээ. Их хэмжээний нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гарсан байж болзошгүй тохиолдол гарчээ. Тухайлбал, 3,758 тээврийн хэрэгслээр нийт 379 мянган тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй байгаа гэдгийг мэдэгдэв.  Харин Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Нүүрсний хэрэгт 17 хэрэг, 22 хэрэг бүртгэлийн хэрэг шалгагдаж байна. Уг хэрэгт холбогдсон 87 хуулийн этгээдийн зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний тав нь улс төрд нөлөө бүхий хүмүүс байгаа” гэдгийг онцолж байлаа. Тэгвэл Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа “Одоогийн байдлаар нүүрсний хэрэгт 50 хүнийг яллагдагчаар татсан. Мөн 17 хүнийг шалгаж байна.“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярыг авлига авсан учраас цагдан хорьсон” гэх мэдээллийг өгсөн юм.

Монгол Улс нийтийн сонсгол зохион байгуулах хуультай. Гэвч энэ хууль батлагдсанаас хойш гурав дахь удаагаа ийнхүү нүүрсний асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж, нүүрсний хэрэгт холбогдсон этгээдүүдийн талаар нийтээрээ мэдээлэл авлаа. Нээлттэй сонсголын дараа Сүхбаатарын талбай дээр 18 хоног үргэлжилсэн жагсаалд оролцогчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулжээ. Хэдийгээр зарим иргэн “Жагсаалыг хүчээр тараалаа” гэж шүүмжилж  байгаа ч “Залуучуудын эрүүл мэндийг бодох нь зөв” хэмээн үзэж байсан хүн ч цөөнгүй байв. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам сахиулах албаны дарга, хошууч Б.Лхагважав “Сүүлийн өдрүүдэд өрнөж буй жагсаал нь хууль бус буюу хүний нэр төрд халдах, жагсаалд оролцогчид өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй үйлдлүүдийг гаргах болсон. Цаашид энэ байдал даамжирвал хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй. Иймд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс өмнө олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Ингэхдээ хэн нэгний эрүүл мэндэд хохирол учруулах болон албадан саатуулах арга хэмжээ огт аваагүй” гэдгийг онцолсон юм. Ийнхүү Сүхбаатарын талбай дээр 18 хоног үргэлжилсэн жагсаал өндөрлөв.

  Б.НҮҮДЭЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №051/24531/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 13 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 16 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 16 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 16 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 16 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 16 цагийн өмнө
SDY Calling you... 16 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 16 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 17 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 17 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 17 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22