Э.Батшугар: Ирэх онд эдийн засаг өсөлттэй гарах боломжтой


УИХ-ын гишүүн Э.Батшугартай   ирэх оны эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.

 

-Цар тахлын дараа улс орнууд эдийн засгаа сэргээх чиглэлээр ажиллаж байна. Манай улсын хувьд ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн дүгнэж  байна вэ?

-Дотоодын эдийн засгийг дүгнэхийн өмнө бид эхлээд дэлхий нийтийн хандлагыг харах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ирэх онд дэлхийн эдийн засагт эерэг үзүүлэлт харагдахгүй байна. Ялангуяа АНУ, Англи, Европын эдийн засаг хасахтай байх төлөв харагдаад байгаа юм. Үндсэндээ цар тахлын дараах эдийн засаг  маш хүнд байна.  Энэ нь  хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, ковидын болоод нийлүүлэлтийн гинж, логистикийн хүндрэл одоо ч байсаар байна. Хоёрдугаарт,  геополитикийн нөхцөл байдал буюу Орос, Украины асуудлаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл байсаар байна. Эдгээр шалтгаанаас хамааралтайгаар дэлхийн дахинд инфляц буюу үнийн өсөлт нүүрлэсэн. Америк, Европын холбооны үнийн өсөлт сүүлийн 40 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрчихээд байна. Энэ бүхнээс харахад ирэх жил ч эдийн засгийн өсөлт хасах үзүүлэлттэй байхаар харагдаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад тулгамдсан хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, манай улс хэрэглээнийхээ 60 орчим хувийг импортоор авдаг учраас үнийн өсөлтийн эрсдэл байна. 

Нөгөө талд валютын  ханшийн сорилт бас байна. Та бидний харж байгаагаар Америк, Европын холбооны Төв банк бодлогын хүүгээ чангалж эхлээд байна. АНУ-ын хувьд сүүлийн 15 жилд байгаагүйгээр бодлогын хүүгээ чангалчихлаа. Үүнээс  үзэхэд ирээдүйд ч бодлогын хүүгээ дахин чангална гэдэг мессежийг  зах зээлд өгчихөж байгаа юм. Үүнийг дагаад ам.доллар болон бусад гадаад валютын ханш тухайн улс орондоо чангарч эхэлсэн. Манай улс ч мөн энэ жишгээр монгол төгрөгийн ханш суларсан дүр зурагтай байна. Тиймээс бид эхний ээлжид гадаад валютын урсгалаа нэмэгдүүлэх нь чухал байна. Цаашлаад үнийн өсөлтийг тогтвортой байлгах нь чухал. Энэ мэтээр бидэнд тулгамдсан асуудал цөөнгүй байгаа ч эерэг төлөв харагдаж байна.  Тухайлбал, манай улсын экспорт ирэх жил 11.3 тэрбумд хүрнэ гэдэг төсөөллийг төсөвт суулгаж баталсан.

 Миний харж байгаагаар бид энэ зорилтоо давуулан биелүүлэх боломжтой. Учир нь, энэ жил гэхэд 10 тэрбум ам.долларын экспорт хийнэ гэсэн тооцоололтой байсан бол өнөөдрийн байдлаар 11 тэрбумд хүрээд байна. Хоёрдугаарт, ирэх жил Оюутолгойн гүний уурхай үйл ажиллагаагаа явуулж эхлэх учраас экспортын хэмжээ нэмэгдэж таарна. Гуравдугаарт, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг ашиглалтад оруулчихлаа. Мөн Зүүнбаян, Хангийн төмөр замыг ч ашиглалтад оруулаад дуусаж байна. Энэ хэрээр  нүүрсний экспорт өнөөдрийнхөөс нэмэгдэх эерэг дүр зураг харагдаж байгаа юм. Нэмж хэлэхэд, ирэх жилээс нүүрсний худалдааг зах зээлийн журмаар цахимаар биржээр худалдаалж эхлэх бөгөөд энэ нь гадаад валютын бодит орлогыг Монгол Улсад оруулна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах үеэр урд хөршийн зүгээс нүүрсний экспортыг өнөөдрийн түвшнээс хоёр дахин нэмэгдүүлэх саналаа илэрхийлчихлээ. Энэ бол Монгол Улсын гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх том  суваг гэж харж байна.

-Засгийн газраас оффтейк гэрээг ил болгож, экспортод хяналт тавьж эхэлсэн нь нүүрсний экспорт нэмэгдэхэд эергээр нөлөөлөх болов уу?

-Тэгэлгүй яах вэ, шууд нө­лөөлнө. Оффтейк гэрээг ил болгож эхэлсэн, уул уурхайн биржийг ирэх оноос байгуулаад ирэхээр манай улс нүүрсээ цэвэр зах зээлийн үнээр  экспортлох боломж бүрдэнэ. Уурхайн амны үнэ гэх мэтээр үнэлэмж бууруулдаг асуудал цаашид байхгүй болох нь байна шүү дээ. Энэ бол яалт ч үгүй эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ. Тиймээс манай улсын эдийн засаг ирэх жил харьцангуй өсөлттэй гарна гэсэн хүлээлттэй байна.

 Миний харж байгаагаар 5-7 хувийн өсөлттэй гарах байх. Цэвэр экс­портын хэмжээ нэмэгдээд ирэхээр дагаад  төгрөгийн ханш чангарна. Ингэснээр  импортоор орж ирэх инфляц буурах талтай. Нөгөө талд манай дотоодын  нийт бүтээгдэхүүний цэвэр экспорт өсөх прогноз харагдаад байгаа юм. Ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлох тооцооллыг төсөвт тусгасан.  Миний харж байгаагаар энэ бүрэн боломжтой.  Засгийн газраас дэвшүүлсэн Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд олон эерэг үзүүлэлт гарч байна.  Хятадын талаас худалдан авалтаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн зэргээс харахад төсөвт тусгасан хэмжээнд хан­галттай хүрнэ гэж бодож байгаа.

-Эдийн засагт хэд хэдэн эерэг үзүүлэлт харагдаж байгаа ч ирэх оны төсвийн алдагдлыг нөхөх шаардлага бидэнд бий. Энэ тухайд ямар гарц, шийдэл  байна вэ?

-Төсвийн алдагдал, ДНБ-ий харьцаа 2.6  хувьтай бат­лагдсан. Энэ нь  бусад улс ор­нуудтай харьцуулахад харь­цангуй боломжийн ин­дикатор. Жишээлбэл, АНУ-ын төсвийн алдагдал 4.2, Японых 7.2, Английнх 9.7  хувьтай батлагдсан. Харин хөгжиж буй улс орнуудаас Казахстан улс тав, Узбекистан улс 5.2, Кувейт 13 хувиар төсвийн алдагдлаа баталсан байна. Тэгэхээр онолоороо улсын төсвөөрөө эдийн засгаа дэмжих бодлогыг дэлхий даяар явуулж байна л даа.  Тиймээс манай улсынх тийм ч муу үзүүлэлт биш гэж ойлгож болно.  

 Санхүүжилтийн механизмын хувьд хэд хэдэн аргачлал байна.  Үүнд дотоод, гадаадад бонд гаргах боломж бий. Нөгөөтэйгүүр өнөөдөр л гэхэд банкуудаас    дөрвөн их наяд төгрөгийг Төв банканд үнэт цаас хэлбэрээр байршуулаад байна. Тэгвэл үүнийг эргэлдүүлэх нэг  суваг нь Засгийн газар бонд гаргах хувилбар байж болно. Түүгээр Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого хөгж­лийн томоохон төслүүдийг сан­хүүжүүлэх нь зүйтэй гэж харж байна. Мөн гадаадын томоохон банк санхүүгийн байгууллагуудтай шууд билатерал гэрээ байгуулж санхүүжилт авах боломжтой.

-Манай улс  “Чингис” бон­дын өр төлбөрийг бүрэн барагдууллаа. Ирэх жил ч мөн    гаднаас босгосон бондын үндсэн төлбөрийг төлөх учиртай. Гарц, гаргалгааг ямар байдлаар тооцоолж байгаа талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Монгол Улс “Чингис” бондын төлбөрийг бүрэн төлж дууслаа.  2012 онд гаргасан энэ бондын төлбөрийг бүрэн барагдуулсан нь олон улсын хөрөнгийн зах зээлд маш зөв мессэжийг өгсөн үйл явдал боллоо. Ирэх жилийн тавдугаар сар гэхэд бид “Гэрэгэ” бондын 533 сая ам.долларыг төлж барагдуулна. Энэ тухайд Засгийн газар, Сангийн яам тодорхой зохицуулалтуудыг хийж эхэлсэн гэдэг мэдээлэл авсан. 

Дахин санхүүжүүлэх байдлаар судалж байгаа юм билээ. Ингэхдээ хоёр ч хувилбарыг судалж байна гэж ойлгосон. Эхнийх нь санхүүгийн зах зээл дээр бонд гаргах боломж бий. Жишээлбэл, бид   “Century” бондыг 2031 он хүртэл гаргасан шүү дээ. Энэ мэтээр урт хугацаа, бага хүүтэйгээр санхүүжүүлэх хувилбар байж болно. Гэхдээ энэ нь гадаад улсуудын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна. Дараагийн хувилбар гаднын банк болон санхүүгийн байгууллагатай  тохиролцсоны үндсэн дээр тодорхой хэмжээний зээлийг урт хугацаатайгаар шууд авах аргачлал байдаг. Тиймээс Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа болов уу.

-Бондын өр, төлбөрөөс гадна төрийн өмчит компаниудын өр нэлээд өндөр хэмжээнд хүрсэн. Үүнийг бууруулах, улмаар ашигтай ажиллуулах үүднээс олон нийтийн хяналтад оруулахаар шийдвэрлэсэн. Энэ нь хэр ач холбогдолтой арга хэмжээ вэ?

-Төрийн өмчит компаниудын өр төлбөр гэдэг бол цэвэр менежментийн асуудал шүү дээ. Тэгэхээр  энэ төрлийн компаниудын  менежментийг ил тод болгох нь хамгийн чухал. Тийм ч учраас төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах, IPO гаргах ажлыг эхлүүлээд байна. Яг энэ цаг үед Монголын хөрөнгийн бирж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох процесс эхэлсэн байна. Энэ бол үр дүн авчрах боломж бүхий томоохон ажил. 

Хөрөнгийн бирж өөрийнхөө үйл ажиллагааг үнэлээд  хувьцаа гаргаж байгаа нь дотоод төдийгүй гадаадын  хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээсэн, боломж бололцоо олгосон  ажил болж байна гэж  харж байгаа. Хувьцааг нь худалдаж авсан иргэн, аж ахуйн нэгжүүд менежмент болон  ТУЗ-д нь хяналт тавьж байж Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа улам ил тод болно. Цаашлаад бусад хөрөнгийн бирж дээр гарах сонирхолтой  компаниудад хөрөнгө босгоход нь дэм болж,  томоор яривал санхүүгийн зах зээл болон эдийн засгаа илүү тэлэх бололцоо нээгдэж байна гэж харж байгаа. 

-Өр, төлбөрийн талаар асуусны учир нь ОУВС-гаас манай улсыг өөрийн хөтөлбөрт хамрагдах санал гаргасан гэх мэдээлэл бий. Ер нь манай улс  валютын сангаас дэмжлэг авах шаардлага бий юү?

-Одоогоор манай улс ОУВС-гийн хөтөлбөрт орох хэрэгцээ, шаардлага үүсээгүй гэж хувь хүний хувьд бодож байна. Эдийн засагт дотооддоо эерэг үзүүлэлтүүд гараад эхэл­бэл бидэнд элдэв тусламж шаардлагагүй. Валютын сангийн хөтөлбөрийн гол агуулга нь  төсвийн зардлаа танаж, цалин тэтгэвэр өсгөхгүй байлгаж,  татвараа нэмэхийг шаарддаг, харин оронд нь гадаад валютын зээл өгье гэсэн утгатай, өөрөөр хэлбэл эдийн засагт төдийгүй ард иргэдэд таатай бусаар нөлөөлөл үзүүлэх хөтөлбөр гэж ойлгож болно. Тиймээс миний хувьд аль болох энэ хөтөлбөрт орохгүй байх талаас нь дэмждэг.

-Ипотекийн зээлийн хүүг  наймаас зургаан хувьд хүргэх саналыг Шадар сайдын зүгээс гаргаад байгаа. Хүүгийн зөрүүг Монголбанк даах боломжтой юу?

-Энэ саналыг би хувьдаа дэмжиж байгаа. Ипотекийн зээлийн хүүг нийтээрээ зургаан хувьд хүргэх нь маш чухал санаачилга. Орон сууцтай болно гэдэг ямар ч хүний хувьд чухал хэрэгцээ, шаардлагын нэг шүү дээ. Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийтдээ 110 орчим мянган өрх орон сууцтай болсон тоо баримт байна. Энэ бол төрөөс иргэдэд үзүүлж буй маш том дэмжлэг. Одоогийн байдлаар ипотекийн зээлтэй иргэдийн дийлэнх нь найман хувиар орон сууцаа авсан байдаг. Гэтэл замын дундаас зургаан хувь болгосон. 

Энэ дунд хоёр хувийн хүүгийн зөрүү үүсээд байгааг арилгах ёстой. Тиймээс нийгмийн чанартай асуудалд төр санхүүжилтээ гаргаад явах нь зүйтэй гэж би хувьдаа хардаг. Энэ бол олон мянган хүний асуудал шүү дээ. Тиймээс хоёр хувийн хүүгийн  зөрүүг Монголбанк  даах боломжтой гэж хараад байгаа юм.  Гэхдээ шууд ингээд шийдчихвэл мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдэж, инфляц өсөх магадлалтай. Тийм учраас энэ тухайд нарийн тооцооллоо гаргаж байж шийдэлд хүрэх хэрэгтэй. Нэг мөр биш гэхэд тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой ажил гэж боддог.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 13 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 16 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 16 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 16 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 16 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 16 цагийн өмнө
SDY Calling you... 16 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 17 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 17 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 17 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 17 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22