2022 оны онцлох үйл явдлууд



Шинэ сэргэлтийн бодлого:  Төмөр замын бүтээн байгуулалт

Улиран одож буй 2022 он Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэн, гарааны жил байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг нэг жилийн өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд Шинэ сэргэлтийн бодлогоо УИХ-аар батлуулсан юм. Энэхүү цогц бодлого хэрэгжсэнээр Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэнэ гэж үзсэн. Энэ нь Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэрийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт юм. Боомтын сэргэлтийн хүрээнд 2022 онд төмөр замын бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөснийг бид онцолж байна. Есдүгээр сарын 9-нд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км хүнд даацын төмөр замыг ашиглалтад оруулсан бол арваннэгдүгээр сарын 25-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг тус тус ашиглалтад оруулсан юм. Монголчууд өөрсдөө бүтээн байгуулснаараа, нэг жилийн дотор барьж ашиглалтад оруулснаараа, өмнөд хөрш БНХАУ-тай 60 гаруй жилийн дараа төмөр замаар холбогдох экспортын хоёр, гурав дахь гарц бий болсноороо энэхүү хоёр төмөр зам оны онцлох бүтээн байгуулалт байлаа.

Мөн энэ жил Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлсэн. Энэхүү үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй ОХУ-ын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газар бүрэлдэхүүнээ шинэчлэв 

УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн наймдугаар  сарын 22-30-нд хуралдаж Үндсэн хуулийн цэцийн 2 дугаар тогтоолыг хэлэлцсэн. Цэцийн уг тогтоолоор “Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно” гэсэн утгатай заалтыг хүчингүй болгосон юм. ҮХЦ-ийн шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр болсон тул УИХ ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөд нийцүүлж Засгийн газрын тухай хуульд ч мөн өөрчлөлт оруулсан юм. Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулах саналаа УИХ-д танилцуулж шийдүүлсэн. Шинэ батлагдсан бүтэц, бүрэлдэхүүний хувьд өмнө нь ажиллаж байсан 10 сайдыг хэвээр үлдээж, 11 сайдыг шинээр томилсон. Засгийн газар бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай болсон. Шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны, Эдийн засаг, хөгжлийн сайд нарыг томилсноос гадна Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд бөгөөд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайд бөгөөд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга нарыг томилсон юм.

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарлалаа

Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа нэгдүгээр сарын 20-нд албан ёсоор зарлав. Хөгжлийн банкнаас авсан зээл нь “Чанаргүй” гэдэг ангилалд орсон эдгээр компанийн дундаас хамгийн өндөр дүнтэй нь 212 тэрбум төгрөгийн өглөгтэй “Кью Эс Си” компани. Тус компани нь Их Британийн Виржинийн арал буюу оффшор бүсэд хамааралтай бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас авахад энэ компанийг оролцсон хэмээн захирлыг нь шалгаж байсан юм. Дараагийн том өртэй зээлдэгч нь 163 тэрбум төгрөгийн өртэй “Эрэл” компани. Мөн 104.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэлээр “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит компанийн “Нью Яармаг хаусинг прожект” төсөл дараагийн том зээлдэгчээр нэрлэгдэж байв.

Монгол Улсын Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арваннэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байгаа аж. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгджээ. 2022 оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэнэ гэдгээ Хөгжлийн банк мэдэгдсэн.


Оюутолгойн өрийг тэглэж, “Чингис”, “Самурай” бондуудад “Баяртай” гэж хэллээ 

Оюутолгойн орд олон жил хэл ам дагуулж, улс төрийн зарим хүчин, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд уг төслийг үр ашгаа өгч буй эсэхэд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тус ордын төсөлд хөрөнгө оруулагч талтай Монголын талын эрх ашгийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас ажлын хэсэг байгуулан хоёр талын яриа хэлэлцээг хийсний үр дүнд Оюутолгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг цуцлах зэрэг саналыг хөрөнгө оруулагч “Тио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ийнхэн хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр 2022 оны нэгдүгээр сарын 25-нд Оюутолгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэсэн талууд батламжид гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Ийнхүү Монгол Улсын гадаад өрийн дүнд жин дарах Оюутолгойн өрийг оны эхэнд тэглэж чадсан бол оны эцсээр “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдуулсан нь мөн таатай мэдээлэл байлаа. Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Засгийн газар Олон улсын хөрөнгийн хоёрдагч зах зээл дээр бонд арилжаалж эхэлснээр гадаад өр зээлийн цоо шинэ хуудас нээгдсэн гэж үзэж болно. Энэ хугацаанд манай улс гоё нэртэй олон бонд гаргасан. Тэдгээрийн нэг болох төсөвт хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой “Чингис” бондын эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг цаг хугацаанд нь бүрэн төлж барагдуулснаа арванхоёрдугаар сарын 6-нд Сангийн сайд мэдэгдсэн. 2012 оноос хойш манай улс “Чингис” бондын зөвхөн хүүд 540 сая ам.доллар төлсөн бөгөөд нийт 1.5 тэрбум долларын өрийг ийнхүү бүрэн төлж барагдуулав. 

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны нэгдүгээр улирлаас эхлэн Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулж байгаа бөгөөд уг мөнгөөр “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30.0 тэрбум иен буюу өнөөгийн ханшаар нийт 762.3 тэрбум төгрөгийг бүрэн төлөх боломжтой болсон нь удаах сайн мэдээ байлаа.


“Мянганы зам”-ын бүтээн байгуулалт барианд орж, Азийн авто замын сүлжээнд холбогдов   

Сүүлийн дөрвөн жил хэл амны бай болсон Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил энэ онд эрчимжив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг замын ажилтай биечлэн танилцаж, Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг үргэлжлүүлж, хариуцлага алдсан албан тушаалтан, компаниудад хариуцлага тооцох ёстойг сануулан, авто замыг 2023 оны арваннэгдүгээр сард багтааж хоёр урсгал, дөрвөн эгнээгээр нээж, ашиглалтад оруулахыг үүрэг болгосон. Эхний ээлжид нэг урсгал, хоёр эгнээ хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-нд нээгээд байна.

Улиран одож буй 2022 онд олон улсын чанартай хэд хэдэн замыг ашиглалтад оруулж, мөн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох Засгийн газрын төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн. Ховд, Баян-Өлгий аймгуудад ОХУ-ын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомттой холбогдох Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулсан. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, CAREC-ийн 4”а” коридор, үндэсний томоохон бүтээн байгуулалтын нэг, Ази Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн энэхүү авто замыг Монгол Улсын төсөв, БНХАУ-ын Засгийн газрын зээл, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьжээ. Энэхүү тээврийн коридор нь БНХАУ, Шинжаан Уйгурын Өрөмч хотоос манай улсын Ховд аймгийн Булган боомт, Ховд, Баян-Өлгий аймгийн төв, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэл 4500 км гаруй үргэлжлэх юм. Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо ийнхүү байгууллаа.

Авто замын салбарт энэ онд өрнөсөн бүтээн байгуулалтуудаас дурдвал өнгөрсөн зургадугаар сард Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор Монгол Улсын Засгийн газрын 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт бүрэн биелж, 21 жилийн турш үргэлжилсэн 7000 гаруй километр урт “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дууссан. Мөн гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтээ илэрхийлээд буй.

Их хааны ой тохиож, хаад язгууртны “Чингис хаан” музей үүдээ нээв

2022  он соёлын салбарт сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалт өрнөж, өндөрлөсөн жил байлаа. Хаад язгууртны “Чингис хаан” музей аравдугаар сарын 11-ний өдөр ёслол төгөлдөр үүдээ нээв. 2019 онд Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах шийдвэр гарсан цаг мөчөөс өнөөг хүртэл дэлхий нийтийг хамарсан цар тахлаас авахуулаад хүндрэл, бэрхшээл олонтаа тохиолдсон ч энэхүү музейг богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан юм. Хэмжээгээрээ Ази тивд эхний 10-т багтах “Чингис хаан” музей нүүдлийн соёл иргэншлийн цогц түүхийг харуулах нийт 12 мянга орчим үзмэртэй. Тэдгээрийн 92 хувь нь эх үзмэр, үлдсэн нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлийн хуулбар юм. “Чингис хаан” музей Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан), Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан), Их Монгол Улс, Монголын Их эзэнт улс, Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе), Дэлхий дахин ба монголчуудын танхим (Монгол бахархлын танхим), Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийн танхимуудтай.

2022 онд Эзэн Богд Чингис хааны түмэн өлзий гийсний 860 жилийн ой тохиосон нь бас нэг онцлог байлаа. Их хааны ойн жил Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган айл өрх, албан байгууллага бүрд Их Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залах зарлиг гаргасан. Мөн Төрийн тэргүүний ивээл дор “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, Чингис судлалын олон улсын холбоог байгуулсныг онцлох ёстой. Жил бүр тохиодог Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Ерөнхийлөгчийн зарлигаар гадаадын иргэнд анх удаа төрийн дээд “Чингис хаан” одонг хүртээсэн билээ.  

АТГ  2.4 их наяд төгрөгийн өрийг барагдуулжээ

АТГ авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг хүлээн ажилладаг. АТГ энэ оны есдүгээр сарын 28-ны байдлаар эрүүгийн хэргийн улмаас учирсан 2.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Тухайлбал, Төрийн сангийн дансанд 2.9 тэрбум, төрийн байгууллагын дансанд 142.6 сая, иргэн, аж ахуйн нэгжүүдэд  72.2 сая,  “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 721.3 тэрбум, Хөтөлийн “Цемент-Шохой” ТӨХК-д  235.4 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д 647.2 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ. Хохирол нөхөн төлүүлэлтийн явцад 244.9 сая төгрөгийн  барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийг улсын орлогод оруулсан байна. Түүнчлэн АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны 48 зээлдэгчээс 766.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ. Үүнээс 86.6 тэрбумыг нь үл хөдлөх хөрөнгөөр төлүүлжээ.

Энэ мэтээр АТГ-ын хохирол нөхөн төлүүлэлт сүүлийн гурван жилд тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, 2021 оны эхний найман сарын байдлаар шалгагдсан авлигын гэмт хэргийн улмаас нийт нэг их наяд төгрөгийн хохирол учирснаас 90 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 919 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ.

“Нүүрсний” жагсаал

Засгийн газрын аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор нүүрсний хулгайн асуудал дуулиан тарив. Нийгэмд өмнө нь ил далд яригддаг байсан энэ сэдвээр Засгийн газар өөрөө “шүгэл үлээж”, улмаар өргөн хэмжээнд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн. Харин арванхоёрдугаар сарын 4-нд иргэд, олон нийт Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал, цуглаан зохион байгуулж, нүүрсний хулгайч нарыг зарлахыг, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд уучлал үзүүлж, хялбаршуулсан журмаар шийддэг Эрүүгийн хуулийн заалтыг өөрчлөх зэрэг хэд хэдэн шаардлага  тавьсан. Ерөнхий сайд жагсагчидтай биечлэн уулзаж, тэдний шаардлагыг хүлээн авсан. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлигачдад оногдуулах ялыг чангатгасан юм. Гэвч  “нүүрсний” гэх жагсаал 18 хоног үргэлжилсэн.

 

Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамрууллаа

 

Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын зорилт ажил хэрэг боллоо. Тодруулбал, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөн Засгийн газраас оруулж, УИХ дэмжин баталснаар сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс бүрэн арилсан. Түүнчлэн энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр явуулж, бүртгэлийг хялбарчилсан нь олон нийтийн таашаалыг хүртсэн юм.  Тодруулбал, цэцэрлэгийн бүртгэл хоёр үе шаттай явуулснаас эхний ээлжид 111.542 хүүхэд хүсэлт илгээж, 90 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн хэсэг нь хоёрдугаар ээлжийн бүртгэлээр цэцэрлэгтэй болсноор Монгол Улс  анх удаа цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадсан юм. Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэж чадсан. Ингэхдээ улсын цэцэрлэгт элсэж чадаагүй хүүхдийг хувийн цэцэрлэгт элсүүлсэн хүүхдийн тоогоор хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн.

Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэв

 

Иргэн бүр, жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдах боломжийг бүрдүүллээ.  Засгийн газар  “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ тусгайлан тусгасны дагуу  хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нд албан ёсоор эхлүүлсэн юм. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 700 гаруй мянган хүн эрт илрүүлэгт хамрагдан үзлэг оношилгоо хийлгээд байгаа аж.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.


“Ковид”-ын хөл хориог цуцалж, монголчууд маскаа тайллаа

Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг  амны хаалтын ард нууг­дахад хүргэсэн. Харин монголчууд бид бусад улс орноос түрүүлж хоёрдугаар сарын 24-нд хатуу хөл хориог цуцлан, маскаа тайлж чадсан нь хамтын хүчин чармайлтын үр дүн байлаа.  2019 оноос эхлэн хоёр жилийн турш дэлхий нийтийн амьдрал зогсонги байдалд шилжиж, эрүүл мэнд төдийгүй эдийн засгийн олон шинэ сорилттой нүүр тулгарсан юм. Ийм хүнд хэцүү цагийг магадгүй монголчууд хамгийн бага хохиролтойгоор даван туулсан байж мэднэ. Учир нь, Засгийн газраас хатуу хөл хорио тогтоож, вакцины гурван тунд өндөр хувьтай хамруулж иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадсанаас гадна улсын төсвийн гол орлогыг бүрдүүлэгч нүүрсний экспортоо тасалдуулалгүйгээр авч явсан, шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүр гаргаж явсан  зэрэг нь бусад улс оронтой харьцуулахад чамлахааргүй амжилт болон түүхэнд үлдэж байна.

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар

Жүдо бөхөөр эрэгтэйчүүдээс дэлхийн аварга болсон анхны жүдоч нь Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар. Тэр 2009 онд дэлхийн аварга болж байв. Тэгвэл 2014 онд Гавьяат тамирчин Г.Болдбаатар  ДАШТ-д түрүүлсэн хоёр дахь эрэгтэй жүдоч боллоо. Үүнээс найман жилийн дараа Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар дэлхийн аварга болс­ноор Монголын эрэгтэй жүдочоос энэ алдрыг хүртсэн гурав дахь хүн болсон юм. Тэрбээр өнгөрсөн жил олимпоос хүрэл медаль авсан амжилтаа ДАШТ-д алтан медалиар бататгав.

 

М.АнхцэцэгИЙН “Давхар цохилт” 

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2022 онд онцгой байлаа. Түүний хувьд Азийн аваргаас гурван алтан медаль хүртсэн бол хэдхэн хоногийн өмнө Колумбын Богота хотод болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль зүүсэн амжилттайгаар эх орондоо ирэв. Огцом болон нийлбэр дүнгээр медаль авч чадаагүй ч түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медалийн эзэн боллоо. Ингэснээр М.Анхцэцэг дэлхийн аваргын иж бүрэн медальтай Монголын анхны туйванч болж байна.

Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан эргэн ирэв

Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр монголчуудыг дэлхий хэдийнэ мэддэг болсон. Харин 5х5 төрлөөр үндэсний шигшээ багийнхан 2013 оноос хойш анх удаа FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны хуваарьт тэмцээнд эргэн ирлээ. Хэдийгээр Монголын сагсчид 2014, 2018 оны Азийн наадамд өрсөлдсөн ч FIBA-гийн тэмцээнд оролцож чадахгүй л байлаа. Улмаар энэ жил 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо хүлээн авч хэсгээсээ хоёрдугаар байрт шалгарснаар дараагийн шатанд үлдсэн. Түүнчлэн FIBA-гийн чансаанд дахин орж ирсэн нь оны онцлох спортын үйл явдал байлаа. Урьдчилсан хоёрдугаар шатанд үлдээд зогсохгүй 2023 онд уг тэмцээнийг дахин эх орондоо хүлээн авахаар болов.

“ХҮ”-г элчээр  өргөмжилж, шилдгүүдийн нэгээр Э.Амартүвшинийг нэрлэв

-ЮНЕСКО-гийн хүндэт шагнал Дэлхийн энхтайвны элчээр анх удаа рок хамтлагийг  нэрлэсэн нь “Хү” байлаа.  Монголын онцлогтой рок стилийг хөгжүүлж буй “Хү” хамтлагийн дуунууд дэлхийн урлагт тэсрэлт хийсэн.

 Цар тахлын улмаас хойшлуулсан  аялан тоглолтоороо барууны сонсогчдыг байлдан дагуулжээ. Ташрамд дурдахад, “Хү” хамтлагийнхан Дэлхийн энхтайвны элч болсон Азийн хоёр дахь уран бүтээлчид юм.

Сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа алтан хоолойтнуудын нэг Ардын жүжигчин Э.Амартүвшинг “OperaWire” сэтгүүлээс оны шилдэг 11 дуучны жагсаалтын долоод эрэмбэлжээ. Өдгөө дэлхийн хамгийн эрэлттэй дуурийн дуучдын нэг болсон түүнийг барууны урлаг судлаачид “Вердийн баритон” гэж  өргөмжилдөг.  Вердийн дуурийн гол дүрүүдийг бүтээдэг намуухан өнгө аясаараа Лондоны  Хатан хааны дуурийн театрт “Набукко”-г,  Ромын “Театро делл’Опера”-д “Луиза Миллер”-ийг амилуулсан. Мөн Гамбургийн “Staatsoper” театрт “Аида”, Палермо хотын “Массимо” театрт “Тоска”, Флоренцод “Трубадур”, Венад  “Травиата” дуурийг сэргээн мандуулсан юм.  Тэрбээр нэрийн хуудас болсон “Риголетто” дуурийг  Генуя хотын театр, Парисын “Ла Скала”-д тавихад гол дүр бүтээжээ.

 Уламжлал шинэчлэлийг хослуулсан тайзны бүтээлүүдийг онцолж байна

-2022 он манай драмын урлагийн түүхэнд уламжлал шинэчлэлийг хослуулсан жил боллоо. Дэлхийн уран зохиолын өв “Анна Каренина”, “Гэм зэм” романыг тайзны бүтээл болгон дэглэсэн.  Үндэсний түүхэн жүжиг “Тамгагүй төр”-ийг шинэчилэн найруулсан нь үзэгчдийг шуугиулсан. Ингэхдээ энэ цаг үеийн хар бараан, гэрэл сүүдрийг сонгодгоор харуулснаараа онцлог байлаа.  “Тамгагүй төр” жүжгийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн  1998 онд бичиж, 2011 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьсан. Энэ удаа УДЭТ-ын тайзнаа найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан толилуулсан юм. Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Анна Каренина” жүжгийг 41 тоглолтоор 18916 хүн үзжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 13 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 16 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 16 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 16 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 16 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 16 цагийн өмнө
SDY Calling you... 16 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 16 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 17 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 17 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 17 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22