Зэвсэгт хүчний 011 дугаар анги, “Алдар” спорт хороо, цанын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалагтай ярилцлаа. Тэрбээр цанын спортоор хичээллэхээс гадна биатлоны насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм. Хэдхэн хоногийн өмнө Солонгосын Пёнчан хотод болсон Зүүн Азийн цомын тэмцээнд таван км-ийн сонгомол техникээр тавдугаар байр эзлэв. Уг амжилтаараа тэр FIS-ын 86.88 оноо авсан нь Монголын цаначин эмэгтэйчүүдээс хамгийн өндөр оноог авч буй анхны тохиолдол болжээ. Гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд 16 удаа түрүүлсэн түүний ярилцлагыг хүргэе.
-Солонгосын Пёнчан хотод болсон Зүүн Азийн цомын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тэмцээний талаар товч мэдээлэл өгөөд ярилцлагаа эхлүүлэх үү?
-Энэ тэмцээнд таван орны эрэгтэй, эмэгтэй нийлсэн 80 гаруй тамирчин оролцлоо. Миний хувьд цанын спортоос хэсэгхэн хугацаанд завсарлага авсан. Улмаар өнгөрсөн оноос цанадаа эргэн ирж олон улсын анхны тэмцээндээ оролцсон нь Зүүн Азийн цом байлаа. Таван км-ийн сонгомлоор Э.Ариунтунгалаг V, 10 км-ийн тэшилтээр VII байрт орж, FIS -ын 86.88 оноо авсан. Пёнчаны олимпын замд уралдах мөрөөдлөө биелүүллээ. Цасан замд уралдах энэ мөрөөдөл миний багын хүсэл тэмүүлэл байлаа. Өнөөдөр би хийж чадах зүйлээ хийсэн. 2019 оноос хойш гүйлтийн цанын олон улсын тэмцээнд оролцоогүй байсан. Энэ уралдаанаас маш их зүйлийг ойлгож авлаа. Таван км-ийн уралдаанд бага зэрэг харамссан. 15 секундийн алдагдалтай тавдугаар байрт орно гэдэг харамсмаар шүү дээ. Өөрийгөө дахиад дайчилсан бол шагналын тавцанд зогсох боломжтой байсан гэх бодол төрсөн. Гэхдээ боломж байгаа гэдгийг олж харсан нь маш том гарц юм даа.
-Тэмцээнийхээ бэлтгэлийг хаана хийсэн бэ?
-Скай ресортод. Тэмцээнд оролцохоо гурав хоногийн өмнө л мэдсэн.
-Биатлоны спортоор гурван жил хичээллэсэн шүү дээ. Цанадаа эргэн ирсэн гол зорилго юу байв?
-Биатлоныг орхих болсон нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хувийн амьдрал нөлөөлсөн. Би охинтой. Охиноо удаан хугацаагаар орхиж явах хэцүү байсан. Хоёрдугаарт, коронавирус нөлөөлсөн. Манайхан цуврал тэмцээн, бэлтгэлээ хийхээр гадагшаа явахад би ковид тусаад яалт ч үгүй үлдсэн. Дараа нь 2021 онд гадаадад очоод дахиад л туссан. Ер нь гурван удаа ковид туссан нь надад нөлөөлсөн юм. Биатлоноор амжилт гаргахын тулд тууштай хичээллэх ёстой. Ингэхийн тулд ар талдаа татлаа, түлхээгүй байвал амжилт гаргах нь илүү юм шиг санагдсан. Тиймээс бусдадаа боломж олгохоор шийдсэн. Ингээд өнгөрсөн хавраас гүйлтийн цанадаа эргэн ирж, улсын аваргад оролцож шигшээ багт багтах эрхээ авсан юм. Мэдээж цанадаа эргэн ирсэн учраас 2026 оны олимпод оролцохын төлөө зүтгэх болно. Гурван жил гүйлтийн цанаар ямар нэгэн тэмцээнд уралдаагүй учраас миний өмнө нь цуглуулсан чансааны оноо хүчингүй болсон. Нэг ёсондоо шинэ тамирчин шиг бүхнийг тэгээс эхлүүлж байна. Анхны оноогоо өндөр оноотой эхлүүлж байгаа учраас бэлтгэлээ сайн хийвэл боломж байна, Азидаа дээгүүр уралдаж чадна гэдэгт итгэлтэй болоод ирлээ.
-Монголын биатлоны спортод нэгэн шинэ түүхийг бичсэн эзэн нь та болсон шүү дээ. ДАШТ-д оролцсон монголын анхны биатлонч болсон дурсамжаа хуваалцаж болох уу?
-Надад энэ боломжийг олгосон Монголын биатлоны холбооны хамт олонд талархал илэрхийлье. Италийн Антхольц хотод болсон ДАШТ-д 33 орны 100 гаруй тамирчин өрсөлдлөө. ДАШТ-д уралдахын тулд Олон улсын биатлоны холбооноос зохион байгуулдаг IBU cup цуврал тэмцээнд зургаан удаа оролцож, оноо цуглуулан эрхээ авсан. Биатлоны ДАШТ-д уралдсан монголын анхны тамирчин болсондоо баяртай явдаг. Миний тамирчны карьерт тодоор үлдэх дурсамж юм даа. Биатлон миний хувьд шинэ зүйл биш. 2014 онд хичээллэдэг байсан юм. Биатлоны Монголд зохиогдсон цуврал тэмцээнд түрүүлж байлаа. Тухайн үед шигшээ баггүй байсан учраас спортын төрлөө сольж, буцаад цана руу орсон. Гүйлтийн цанын УАШТ-ээс мөнгөн медаль авч, улсын шигшээд багтсан. Энэ нь миний ирээдүйд хэрэгтэй байсан учраас биатлоноо орхисон юм. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сард Монголын биатлоны холбооноос Итали руу гэрээгээр явах уу гэж санал тавьсан. Ингэж л дахин биатлонтой холбогдсон.
-ДАШТ-д эх орноо төлөөлөн анх оролцоход ямар сэтгэгдэл төрж байв. Монголыг төлөөлж байгаа гэдэг утгаараа сэтгэл зүйн дарамт учирч байв уу?
-Бид Словакт сүүлийн тэмцээндээ оролцоод Италид очсон. Тэмцээний өмнөх бэлтгэлээ хийж байтал беларусь багш маань гэр бүлийн шалтгаанаар нутаг буцдаг юм байна. Дэлхийн аваргын үеэр амжиж ирээгүй. Тэр л надад хамгийн хүнд туссан. Австралийн дасгалжуулагчаар хараагаа тэглүүлээд, гурав хоног бэлтгэл хийсэн. Гэхдээ өөрийн үндсэн дасгалжуулагчгүй болохоор ДАШТ-д оролцох хэцүү юм билээ. Сэтгэл санааны хувьд ч тогтворгүй болдог. Түүнээс биш бусад тал дээр асуудалгүй байсан шүү. Тэмцээний зохион байгуулалт гайхалтай байсныг хэлье. Цаг агаар ч тэмцээн явуулахад тохиромжтой байгаа талаар Антхольц хотод цугласан шилдгүүд ярихыг сонссон.
-Дэлхийн аваргын үеэр Монгол гээд зарлуулахад ямар санагдав?
-Биатлоны ДАШТ сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид, шууд дамжуулсан телевизүүд монголчууд анх удаа дэлхийн аваргын замд уралдаж байна гээд л зарласан. “Монголчууд нэг ч болтугай тамирчнаа бэлтгээд ДАШТ-д оролцуулж байгаад маш их баяртай байна. Цаашид нэг биш бүтэн багаараа оролцох боломжтой” гэж Олон улсын биатлоны холбоо талархсан сэтгэгдлээ бидэнд илэрхийлсэн. Үзэгчдийн суудалд Норвеги, Итали, Герман тэргүүтэй биатлоны спорт өндөр хөгжсөн орнуудын далбаа намирч байхад дунд нь биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр Монголынхоо төрийн далбааг мандуулаад сууж байхыг хараад өөрийн эрхгүй огшсон. Азиас зөвхөн Монголын далбаа л үзэгчдийн дунд мандаж байгааг хараад их баярласан даа.
-Тухайн үед сэтгүүлчид таниас ярилцлага авсан шүү дээ. Юуны асууж байх юм?
-Тэдэнд их сонин санагдсан бололтой. “Чи Монголоос ганцаараа ирсэн үү, хэзээ ирсэн бэ, Монголоос ганцаараа биатлоноор хичээллэдэг үү, дасгалжуулагч байдаггүй юм уу” гэх мэтээр асууж байсан. Өмнө нь Б.Энхсайхан залуучуудын тэмцээнд сайн оролцоод, дараа нь би ДАШТ-д уралдсан болохоор хүмүүсийн анхаарлыг их татсан байх.
-Биатлон өндөр хөгжсөн оронд бэлтгэл хийх ямар байдаг юм бол?
-Бүх зүйл нь бэлэн. Хувь хүн зөвхөн өөрөө хичээж, бэлтгэлдээ л анхаарах ёстой. Бусдыг цаанаас нь зохицуулдаг. Ерөөсөө л тамирчин хүний амжилт гаргах боломжийг маш сайн бүрдүүлж өгснийг харсан. Нүдээрээ харж байж л жинхэнэ бэлтгэлийн орчин ямар байх ёстойг мэдэрсэн.
-Цана, биатлоноос өөр спортын төрөл сонирхсон уу?
-Өвөл нь цанаар гулгаж, зун нь хөнгөн атлетикаар хичээллэдэг. Их гүйдэг байсан учраас хөнгөний УАШТ-д оролцдог байсан. 2011 онд Монголын хүүхдийн спортын наадмын 1500 метрийн гүйлтэд түрүүллээ. Улмаар Азийн кросс гүйлтийн тэмцээнээс хүрэл, Нанжины Азийн хүүхдийн спортын II наадмаас хүрэл медаль авсан. Гурван сар уйгагүй бэлтгэл хийсний үндсэн дээр саадтай гүйлтийн төрөлд медалийн тавцанд зогсож байлаа шүү дээ.
Тухайн үед Монголоос 103 тамирчин оролцоход жүдогоор л хоёр хүрэл медаль аваад байсан юм. Ингээд монголчуудын медалийн найдвар дууслаа гэтэл би саадтай гүйлтээр хүрэл авсан. Ингэж Монголын баг Нанжинаас гурван хүрэл медальтай ирсэн дээ. Энэ бол миний спортоор хичээллэсний хамгийн том, бас бахархам амжилтын нэг.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/