М.Должинсүрэн: 2026 оны олимпод оролцох том зорилготой байна


Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг нь яах аргагүй биатлон билээ. Манай улсад үүсэл нь эртнийх ч хөгжлөөрөө хамгийн удаашралтай байгаа спортын төрөл юм. Гэхдээ өнөөдөр Монголын биатлончдыг  олон улсад гадарладаг болсон. Сүүлийн арваад жилд уг спортыг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө биатлонд элэгтэй хүмүүс хурдацтай ажилласны хүчинд өвлийн спортын энэ төрлөөр Үндэсний шигшээ баг барьдаг болсон нь олзуурхууштай, сайшаалтай. Биатлоны Монгол дахь хөгжил 90-ээд жилийн түүхтэй учраас ууган спортын нэг гэхэд болно. Гэвч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ яалт ч үгүй шинэ болоод байгаа юм. Манай улсад биатлоны спорт 1930-аад онд үүссэн бөгөөд 1962 онд олон улсын биатлоны холбоонд элсчээ. Харин биатлоны холбоо байгуулагдахаас өмнө буюу 1956 онд тухайн үеийн Чехословак улсад болсон олон улсын тэмцээнд Монголын биатлонч оролцсон нь анхны гадаад тэмцээн байв. Улмаар тухайн жилдээ “Алдар” нийгэмлэгийн дэргэд олон улсын тэмцээнд оролцох зорилгоор шигшээ багаа байгуулсан түүхтэй. Олон улсын биатлоны холбоонд элссэнээс хойш нэг жилийн дараа ОХУ, Финляндаас спортын бинтов буу оруулан ирснээр мэргэжлийн тамирчнаа бэлтгэж эхэлсэн байх юм. Үүний үр дүнд 1964 оны Австрийн Инсбургийн хотод болсон өвлийн X олимпийн биатлоны 20 км-ийн зайд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нарын гурван тамирчнаа илгээжээ. Тухайн үед манай тамирчдын оролцсон төрөлд 87 биатлонч уралдсанаас Б.Дамдинжав 31 дүгээр байр эзэлж байсан юм. Тэрбээр мөн 1978 оны ДАШТ-д 31 дүгээр байрын амжилтаа бататгажээ. Харин 2012 оноос Монголын биатлоны холбоог дахин сэргээж, үйл ажиллагааг нь шинэчилснээр өвлийн спортын спортын нэгэн төрөл манай улсад дахин жинхэнэ утгаараа хөгжих эхлэлийг тавьсан юм. Өнөөдөр биатлоны шигшээ баг зургаан тамирчинтай бөгөөд тивийн аваргаас анхны медаль хүртсэн амжилттай явна. Уг медалийн эзэн болох Монголын биатлоны үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 0326 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин М.Должинсүрэнтэй ярилцлаа.

 

-2022 он дуусаж, олимпын шинэ цикл эхэллээ. Таны хувьд өнгөрсөн жилийг ямар амжилтаар үдэв. Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?

-Юун түрүүнд намайг урьж ярилцсанд баярлалаа. Өнгөрсөн онд манай биатлончид олон улсын хамтарсан бэлтгэл хийхийн зэрэгцээ хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцлоо. Өмнөх амжилтуудаа ахиулсан. Миний хувьд Казахстаны Астанад болсон залуучуудын Азийн аваргаас хос мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Энэ бол биатлоны спортоор хичээллэсэн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн том амжилт юм. Ер нь Монголын биатлоны спортын хөгжлийн түүхэн дэх анхны медаль. Тэр утгаараа маш баяртай байсан даа.

-Нээрээ Монголын биатлончдын анхны медалийг хүртсэн жил байсан шүү дээ. Тухайн үед шагналын тавцанд гарч байсан мөчөө эргээд нэг дурсвал?

-Маш гоё мэдрэмж. Сэтгэлд хамгийн тодоор үлдсэн тэмцээн, бас шагнал юм даа. Монголын биатлоны спортын түүхэн дэх анхны медаль гэдэг тодотгол нь бүр гоё. Шагналын тавцанд гарахдаа “Монгол” гэж зарлуулаад, Монголын төрийн далбааг мандуулахыг харах агшин сэтгэл хөдөлгөм юм билээ. Энэ спорт руу эргэлт, буцалтгүй орсныхоо үр шимийг зах зухаас нь хүртэж байгаа нь сайхан хэрэг. Цаашид улам их амжилт гаргахын төлөө зүтгэнэ гэж бодож байгаа. Ер нь оролцсон тив, дэлхий, олон улсын тэмцээндээ төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх нь тамирчин хүн бүрийн мөрөөдөл байх. Бас зорьсон зорилгодоо хүрэхийн тулд нэг алхам урагшилсан хэлбэр юм болов уу гэж боддог.

-Тэр уралдаан чинь нэлээд хүнд нөхцөлд болсон байх аа?

-Тийм ээ. Цаг агаар тааламж муутай, уралдааны зам их хүнд байсан. Хүчтэй салхилж, цасаар шуурсан. Магадгүй буудлагадаа нэг алдаагүй бол ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэх байсныг үгүйсгэхгүй. Түрүүлэх боломж байсан л гэж дүгнэдэг. Гэхдээ өнгөрснийг одоо яриад яах вэ. Нэгэнт л түрүүлж чадаагүйгээс хойш.

-Одоо бол та туршлагатай тамирчин боллоо. Анхны гараа хэрхэн эхэлсэн юм бэ?

-Би гүйлтийн цанаар сууриа тавьсан хүн. Үүнээс өмнө буудлагын спортыг маш их сонирхсон ч хичээллэж чадаагүй. Ингээд 2016 оноос гүйлтийн цанаар хичээллэж байгаад биатлон руу “урвасан”. Биатлон бол хоёр төрлийн спортыг хослуулсан гайхамшигтай спорт. Цанаар сайн гулгахад техник, тэсвэр тэвчээр гээд олон зүйл чухал. Буудлагад ч мөн адил. Үүний сацуу аль болох тайван байж, амьсгаагаа зөв хуваарилах хэрэгтэй. Хоёулангаар нь жигд хичээллэн, өөрийгөө хөгжүүлж байж л амжилт гаргана. Гүйлтийн цанын спортын мастер О.Хүрэлбаатар багш маань намайг биатлоноор хичээллэж үзэх саналыг анх тавьсан юм. Би ч удаан бодсон. Бараг нэг жил гаруйн хугацаанд бодож, бас энэ спортын талаар судалсан. Гүйлтийн цанаар хоёр жил гаруй хичээллэсэн ч бараг тэмцээнд ордоггүй, амжилт муу байлаа. Улсын аваргад орж үзээгүй. Хамгийн томдоо л аймгийн аваргад уралдаж байсан. Энэ бүхнээ бодож хэсэг хугацаанд завсарласны эцэст багшийнхаа саналыг хүлээн авч, биатлоны спортод хөл тавьсан. Биатлоноор хичээллээд тав дахь жил рүүгээ орж байна. Нэгэнт амжилтын эхлэлээ тавьж, томоохон зорилго тавьсан учраас түүндээ хүрэхийн төлөө тууштай явна. Замаасаа эргэж буцахгүй. Нэг ёсондоо энэ спорт миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Би биатлоны спортод үнэхээр хайртай, дуртай.

-Та зорилгын тухай хальт ярилаа. Ямар зорилго өвөртөлж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Монголын биатлончид Бээжингийн өвлийн олимпод оролцох зорилт тавьсан ч хараахан биелүүлж чадсангүй. Монгол биатлончоо Бээжинд уралдахыг харж, түүнээс илүү их эрч хүч, урам зориг авахыг хүсэж байлаа. Гэвч манайхан зорилгодоо хүрч чадаагүй. Харин одоо бол 2026 оны олимпод өөрөө уралдахыг гол зорилгоо болгосон. Өнөөдөр үндэсний шигшээ багт эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин бий. Бид аливаа тэмцээнд уралдаанд багийн төрөлд өрсөлдөх боломжтой болсон гэсэн үг. Бүгд нэгнээ хурцалж, урам зориг өгч явна. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шиг хамтдаа нэг зорилгын төлөө урагшилж, түүнд маань Монголын биатлоны холбоо, БТСУХ,  Б.Наран-Идэр даргатай Техник спортын төвийн хамт олон маш том дэмжлэг үзүүлж байгаа. Дээрээс нь би саяхан “Алдар” спортын хорооны тамирчин болж, ЗХ-ний 0326 дугаар ангид харъяалагдах боллоо. Энэ олон байгууллагын дэмжлэгтэйгээр зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Биатлоны зориулалтын зам, талбай Монголд байхгүй. Өнгөрсөн хоёр жилд хилийн чанадад урт хугацаагаар бэлтгэл хийдэг байсан. Энэ жил харин дотооддоо байна. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Биатлоноор хичээллэж эхэлсэн эхний хоёр жилдээ дотооддоо бэлтгэл хийдэг байлаа. Дараагийн хоёр жилд нь гадагшаа явсан. Харин энэ жил “Скай резорт”-д бэлтгэлээ базааж байна. Гэхдээ яг хүссэнээрээ бэлтгэл хийх хэцүү. Бидэнд “Скай резорт”-ын цасан замд бэлтгэл хийх хугацаа 9-11 цагийн хооронд. Дараа нь уулын цанынхан бэлтгэл хийдэг учраас заримдаа хөөгдөх шахам явдаг. “Скай резорт” дахь бэлтгэлээ дуусгаад буцаад байрандаа ирэх гэж түгжирч явсаар өдөр 14 цагийн үед ирж байгаа юм. Ингээд хоолондоо орчихоод Техник спортын төв дээр ирж хүчний бэлтгэл, бууны шагайвар хийнэ. Бид тэндээ байрладаг. Энэ хооронд амрах хугацаа тун бага байдаг нь тиймхэн. Монголд биатлоны зориулалтын бэлтгэлийн бааз байхгүй болохоор бэлтгэл хийхэд тиймхэн. Гэхдээ боломждоо тааруулаад бэлтгэлээ тасалдуулахгүй байх тал дээр Монголын биатлоны холбоо, БТСУХ анхаарч, зохицуулж өгдөгт нь баярлаж явдаг шүү.

-Хилийн чанадад хоёр жил бэлтгэл хийсэн шүү дээ. Тэр бэлтгэл ур чадварт тань хэр нөлөөлсөн бэ?

-Эерэг үр дүн их шүү дээ. Биатлоны спорт өндөр хөгжсөн орчинд бэлтгэл хийх тэс өөр. Ядаж л тэших, буудах бэлтгэлээ тусад нь хийхгүй. Монголд зөвхөн шагайврын бэлтгэл хийдэг, бай онож буудахгүй. Гэтэл хилийн чанадад бүгдийг нэг дор хийж байна. Хугацаа хэмнэхээс гадна өндөр ачаалалтай бэлтгэлийн дараа тамирчид өдөртөө хоёр цаг амарч чаддаг. Амралт тамирчин хүнд маш чухал шүү дээ.

-Биатлоны шинэ улирал эхлээд багагүй хугацаа  өнгөрлөө. Манай тамирчид ямар тэмцээн уралдаанд оролцохоо төлөвлөж байгаа юм бол?

-Тав хоногийн дараа буурал тивийг зорих төлөвлөгөөтэй. Бидний оролцох хамгийн эхний тэмцээн Швейцарьт болно. Дараа нь Эстон, Латви гээд явах байх. Мөн энэ жилийн дэлхийн цомын гараанд гарах зорилго тавьсан. Том, жижиг гэлтгүй оролцсон тэмцээн бүрээсээ туршлага хуримтлуулж, тэр хэрээр тамирчдын хувийн ур чадвар ахидаг.

 Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө