Шатрын их мастер А.Энхтуултай ярилцлаа.
-Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн цуврал тэмцээнд оролцлоо. Ярилцлагын эхэнд тэмцээнүүдийхээ талаар товч мэдээлэл өгөх үү?
-Төлөвлөгөөний дагуу есөн улсад очиж тэмцээнд оролцлоо. Голдуу Европын орнуудаар явсан байна. Гол зорилго нь Европын цомд оролцох байсан. Зорилгоо биелүүлээд эх орондоо ирлээ. 2016, 2017 онд удаан хугацаагаар тэмцээн уралдаанд оролцож л явлаа. Гэхдээ энэ удаагийнх Францын багт легионер тоглогчоор оролцсоноороо онцлогтой.
-Амжилттай оролцож, санасандаа хүрэв үү?
-Анхны тэмцээн Европын цом байлаа. Багийн тэмцээн учраас би нэгдүгээр ширээнд тоглосон. Дасгалжуулагч намайг нэгдүгээр ширээнд суулгасан юм. Энэтхэгт болсон шатрын олимпиадад боломжийн амжилт гаргасан нь нөлөөлсөн юм билээ. Дасгалжуулагчийн үгнээс зөрж болохгүй учраас хүлээн зөвшөөрсөн, татгалзах эрхгүй. Ямартай ч үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж бодож байна. Европын цомд Украины их мастер Анна Музычук, Мария Музычук, дэлхийн аварга Стефанова Антоанета, Александра Костенюк, Магнус Карлсен, Виши Ананд тэргүүтэй шатрын спортын бүхий л томчууд оролцлоо. Европын цомд Монголоос оролцсон анхны шатарчин нь би болж байна. Эмэгтэй ангилалд Азиас хоёрхон шатарчин байсны нэг нь Индонезийн их мастер Сукандар. Нэгдүгээр ширээндээ боломжийн хэмжээнд өрсөлдсөн гэж бодож байна. Авах ёстой оноогоо авч, үүргээ хангалттай биеллүүлээ. Дараа нь Унгарын Будапештад болсон олон улсын эрэгтэй мастерын норм биелүүлэх тэмцээнд түрүүлсэн. Европын цомд Монголоос оролцсон анхны шатарчин нь би болж байна. Эмэгтэй ангилалд Азиас хоёрхон шатарчин байсны нэг нь Индонезийн их мастер Сукандар. Нэгдүгээр ширээндээ боломжийн хэмжээнд өрсөлдсөн гэж бодож байна. Авах ёстой оноогоо авч, үүргээ хангалттай биеллүүлээ. Дараа нь Унгарын Будапештад болсон олон улсын эрэгтэй мастерын норм биелүүлэх тэмцээнд түрүүлсэн. Мөн Испанид болсон Европын хамгийн хүчтэй олон улсын тэмцээнүүдийн нэг “Elllobregat”-д классик төрөлдөө эмэгтэйчүүдээс IV, блиц төрөлд дэд байр эзэлсэн. Үргэлжлүүлээд Азийн аварга, Францын лигт оролцсон. Лигийн өвлийн улирлын тэмцээнд оролцохдоо гуравдугаар ширээнд тоглож, 100 хувийн амжилт үзүүлсэн. Гэхдээ энэ олон тэмцээнд явахдаа 100 хувь санасандаа хүрээгүй. Тамирчин хүн аливаа зүйлд огт санаа зовохгүйгээр тэмцээндээ оролцох ёстой юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон.
-Ганцаараа, удаан хугацаагаар явлаа. Багагүй зардал гарсан байж таарна. Санхүүгээ яаж зохицуулав?
-Шатарчид улсын шигшээд багтсан ч ердөө хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй л багтсан. Уг нь олимпиадад оролцох бүрэлдэхүүнээр шигшээ баг баримаар байгаа юм. Гэхдээ цаашид төр засаг маань мэргэжлийн шатарчдын хөлс хөдөлмөрийг үнэлж, шигшээ багийн тамирчдын квотыг нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Францын багийн өмнөөс тоглохдоо гэрээний дагуу зардлаа даалгаж, цалингаа авсан. Бусад тэмцээнд зардлаа өөрөө 100 хувь дааж явлаа. Их мастер болохоос өмнө намайг дэмждэг хувь хүн, албан байгууллага олон байсан. Цаг хугацаа өнгөрч, өсөж том болохын зэрэгцээ хөгжин дэвжихийн хэрээр өөрөө нийгмийн хариуцлагатай байх ёстой. Байнга бусдаар зардлаа даалгаад явах хэцүү. Ер нь мэргэжлийн шатарчин болсон цагаасаа эхлээд зардал мөнгөний асуудал яримааргүй санагддаг. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө зардал гуйгаад явах нь утгагүй. Шатар гэлтгүй ихэнх спортын тамирчид бор зүрхээрээ явдаг.
-Нийгмийн асуудлыг хөндөж ярих талаар анхаарахаа та хэллээ. Тамирчдын нийгмийн асуудал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Үнэндээ энэ эмзэг сэдэв. Мэргэжлийн шатарчид амьдралаа авч явах нөхцөл боломжийг гаргаж өгөхгүй байгаа учраас зарим нь клуб нээж байна. Бусад оронд мэргэжлийн цол, зэрэгтэй шатарчид зөвхөн тэмцээн, бэлтгэлдээ л анхаардаг. Харин манайд тийм биш. Ядаж л тэмцээнд оролцох зардлаа гэр бүлийнхээ санхүүд дарамт учруулахгүйн тулд өөрөө олмоор байна шүү дээ. Монголын газар зүйн байршлаас шалтгаалаад ийш, тийш тэмцээнд явахад асар өндөр зардал гарна. Тэгэхээр ар гэртээ нэмэр болохын тулд, тэмцээнд оролцох зардлаа хүнээс гуйхгүй олохын тулд клуб нээдэг. Нэг ёсондоо багахан хэмжээний бизнес эрхэлж байна гэсэн үг. Зөвхөн манай шатрынхан ч ийм биш. Энэ бол Монголын тамирчдын нийтлэг төрх. Фитнесс, чөлөөт бөх, жүдо, бокс гээд л бүгд клуб байгуулсан байна. Миний хувьд 2018 онд клуб байгуулсан. Манай клуб нэлээд амжилттай яваа. Байгуулагдсанаас хойш нэг жилийн дараа шилдэг клубээр шалгарсан, дараа нь ФИДЕ-гээр баталгаажсан Монголын анхны академи боллоо. Миний бодлоор төрийн нэгдсэн урт хугацааны бодлого дутагдаж байгаа юм. Эх орондоо бизнес эрхлэхийн тулд асар өндөр зардал гаргаж эхлүүлдэг. Казахстанд их мастерууд шатрын клуб, академи байгуулахад төр нь бодлогоор дэмжиж байна. Төр засаг нь оюуны спортоо дэмждэг олон жишээ бий. Би өнөөдөр “Шанхай” шатрын академид ажиллаж байна. Энд ажилд орохын тулд CV-гээ мэдүүлж, шалгалтаа өгсөн. Бүтэн нэг жилийн процесс явагдаж, олон төрлийн сонгон шалгаруулалтыг давж байж тэнцлээ. Энэ бол миний карьерын хамгийн баярт үйл явдал юм. Яагаад гэвэл мэдлэг, чадвараа олон улсад зохих хэмжээнд нь үнэлүүлж чадлаа. Уг академид ажиллаж эхэлснээс хойш би шатар тоглож сурсандаа баярлаж байна. Намайг анх ажилд ороход 3800 шатарчинтай байсан академи өнөөдөр 4500 гишүүнтэй болж өргөжлөө. Үүнд бас л нөгөө улсын бодлого нөлөөлж байгаа юм. Тэгэхээр яаж ч бодсон төрийн бодлого хэрэгтэй.
-Таныг ажиглаад байхад өөртөө маш их боломж гаргадаг, эрэлхийлдэг юм шиг байна. Энэ төрөлх зан уу?
-Ер нь тийм. Зөвхөн шатар гэлтгүй бусад зүйл дээр ч гэсэн ийм зан чанартай хүн. Нэг хийе гэснээ цаг хугацаа хамаарахгүйгээр хийдэг. Оройтсон ч хийгээд л дуусгана. Монголын өнөөгийн нөхцөлд шатар тоглохоос өөр илүү, дутуу зүйл бодохоос ч аргагүй болсон байна. Би шатрын чиглэлээр бүх зүйлийг мэднэ. Тэгвэл миний давуу тал гадаад хэл, боловсрол. Үүнийгээ гадагшаа ашиглах шаардлагатай байна. Ингэж байж гаднын шатарчидтай адил хэмжээнд амьдарч, адилхан үнэлүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Адилхан их мастер байж бид яагаад гаднын их мастеруудаас дутуу үнэлэгдэж, доогуур амьдрах ёстой гэж. Намайг хэн дэмжих бол гэж харж суулгүй өөрийн мэдлэг, ур чадвараа зөвөөр олон нийтэд таниулж чадвал хөдөлмөрийнхөө үр шимийг хэзээ нэгэн цагт хүртэнэ. Хичээл зүтгэлтэй байсны үр дүнд шатраар дамжуулж хэтэрхий залуудаа маш олон зүйл үзлээ, сурлаа.
-Хувийн амьдралын түвшнийг дээшлүүлэхийн төлөө явж байгаагаа сая хэллээ. Тэгвэл өнөөдөр аль түвшинд байна вэ?
-Мөрөөдлийнхөө амьдралын 50 хувьд л явна. Зөвхөн надаас шалтгаалах зүйл биш. Шатар заасан багш, аав, ээж, намайг дэмжиж ирсэн хувь хүн, албан байгууллагууд, Сэлэнгэ нутгийнхнаас эхлээд олон хүний дэмжлэгээр өнөөдрийн Энхтуул бий болсон юм. Хүнээр туслуулах, дэмжүүлэхэд хязгаар байх ёстой. Өөрийгөө аваад явах чадвартай болсон үедээ огт залхуурч болохгүй. Надад цаашид хийх ажил их байна. Хийнэ гэснээ бүгдийг нь гүйцээнэ.
-Ингэхэд таныг шатартай холбогдоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?
-Багадаа урлагийн авьяастай хүүхэд байлаа. Төгөлдөр хуурын Бүжинлхам багш маань намайг анх “Төрмонгол” клубийн Батболд багштай танилцуулснаар миний шатрын спортын замнал эхэлсэн. Маш хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Таван минут ч зүгээр сууж чаддаггүй. Төгөлдөр хуур тоглохын тулд анхаарал хэрэгтэй. Яг шатар шиг. Багш маань ээжид санал тавьж, эхлээд суулгаж сургамаар байна гэсэн. Ингээд сууж сурах гэж шатарт хөл тавьснаас хойш өнөөдрийг хүртэл энэ спорттой амьдралаа холбожээ.
-Одоо төгөлдөр хуураа тоглож байна уу?
-Үгүй. Шатарт ороод бүгдийг орхисон. “Би үүнээс хойш зөвхөн шатартаа л явна. Бусдыг нь орхилоо” гэж ээждээ хэлж байлаа. Хэдийгээр төгөлдөр хуураа орхисон ч сонсголдоо сайн шүү.
-Хэрвээ шатартай холбогдоогүй бол урлагийн хүн болох байж дээ, тийм үү?
-Ёстой тэгж бодохгүй байна. Магадгүй төгөлдөр хуураар явж байж болох юм. Түүнээс биш урлагийн талын хүн болно гэж огт боддоггүй байсан. Хөдөлгөөнтэй байсан болохоор Харшийн сүлд модны наадамд хүртэл оролцож явлаа. Гэхдээ урлагийн хүн болно гэж бодохгүй байна.
-Тамирчдын бага нас ихэвчлэн нэг хэвийн өнгөрсөн байдаг. Хүүхдүүд тоглож байхад тамирчны замналыг сонгосон манай алдартнууд зөвхөн бэлтгэлд л анхаарал хандуулдаг. Таных ямар байв?
-Яг адилхан. Хүүхэд нас гэж байхгүй шүү дээ. Нэг ёсондоо хүүхэд насаа золиосолсон. Зорилгоо тодорхойлсон хувь хүн бусдаас тэс өөр байдаг. Юу хийх, яах ёстойгоо ойлгосон байдаг юм. Би багадаа зорилгоо ойлгосон учраас гадаа тоглох тухай огт боддоггүй байлаа. Хэнээр ч хэлүүлэлтгүй өглөө 05:00 цагт босож шатрын бодлогоо бодож, дасгал хийхээс эхлээд үнэхээр хөдөлмөрч байсан. Одоо бол тэр үеэ бодвол маш залхуу болсон. Ээж ч хэлдэг. “Чи бага насныхтайгаа харьцуулшгүй маш залхуу болсон” гэдэг. Амьхандаа хийгээд л байдаг. Өнөөдөр би хэзээ ч өглөө 05:00 цагт сэрэхгүй, босохгүй. Эндээс харахад өөрийгөө дайчилж байгаа хувь, хэмжээ багассан байна. Сая Европоор явж ирээд дэндүү унтаа байдалд байснаа ойлгосон учраас илүү дайчилж ажиллана. Илүү хүчтэй, илүү шинэлэг тамирчин болохын төлөө явна.
-Тамирчны замналаа дуусгаагүй хэрнээ шавь нартай болохоор амжилтад нөлөөлдөг үү?
-Янз бүр. Хүн хүнээсээ л шалтгаалах байх. Надад нөлөөлдөг тал бий. Гэхдээ харьцангуй нөлөөлөл бага. Би өнөөдөр Шанхайд багшилж байна, клубтээ хичээл зааж байна. Хэдий тийм ч нөлөөлөл нь 30 хувьтай л байдаг. Хэнтэй, ямар хүүхэдтэй ажиллах вэ гэдгээс шалтгаалах болов уу. Шатрын спортыг тэгээс эхэлж байгаа хүүхдэд цаг заваа зарцуулаад явахад мэдээж хувийн амжилтад нөлөөлөх тал бий.
-Энхтуул гэдэг хүн нэг өдөрт хэтэрхий олон ажил хийгээд байх шиг. Заримдаа өдрийн 24 цаг хүрэлцдэг болов уу гэмээр. Та энэ бүхнийг яаж зохицуулаад байна вэ. Таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна?
-Коронавирусийн цар тахлын үед хүмүүс ажилгүй байхад би эсрэгээрээ маш завгүй байлаа. Хятадуудтай ажиллаж эхэлснээс хойш тэднийг хөдөлмөрч ард түмэн гэдгийг ойлгосон. Багаасаа хөдөлмөрлөсөн хүмүүс амжилт үзүүлэлгүй яах вэ л гэж бодсон. Ковид намжсанаас хойш ажил арай багассан. Ковидын үед хичээл заахаас гадна энхийн манаанд зогслоо. Би дотоодын цэргийн 805 дугаар ангид харьяалагддаг ахлагч цолтой учраас ажил үүргийнхээ хуваарийн дагуу хэд хэдэн удаа эргүүлд гарч жижүүрлэсэн. 2019 онд л гэхэд зөвхөн улсын аваргад оролцохдоо хүрэл медаль хүртсэн байдаг. 2019, 2020, 2021 он гээд л бүгдэд нь ажилласан байна. Харин 2022 оноос тоглож эхэлсэн. 2022 оны улсын аваргад түрүүлсэндээ урам авч түлхүү тоглох болсон доо. Өмнө нь тоглодоггүй байхад ажлын цаг их байсан бол өнөөдөр зөвхөн өглөө, үдээс хойш л ажиллаж байна.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе?
-Улс орнууд шинжлэх ухаанд суурилдаг болжээ. Оюун ухааны хүмүүсээ, шинжлэх ухааны эрдэмтдээ манай төр засаг, монголчууд үнэлдэг байгаасай. Үнэлэх байх гэдэгт итгэдэг. Францын тал надад санал тавихад би легионер тамирчин болохыг зөвшөөрч эх орондоо үлдэх замыг сонгосон. Эх орон бол хүний юутай ч зүйрлэшгүй үнэт зүйл юм. Хүмүүсийг оюундаа маш их хөрөнгө оруулалт хийгээрэй гэж уриалмаар байна. Өөртөө боломж эрэлхийлж байгаарай. Эцэст нь, намайг багаас минь дэмжиж ирсэн багш, гэр бүл, Сэлэнгэ нутгийн удирдлагууд, зон олон, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамт олон, албан байгууллага, хувь хүмүүс, спортын хүмүүжил олгосон “Аварга” лицей сургуулийнхандаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Сэтгэгдэл (1)