Б.Тунгалаг: Би өмнөхөөсөө илүү эрч хүчтэй болоод эргэн ирлээ


Таван жилийн өмнө хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ дээр нэгэн жижигхэн шар охин олны хараанд өртөж байв. 48 кг-ын жинд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, түрүүлж байсан түүнийг спорт сонирхогчид олимп, дэлхийн аваргад өндөр амжилт үзүүлэх магадлалтай хэмээн таамагласан. Тэр жижигхэн биедээ баймгүй хүч чадалтай охин. Гэвч удалгүй их спортоос завсарлага авсан. Спортоо завсарласан шалтгаан нь бэртэл, хувийн амьдрал. Тэгвэл өнөөдөр тэр эргэн иржээ. Эргэн ирэхдээ 2023 оны насанд хүрэгчдийн УАШТ-д үнэмлэхүй амжилт үзүүлж түрүүлэв. Монгол Улсын 52 удаагийн рекорд эзэмшигч Б.Тунгалагийг онцолж, энэ удаагийн ярилцлагын зочноор урилаа.

 

-Юуны түрүүнд их спортдоо эргэн ирж, улсын аваргадаа түрүүлсэнд халуун баяр хүргэе?

-Маш их баярлалаа.

-Хоёр жил спортоос завсарлага аваад эргэн ирж байна уу?

-Ер нь бол 2018 оноос юм. Тухайн жилд улсын аваргад орсноос хойш бэлтгэл хийгээгүй. Бэлтгэлгүй хэрнээ 2020 онд бас нэг удаа улсын аваргад оролцсон. Түүнээс хойш бэлтгэл ч хийгээгүй, тэмцээнд ч оролцоогүй. Товчхондоо бол бэлтгэл хийгээгүй дөрвөн жил гаруй болжээ. Бодохоор маш их хугацаа хэрнээ гэр бүл зохиосон, охиноо төрүүлсэн гээд тоочвол их л хурдан өнгөрлөө. Нэг л мэдэхэд дөрвөн жил болчихож.

-Бүтэн нэг олимпын цикл алджээ. Магадгүй завсарлаагүй байсан бол олимпод орох байсан ч юм билүү?

-Ямар ч санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ хийх боломжтой боллоо. Гэр бүлтэй болсон, охинтой болсон. Манай гэр бүл намайг маш сайн дэмждэг. Нөхөр маань надтай адилхан хүндийг өргөлтийн тамирчин байсан хүн. Тиймээс намайг байнга дэмжиж, бэлтгэлдээ буцаж ороход хамгийн их нөлөөлсөн хүн. “Бэлтгэлээ их санаж байна уу. Одоо явах уу” гээд л байнга асууна. Би дотроо маш ихээр хүсэж байсан ч өөрийгөө оройтсон гэж бодоод хойшлуулдаг байж.

-2017 оны улсын аваргад та олны анхааралд орсон. 2020 онд таныг шуугиулах болов уу гэсэн хүлээлт спорт сонирхогчдын дунд байлаа. Гэтэл та гэнэт спортоос завсарлага авсан. Яагаад тэр вэ?

-2017 оны улсын аваргын дараа бэртэл авсан. Түүнээс болоод шантарсан гэхэд болно. Жилийн хугацаанд зөвхөн хүчний дасгал л хийлээ. Техникийн бэлтгэл хийхгүй болохоор надад үнэхээр хэцүү байсан. Тамирчид маань техникийн бэлтгэл хийж байхад би буланд ганцаараа хэвтээ шахалт хийдэг. Бусадтайгаа адилхан бэлтгэл хийж чадахгүй байгаа нь надад дарамт болсон. Бэртэл эдгэрэхгүй бүтэн жил тойрсон. Надад тэр нь муухай санагдсан, би шантарч эхэлсэн. Бүх зүйл миний шантарснаас л үүдэлтэй. Гэхдээ тухайн үед шантраад спортоо орхисондоо харамсахгүй байна. Яагаад гэвэл би өмнөхөөсөө илүү хүчтэй болоод эргэн ирлээ шүү дээ. Багаасаа штанг өргөсөн болохоор гэнэн томоогүй байж. Харин өнөөдөр би ихийг ухаарсан. Би хүндийг өргөлтөд байх ёстой гэдгээ ойлгосон. Бага насандаа штанг өргөж байсан Тунгалаг биш боллоо.

-Тийм хүнд гэмтэл байсан хэрэг үү?

-Бэртэл яривал их төвөгтэй. Ямартаа ч штангаа өргөхөд л өвддөг болсон байсан. Нөгөө талаараа миний сэтгэл зүй их сул байжээ, одоо бодоход. Дахиад хэдэн сар гүрийсэн бол эдгэрэх байсан. Хугацааг нь тооцолгүй спортоо орхисон нь миний буруу. Гэхдээ одоо өнгөрснөө бодох шаардлагагүй. Өнөөдөр би эргээд ирсэн байна. Энэ л зөв сонголт.

-Тухайн үед эргэн тойрныхон тань юу хэлэв. Ялангуяа багш нь таны гаргасан шийдвэрт хэрхэн хандсан бэ?

-Багш намайг хамгийн их дэмждэг байсан. Миний бэртлийг сэдрээхгүй, хурдан эдгээхийн тулд их зүтгэсэн. Харин би техникээ л хиймээр санагдана. Би бусадтайгаа адилхан дэвжээн дээр хиймээр байдаг. Багш өөр зүйл хийлгэх нь тийм ч таатай биш байсан. Багш бол намайг л хайрлаж байгаа юм. “Хоёулаа наад бэртлийг чинь даваад л гарна” гэж их урам өгнө. Гэвч би багшийнхаа урмыг хугалж, итгэлийг нь том алдсан гэж боддог. Хүүхэд байсан учраас юу ч бодохгүй багшийнхаа төлөвлөгөөг нураагаад л яваад өгсөн байгаа байхгүй юу. Харин багшийн зорилго маш том байсан. Гэтэл би “Сургуульд явахаар боллоо” гэж хэлээд л дундаас нь гараад ирсэндээ буруудаж байгаа юм.

-Та багш дээрээ эргээд иржээ. Хэрхэн хүлээж авав?

-Миний багш их сайхан хүн шүү дээ. Дахиж багшийнхаа итгэлийг алдахгүй. Багш хэлэхдээ “Хамтдаа дэлхийн аварга, Азийн аварга, Азийн наадамд өрсөлдөнө” гэсэн. Багш минь намайг маш гоё хүлээж авсан. Үе мөч нь аажмаар чангарч байна. Сайн хичээгээрэй гэсэн.

-Эргээд бэлтгэлдээ орох мэдрэмж ямар байсан бол?

-Үгээр илэрхийлэх хэцүү юм. Бэлтгэлийн зааланд ороход надад штангийн үнэр үнэртдэг. Заалны, штангны үнэр миний сэтгэлийг өөрийн эрхгүй сэргээж байна. Одоо бодоход би энэ спортод тэгтлээ хайртай, дуртай байжээ. Сэтгэл их хөдөлсөн. 

-Гурван жилийн дараа улсын аваргад орлоо шүү дээ. Дэвжээнд гарах мэдрэмжээсээ хуваалцах уу?

-Маш гоё. Тэмцээний мэдрэмж аваагүй удсан байлаа. Сэтгэл үнэхээр их хөдөлсөн учраас түүнийгээ барьж чадаагүй. Ил гаргасан.

-Та гэртээ хүүхдээ харж байхад багийнхан тань тэмцээн уралдаанд оролцоод л. Үүнийг харах ямар санагддаг байв?

-Улсын аваргыг бол тэмцээн болж байгаа газарт нь очоод үзнэ. Тив, дэлхийн аваргад оролцож байгаа багийнхаа тамирчдыг хараад шууд л уйлдаг. Манай гэрийнхэн хүндийг өргөлтийн спортод хайртай, дуртай учраас бүгд хамтдаа суугаад тамирчдаа дэмжинэ, уухайлна, уулга алдана. Агшин бүрийг алгасалгүй харж, юм юм л болно шүү дээ. Азийн аваргад манай дөрвөн тамирчин дөрвүүлээ медалийн тавцанд зогсож, сайн амжилттай оролцсон. Түүнийг хараад өөрийг эрхгүй огшсон. Дэлхийн аваргад манайхан зорьсон зорилгодоо хүрээгүй ч маш том сорилго, туршлага болсон байх. Мөн тэмцээндээ тулгаж очсон учраас цаг агаар, орчин нөлөөлсөн нь гарцаагүй. Нам дор газраас өндөрлөгт очихоор агаарын даралтаас эхлээд нөлөөлөл их. Тэр бүгдэд дасан зохицох хугацаа байсангүй. Хэрвээ дор хаяж 10-14 хоногийн өмнө очсон бол арай өөр амжилт үзүүлэх байсан. Ер нь хол газар тэмцээнд явахад зардал мөнгөнөөс эхлээд замдаа ядарна. Асуудал их шүү дээ. Монголд хүндийг өргөлтийн спортыг дэмжих, бидэнтэй хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс илүү олноор гарч ирнэ гэдэгт итгэж байна.

-Энэ жил гурван том тэмцээн хүлээж байна. Дээрээс нь олимп гол зорилго байх болов уу?

-Нэн түрүүнд бэртэхгүй байхыг хичээж байгаа. Олон жил завсарласан болохоор үе мөч сулрахаас эхлээд асуудал бий. Энэ бүхнийг бага багаар дасгах ёстой. Багштайгаа, хамт олонтойгоо Азийн аварга, Азийн наадам, дэлхийн аваргад явахын төлөө уйгагүй зүтгэх болно. Миний нэн тэргүүний зорилго бол энэ. Харин олимпын тухай ярих арай эртдэх байх. Хүндийг өргөлтөд  жин тус бүрд тамирчнаа илгээх боломжгүй. Гурван квот л ирдэг. Түүнд би заавал багтах гэж зүтгэхгүй. Бэлтгэлээ уйгагүй хийж, олимпод орохын төлөө бүхнээ зориулж байгаа тамирчдадаа боломж олгох ёстой. Хэрвээ үнэхээр надад итгэл хүлээлгэвэл би дуртайяа оролцоно. Энэ спортоос ойрын таван жилдээ зодог тайлахгүй.

-Энэ спортод хөл тавьсан үеэ дурсах уу. Хэн таныг ингэтэл уруу татаж чадсан юм бол?

-Хамаатны ах, эгч нар спортод дуртай хүмүүс байсан. Тэднийг л дагасан хэрэг. Анх Багануур дүүрэгт Болдбаатар багшийн шавь болж очоод бэлтгэл хийсэн. Биеийн тамирын хичээлд огт дургүй байсан хүн спортын тамирчин болно гэж хэн санах билээ. Үнэндээ спортын талаар огт мэдэхгүй, өөрийгөө их хавчдаг байсан. Харин одоо бол спортыг гоёор нь ойлгож хардаг. Өсвөрийн тамирчдын тэмцээнийг зааланд үзээд, өөрийгөө тэдэнтэй харьцуулсан. Тэгээд гэрийнхэнд хэлэхэд зөвшөөрөөгүй, бас надад итгээгүй. Би дөнгөж 36 кг жинтэй хүүхэд байсан болохоор аав, ээжийн санаанд огт буухгүй байсан биз. Ээж намайг урлагийн хүн болгох гэж зүтгэсэн. Өвөө Төв аймгийн Эрдэнэ сумын Соёлын төвийн эрхлэгч. Бүхий л төрлийн хөгжмийг маш гоё тоглоно. Ээж аятайхан дуулдаг. Тиймээс намайг урлагийн чиглэлээр явуулах гэж төгөлдөр хуурын дугуйланд явуулсан ч би хүсээгүй. Би дурлаж тоглодоггүй байсан учраас хол яваагүй байх. Ээж намайг автоматаар ганц, хоёр ая тоглохоор их баярлана. Ээж дуртай байсан учраас л би төгөлдөр хуурын дугуйланд хэсэг хугацаанд явсан даа. Ээж надад хэлэхдээ “Нэг л хичээл дээр “В” үнэлгээтэй гарвал чи наад штангаа дахиж өргөхгүй” гэдэг байсан. Би ч амлалт өгсөн. Богино хугацаанд спортын цол зэрэгтэй болж, ээж ч жинхэнэ утгаараа ойлгож, зөвшөөрсөн дөө. Одоо бол миний хамгийн том дэмжигч шүү дээ. 

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе?

-Хүндийг өргөлтийн спортыг хувь хүн, албан байгууллагууд дэмжээсэй. Хамтрах хүмүүст манай үүд хаалга үргэлж нээлттэй шүү. Энэ ташрамд, намайг болон тамирчдаа дэмждэг Монголын хүндийг өргөлтийн холбоо, дэмжигч байгууллагууд, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн хүндийг өргөлтийнхөө тамирчдын ар гэрийнхэнд баярлаж явдаг шүү. Эцэст нь намайг дуртай спортоороо хичээллэх боломжийг олгож, ар талыг минь найдвартай дааж, юунд ч санаа зовохгүй бэлтгэлээ хийхэд тусалдаг ханьдаа, аав, ээждээ баярлаж байгаагаа хэлье. Миний ханийн аав, ээж охиныг минь хардаг учраас би хэзээ ч санаа зовж байгаа шүү. Сэтгэл амар бэлтгэл хийж, тэмцээндээ оролцож байна даа.

Хүндийг өргөлтийн  спортыг  орон нутагт хөгжүүлж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Сая гэхэд би “Увс нуур” клубээс улсын аваргад оролцлоо. Энэ спортыг орон нутагт сайн хөгжүүлээсэй.

  Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/243524/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө