Цэнгээнт бүжиг сургалтын “Эрдэнэс” клубийн эрхлэгч И.ЭРДЭНЭСУВДтай ярилцлаа.
-“Эрдэнэс” бүжгийн сургалтын төвөө нээгээд удаагүй юм байна. Ямар төрлийн бүжиг заах вэ?
-Бүжгийн спортоор хичээллээд таван жил болж байна. Ингээд анх удаа бүжгийн сургалтын клуб нээн ажиллуулахаар шийдлээ. Бүжиг олон төрөл байдаг. Үүнээс нийтэд хамгийн дэлгэрсэн нь цэнгээнт бүжиг. Биднийг залууд заавал сурах 10 бүжиг байлаа. Орчин үед улам боловсронгуй болж, хөгжиж, нэмэгдэж хэрэглээ болсон болохоор нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн цэнгээнт бүжгийн төрлүүдийг заана.
Манай клубт чадварлаг бүжигчин, залуу багш Б.Анхбаяр багшилна. Бусад төрлүүд буюу латин, стандарт, зумба, монгол бүжиг (биелгээ), bellу dance, иога зэрэг сургалтынхантай хамтран ажиллана. Өдөрт 2-3 удаа бүжгийн сургалт явагдана.
-Бүжиг хүнд ямар мэдрэмж өгдөг вэ?
-Бүжиг олон давуу талтай. Бүжгийг хүмүүс урлаг гэхээсээ илүү спорт гэж хүлээж авах нь бий. Хүнд үнэхээр нандин мэдрэмж төрүүлдэг. Бүжгийн аянд жаргалтай хөдөлж байгаа хүн ядрахаа ч анзаардаггүй. Удаан хугацаанд олон хөдөлгөөн хийдгээрээ давуу талтай. Хүн хоёр цаг бүжиглэхэд ойролцоогоор 8-10 км орчим гүйсэнтэй тэнцэх хэмжээний энерги зарцуулдаг гэсэн тооцоо байдаг юм билээ.
Манай залуус найр хурим, амралт, сувилал хаана ч очсон сайхан хооллоод л сууцгааж байдаг. Гэтэл тухайн арга хэмжээнд бүжиглэж, цэнгэж сурах хэрэгтэй. Тиймээс “Эрчимтэй хөдөлцгөөе, аз жаргалтайгаар эрүүлжье” гэж уриалж байна. Бүжгийн клубт үдээс өмнө сургалтууд явагдаж, 18:00 цагаас эхлэн цэнгээнт бүжгийн дадлага хийнэ. Бүжиг сонирхогчид чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
-Та хэзээнээс бүжигт дурлаж эхэлсэн бэ?
-Би насаараа төрийн албанд ажилласан хүн. 50 нас хүртлээ ямар нэг бүжиг хийж, хөл гараа эргэлдүүлнэ гэж төсөөлж байгаагүй. Нэг найз маань намайг бүжгийн танхимд дагуулж ирснээр бүжиглэж чадах юм байна гэж итгэсэн. Ингээд бүжгийн спортод дурласан даа. Бүжиглэхэд авьяас шаардахгүй. Хүний сонирхол, хобби юм.
-Бүжгээр хичээллэж эхлэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Гайхалтай, өдөр бүр өөрийгөө илүү хөгжиж, илүү уян налархай, эмэгтэйлэг болсноо мэдэрдэг. Нүдээ аньж байгаад бүжмээр, үүлэн дээр хөвөхөд ийм байх болов уу гэмээр сонин мэдрэмж төрдөг. Төрийн албан хаагч гээд костюм өмссөн, ажил хэрэгч хүн байлаа. Хувийн хэвшилд жинс, пүүзтэй нэг хэсэг жирийлээ. Ажил гэрийн хооронд л явдаг байлаа. Дэрвэгэр хормойтой даашинз, юбкыг мартсан, тоодоггүй байсан. Харин бүжигт хорхойсож эхэлснээс хойш буцаад дэрвэгэр хормойтой даашинз өмсөж, үс гэзэг, нүүрээ арчлаад, өөртөө, гоо сайхандаа анхаарч эхэлсэн. Бүжгийн спортоор хичээллэснээр эмэгтэйлэг шинж сэргэдэг юм билээ.
-Бүжгийн спортоор аль насныхан илүү хичээллэж байна вэ?
-Бүжгийн спортоор 50-60 насныхан түлхүү хичээллэдэг. Учир нь, тэдний амьдрал тогтсон, үр хүүхдүүд нь өсөж том болоод, өрх тусгаарласан, чөлөөт цаг ихтэй байдаг. Залуус ч ажлаа зохицуулаад бүжгийн дугуйланд явах нь нэмэгдэж байгаа. Бүжгийг спорт, урлаг талаас нь хүлээж аваад, амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж би хүсдэг. Бүжиг бол эрүүл амьдрахын нэг үндэс. Тухайн хүн хөдөлгөөнийг тааваараа хийж, бүжиглэнэ. Өөрийнхөө тааваар хөдөлгөөнтэй байснаар зүрх, даралт, үе мөч, багтраа зэрэг элдэв өвчнөөс алгуурхан ангижрах боломжтой.
-Танай “Эрдэнэс” бүжгийн сургалтын байршил хотын төвд юм байна. Бүжиг сурахаар сонирхож байгаа хүнд ганцаарчилсан сургалт явуулах уу?
-Тийм ээ, манай “Эрдэнэс” бүжгийн сургалтын төв Сүхбаатарын талбайн зүүн талд, “Лагшин” төвд байрлаж байна. Бид бүжиг сонирхогчдодоо зориулж ганцаарчилсан сургалт явуулах танхимтай. “Лагшин” төвийн 13 давхарт цэлгэр, том дугуй танхимтай. Улаанбаатар хотоо энэ танхимаас бүтнээр нь 360 градуст харж болно. Бид энэ танхимд VIP сургалт явуулна. Мөн бүжиглэж байгаа бичлэгээ хийлгэх хүсэлтэй хүмүүст, гоё даашинзаа өмсөөд, цэнгээнт бүжгээ эргэлдэн бүжсэн дурсгалтай бичлэг үлдээх боломжийг олгож байна. Бас манай дугуй зааланд дараах үйл ажиллагаануудыг явуулахаар төлөвлөж байгаа. Тодруулбал,
• VIP (ганцаарчилсан) сургалт
• Дурсгалын бичлэг хийлгэх
• Танилцуулах уулзалт зохион байгуулна.
Энэ сургалтын танхимаа бүжгийн бүх төрөл болон иога зэрэг чиглэлээр түрээслүүлнэ. Бүжгийн спортоор суралцах хүсэлтэй хүмүүсийг урьж байна.
“Эрдэнэс” бүжгийн сургалтын клуб:
ХАЯГ: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Амарын гудамж, “Лагшин” төвийн нэгдүгээр давхарт
УТАС: 99997589
Н.ЭНХЛЭН
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/