Хэн ч мэргэжлийн тамирчин байх боломжтой


Корнхолл. Энэ үг манай уншигч, спорт сонирхогчдод шинэ бөгөөд содон санагдах байх. Сүүлийн жилүүдэд корнхоллын спорт тоглоом нь дэлхийн олон оронд маш хурдацтай хөгжиж байна. Уг тоглоомын дүрэм, үндсэн материал нь маш энгийн бөгөөд бүх насныхан сонирхон хичээллэх боломжтой. Хэдхэн хоногийн өмнө Монголд корнхоллын анхдугаар УАШТ болж, олны анхаарлыг багагүй татжээ. Тиймээс бид “Шинэ спорт” буландаа корнхоллын спортыг онцоллоо.

 

Тариачин эрийн үүсгэсэн спорт тоглоом

 XIII зуунд Германы Бавари мужид энэхүү спорт тоглоомыг үүссэн гэж үздэг. Эрдэнэшишийн тариалан эрхэлдэг хүн цагийг хөгжилтэй өнгөрүүлэх үүднээс энэхүү тоглоомыг санаачилсан байна. XVI зуунд Английн Лондон хотод корнхоллын анхны тавцан, бээг /шидэгч бөмбөг/-ийг албан ёсоор гаргажээ. XVIII зуунд Америкт дэлгэрсэн бөгөөд 2000 оноос АНУ-д уг спорт мэргэжлийн түвшинд хүрч, лигийн тэмцээн уралдаан зохион байгуулах болжээ. Тус спорт Төв Америк болон Латин Америк, Европын өндөр хөгжилтэй орнууд зэрэг 60 гаруй улсад дэлгэрчээ. Олон улсын корнхоллын холбоог АНУ-д анх байгуулж, спорт тоглоомоор дэлхийд тэргүүлж байгаа юм. Олон улсад хөгжсөнөөс хойш энэ жил гурав дахь удаагаа ДАШТ-ийг зохион байгуулах гэж байна.

 

Корнхоллыг Монголд дэлгэрүүлэв 

“Дүдү” машин, музейгээр эчнээ танил болсон Д.Мөнхтулга 2008 онд АНУ-д хүүхдийн зусланд ажиллаж байхдаа корнхоллын спорттой танилцсан бөгөөд монголчуудын дуртай спорт тоглоомын төрөл болгохоор зориг шулууджээ. Энэ спорт тоглоомоор тоглоход хэсэгхэн хормын дараа л арга барилаа эзэмшиж байгаа нь таалагдсан учраас Монголд хөгжүүлэхээр шийдсэн байна. Ингээд “Ариг Аня” рестораныг үүсгэн байгуулагч Т.Ганзоригт санал тавьснаар  Монголын корнхоллын холбоог байгуулав. Тодруулбал, 2010 оны дөрөвдүгээр сард албан ёсны нээлтээ хийж, сонирхогчдын дунд нээлттэй тэмцээн явуулсан байна. Олны дунд дэлгэрүүлж, сурталчлахын тулд хүүхдийн зуслангуудад, гудамжинд тоглуулжээ.  “Сагсан бөмбөг, волейбол, теннис, хөлбөмбөгийн тэмцээн хийх гэхээр олонх хүн нь хойшоо сууж байна. Харин корнхолл хүртээмжтэй юм. Тиймээс байгууллагынхаа спорт өдөрлөгт оруулъя” гэдэг санал өнгөрсөн жил олноор иржээ. Энэ нь холбоог үүсгэн байгуулагчдад уг спорт тоглоомын хөгжлийг эрчимжүүлэхэд дөхөм болсон гэнэ. Дотор заал, гудамж талбай, элс, албан байгууллага гэх мэтээр хаана ч тоглох боломжтой, аюул багатай, гэдгээрээ онцлогтой.

 

Дүрэм 

Онооны систем энгийн, дүрэм нь маш амархан. Эрэгтэйчүүд найман метрийн зайнаас 450 грамм жинтэй бээг /шидэгч бөмбөг/-ийг шиднэ. Нүхрүү оруулбал гурав, тавцан дээр шидвэл нэг оноо авах дүрэмтэй. Нэг тоглогч дөрвөн бээг /шидэгч бөмбөг/-ийг шидэх бөгөөд ингэхдээ тухайн хоёр тоглогч ээлжилнэ. Ингээд дөрвөн бээгээ шидэж дуусвал нэг үе дууссанд тооцно. Нийт 10 үеэр тоглоно. Ганцаарчилсан төрөлд нэгийн эсрэг нэг, багийн төрөлд хоёрын эсрэг хоёр тоглогч тоглох боломжтой. Түрүүлж 21 болон түүнээс дээш оноо авсан нь ялагч болох дүрэмтэй. 10 үе дуусахад хоёр тоглогчийн оноо 21 хүрээгүй тохиолдолд хамгийн өндөр оноо авсан нь ялагч болох юм. Доорх дөрвөн тохиолдолд оноо тооцохгүй.

  -  Тавцангийн гадна бээг унавал

  -  Шалан дээр ойгоод бээг тавцан    дээр унавал

  -  эг тоглогч дараалан хоёр       шидэхэд хоёр  дахь шидэлтийн    оноог тооцохгүй.

  - -Бээгээ шидэх үед хяналтын шугам дээр гишгэвэл оноо хүчингүй.

Сонирхогчид найман метрээс, харин мэргэжлийн лигийн стандарт зай нь 823 см байдаг ажээ.

 

Давуу тал

Контакттай спортоос зайлсхийдэг хэрнээ ямар нэгэн спортоор хичээллэж үзэхийг хүссэн хүн бүрд корнхолл нээлттэй. Нас, жин, өндөр харгалзахгүй. Өөрийгөө эвсэлгүй гэж голох хэрэггүй. Дүрэм амархан учраас тухайн тамирчин тэмцээндээ оролцохын сацуу шүүгчээр ажиллаж болно. Шүүлтэд хялбар, маргаан будилаан бага гардаг. Стрессийг 100 хувь тайлахаас гадна хөдөлгөөний дутагдал, нуруу хөшихөөс сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хамгийн дөхөм спорт ажээ. Заавал мэргэжлийн статустай байх албагүй. Хамгийн гол нь хүртээмжтэй спорт тоглоом юм. Хэрэглэгдэхүүнийг өөрт байгаа материалаар хийх боломжтой.

 

Хэн, юу хэлэв:

 

Хэн ч тамирчин байх боломжтой

Регги дуучин Мачо буюу Н.Мөнгөнтулга:

-Энэ спортын талаар анх найзаасаа сонссон. Миний найз “Дүдү”-гийн Тулгаа анх Монголд энэ спорт тоглоомыг үүсгэн байгуулсан юм. Өмнө нь би спортын ямар нэгэн том тэмцээн уралдаанд оролцох юмсан гэх нууцхан мөрөөдөлтэй явдаг байсан. Сагсан бөмбөг тоглодог ч хобби болгоод л өнгөрсөн. Харин жинхэнэ тамирчин байх боломжийг корнхоллын спорт олголоо. Хүнээс маш их анхаарал шаардана. Спортод гаргадаг сэтгэл хөдлөл, таашаал гээд л бүхнийг эндээс харж болно. Бүгд тамирчин байх боломжтой. Хаана ч тоглож болдог. Зуслан дээрээ, найз нөхдөөрөө цугларч мах шарж, хүйтэн шар айраг уунгаа корнхоллоор тоглож болно. Бэртэж, гэмтэнэ гэж айх шаардлагагүй. Шатар шиг тайтгаруулдаг, хүн бүрд таашаал өгч чадах спорт юм билээ. 

 

Энэ спортыг орон нутагт хөгжүүлнэ

 Сонирхогчдын боксын Азийн аваргын хүрэл, Азийн цомын мөнгө, Азийн наадмын мөнгөн медальт, улсын дөрвөн удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Э.Ундрам:

-Корнхоллын спорттой их санамсаргүй тохиолдлоор холбогдсон. Өмнө нь интернэтээр л шохоорхож харж байлаа. Гэтэл Монголд энэ спортын анхдугаар УАШТ болох гэж байгааг, бас түүнд зориулан шүүгчид бэлтгэж буйг фэйсбүүкээс хараад холбогдон шүүгчийн сургалтад суусан. Тэгээд УАШТ-д нь шүүгч хийж хажуугаар нь ганцаарчилсан болон багийн төрөлд оролцож үзэв. Харахад амархан хэрнээ их нарийн спорт байлаа. Энэ спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэхэд их боломжийн санагдаж байна. Миний хувьд олон улсын хүмүүнлэгийн “Teach For Mongolia” төслийн хүрээнд боловсролын тэгш хүртээмжийг бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ЕБС-д биеийн тамирын багшаар ажиллаж байгаа болохоор сурагчдадаа дэлхий дахинд трэнд болж буй спортуудыг таниулах зорилго тээж байна. Корнхоллын спорт бол яг энэ категорид нийцэж буй нэгэн шинэ төрөл. Тиймээс би энэ спортыг хөгжүүлэх хүсэлтэй болсон. Учир нь, хэрэглэл материал болон тухайн спортын тэмцээний дүрмийн хувьд их энгийн байгаа нь маш их таалагдаж байгаа.

 

Хаана ч тоглох боломжтой нь надад таалагдсан

 Загвар өмсөгч Э.Энхболд:

-Би энэ холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 10 жилийн өмнө Монголд анхны сууриа тавьсан ч өнгөрсөн жилээс эрчимтэй хөгжүүлж, саяхан анхдугаар УАШТ-ээ амжилттай зохион байгууллаа. Найз нөхдөөрөө цуглаад хаана ч тоглох боломжтой гэдэг нь надад маш их таалагдсан. Дүрэм нь энгийн, хэнд ч ойлгомжтой. Орон зайн мэдрэмж шаарддаг. Онооны систем нь өрсөлдөөнтэй. Миний хувьд анхдугаар улсын аваргадаа оролцож хэсгээ тэргүүлсэн ч хасагдах шатанд бүдэрсэн.  Тамирчид маш богино хугацаанд арга барилаа олж, мэргэжлийн түвшинд шидэж байгаа нь гоё санагдсан. Энэ спорт тоглоомыг Монголд илүү өндөр хөгжөөсэй, өнцөг булан бүрд тоглодог байгаасай гэж хүсэж байна.

 Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө