Монголчууд Хүннү гүрний үеэс, магадгүй түүнээс ч өмнөөс тариалж ирсэн амуу будаа нь буудай, арвай, бог, хошуу, гурвалжин будаа гэсэн таван зүйл байв. Эдгээрээс бог будааг анх Ази тивд, тэр тусмаа Монгол нутагт тариалж байжээ гэсэн таамаглалыг эрдэмтэн судлаачид дэвшүүлдэг бөгөөд арвайг тарималжуулсан хоёр дахь эх орон бол Монгол гэж үздэг. Тэр дундаа Алтайн уулс түшсэн нутаг оронд одоо хэр таван төрлийн буудайны өндөр соёлтой ард түмэн амьдран суудаг. Говь-Алтай аймаг Бигэр сум. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, талх нарийн боовны салбарт манлайлагч “Суман гүн” компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Нүрдэвийн Дашхүү гуайн төрсөн нутаг. Н.Дашхүү гуайн эцэг өвгөд хуучин Засагт хан аймгийн Бигэр Номун хан хутагтын шавь нутаг болох одоогийн Бигэр сумын нутаг Жаргалантын булагт байсан Соодын дацан хэмээх дацанг XIX зууны дунд үед байгуулалцсан гэдэг.
Соодын дацан буюу Жаргалантын хурлыг анх бий болгохдоо Хүүхэн хутагтыг залж ирээд Сэрхийн нуруун дээрээс чулуу шидүүлэхэд шидсэн чулуу нь Жаргалант хэмээх булгийн ойролцоо унасан тул тэнд Соодын хийдийг байгуулсан гэх домог байдаг ажээ. Улаан сахиус шүтээнтэй энэ дацанд ойролцоогоор 100 орчим лам суудаг байсан тухай аав нь Н.Дашхүү гуайд хуучилдаг байж. Соодын дацан 1936 оны сүүлчээр хаагдсан бөгөөд дацан хийд төвхнөж байсан энэ орчмын газар нь аравнайлагдаж номын авшиг шингэсэн газар тул Бигэр сумын төвийг энд анх байгуулсан түүхтэй. Энэ л шүншигт нутагт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Дашхүү, О.Заяа, “Гацуурт” компанийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат, академич Д.Рэгдэл зэрэг Монголын нийгэмд том хувь нэмэр оруулсан хүмүүс төрж өссөн байдаг. Гэхдээ бид энэ дацангийн тухай, Бигэр сумын тухай ч хүүрнэх гээгүй юм. Соодын дацангийн лам нарын балин, шалсай, зоог гүнцгийг дацанг хаагдтал хийж явсан замч Нүрдэвийн жороос улбаатай “Суман гүн” компанийн нарийн боовны орц технологийг бий болгосон, өв тээгч Дашхүү гуайтай ажил үйлсийнх нь талаар ярилцлаа.
-Таныг саяхан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсныг мэднэ. Олон л сонин, хэвлэл, телевиз, радио компанийн тань ажил үйлсийг асууж ярилцсан байх. Би Дашхүү гэдэг хувь хүний бага насны амьдралаас эхлүүлээд өнөөдрийн гавьяат болтол хэрхэн ажиллаж амьдарч ирэв гэдгийг уншигчдад хүргэмээр байгаа юм. Нас сүүдэр хэд зооглож байна даа?
-Би хааяа туулж өнгөрснөө эргэцүүлж суухдаа ямар баялаг амьдрал вэ гэж боддог. Хүн бүрийн л амьдрал баялаг байдаг биз, гэхдээ л миний амьдралаар зохиол бичвэл нэг бэсрэгхэн роман болчих болов уу. Би 1942 оны морь жилтэй одоо 80 насыг зооглоод сууж байна. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад малчин, тариачнаас эхлээд компанийн захирал, зөвлөх хүртэл амьдралын замыг туулсан байна. Хэдэн хүн ингэж амьдарч чадсан бол гэдэг бас сонин тийм ээ. Бага насныхаа амьдралаас эхлээд ярих уу?
-Тэгье ээ.
-Намайг хоёрхон сартай байхад Долгор ээж маань Нүрдэвийнх гэдэг айлд өргүүлсэн юм билээ. Шар шувтлаад удаагүй байсан аав маань нутгаасаа явж, Говь-Алтайн Цогт суманд очиж Янжин ээжтэй минь гэрлэж бараалсан байж л дээ. Бага нас минь Бурхан буудай уул, Мянгайн овоо, Мянгайн овоог тойрсон мянган булаг, мянган булгийн хөлд ургах алимны модны сүүдэрт тоглож өнгөрч дээ. Аав маань мундаг уран хүн байлаа. Мод, төмрөөр юухан ч болов хийчихдэг, эхнэр хүүхнүүдийн дээл урлана, оймсны хараа оёно гээд огт зүгээр суудаггүй хүн байв даа. Соодын дацангийн замч байсан хүн шүү дээ. Айл хунараар явж Цагаан сарынх нь боовыг хийж өгнө. Нутаг орныхон хамгийн сайхан боов хийдэг хүнээ хүндэтгэн урьж, хоймортоо залж байгаад л Цагаан сарынхаа боовыг хийлгэнэ. Аав маань л залагдана шүү дээ. Гурилаа элдүүлж авчихаад л шугам бариад суучихна. Манай нутгийнхан самнаа гэдэг дөрвөлжин хэлбэртэй боов хийж тавгаа засна л даа. Аавын хийсэн самнаа их гоё үнэртэй. Тэвхийсэн зузаан дөрвөлжин боов болно. Зөөлөн гал дээр тосоо буцалгаж байж хайрдаг байсан. Айлд боов хийх гээд явахаар нь би дагаад л чавхадчихна.
-Одооных шиг цагаан гурил олдоц хэр байсан юм бол доо. Та 1942 онд төрсөн гэхээр дайны дараахны түүх яриад байх шиг байна?
-Дайны дараах жилүүд байсан болохоор бараа таваар, гурил будаа их ховор. Гэхдээ манай нутаг тариа буудай тарьж ургуулах, тээрэмдэж гурил хийх ахуйн том соёлтой. Би долоо, наймтайгаасаа л тариа тарилцаж, хураалцаж эхэлсэн юм билээ. Улаан тариа, хөх арвай жил өнжиж ургац өгнө. Бэлцийсэн идээ сайтай улаан тариа ургана. Тариагаа хураахаас өмнө одоогоор үтрэм маягийн “Цан” гэдэг зүйл бэлдэнэ. Хөрсийг нь хуулсан газар дээр ус асгаж гишгэлж дагтаршуулсан гэрийн буурин чинээ газар дээр хураасан тариагаа үүрч ирээд, мориор гишгүүлж цайруулна. Ишнээс нь салгаж цайруулчихаад муцангаар (нэг маягийн модон хүрз) самарч өгнө дөө. Салхи гараасай гээд исгэрээд л самраад байна. Салхитайд хатсан хальс нь хийсээд нэг талдаа овоорчихдог. Шавар тагз барьсан тарианы манаач айлын хаяаг тойруулаад нүх ухаад бэлдчихсэн байх. Тэр нүхэндээ айлууд тариагаа аваачиж хийгээд нэрийнхээ пайзыг зоож орхино. Цагаан сараар юм уу, наана нь тариагаа зөөж гэртээ авчраад гар тээрмээр татаж тээрэмдэнэ. Хананаасаа багана хүртэл хэц татчихаад тариагаа тээрэмдэн шигшиж гурилаа бэлэн болгоно. Ингэж боов хийх гурилтай болно доо. Ерөөсөө худалдаанаас гурил авч мөнгө зарлагддаггүй байж. Манай нутгийнхан улаан тариагаар гурил тээрэмдээд боов боорцгоо, хөх тариагаа тээрэмдээд замбаа хийгээд идчихдэг байсан. Мэдээж мал байгаа учраас махаа өөрсдөө бэлтгэчихдэг байлаа. Айлын эзэгтэй болчихоод тариа тарьж байхад энэ бүх сурсан зүйлс маань их л хэрэг болсон доо.
Амьдралын аялал
-Та багаасаа л будаа тариа, гурил, боов боорцог гээд хутгалдаад явчихсан хүн юм байна. Сургууль соёлын мөр хөөв үү?
-Би 1950 онд сургуульд орсон. Намайг хоёрдугаар ангид ордог жил маршал Чойбалсан өөд болж, сум даяар уй гашуу болж байсныг санадаг. Гэрийн гаднаас хоёр сонжуутай жаахан охин аавтайгаа мордож байсан даа. Аавыг эргээд очиход ээж уйлаад “ Ганц охиноо сургуулиас аваад үлдчихэж чадахгүй байна уу чи, эргэж охиныг минь олж ир” гэж хөөж байсан юм гэдэг. Сургуульд хүүхдээ өгөхөөс тэгтлээ айдаг байсан юм уу, магадгүй өмнөхөн нь дэгдсэн тахлаас үүдэлтэй дурсамж нь арилаагүй байсан биз. Манай сургууль гэж хоёр том хар гэр байх. Бид нэг гэрт нь хичээлээ хийж, нөгөөд нь орж унтана. Хувцсаа ч тайлахгүй, үстэй дээлээ өрөөлдөж нөмрөөд л унтаад өгнө. Гадуураа гортиг татчихсан, гадны хүн ойртуулахгүй. Шороон дээр суугаад өвдөг дээрээ дэвтрээ тавьж хичээлээ хийнэ. Найруулдаг бэхээр бичнэ, мөн ч ядруухан байж дээ. Намайг хоёрдугаар ангид ордог жил аав сумын төв дээр ирж шинэ сургууль барьж өгч билээ. Тэгээд яагаад ч юм намайг гуравдугаар ангийн дундаас сургуулиас гаргачихсан. Дөрвөн аргаар тоогоо бодож, уншиж бичээд сурчихсан болохоор боллоо гэсэн юм болов уу даа. Гэртээ байж байхад доод үзүүр тойроод морьтой хүн гараад ирэхээр л намайг бушуухан нуугдаарай л гэнэ. Би нэг навтас нөмөрч аваад л хэвтээд өгнө дөө. Аминдаа намайг сургуульд аваад явчихна гэж нууж байгаа шүү юм уу даа. Ингээд л миний эрдэм номын мөр дууссан юм даа.
-Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Эцгийн гэрээс мордох нь жам шүү дээ?
-Амьдралын жам л юм хойно эцгийн гэрээс явах нь мэдээж. Арван зургаахан настай жаахан охин нэгдлийн анхны гишүүдийн нэг болж, арван долоон насандаа ханьтайгаа гэр бүл болж байлаа. Амьдралын маань бүх юм шив шинэхэн, юугаа ч мэдэхгүй тийм жаахан хоёр. Тухайн үед өөрсдийгөө их л том хүмүүс болчихлоо гэж бодож байсан байлгүй дээ. Одоо бодоход нөгөө хоёр сонжуутай жаахан охиноос нэг их ялгарах юмгүй л санагддаг. Ямар сайндаа л бид хоёр нэг нь хонь хариулах, нөгөө нь усанд явах нэрийдлээр гэрээс гараад холдмогцоо чулуу таалцаад суучихдаг байх вэ дээ. Хань маань аймгийн мал эмнэлгийн даргын жолооч байлаа. Нутгийнхан ханийг маань Буваа гэж авгайлан дуудна. Уг нь Борхүү юм шүү дээ. Ерөөлч, магтаалч, уртын дуучин хүн болохоор айлын найр хуриманд их залагдаж, ерөөл магтаал хэлнэ. Хурим найрандаа урьж ерөөл хэлүүлж байсан улс билэгт ерөөлөөр нь сайхан амьдарлаа л гэдэг. Одоогийнхоор бол өв соёл тээгч, түгээгч байжээ. Ханьтайгаа 50-аад жил сайхан амьдарсан.
-Нутгаасаа хэдэн онд гарав?
-Сумаас 1960 онд гараад аймгийн төвд ирэв ээ. Сургууль номын мөр хөөгөөгүй болохоор янз бүрийн л ажил хийж явсан. Тухайн үед аймгийн төвд ганц л байсан “Залуучууд” гэдэг гуанзанд тогооч хийж байгаад 1969 онд аймагт техник мэргэжлийн сургууль байгуулагдахад ахлах тогоочоор гурван жил ажилласан. 1972 онд аймгийн гутлын үйлдвэрт орж тав, зургадугаар таван жилийн гавшгайч болов. Энэхэн хооронд хоол хүнсний салбараас түр хөндийрсөн юм даг уу даа. 1980 онд ханийн маань бие өвдөөд хот орж эмчлүүлэх шаардлагатай болдог юм. 11 хүүхэд, өвчтэй нөхрөө аваад нутгаасаа гарсан даа. Хотод ирээд мөн л хүнс хоолны салбарт үргэлжлүүлэн ажилд орлоо. Худалдааны хоёрдугаар конторын харьяа нэгдүгээр дэлгүүрт тогооч, худалдагч зэрэг ажил хийж явсаар 1990 онд тэтгэвэртээ гарсан.
-Нийгэм солигдохтой зэрэгцээд олон хүүхэдтэй гэдэг шалтгаанаар олон залуухан ээж тэтгэвэрт гарч билээ. Та тэдний л нэг байж. Нийгэм солигдоод чадалтай нь амьдардаг хорвоо болчихсон, тогтмол орлоготой ажил төрөлгүй хүний амьдрал хэцүүдээд явчихна биз дээ?
-Насаараа хөдөлмөрлөж, хөдөлж амьдарч ирсэн хүн гэнэтхэн тэтгэвэрт гараад гэртээ сууна гэхээр нэг л сонин санагдаад болдоггүй. Олны жишиг дагаад наймаанд явж эхэллээ. Хүнсний нэгдүгээр дэлгүүрт ажиллаж байхдаа Москва явах эрхээр шагнуулж байсан юм. Москвад явж байгаад дэлгүүр ороход нэг дэлгүүрээс нэг л бараа авч болно гээд байсан нь надад сонин санагдаад байсан. Москва, Бээжин хоёрын хооронд долоон жил бараа зөөсөн, энэ хооронд их л юм болно шүү дээ, тэр болгоныг ярих юм биш.
Төгсгөлгүй
-Хүнс, нарийн боовны чиглэлээр компани байгуулъя, энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллая гэдэг санаа хэзээ орж ирэв?
-Соодын дацангийн гавжийн дугуй, хэвийн боовны амт бараг миний амьдралын турш амтагдсаар л явсан байх. Нарийн боов үйлдвэрлэлийн салбар руу орох санааг тэр л амт төрүүлсэн болов уу гэж одоо боддог. Манай үйлдвэрийн суурь анх нэгэн сургуулийн цайны газарт тавигдаж байлаа. Цайны газар түрээсэлж ажиллаж байсан хүн надад давхар түрээслүүлчихсэн. Ингээд л ажиллаж эхэлсэн дээ. Аавыг дагаж явахдаа харж байсан тэр үйл явцыг дотроо дүрслээд л жороо гаргана. Яадаг ч байсан аавын хийдэг самнаа боовны амт, үнэрийг гаргаж авна гэж л бодож хичээсэн. Уламжлалыг шинэчлэлтэй хослуулж чадсаны үр дүнд “Суман гүн”-ий нарийн боовны амтыг хүмүүс мэддэг болж, ашиг орлого нэмэгдэв. Үйлдвэрлэл явуулах анхныхаа байрыг түрээслэн авах боломжтой ч болж ирлээ.
-Таны яриаг сонсож суухад нөр их хөдөлмөр гэдэг үг санаанд орж ирээд байх юм?
-Үнэхээр зогсолтгүй хөдөлмөрлөсөн. Үүнийг нөр гэдэг үгээр тодотгож болох эсэхийг би хэлж мэдэхгүй. Анх түрээсэлсэн үйлдвэрлэл явуулах байранд маань гадаадад хүнсний технологи бүр нарийн боовны технологиор мэргэжил эзэмшсэн залуу бас нарийн боов үйлдвэрлэдэг байсан. Нэг дор байсан хоёр үйлдвэрээс манайхыг сонгож хүмүүс ирээд байсныг бодвол би илүү хөдөлмөрлөж техник, технологио шинэчилж, шинэ байж чадсаных болов уу. Би удирдлагын хувьд хэдийгээр зарчимч байр суурьтай ч ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах тал дээр бат зогсоно. Хамгийн чухал нь бидэнд итгэж найдан сонгож байгаа хэрэглэгчдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой юм. Тийм ч болохоор үйлдвэрлэлийн үйл явцыг биечлэн шалгаж, амталгаагаа өөрөө хийж, одоо хэр нь үйлдвэрийнхээ зөвлөхөөр ажилласаар л байна.
Их үдийн алдад эхэлсэн яриа маань гэгээ тасарч байх үед өндөрлөх тийшээ хандаж, маргааш үйлдвэрийнх нь байранд очиж үргэлжлүүлэхээр болоод бид ерөөл талбин салав. Ийм баялаг намтрыг сонины нэгхэн нүүрэнд багтааж чадахгүй нь эвлэрэхээс аргагүй үнэн.
Бидний дараагийн яриа Нүрдэвийн Дашхүү гуайн үүсгэн байгуулсан, одоо хэр нь зөвлөхөөр нь ажиллаж буй хүнс, нарийн боовны тэргүүлэгч “Суман гүн” компанийн тухай ЭНД-ээс уншаарай.
Трамп Төмөр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/