Ж.Чулуунбат: 2011 оны сар шинийн барилдаанд их шөвөгт үлдэж, тухайн жилдээ улсын цолонд хүрсэн


Билгийн тооллын XVII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Баянхонгор Бууцагаан сумын харьяат улсын начин Ж.Чулуунбат их шөвөгт шалгарч байсан билээ. Одоогоос 12 жилийн өмнөх энэхүү барилдаанд улсын харцага Ш.Мөнгөнбаатар, начин Ж.Чулуунбат нар аймгийн арслан цолтойдоо долоогийн даваанд хоорондоо тунан барилдсан. Улмаар Ш.Мөнгөнбаатар түрүүлж байсан юм. Харин өмнөх жилийнх нь буюу 2010 оны сар шинийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба цэргийн арслан байхдаа түрүүлснээр Цагаан сарын барилдаанд анх удаа хоёр жил дараалан улсын цолгүй бөх түрүүлсэн түүх бий. Тэгвэл улсын цолгүй байхдаа сар шинийн барилдаанд өндөр амжилт үзүүлж их шөвөгт шалгарч байсан улсын начин Ж.Чулуунбаттай ярилцлаа. Түүний хувьд өдгөө ШШГЕГ-ын харьяат “Сүлд” спорт хороо, “Нэгдэл” клуб, Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

-Одоогоос 12 жилийн өмнөх сар шинийн барилдаанд аймгийн цолтой бөхчүүд өндөр амжилт үзүүлсний нэг нь та. Урамтай сайхан барилдаж их шөвөгт шалгарсан байдаг. Бүтэн нэг үе өнгөрсөн байна шүү. Тэр барилдааны дурсамжаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-Сар шинийн барилдаанд аймгийн арслан цолтойдоо их шөвөгт үлдэж байсан гурван бөхийн нэг нь би юм. Цагаан сарын барилдааныг бага наадам гэж үздэг учраас бөхчүүд ач холбогдол өгч, бэлтгэл сургуулилалтаа базаан оролцдог уламжлалтай. Ер нь бөх хүний тухайн жилийн өнгийг тодорхойлдог ч гэж ахмад бөхчүүд ярьдаг. Энэ бол яалт ч үгүй үнэн. 2005 онд аймгийн арслан цол хүртэж, 2006 онд улсын наадамд барилдаж эхэлснээс хойш сар шинийн барилдаанд тогтмол барилдаж ирсэн. Гурав, дөрвийн даваанд их унадаг байлаа. Ингээд 2011 оны төмөр туулай жилийн сар шинийн баяраар гурав давдаг байсан амжилтаа зургаа давж ахиулсан. Би чөлөөт бөхийн тамирчин хүн шүү дээ. Гэвч тухайн үед 2010 оны өвлөөс 2011 онд шилждэг жилд чөлөөтөөс гадна үндэсний бөхийн бэлтгэлээ давхар маш сайн хийсэн. 

Зарим тохиолдолд шигшээ багийн бэлтгэлээс чөлөө авч, үндэсний бөхийн бэлтгэл хийсний үр дүнд сар шинийн барилдаанд их шөвөгт шалгарч байлаа. Улсын начин А.Батмөнх, гарьд М.Баяржавхлан, начин Б.Сангисүрэн, аварга Ч.Санжаадамба нарыг өвдөг шороодуулж, долоогийн даваанд харцага Ш.Мөнгөнбаатарт тахим буулгаж байсан юм даг. Энэ барилдаанаас маш их урам авч байв. Бэлтгэл сургуулилалтаа илүү сайжруулбал улсын наадмаар цолны босго алхах найдвар байгаа юм байна гэж өөртөө итгэж, дүгнэлт хийсэн дээ.

-Тухайн барилдаанд та тусгай шагнал хүртсэн байх аа?

-Тийм шүү. Тухайн үед дархан аварга А.Сүхбат “Аваргын гараа”, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Уран барилдааны шагнал”, “Улаанбаатар хивс” компаниас “Цахиур хагалах бөх”-ийн шагнал гэж өгдөг байлаа. Миний хувьд их шөвөгт үлдсэн амжилтаараа “Цахиур хагалах бөх”-ийн шагнал хүртэж, хивсээр шагнуулж байсан юм. 12 жилийн өмнө шагналд авч байсан тэр хивс өнөөдрийг хүртэл гэрт маань бий. Сайхан дурсамж шүү. Сонирхолтой нь, яг энэ шагналыг авсан бөхчүүд бүгд өнөөдөр улсын цолонд хүрсэн байдаг юм.

-Шинэ залуучууд шинээр хүч түрэн орж ирж байсан үе шүү дээ. Улсын аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва, начин Б.Сангисүрэн, даян аварга Н.Батсуурь гээд л... 

-Тэгэлгүй яах вэ. Ч.Санжаадамба аварга гэхэд л өмнөх жилийнх буюу 2010 оны сар шинийн барилдаанд түрүүлсэн байсан шүү дээ. Аймгийн цолтой бөх анх удаа түрүүллээ гээд л цоллуулж байсан цаг үе. Үеийнхээ залуучуудтай сайхан барилдаж, тэднээс их урам авч байлаа. Сайн, хүчтэй өрсөлдөгч их байхын хэрээр тамирчдын чадвар ахидаг. Тэднээс хоцрохгүйн тулд бэлтгэлээ улам сайн хийнэ. Яг энэ цаг мөчөөс 1984-1988 оныхон хүч түрэн орж ирж байсан даа. Үүнтэй адилхан 12 жилийн дараа үе солигдож байх шиг. Өнөөдрийн хувьд 1990-1994 оныхон цахиур хагалж, үндэсний бөхөд үзүүштэй барилдаан үзүүлж байна. Ер нь бол 12 жилийн давтамжтайгаар үе солигдоод байх шиг. Ч.Санжаадамба аварга, Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан тэргүүтэй бидний үеийнхэн Цагаан сарын барилдааны дөрөв, тавын даваанд улсын цолтнуудыг өвдөг шороодуулж олноороо гарч байлаа. Сайхан санагддаг шүү.

-Сар шинийн барилдаанд өндөр амжилт үзүүлсэн бөхчүүд наадмаар шинэ цолонд хүрдэг гэх яриа бий. Тэр ёсоор та тухайн жилдээ улсын цол авч байлаа. Тэгэхээр оргүй зүйл биш байх нь ээ?

-Одоо бодохоор түрүүлж, үзүүрлэсэн бөх нь тухайн жилдээ цолонд хүрээгүй байдаг юм байна. Ч.Санжаадамба аварга 2010 онд түрүүлэхдээ  цол авч чадаагүй. Б.Ганбат арслан байна. О.Хангай аварга, харцага Ш.Мөнгөнбаатар, хамгийн сүүлийн жишээ нь өнгөрсөн жилийн Цагаан сарын барилдааны түрүү бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал юм даа. Түрүүлсэн жилдээ цолонд хүрч чадаагүй. Харин шөвгөрөх зэргээр дээгүүр барилдсан бөхчүүд нь бүгд улсын цол авчээ. Энэ бол бичигдээгүй хууль.

-Тэгвэл цагаан сарын барилдаанд хамгийн харамсалтай өвдөг шороодсон дурсамж байна уу?

-Их шөвөгт шалгардаг жилийнхээ яг дараа онд нь буюу 2012 оны Цагаан сарын барилдаан миний санаанаас огт гардаггүй. Улсын харцага Ө.Даваабаатартай тунадаг юм. Би хөлийг нь аваад цацаж унагаасан. Энэ явцад миний тохой хөлийг нь тэвэрсэн чигээрээ доор нь унаж таарсан. Гэтэл хөлийн цэцүүд үзэмжээр хандаж Ө.Даваабаатарт давааг нь өгч байлаа. Тухайн үед бичлэг үздэггүй. Сүүлд нь би бичлэг ухрааж үзэхэд мэх хийж, цацаж гаргаж ирснээрээ надад даваа өгч болох байсан. Даваа өгдөггүй юмаа гэхэд дахин барилдуулж болохоор байлаа. Энэ барилдаанд би харамсаж явдаг. Яагаад гэвэл, өмнөх жилд нь их шөвөгт үлдээд зогсохгүй улсын цолны босго давсан шүү дээ. 

Улсын начин цолтойгоор анхны Цагаан сарын барилдаандаа зодоглож байсан хэрэг. Ер нь бол сар шинийн барилдаанд хамгийн олон даваа улсын начин цолтой бөхчүүдийн эхний гуравт миний нэр байдаг юм билээ. Тиймээс аль болох Цагаан сарын барилдааныг алгасахгүй байхыг хичээдэг.

-Та чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин. Зарим үед гадаадад тэмцээн уралдаантай байж таардаг. Хэдэн удаа ийм тохиолдол гарав. Тэр бүр дээр харамсаж байв уу?

-Гурав, дөрвөн удаа Цагаан сарын үеэр гадаадад тэмцээнтэй байж таарсан. Энэ үед өнжсөн гэсэн үг. Би их спортын хүн, дээрээс нь олон улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа, тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн хүн гэдэг утгаараа харамсах шаардлагагүй байх. Тив, дэлхий, олимп, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцоно гэдэг нэр хүндийн хэрэг юм. Тиймээс харамсаж байгаагүй. Тэмцээнгүй таарсан үедээ бол бэлтгэлээ хийж байгаад өнжихгүй барилдахыг боддог.

-Ингэхэд та яг хэдэн оноос Цагаан сарын барилдаанд зодоглож эхэлсэн юм бэ?

-2005 онд анх удаа залуу бөх Цагаан сарын барилдаанд зодоглосон юм. Тухайн үед нэгийн даваанд улсын начин Ц.Цэрэнхүүг өвдөг шороодуулж урам авсан даа. Залуу бөх гэж дуудуулж байсан миний хувьд том амжилт юм. Бөхийн өргөөнд дүүрэн цугласан үзэгчдийн уухай сүртэй сонсогдож байгаа юм чинь. Улсын цолтой бөхийг давчихаад тугаа тойроод дэвж байна гэдэг сайхан байсан. Ёстой мартагдахгүй дурсамж шүү дээ. Тэгээд хоёрын даваанд нь “Зургаан заан”-ы нэг гэгдэж шуугиулж явсан Б.Гантогтох гарьдад өвдөг шороодсон юм. Шүтэн биширдэг бөхчүүдийнхээ нэгтэй Цагаан сарын барилдаанд таарч барилдах нь залуу хүний хувьд омогшил. Их л баярласан даа.

 Улмаар 2007 онд хоёрын даваанд унасан. 2008 онд өнжөөд 2009 оны сар шинээр И.Доржсамбуу гарьдад дөрвийн санаанд өвдөг шороодож байснаа сайн санадаг. Үүнээс хойш л тогтмол барилдсан юм уу даа.

-Наадмын үед бөхчүүд нутаг нутгаараа бэлтгэл гардаг. Харин сүүлийн үед яг л наадам шиг хотоос зайдуу бэлтгэл хийдэг болсон байна. Таныг их шөвөгт шалгардаг жилд Цагаан сарын барилдааны бэлтгэл гэж гарсан уу?

-ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөхчүүд Зүүнхараад 14 хоног бэлтгэл хийсэн юм. Агаартай орчинд бэлтгэл хийх өөр байлаа. Харин 2012 оны сар шинийн барилдаанд Азийн аваргаас ирээд л шууд барилдсан юм. Цагаан сарын барилдааны өмнөх шөнө нь ирээд маргааш нь Бөхийн өргөөг зорьсон. Өнгөрсөн жил нь их шөвөгт үлдсэн, бас шинэ цол авсан учраас өөрийгөө дээгүүр барилдана гэж тооцохгүй юу. Гэтэл тавын даваанд эргэлзээтэй шийдвэрээр тахимаа өгч байсан юм. 

-Наадмын өглөө бөхчүүд цай сүүнийхээ дээжийг өргөөд, бурхандаа залбираад Цэнгэлдэхийг зорьдог. Тэгвэл Цагаан сараар яадаг юм бол?

-Наадам бол арай өөр л дөө. Цагаан сарын битүүнд гэрийнхэн маш завгүй байдаг шүү дээ. Тиймээс тэдэнд саад болохгүйхэн шиг гараад явна. Гэхдээ уламжлалт том баярын барилдаан учраас дээл, хувцсаа өмсөөд л цайгаа уугаад гарна.

-Зургаан залуу зааны ид барилдаж байхад залуу бөх, аймгийн цолтой бөх байжээ. Тэдэнтэй гар зөрүүлж үзэх сайхан байсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Барилдаан, бэлтгэл гээд л Ц.Цэрэнпунцаг гарьдаас бусадтай гар зөрүүлж байлаа. Улсын аварга Д.Сумъяабазартай барилдсан. Дархан аварга Г.Өсөхбаярын бэлтгэл хангагчаар олимпод явсан. Дархан аварга А.Сүхбатыг дагаж бэлтгэл хийсэн. Ёстой нэг чанартай бэлтгэл хийнэ шүү дээ. Нэг бөхтэй бараг бүтэн цаг барилдааны бэлтгэл хийдэг бай­лаа, А.Сүхбат дарга. Ядарсан хэрнээ л хамт бэлтгэл хийх гоё байж. Б.Гантогтох гарьд, Б.Ганбат арслантай барилдаж үзсэн нь бас л сай­хан дурсамж болж үлджээ. Залуу бөх учраас том цолтнуудаас мэдээж бэргэдэг байлаа. Гэхдээ давсан ч, унасан ч өөрийнхөө барилдааныг гар­гаж, их спортоор хичээллэдгээ давуу тал бол­гохыг хичээдэг байсан. 

Хурдан шуурхай барил­дахыг эрмэлзэнэ. Сүүлдээ тактикаа өөрчилж, барьцтай барилдаанаа сайжруулж, сэтгэл зүйн хувьд арай өөр түвшинд очсон. Том цолтнуудтай барилдахад сандрах нь хүртэл багассан.

-Удахгүй сар шинийн барилдаан болно. Та дээгүүр барилдах бөхчүүд дээр хувийн таавар дэвшүүлж л байгаа байх. Таавраа хуваалцаж болох уу?

-Улсын аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр, заан Б.Бат-Өлзий, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, начин Б.Амарсайхан зэрэг бөхчүүдийг их болон дунд шөвөгт шалгарах болов уу гэж тааварлаж, харж байна. Бэлтгэл, барилдааны формыг нь харахад дээрх бөхчүүд өндөр магадлалтай. Мэдээж тааварт багтаагүй залуучууд тэсрэлт хийхийг ч үгүйсгэхгүй. Ямар ч байсан үзэгчдийг баясгасан, суудлаас нь өндөлзүүлсэн олон уран хурц, барилдаан гарах биз.

-“Алтан цом”-ын барилдаан ид үргэлжилж байна. Танай нутгийнхан сайн амжилттай явна. Энэ барилдааны талаар юу хэлэх вэ?

-Манай Баянхонгорын баг шөвгийн наймд үлдээд, Төв аймгийг ялаад байна. Баянхонгорын хоёр дэвжээний бөхчүүд маань нэгдэж, нэг амжилтын төлөө сайхан барилдах байх. Дээгүүр амжилт үзүүлнэ гэдэг итгэлтэй байгаа шүү.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Бяр их, мэх уран, хурдтай байх болтугай?

-Баярлалаа. Монгол түмэн минь “Үзэсгэлэн болгогч” харагчин туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй. Та бүхний минь юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай. Мөн Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээ, ШШГЕГ, “Сүлд” спорт хороо, “Нэгдэл” клубийнхэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлье.

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24537/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө