Э.Мөнхжаргал: Аймгийн цолтой бөх Цагаан сарын барилдаанд дараалан түрүүлэх ч юм билүү


Монголчуудын дунд “Бага наадам” хэмээн нэрлэгддэг  Сар шинийн цуврал барилдаан өнгөрсөн мягмар гарагт цолгүй бөхчүүдийн барилдаанаар эхэлсэн. “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамбаас эхлээд ойрд бөхийн өргөөнд зодоглоогүй хүчтэнүүд барилдах сураг бий. Бөх сонирхогчид одооноос түрүү бөхийн таавраа дэвшүүлж эхэлсэн бөгөөд тэргүүн эгнээнд улсын аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нар нэрлэгдэж буй. Үүнээс гадна өнгөрсөн жилийн Цагаан сарын барилдааны түрүү бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал ч анхаарлын төвд байна. Аймгийн заан цолтойдоо Сар шинийн барилдаанд түрүүлсэн анхны бөх болсон тэрбээр Хандгайтад “Бөхбилэгт” дэвжээнийхээ бөхчүүдийн хамт бэлтгэлд гарчээ. Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу. Урилга хүлээж авч, бэлтгэлийнхээ хажуугаар ярилцлага өгсөнд баярлалаа. Бяр их, бэлтгэл сургуулилалт жигд үү?

-Баярлалаа. Сайхан өвөлжиж байна аа. Бэлтгэл жигд сайн байгаа.

-Өнгөрсөн жилийн Цагаан сарын барилдааны түрүү бөх өнөөдөр ч олны анхаарлаас гараагүй байгаа. Тиймээс түрүүлсэн барилдаанаа дахин нэг дурсаад ярилцлагаа эхлүүлбэл ямар вэ?

-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд өнгөрсөн жилийн Цагаан сар мартагдашгүй сайхан болж өнгөрсөн. Аймгийн заан цолтойдоо түрүүлсэн анхны бөх болсон. Цагаан сарын барилдаанд анх удаа зодоглосон нь өнгөрсөн жилийнх байсан юм. Анх барилдсан жилдээ түрүүлсэндээ маш их баярлаж, бэлгэшээсэн. 

-Анх удаа зодоглосон гэлээ. Өмнө нь боломж гараагүй юм уу. Эсвэл та өөрөө барилдах гэж тэмүүлдэггүй байсан хэрэг үү?

-Өмнө нь барилдах хүсэл их байвч сумын заан цолтой учраас багтдаггүй байлаа. Тэгээд аймгийн заан цолоо авчихаад “За ирэх жил л зодоглоно доо” гэж бодтол коронавирус дэлгэрээд бүхий л тэмцээн уралдаан зогссон шүү дээ. Ингээд боломж олдохгүй байсаар өнгөрсөн жил л эгзэг нь таарлаа.

-Өнгөрсөн жил түрүүлэхдээ та Цагаан сарын барилдаанд зориулсан тусгай бэлтгэл хийсэн үү?

-Үгүй. “Бөхбилэгт” дэвжээнийхээ бөхчүүдтэй “Мөнхийн үсэг” группийн зааланд бэлтгэлээ хийсэн. Манай аймгийнхан улсын гарьд Д.Рагчаа, начин Ч.Ганзориг багш нарынхаа удирдлагад энд тогтмол бэлтгэл хийдэг юм. Тэгээд л барилдсан. Харин энэ жил Хандгайт дахь “Их тамир” цогцолборт сэргэлтийн бэлтгэлд гарч байна.

-Сар шинийн барилдаан нэгийн даваанаас эхлээд л чанга оноолттой байлаа. Хоёр жил өнжсөн гэдэг утгаараа бөхчүүд олноороо оролцсон. Тиймээс эхний даваанаас чансаа өндөр болсон. Дөрвийн давааны нугалаанаас эхлээд бөх сонирхогчид таныг анхаарч эхэлсэн шүү дээ. Барилдааны талаар юу хэлэх вэ?

-Түрүүлж, үзүүрлэх талаар  бодоогүй. Хэнтэй ч таарсан сайхан барилдъя л гэсэн бодолтой явсан. Хүнд барилдаанууд хийсэн шүү. Нэгийн даваанд л гэхэд улсын начин Т.Дүгэрдоржтой оноолт таарсан. Хоёр дээр улсын заан М.Өсөхбаяртай, гурав дээр цэргийн арслан Л.Отгонбаатар ахтай тунадаг юм байна. Дөрвийн давааны нугалаан дээр аварга П.Бүрэнтөгстэй таарсан. Өмнө нь хоёр удаа барилдахдаа хоёуланд нь давсан учраас санаснаа хийе л гэж бодсон. Ах нар болон хоёр багштай зөвлөлдсөний дагуу л барилдсан. Аваргаар дөрөв давснаас хойш гүйчихсэн. Тав дээр өсөх идэр начин Хөвсгөлийн Ч.Батчулуунтай тунаж, зургаа дээр Б.Гончигдамба гарьдыг давсан. Долоогийн даваанд хүчит гарьд М.Бадарчийг өвдөг шороодуулж, найм дээр улсын заан Б.Пүрэвсайханыг давж түрүүлсэн. Даваа бүрд түргэн шуурхай барилдахыг хичээсэн дээ.

-Түрүү, үзүүр дээр аймгийн заан цолтой бөх гараад ирэхэд хүн бүр таныг дэмжсэн. Та ч шуугиулсан. Үзэгчдийн уухай тасрахгүй байсан. Наймын давааны өмнө хэр догдолж байв?

-Маш их сандарсан. Анх удаа том барилдаанд түрүү, үзүүр булаалдсан нь тэр. Зөвхөн Цагаан сар гэлтгүй ер нь л улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд дээд тал нь тав давж байсан. Ингээд улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаа түрүү, үзүүр булаалдсан нь Цагаан сарынх байж таарсан юм. Бага цолтой бөх түрүү, үзүүрт гараад ирэхээр өөрийн эрхгүй л сандардаг юм билээ. Гэхдээ аль болох тайван байхыг хичээсэн. Давна гэж бодоогүй. Давсан ч, унасан ч сайхан барилдана гэсэн бодолтой гарсан. Нэгэнт түрүү, үзүүрт шалгарсан юм чинь алдах зүйлгүй л гэж бодсон. Багш нар ч өөрийнхөөрөө шийдэмгий барилдахыг зөвлөсөн. Хажууд дэвжээний ах нар зоригжуулаад зогсож байхад нөмөр нөөлөг болдог юм билээ. Тэр ч утгаараа зоригтой барилдсан гэж боддог. Б.Пүрэвсайхан зааныг давдаг мэхийг өмнө нь бэлтгэл дээр хэд хэд давтсан. Д.Рагчаа багш маань сайн хийдэг. Багшийн хийдэг мэхийг хийж болмоор санагдаад заалгаж, давтсан. Тэгээд л давсан.

-Бэлдсэн хувилбар явсан гэсэн үг үү?

-Эгзэг нь л таарсан хэрэг. Түүнээс биш яг түрүү, үзүүр дээр хийнэ гэж бодоогүй. Надад тохиромжтой юм байна л гэж бэлдэж байсан мэх. Хийж сурсан байхад илүүдэхгүй л гэж бодсон.

-Түрүү бөхийн Цагаан сар өргөн дэлгэр болсон биз?

-Ёстой тэгдэг юм билээ. Өмнө нь тийм мэдрэмж авч байгаагүй хүнд чинь сайхан санагдсан. Шинийн нэгэнд мөр гаргахаас эхлээд бүх зүйл гоё байлаа. Мөрөө гаргаж байхад хүмүүс “Цагаан сарын түрүү бөх” гэж баяр хүргээд, хамт зураг авахуулаад л... Байрныхан маань хүртэл бөөн баяр болж байв. Гэрийнхэн ч баяртай байсан. Аав минь өөрөө барилддаг байсан. Цэргийн начин цолтой хүн шүү дээ. Битүүн, шинийн нэгэн гээд ер нь л Цагаан сар өнгөртөл аавын утсанд баярын дуудлага тасраагүй. Ёстой улайстал ярьж, баяр хүргэсэн. Уг нь шинийн нэгэнд хотдоо золголтоо хийчихээд хөдөө явах байсан ч Сар шинийн барилдаанд түрүүлсэн учраас явах нь хойшлоод шинийн гурванд нутагтаа очиж шинэлээд ирсэн.

-Ингэхэд яг хэдэн оноос барилдаж эхлэв?

-Аавыг барилдахыг их үздэг байлаа. Дагаж явна. 2009 оны намар Спортын төв ордонд  Ц.Шийрэв багш дээр аавыгаа дагаж очсон юм. Тэр цагаас хойш бөхийн эрдэмд суралцаж явна даа.

-Аймаг, сумын цолтой бөхчүүдийн хувьд улсын цолтонтой анх гар зөрүүлсэн барилдаан их дурсамж болж үлддэг юм шиг санагдсан. Таны хувьд анх хэнтэй барилдаж байв?

-Хотонт сумынхаа түүхт 90 жилийн ойгоор Архангай аймгийн Булган сумын харьяат улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэтэй анх барилдаж байлаа. Гурвын даваанд амлуулж байсан юм. Улсын наадамд таван удаа үзүүрлэчихсэн том цолтой бөхийн аманд гарна гэдэг бахархал байсан даа. Арслантай хамт наадмын бэлтгэл хүртэл хийж байлаа. Сайхан дурсамж шүү.

-Хоёрхон хоногийн дараа харагчин туулай жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан эхэлнэ. Энэ барилдааныг хэрхэн харж байна вэ?

-Өмнө нь дурдсанчлан “Их тамир” амралтад бэлтгэлд гарсан. Бэлтгэл сургуулилалт чамбайраад сайхан болж байна. Цагаан сараараа сайхан барилдана даа. Юу юугүй түрүүлнэ гэх нь хаашаа юм. Хаа хүртэл явах нь уу гэдгээ харна. Бэлтгэл сургуулилалт үнэхээр сайн байгаа. Аймгийн цолтойдоо Цагаан сарын барилдаанд дараалан түрүүлсэн анхны бөх болох ч юм билүү.

-Жил жилийн Цагаан сараар сайн барилдсан бөхчүүд тухайн ондоо наадмаар дээгүүр барилддаг бичигдээгүй хууль бий. Гэвч түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд л тухайн жилдээ цолонд хүрээгүй гэсэн сонирхолтой статистик байдаг юм билээ. Өнгөрсөн жилийн наадмаар бөх сонирхогчид таныг харж байсан ч санаснаар болсонгүй?

-Наадмаар хүмүүсийн хүлээлт их байсан. Харамсалтай нь, нэг л болсонгүй. Биеийн байдал уу, эсвэл бэлтгэл дутуу байсан уу бүү мэд. Нэгийн даваанд өвдөг шороодсон шүү дээ. Энэ жилийн хувьд наадамдаа эртнээс бэлдэж улсын цолонд хүрч нутгийн зон олон, намайг дэмждэг бөх сонирхогчдоо баярлуулна гэж бодож байна.

-Тамирчдын сэтгэл зүй маш чухал шүү дээ. О.Хангай аварга харцага цолтойдоо нэвтрүүлэгт оролцож өөрийгөө аварга цолтон болсон мэтээр төсөөлж цолоо дуудуулж байсан шүү дээ. Тухайн жилдээ ч түрүүлсэн. Таны ирээдүй танд хэрхэн харагдаж байна вэ. Та сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Би спортын сууриа жүдо бөхөөр тавьсан. Жүдо бөхийн тухайд цагийн хэмжигдэхүүнтэй спорт. Олдсон барьц байрлалыг алдалгүй мэхээ хийдэг. Миний тухайд үндэсний бөхөөр барилдахдаа ч олдсон барьц байрлалыг алдахгүй, шийдэмгий мэх хийдэг юм. Магадгүй их спортоос олж авсан давуу тал байх. Өөрийгөө улсын наадамд нэг удаа түрүүлнэ гэсэн бодолтой явдаг. Төлөвлөгөө, зорилго ч бий. Багадаа л нэг түрүүлнэ. Цаашаа хэд ч түрүүлж магадгүй гэсэн сэтгэл зүйтэй явдаг.

-Үндэсний бөхөд үлгэр дуурайл авахаар хүчтэн олон бий. Таны хувьд хэнийг шүтэж, үлгэр дуурайл авдаг вэ?

-Багаасаа зургаан залуу зааны барилдааныг үзэх дуртай байлаа. Ялангуяа улсын аварга Д.Сумъяабазарыг хүндэлж, биширч, шүтдэг. Энэ хүний барилдааныг харж бөхөд улам их дурласан. Мөн “Бөхбилэгт” дэвжээний дасгалжуулагч улсын гарьд Д.Рагчаа багшаасаа үлгэр дуурайл авна. Бусад багш  маань ч надад үргэлж зөв үлгэр дуурайл үзүүлсээр ирсэн.

-Зургаан залуу заанаас хэн нэгэнтэй нь барилдаж үзэх юмсан гэх нууцхан хүсэл байдаг уу?

-Байлгүй яах вэ. Зургуулантай барилдаж үзвэл сайхан л байна. Миний үеийн бөхчүүд бүгд л ийм бодолтой явдаг байх. Онцолбол Д.Сумъяабазар аваргатай барил­даж үзэхийг хүсдэг. 

-Тэгвэл үе тэнгийн бөхчүүдээс хэнийг харж байна вэ?

-Манай Б.Зоригтбаатар харцага л байна даа. Уран, бас уратай барилдаантай хүн шүү. Унасан ч, давсан ч шуугиулна. Хийсэн мэхэндээ тэсрэлттэй. Нэг дэвжээний бөхчүүд учраас үргэлж нэгнээсээ суралцаж явдаг. Бэлтгэл дээр бие биедээ мэдэхгүйгээ заадаг.

-Техник, технологи хөгжихийн хэрээр бөхийн судалгаа илүү өргөн болжээ. Таны хувьд судалгаа хэр хийдэг юм бол?

-Судалгаанд цаг их зарцуулдаг. Барилдаанаа орой нь ухрааж үзнэ. Өөрөө барилдаагүй үедээ бөхийн өргөөнд тогтмол очиж бөх үзнэ. Ухрааж, детальчилж их үздэг. Эндээс алдаа, оноогоо дүгнэнэ.

-Үндэсний бөх хөгжихийн хэрээр сайн, муу тал их байх шиг. Тухайлбал, бөхчүүдийн ёс жудаг, допинг гэх мэт. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Монгол бөх бол монголчуудын өв уламжлал, хамгийн том дархлаа юм. Цагаан сараар монголчууд бүгд бөхөө үздэг. Тавгийн идээгээ засаж байхдаа л бөхөө харж байдаг. Цагаан сар, наадмаар бөхөд дургүй хүн ч анхаарлаа хандуулдаг. Тэр утгаараа монгол хүний дархлаа юм. Энэ сайхан ариун соёлыг муу муухай харагдуулж буй допингийн асуудлыг Монголын үндэсний бөхийн холбоо нэг тал руу нь шийдээсэй. Олон нийтэд ил тод зарлаж, шийтгэлийг шударгаар өгдөг болоосой. Цэгцрэх талдаа орсон байх гэж найдаж, итгэж байна.

-Бөхчүүд сүсэг бишрэлтэй байдаг. Таны хувьд?

-Би зөвхөн наадам, Цагаан сар гэлтгүй бүх барилдааны өмнө заавал гандан орж хүрд эргүүлдэг.  Бурхдуудаа тойрч мөргөөд гарахад сэтгэл санаа тайвшраад сайхан болдог юм. Цаанаасаа л нэг дотор уужраад гоё байдаг.

-Бөх, тамирчин хүний амжилтын ард үргэлж гэр бүл нь баттай зогсож байдаг. Таны хувьд саяхан үрийн зулай үнэрлэсэн гэж сонслоо. Баяр хүргэе?

-Баярлалаа. 10 хоногийн өмнө охинтой болсон. Ханьтайгаа албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч хань минь надад хөөрхөн охин төрүүлж өглөө. Удахгүй гэрлэлтээ батлуулна. Сар шинийн баярын өмнө шинэ хүнээ өлгийдөж авсандаа баяртай явна. Бар жил миний хувьд үнэхээр онцгой байлаа. Наадмаар улсын цолонд хүрээгүй ч цолоо ахиулж аймгийн арслан боллоо.  Бар жил эхэлсэн шиг ээ сайхан төгсөж байна даа.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Удахгүй Цагаан сар болох гэж байна. Та нутгийн зон олон, аав, ээж, хайртай гэр бүл, ахан дүүстээ хандаж мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Энэ сайхан боломжийг олгосон танай сонины хамт олонд баярлалаа. Миний ар талыг үргэлж баттай дааж байгаа хайртай ханьдаа, аав, ээждээ, Архангай аймгийн нутгийн зон олон, “Бөхбилэгт” дэвжээнийхэн, спортод хөл тавихад тусалсан Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшдаа, УСУГ-ын хамт олондоо, “Хатант интернэйшнл” компанийнхандаа, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооныхондоо, намайг дэмждэг Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярласнаа хэлье. Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

  Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 3 цагийн өмнө
Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг… 3 цагийн өмнө
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын тогтоолын төсли… 3 цагийн өмнө
Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлц… 3 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ марш… 3 цагийн өмнө
Орон нутагт 300 мянган орон сууц барина 3 цагийн өмнө
Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ 3 цагийн өмнө
Алтанбулаг боомтод 21 жилийн дараа цогц бүтээн байгуулалт хийж байна 3 цагийн өмнө
Их гүрнүүдийн анхаарал сулрахад исламистууд идэвхжив 4 цагийн өмнө
Дэлхийн залуучуудын их наадамд Монголын залуус амжилттай оролцлоо 4 цагийн өмнө
​ Т.Сайнжаргал: Залуу хүний хувьд нийгмийн тод төлөөлөл байх үүднээс … 8 цагийн өмнө
Б.Тулга: Боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэх эхлэлийг тавьж, их бүт… 8 цагийн өмнө
БООМТЫН СЭРГЭЛТ: Нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх эхний алхмаа бүрэ… 8 цагийн өмнө
Үндэстнээ сөхрүүлсэн үндэсний үйлдвэр буюу гурил үйлдвэрлэгчдийн мафи 9 цагийн өмнө
Улаанбаатарт 0 хэм орчим байна 9 цагийн өмнө
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө 11 цагийн өмнө
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл … Өчигдөр
Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт… Өчигдөр
Өнөөдөр орон даяар гамшгийн дуут дохио дуугарна Өчигдөр