Ц.Наранжаргал: Дэмжигч байж чадахгүй бол шүүмжлэгч битгий бай


Монгол Улсаас холимог тулааны спортоор олон улсын тавцанд эх орныхоо нэрийг гаргаж яваа анхдагчдын нэг нь яах аргагүй олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргал билээ. Жүдогоор тив, дэлхийн аварга, олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан тэрбээр холимог тулааны талбарт гараад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд зургаан тулаан хийхдээ нэг ялагдсан. Үүнээс гурав нь мэргэжлийн тулаан байсан юм. Олон улсын тавцанд хоёр тулаан хийхдээ нэг ялж, нэг ялагдсан амжилттай яваа Ц.Наранжаргал мастер АНУ-д бэлтгэл хийж байгаад хэдхэн хоногийн өмнө эх орондоо иржээ. Түүнтэй ярилцлаа.

-Жүдогоос холимог тулаан руу орсон шийдвэр гэнэтийнх байсан шүү. Яагаад заавал тулааны спорт руу орох болов. Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?

-Жүдогоос зодог тайлах шийдвэр гаргасны дараа энэ тухай бодсон юм. Өнгөрсөн жил сүүлийн удаа жүдогийн улсын аваргадаа барилдсан. Энэ үед тулааны спортод хүч сорихоор шийдсэн байлаа. Багаасаа л тулааны спортыг сонирхож байсан ч аав, ээж тухайн үед зөвшөөрөөгүй. Ингээд жүдог сонгосон юм. Боксын спортод дуртай, сонирхолтой байсан. Товчхондоо багын мөрөөдөл, сонирхлоо дагасан даа.

-Тулааны спорт руу хөл тавих шийдвэрээ дуулгахад гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Найз залуугийнхаа бэлтгэлийг харж, хамт бэлтгэл хийдэг байсан нь тулаанч болоход бас нөлөөлсөн. Ээж, ах хоёр ч учиргүй хориглоогүй. Ер нь миний дурласан зүйлд ямар нэгэн байдлаар хориг тавьдаггүй. Өөрөө чадаж л байвал хүссэнээ хий гэдэг хүмүүс.

-АНУ-д та хоёр ч тулаан хийлээ. Тулааныхаа талаар мэдээлэл өгөх үү?

-Хоёр том холбооны тулаанд оролцлоо. 10 гаруй кг хасаж 61 кг-ын жинд тулалдсан. Эхний тулаан тун аятайхан болж, ялалт байгуулсан. Миний өрсөлдөгч өмнө нь зургаан тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй байсан. Надтай тулалдаж анхны ялагдлаа амссан хэрэг. Хоёр дахь нь өмнөхөөсөө арай илүү том холбоо. Оролцож байгаа тулаанчдын чансаа ч илүү. Яалт ч үгүй туршлага дутсан. Гурван үе тулалдаад шүүгчийн саналаар нэг оноогоор хожигдсон. Би 10 гаруй жил жүдо барилдсан бол миний өрсөлдөгч тулааны спортод 10-аад жил болчихсон хашир тамирчин байсан. Хоёр тулаан надад маш их сургамж болсон. Улам сайн бэлтгэл хийх ёстой юм байна гэдгээ мэдэрлээ.

-АНУ бол мэргэжлийн спортын орон шүү дээ. Мэргэжлийн тулаан өндөр хөгжсөн оронд бэлтгэл хийх, Монголд бэлтгэл хийх хоёрт хэр ялгаа байна вэ?

-Хувь хүнээс л хамаарна. Надад бол Монголдоо бэлтгэл хийх нь илүү гоё санагдсан. Хамтрагчаас эхлээд идэж, уух хоол нь хүртэл тохирно. Гэртээ бэлтгэл хийхэд сэтгэл хүртэл өег байгаа юм. Хүний нутагт удаан байхаар тамирддаг юм билээ. Эхний тулаанд оролцохдоо би 10 хоногийн өмнө очсон учраас эрч хүч дүүрэн байлаа. Харин хоёр дахь тулаанд ороход би АНУ-д дөрвөн сар амьдарсан. Нэлээд тамирдсан, ядарсан, жин их хассан учраас эрч хүч буурсан байлаа. Сүүлдээ залхаж эхэлсэн. Яг ийм үедээ тулаанд оролцсон учраас ялагдалд нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Жүдод өдөрт хоёр цагийн л бэлтгэл хийдэг. Холимог тулаан ямар вэ. Бэлтгэлийн ачаалал их үү?

-Үндсэндээ зааланд дөрвөн цагийг өнгөрүүлж байгаа юм. Илүү ачаалал өндөртэй бэлтгэл хийдэг.

-Шийдвэрээ гаргасны дараа анхны тулаанаа Монголд хийсэн шүү дээ. Тухайн үеийн мэдрэмж ямар байсан бэ?

-Маш эвгүй байсан. Нэлийсэн том дэвжээн дээр барилддаг хүнийг нэг төмөр торонд хийгээд, хаалгаа гаднаас нь түгжихээр эвгүй сэтгэгдэл төрдөг юм билээ. Шуудхан хэлэхэд айдас төрсөн. Эндээс амьд гарахын тулд өрсөлдөгчөө зодох ёстой, өөрийгөө хамгаалах ёстой гэсэн бодол л толгойд орж ирсэн. Өөртөө хайртай, өөртөө эзэн байхын тулд тэр төмөр торон дотор юу эсийг хийх вэ. Ямар ч байсан нэг их хүсээд байх спорт биш юм билээ. Хувь хүнээс асар өндөр мэдрэмж шаардсан хүнд спорт гэдгийг ойлгоод, мэдрээд явж байна даа.

-Тулааны спортод хөл тавьсан хүний ирээдүйн зорилгыг сонирхож болох уу?

-Эхлүүлсэн юм чинь эцсийг нь үзнэ. Дөнгөж нэг жил болж байна шүү дээ. Сүүлд хийсэн тулааны дараа нүүр, амаа хараад сэтгэл гутралд орсон, шоконд орсон. Шантармаар байлаа. 20 гаруй хоног нүүрэндээ хавдартай, хөх няц болчихсон явна гэдэг эмэгтэй хүнд хэцүү шүү дээ. Монголдоо бушуухан очиж агаар салхинд гарч сэтгэлээ сэргээхийг хүссэн. Дараагийн тулаанаас өмнө сэргэхийг хүсэж байлаа. Ямартай ч ойрын хоёр, гурван жилдээ тулалдана. Хэр хол явахаа харна гэсэн бодолтой яваа шүү.

-Олон сараар гадаадад бэлтгэл хийх, тулаанд оролцох гэх мэт зүйлд санхүү чухал шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн шийддэг вэ?

-Асар их зардал гарч байгаа. АНУ өртөг өндөртэй орон. Ам.долларын ханш ямар билээ. Энэ бүхэнд тусалж дэмждэг ганц, хоёр хүн бий. Гэхдээ байнга бусдаас аваад байх хэцүү. Зардлын тал дээр хоёр ах бий, мөн найз залуугийн маань найзууд тусална. Дөрвөн сар гэдэг их хугацаа. Энэ хооронд амьдрахын тулд ажил хийх ч үе байлаа.

-Холимог тулаан руу орсноос хойш яг хэчнээн тулаанд оролцсон бэ?

-Зургаа юм уу даа. АНУ-д хоёр тулаан хийсэн. Сонирхогчийн статустай гурав, Монголдоо мэргэжлийн нэг тулаанд оролцжээ.

-Анх хичээллэж байсан Наранжаргал, одоогийн Наранжаргал хоёрын хооронд хэр ялгаа байна вэ. Таны давуу тал юу вэ?

-Гарын ажиллагаагаа л илүү сайжруулмаар байгаа юм. Үүнийг сайжруулахын тулд асар их хугацаа орно. Ямар сайндаа л боксын улсын аваргад хүртэл орж үзэх вэ дээ. Жүдогоор нэг мэх сураад нэг жилийн хугацаанд төгс болдоггүй шиг тулаан бас яг адилхан. Барилддаг давуу талаа ашиглаж тулалдана, өрсөлдөгчөө ялна гэдэг өрөөсгөл юм билээ. Сүүлийн тулаанд оролцсон тамирчин маань жюү жицү суурьтай, би жүдогийнх. Хоёулаа хар бүстэй. Ер нь дараагийн тулаанд барилдаанч сууриа ашиглаж, давуу тал болгох ёстой юм байна гэж бодсон.

-Таныг би асар их сэтгэл зүй өндөртэй тамирчин гэж хардаг юм. Миний дүгнэлт зөв үү. Эсвэл эсрэгээрээ юү?

-Сэтгэл зүй өндөртэй хүн тулааны спортод тэсэж үлдэнэ л дээ. Ганцхан жишээ хэлье. Сүүлийн тулаанд ялагдсаны дараа над руу маш их дайралт ирсэн, элдвээр доромжилсон. Тулааны дараа сэтгэл зүй хүнд байхад давхар үзэгчид намайг элдэв үгээр дарамтлах нь надад хэцүү байсан. Би шоконд орсон. Жүдогоор барилддаг байхад ч янз бүрийн дайралт ирдэг л байсан. Тэр бүхнийг би даваад гарах сэтгэл зүйтэй. Угаасаа тамирчин хүн дэвжээнд ялахын төлөө гардаг болохоос биш ялагдахыг хүсэхгүй. Хоёр тамирчны нэг нь ялагч, нөгөөх ялагдагч болж үлдэнэ. Энэ бол бичигдээгүй хууль. Төмөр торонд ороод зодолдоод гараад ирнэ гэдэг нь өөрөө том зориг. Холимог тулааны спортод зориг гаргаад дэлхийн тавцанд өрсөлдөхөөр шулуудсан монгол эмэгтэй байхгүй л байсан шүү дээ. Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг бид хоёр анхдагч болж байгаа юм. Тэр утгаараа бахархах ёстой. Ийм богино хугацаанд энэ том холбоонд тулаан хийнэ гэдэг нэр төрийн хэрэг. Хэдийгээр би ялагдсан ч өөрөөрөө бахархаж байна, омогшиж байна. Түүх бүтээж чадсан учраас тэр шүү дээ. Бусдаас ирж байгаа доромжлол, шүүмжлэл надад инээдтэй санагддаг. Дэмжигч байж чадахгүй бол шүүмжлэгч битгий бай. Гоё дэмжиж чадахгүй бол чимээгүй өнгөрүүлж сур гэж хэлмээр байна. Би ийм л сэтгэл зүйтэй хүн. Ялагддаггүй аварга гэж байдаггүй юм. Цохиж, зодуулах нь сонин биш алалцаад л гарна гэсэн “тэнэг” сэтгэл зүйтэй хүн юм билээ, би. Үндсэн техникийг нь сурч амжилгүй л холимог тулаан руу орчихсон байна. Хэдийгээр сэтгэл зүй өндөртэй ч толгой муутай тамирчин гэж боддог. Барилдахдаа ч тийм байсан. Толгой ажиллуулдаггүй. Сэтгэл зүйгээрээ л болно, бүтнэ гэж явдаг хүн.

-Өнгөрсөн жил жүдогийн улсын аваргад сүүлийн удаа оролцсон. Боксын улсын аваргад өрсөлдөж финалдлаа. Холимогоор анхны тулаанаа хийлээ. Юм юм л болоод өнгөрсөн байна шүү. 2022 оныг дүгнэвэл?

-Хоёр Ганзориг багшийн удирдлагад “Ихэр бээлий” клубт бэлтгэл хийдэг. Багш намайг дуудсанаа “Боксын улсын аварга болох гэж байна. Чи оролцоод үз. 75 кг-д дөрөвхөн хүн бий. Ялж, ялагдах нь хамаагүй. Чи ялагдсан ч медальтай. Зүгээр л ороод үз” гэсэн. Би ч онгироо хүн “Ямар ч байсан алалцаад гарна. Цагаан алчуур шидэж онигоонд оруулав даа, багш аа” гэж хэлж байсан юм. Ингээд эхний хоёр тулаанд ялалт байгууллаа. Мягмаржаргалтай тулалдахад би түүнээс бүх талаараа дутуу байхгүй юу. Гэтэл зүгээр л сэтгэл зүйгээрээ л ялсан хэрэг. Бас нэг талаараа аз таарсан. Өрсөлдөгч минь бэртэлтэй байж таарсан юм. Финалд бол өрсөлдөгч маань ёстой юм юмаараа илүүрхсэн дээ. Хөл дээрх ажиллагаа зэргээс эхлээд бүх талаараа илүү байсан учраас намайг ялсан. Би ч тэгээд азаар шахам финалд шалгарч, улсын аваргаас мөнгөн медаль авч үзлээ. Рингэнд гарах мэдрэмж гоё байсан. Миний амьдралын дурсгалтай мөчүүдийн нэг юм даа.

-Нэг тулаанчийн ялалт, ялагдлын ард бүтэн баг байдаг шүү дээ. Таны хувьд?

-Хүмүүсийн төсөөлөл яг ийм л байдаг. Тантай яг ижилхэн бодолтой. Гэтэл миний ард ямар ч баг байхгүй. Бид дөнгөж шинэ тамирчин. Өөрсдөө жингээ хасаж, бэлтгэлээ хийж байна. Бэртэл гэмтлээ хүртэл өөрсдөө л эдгээж явна. Багтай болох хэмжээнд хүрээгүй байна. Тийм төгсөрсөн тулаанч болтол багагүй хугацаа зарцуулах байх. Бүх зүйл тэгээс эхэлж байгаа. Манай хүн л миний ар талд ажилладаг. Үнэхээр тийм багтай болбол сайхан л байна. Тулаанч хүнд хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Амжилт гаргах зам ч дөхөм байх болов уу. Түүнээс биш өнөөдөр хаалганаас хаалга тогшиж тэмцээнд явах зардлаа гуйгаад явж байгаа хүн тэр багийг цалинжуулж чадахгүй шүү дээ. UFC-гийн том аваргуудын хэмжээнд хүрчихвэл сайхан л байна.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе?

-Спортоос хүн хэзээ ч уйдахгүй, залхахгүй юм байна. Өөрөө хичээж, хүсэж байвал нас бол зүгээр л тоо шүү. Насны тухай бүү бод. Зоригтой, өөртөө итгэлтэй байгаарай гэж залуустаа хэлье дээ. Ард түмэндээ хандаж ялагдсан тамирчны сэтгэл санаанд нь сэв суутал битгий элдвээр дайрч, давшилж, доромжилж байгаарай. Тамирчин хүн ялахын төлөө л дэвжээнд гардаг, хөлс хөдөлмөрөө зарцуулдаг гэж хэлье дээ. Эцэст нь намайг үргэлж дэмжиж, тусалдаг, миний ар тал байдаг бүх хүнд баярлаж явдгаа хэлье. Миний ард талд  бат байж  охиныг минь харж, намайг юунд санаа зоволгүйгээр бэлтгэл тулаан хийлгэдэг хайртай ээждээ, мөн бүх зүйлд дэмждэг ихэр ахдаа баярлалаа.

  Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө